Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1990 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс  халх,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдарах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг, Сургуулийн 2-7 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Монгол бүтээл ХХК-д бригадын ахлагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, бие эрүүл  Их тугчин овогт Эрдэнэбаатарын Энхмөрөнд /РД:ЕС90051511/ холбогдох эрүүгийн 201710010046 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Э.Энхмөрөн нь  2017 оны 01 сарын 24-ний 22 цагийн орчим Замын-Үүд сум Сүлд багт байрлах Ялгуун төвийн нийтийн кароакед иргэн Н.Батцэнгэлтэй маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Энхмөрөнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би тэр өдөр Ялгуун караокед ороход Энхбаатар сууж байсан. Тэгээд тэдний ширээн дээр очиж суухад зүс таних залуу нь намайг зайл гэхээр нь би уурлаад ширээг нь  цохиод боссон юм. Тэгээд удаагүй байтал миний захиалсан дуу явахаар нь босоод дуулахад тэр залуу миний ардаас ирсэн бөгөөд тохойгоороо түлхтэл уначихаар нь би өөрөө босгоод зүгээр үү гээд гадагшаа авч гарсан. Тэгээд нэг тамхи татуулаад зүгээр үү гэхэд зүгээр гэж хэлэхээр нь таксинд суулгаад явуулсан. Миний үйлдлийн улмаас хохирогч Батцэнгэлд гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээний зардалд 508,000 төгрөг төлсөн, албан ёсоор уучлалт гуйж, эвлэрсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 3 дүү, ээжтэйгээ хамт амьдардаг, гэр бүлд маань ажил хийдэг хүн байдаггүй, би ажил хийж ар гэрээ авч явдаг, энэ байдлыг минь харгалзан үзэж хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэсэн мэдүүлэг

Хохирогч Н.Батцэнгэлийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “ 2017 оны 01 дүгээр сарын 24-ний оройны 20 цагийн орчимд Ялгуун төвийн нийтийн караокед ортол МЧ-ийн ачигч залуугийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа гээд 2 эрэгтэй, 2 эмэгтэй сууж байсан. Энхбаатар бид хоёр 0,5 литрийн нэг нэг лааз пиво авч уугаад дуустал МЧ-ийн залуу Энхбаатарыг дуудаж ширээндээ суулгасан. Би ч тэдний ширээнд суусан.  Тэгээд бид нар зургуулаа 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан. Түүний дараа дахиад нэг нэг  лааз пиво авч уусан.  Төрсөн өдөр тэмдэглэж байсан залуучууд баар оръё гэхээр Энхбаатар бид хоёр үлдээд пивоо уугаад сууж байтал  гаднаас зүс таних хоёр залуу орж ирсэн. Энхбаатар тэдгээр залуучуудыг  таньдаг бололтой мэндлээд юм яриад байсан. Нэг залуу нь цаашаа  явж ширээн дээр суусан. Харин Мөрөн гэх залуу нь манай ширээнд ирж суусан. Мөрөн манай ширээнд сууж Энхбаатартай юм ярьж байгаад ширээн дээр нэг удаа цохитол миний пиво газарт унасан. Тэгэхээр нь би “чи яагаад ширээ цохиод байгаа юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Мөрөн надтай маргалдаж байхдаа  “чи намайг мэдэх үү? Мэдэхгүй бол Замын-Үүдийнхнээс асуугаарай гэхээр нь би харин чи намайг мэдэх үү? Мэдэхгүй бол Дарханыхнаас асуугаарай гэж хоорондоо маргалдсанаа муухан санаж байна. Энэ үед Энхбаатар бид хоёрыг бид хоёрыг салгаад Мөрөнг ширээ  рүү нь явуулсан. Би дуулахаар 3 дуу сануулсан. Тухайн