Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

 

 

2024     02         28                                            2024/ШЦТ/84

                                                                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгч Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох эрүүгийн 2325001270074 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр С аймгийн Т тосгонд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмэр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Х овогт Г-ийн Ц- /рд:МР91071211/.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц- нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн орчим Орхон аймаг Баян-өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 17 сургуулийн урд Я.А-г иргэн Г.Б-этэй хамт явж байхыг хардаж өөрийн эзэмшлийн 00-00 ОРО улсын дугаартай “ххх” загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулгах үедээ машины хаалга мөргүүлэн, газарт унаган өшиглөж эрүүл мэндэд “...зүүн хөмсөг дээр болон дээд уруулд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Г.Ц- мэдүүлсэн: ...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй... Хохиролд нэхэмжилсэн 2,797,000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Я.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед өөрийн төрсөн эгч А-гийн гэрт очиж бууз хийлцээд буцаад гэртээ 00 цагийн үед ирсэн. Гэртээ ирээд байж байхад найз Б-э залгаж манай гэрт хүрээд ир хоёулаа юм ярьж сууж хөзөр тоглоё гэхээр нь гэрээсээ 2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 02 цагийн үед гэрээсээ гараад найз Б-ийн гэрт очиж юм ярьж суутаад хөзөр тоглож байгаад өглөө 7 цаг өнгөрч байхад Б-этэй гэрээс гараад 17 дугаар сургуулийн урдаас такси барих гээд зогсож байхад цагаан өнгийн Приус 20 машин зогсоод суух гээд байж байхад Ц- машинтай ирээд намайг таксинд суух гэж байхад араас үсдэж чирээд машин руугаа суу гэхээр нь суухгүй гэхэд намайг машин руугаа суулгах гээд түлхэж машины хаалга мөргүүлэх үед миний зүүн талын хөмсөг хэсгээс цус гарахаар нь чи миний толгойг хагалчихлаа ш дээ гэхэд ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд жолоочийн хажуу талын суудалд суулгаад машинаа асаан Даваат баг Ундарга дэлгүүрээс хойш явж эцсийн гудамж байсан байх яг санахгүй байна орж зогсоод Ц- миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод буу гэхээр нь буухгүй гэхэд миний гар руу цохиж хөл рүү өшиглөхөөр нь чи яагаад байгаа юм бэ гээд хаалгыг хаах гэхэд намайг машинаас үсдэж буулгахад нь би газар унасан тэр үед миний дээрээс дэвсээд байсан. Машинаасаа дугуй тайлдаг төмөр гаргаж ирээд намайг цохих гэхээр нь цохиулахгүй гэж төмрийг нь булаацалдаж байгаад нэг газар руу шидчихсэн. Тэгээд хүн байвал туслаарай гээд орилоход ойр орчимд хүн байхгүй болохоор нь би Ц-ээс гуйгаад би гэртээ хүүхдүүдээ орхичихсон байгаа намайг хүүхдүүд рүү хүргээд өг гэхэд Ц- өглөө манай гэрийн цонхоор ороод хүүхдүүдийг аваад эгч Б-гийн гэрт хүргэж өгсөн талаараа хэлэхэд тэгвэл намайг Б- эгчийнд хүргээд өг гээд Ц-ээр хүргүүлсэн. Тухайн үед Б- эгч гарч ирээд юу болсныг хараад А- эгчийг дуудаад мөн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.  С.Х, охин/ С.А-, С.Б нар маань Г.Ц-ээс айдаг болохоор хүүхдүүдээсээ энэ талаар мөрдөгчөөр асуулгаж айлгахыг хүсэхгүй байгаа тул мэдүүлэг авхуулахгүй байгаа. Хүүхдүүдээс минь мэдүүлэг битгий аваарай гэж хүсэж байна. Би Г.Ц-тэй ямар нэгэн холбоогүй байгаа, дахиж түүнтэй холбогдохгүй. Би өөрийн хохиролдоо 2,500,000 төгрөгийг Г.Ц-ээс авсан, үүнээс гадна эвдэлсэн зүйлсийнхээ төлбөрийг үнэлгээний дагуу нэхэмжилж байна. Сэтгэл санааны зүгээс нэхэмжпэх зүйл байхгүй. Би энэ хэргийг шийдвэрлэх шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй гэдгээ мэдүүлэгтээ хэлмээр байна. Дахин энэ асуудлаар цагдаа прокурор шүүх гэж