үед Мөрөн бас миний сануулсан байсан дууг сануулсан байсан юм шиг байна лээ. Миний захиалсан дуу явахаар нь би микрофоноо авах гээд босож очтол Мөрөн микрофон барьчихаад “Энхийн манаанд нэртэй дууг дуулж байсан. Би Мөрөн дээр очоод миний захиалсан дуу. Микрофоноо авъя гэтэл Мөрөн намайг цаашлуулах гээд түлхэхдээ миний цээжин тус газарт тохойгоороо нэг цохисон. Энэ үед би ар талаараа газар савж унасан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд гэртээ ирсэн байсан. Би гэрлүүгээ яаж харьсанаа ч мэдээгүй юм. Цохиулснаас хойших бүх үйл явдлыг огт санахгүй байна. Гадаа гараад бөөлжсөн гэж байсан. Энхмөрөнг зүс таньдаг байсан. ..Толгой битүү гэмтсэн гэсэн. Ил харагдах шарх  сорви байхгүй боловч битүү гэмтсэн. Би ар дагзаараа савж унасан. Би Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эхлээд 90,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөг, 180,000 төгрөг, 300,000 төгрөг. Нийт 508,000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Д.Баатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн” 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Булган плаза бааранд өөрийн танил ах Э.Энхмөрөнтэй таарсан. Би тухайн үед ганцаараа явж байсан ба Энхмөрөнтэй таарсан. Би тухайн үед ганцаараа явж байсан ба Энхмөрөнтэй таарахаасаа өмнө бааранд 1 пиво худалдаж аваад уугаад  сууж байтал гаднаас Э.Энхмөрөн 2 эгчийнхээ хамт орж ирсэн. Тэгээд намайг дуудаж ширээндээ суулгасан. Ойролцоогоор 1 цаг гаран суугаад  бид дөрөв баарнаас гарч, Хараа зочид буудалд 2 эгчийг нь хүргэж өгсөн. Энхмөрөн бид 2 зочид буудалд нэг нэг пиво уугаад 22 цагийн болж байхад тэндээсээ гарч Ялгуун төвийн нийтийн караокед орсон.  Бид хоёрыг ороход миний зүс таних Энхбаатар гэх ах үл таних залуугийн хамт нэг ширээнд сууж байсан. Би Энхбаатартай мэндэлчихээд цаашаа явж өөр ширээнд очиж суусан. Тэгээд Энхмөрөн цэргийн тухай дуу дуулж байтал Энхбаатартай сууж байсан залуу микрофоныг авах гээд гараас нь барьж авахад Энхмөрөн тохойгоороо тэр залууг нэг удаа цохитол нөгөө залуу арагш савж унасан. Энэ үед нь би болиоч  гээд очсон. Газарт унасан залуу тэрүүхэн үедээ мансуурах шиг болсон. Тэгээд Энхмөрөн, Энхбаатар хоёр газарт унасан залууг босгож гадагш авч гарсан. Харин би дотор үлдсэн. Тэгээд Энхмөрөн буцаж орж ирээд нөгөө хоёр хүн нь явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч Г.Энхбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн “ 2017 оны 01 сарын 24-ний өдөр манай ажил дээр гэрээний хурал болсон. Хурал тараад Батцэнгэл бид хоёр Дашсүрэнгийн гэрт очиж гурвуулаа 2,5 литрийн 1 пиво хувааж уусан. Дашсүрэнгийнхээс 20 цагийн орчим гараад Батцэнгэлийн гэрт нь очиж хувцасыг нь солиулчихаад Ялгуун төвийн нийтийн кароакед орсон. Бид хоёр тэнд ороод 0,5 литрийн 2 лааз пиво авч уугаад сууж байтал гаднаас төмөр замын МЧ-д ажилладаг 2 танил залуу хүүхний хамт орж ирсэн. Батцэнгэл бид  хоёр тэдгээр залуучуудтай нэг ширээнд суугаад 1 литрийн финлянд нэртэй архи 1 шилийг, нэг нэг пиво уусан. Удалгүй төрсөн өдөр тэмдэглэж байсан хүмүүс Булган плаза баар руу орохоор явсан. Харин Батцэнгэл бид хоёр үлдээд пиво уугаад сууж байтал гаднаас Энхмөрөн үл таних залуугийн хамт орж ирсэн. Энхмөрөн орж  ирээд манай ширээнд ирээд надтай юм ярьж байтал Батцэнгэл Энхмөрөн хоёр хоёр хоорондоо маргалдсан. Тэр хоёр яг юунаас болж маргалдсныг мэдэхгүй байна. Тэгээд би Энхмөрөнд хандаж  наадах чинь манай ажлын дүү байгаа юм, чи битгий муудалцаарай. Наадах чинь нилээд согтчихсон байна.  Би аваад явчихна гэхэд Энхмөрөн за гэж хэлээд босоод явсан. Тэгээд би арын ширээнд сууж байсан өөрийн танил Шинэбаатартай уулзаж байтал караокений эзэн Болороо ирээд чамтай хамт явж байгаа залуу хүнтэй муудалцаад байна  гэхээр нь очтол Энхмөрөн талбай дээр зогсож байснаа Батцэнгэлийн цээжин тус газарт нь тохойгоороо цохисон. Энэ үед Батцэнгэл арагш савж унаад  хэсэгхэн зуур ухаангүй  болсон. Энхмөрөн бид хоёр Батцэнгэлийг босгож буйдан дээр суулгаад сэргээсэн. Тэгээд гадаа гаргаж салхинд  суулгаж байгаад  би гэрлүү  нь хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн  17-18/

Гэрч Н.Болормаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “ Тэр өдөр намайг ажил дээрээ байхад миний танил Батцэнгэл Энхбаатар нар орж ирсэн. Тэр хоёр караокед орж ирээд 15-16 пиво авч уусан байсан. Архи уусан эсэхийг сайн мэдэхгүй байна. Оройны 22 цагийн  орчимд  гаднаас  2 залуу  орж ирээд Баатар гэх залуу нь цаад ширээнд суусан. Би Энхмөрөнд хандаж  хүний ширээ битгий дамжаад бай. Өөрсдийнхөө   ширээнд суу  гэж хэлээд босгосон. Хэсэг хугацааны дараа Батцэнгэл 1-р ширээнд сууж байсан  1 залуутай маргалдаад байхаар нь би салгаад такен дээр аваачиж зогсоосон. Тэгээд Энхбаатар дээр очоод Батцэнгэл хүнтэй маргалдаад  байна. Чи аваад гар  гэж хэлээд 1 минут болоогүй байтал юм унах чимээ гарсан.  Энэ үед нь эргээд хартал заалны голд Батцэнгэл араараа савж  унасан байсан. Тэгээд Энхбаатар, Энхмөрөн хоёр Батцэнгэлийг босгож  буйдан дээр суулгасан.  Тухайн  үед би эмнэлэг рүү яв гэж  хэлээд хүмүүсийг гаргасан. 10 гаран минутын дараа Энхмөрөн  буцаж орж  ирээд эгчээ болчихлоо гэхээр нь та нар эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлж байсан. Яг цохихыг нь би хараагүй. Юм унах шиг чимээ гарахаар нь эргээд хартал Батцэнгэл газарт унасан байсан. Маргааш нь бичлэг шүүж үзэхэд Энхмөрөнг микрофон аваад дуулж байхад Батцэнгэл араас нь ирсэн. Энэ үед Энхмөрөн тохойгоороо  бага зэрэг түлхэх үйлдэл  хийсэн байсан. Би Батцэнгэлийг газарт нилээд хүчтэй унах шиг болохоор  нь Энхмөрөн нь Батцэнгэлийг гараараа хүчтэй цохисон байх гэж бодтол тохойгоороо зөөлөн түлхэх үйлдэл хийсэн байсан. Тухайн үед Батцэнгэл  нилээд согтсон байсан болохоор  тэнцвэрээ олж чадалгүй унасан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч М.Золзаяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад манай нөхөр Батцэнгэл хамт ажилладаг залуугийн хамт гэртээ орж ирсэн. Орж ирэхэд нь бага зэрэг согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд караокед 2 цаг дуулчихаад ирье гээд хувцасаа солиод Энхбаатарын хамт гарсан. Тухайн үед Батцэнгэл утсаа орхичихоод явсан байсан тул Энхбаатарын утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад гадаа машин ирээд зогсохоор нь би Батцэнгэлийг ирж байна гэж мэдсэн. Батцэнгэл хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтчихсон орж ирсэн. Тухайн үед Батцэнгэлд ил харагдах шарх, сорви байхгүй байсан тул ухаангүй болтлоо согтсон байна гээд унтуулсан. Батцэнгэл унтаж байхдаа “ёо ёо үхлээ” гэж ёолоод, босож ирж бөөлжөөд байсан. Маргааш өглөө нь Батцэнгэл “толгой хагарлаа” гээд байхаар нь би архиндаа шартаж байна гэж бодоод 07 цаг 30 минутын орчимд ажилд нь хүргэж өгсөн. Өдөр нь би Батцэнгэлийн утас руу залгахад Батцэнгэл “миний нүд өвдөөд байна” гэхээр нь би “чи хүн амьтантай муудаж зодуулсан юм биш үү? Өчигдөр юу болсон юм бэ?” гэж асуухад “харин өчигдөр нэг хүнд цохиулчихсан юм шиг байна. Энхбаатар намайг ухаан алдсан гэж байна” гэж хэлээд утсаа салгасан. Орой нь надруу залгаад “ажил дээрээс ирж ав” гэхээр нь би 21 цагийн орчимд очиж ажлаас нь авсан. Тэр өдөртөө толгойны эм давхарлаж уугаад, өвчин намдаах лаа хийгээд унтсан. Маргааш нь Энхмөрөнгийн утасны дугаарыг олж аваад, залгаж ярьсан. Би Энхмөрөнд “Чи уржигдар Ялгуун караокед манай нөхрийг цохисон юм шиг байна лээ. Бид нар одоо эмнэлэг явах гэж байна” гэтэл Энхмөрөн “би хүн амьтан цохиж зодоогүй” гэсэн. Тэгэхээр нь би “Чамайг цохисон гэж хүн хэлж байна. Манай нөхөр ухаан алдаж унасан гэж байна. Хэрвээ чи ирж уулзахгүй бол бид нар цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлэхэд Энхмөрөн манай гэрт ирсэн. Би түүнд “чи өөрийгөө цохисон гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол би цагдаагийн байгууллагад хандана. Угаасаа Ялгуун караоке нь камертай юм билээ” гэтэл “би гарсан зардлыг чинь бүгдийг нь төлнө. 5 сард БНСУ-руу явах гэж байгаа тул цагдаагийн байгууллагаар явмааргүй байна. Та нар санаа зоволтгүй” гэж хэлээд надад 90.000 төгрөг өгөөд “энэ мөнгөөр эм авч ууж бай” гэж хэлээд явсан. Тэгээд би нөхрөө дагуулаад төмөр замын зорчигч үйлчилгээний төвд байдаг эмнэлэгт очиход эмч нь үзээд “наадах чинь тархины битүү гэмтэл юм шиг байна. Гэмтлийн тасгийн Сувдаа гэх эмчид үзүүл” гэсэн. Тэгээд бид хоёр нэгдсэн эмнэлэг дээр очиж Сувдаа эмчид үзүүлэхэд “тархины битүү гэмтэл байна. Эхний ээлжинд рентген зураг авахуулаад, дараа нь томографийн зураг авахуулаарай” гэсэн. Рентген зургаар ямар нэг хугарал гараагүй. Тухайн үед Сувдаа эмч явчихсан байсан тул Ганжигүүр эмчид үзүүлэхэд эхний ээлжинд уух эмийг бичиж өгөөд, эмчлэгч эмчдээ маргааш үзүүлээрэй гэж хэлсэн. Эмчийн бичиж өгсөн эмийг авч уусан боловч өвчин намдахгүй, бөөлжөөд, нүд нь өвдөөд байсан. Би Энхмөрөнд “бид нар Улаанбаатар хот руу явахгүй бол болохгүй нь. Би нялх хүүхдээ авч явна. Чи хамт яв” гэхэд “Би явж амжихгүй. Манай ээж Улаанбаатар хотод байгаа. Та нарыг дагуулаад эмнэлэг явчихна” гэж хэлээд 100.000 төгрөг өгсөн. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр очиж Ганжигүүр эмчид дахин үзүүлээд 3 дусал, 1 тариа хийлгээд 01 цагийн орчимд гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь Сувдаа эмчид үзүүлэхэд та нар Улаанбаатар хот руу явахад холдоно. Хэвтээ байдалтай Сайншанд сумын эмнэлэгт очиж томографийн зураг авахуул гэсэн. Тэгээд 5 тариа хийж өгөөд, явуулсан. 1 цаг гаруйн дараа Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг дээр очиж толгойны зураг авахуулахад эмнэлэгт хэвт гэсэн. Тэгээд Замын-Үүд сумын эмнэлэгт ирээд 6 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Замын-Үүд сумын эмнэлэгт хэвтээд гайгүй болсон. Цаашид нүдний уг дурандуулах шаардлагатай гэхээр нь эмнэлгээс гарсан өдрөө Улаанбаатар хот руу галт тэргээр явж ГССҮТ-дээр очиж нүдний угаа дурандуулахад хүчтэй доргилтноос болж нүдний судаснууд арзайчихсан байна. Цаашид хараанд нөлөөлөхгүй гэж тайлбарлаж өгсөн. Томографийн зураг дахин авахуулахад “хурсан цус нь шимэгдчихсэн байна. Тархи доргилттой байгаа тул гүйж харайж доргиож болохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 /

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 13-ны өдрийн “ 1.Н.Батцэнгэлийн биед тархи доргилт, нуруу  нугалам орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл  нь “гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн  зэрэгт, нуруу нугалам орчмын зөөлөн эдийн няцрал  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д  зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. “гэсэн  67 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/

Хохирогч Н.Батцэнгэлийн шүүхэд ирүүлсэн “ 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Эрдэнэбаатарын Энхмөрөнд холбогдох хэрэгт миний бие  хохирогчоор тогтоогдсон. Миний бие Энхмөрөнтэй сайн дураараа эвлэрсэн одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролын  мөнгө 508,000 төгрөг авсан. Энхмөрөнд холбогдох шүүх хуралд  оролцохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 72/

Шүүгдэгч Э.Энхмөрөн нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Энхмөрөн нь согтуурсан үедээ 2017 оны 01 сарын 24-ний 22 цагийн орчим Замын-Үүд сум Сүлд багт байрлах Ялгуун төвийн нийтийн кароакед хохирогч Н.Батцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж газарт унагаан бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Энхмөрөнгийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Батцэнгэл, гэрч Д.Баатар, Г.Энхбаатар нарын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 67 тоот шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн гэсэн хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Энхмөрөн нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч Н.Батцэнгэл нь эмчилгээний зардалд 508,000 төгрөгийг төлсөн, сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн хүсэлтийг /хх-ийн 72/ шүүхэд ирүүлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Н.Батцэнгэл нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Э.Энхмөрөнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Энхмөрөн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, хохирогч Н.Батцэнгэлд эмчилгээний 508,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Их тугчин овогт Эрдэнэбаатарын Энхмөрөнг /РД:ЕС90051511/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Их Тугчин овогт Эрдэнэбаатарын Энхмөрөнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Э.Энхмөрөн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Э.Энхмөрөн нь хохирогч Н.Батцэнгэлд эмчилгээний зардалд 508,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Э.Энхмөрөнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг Э.Энхмөрөнд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД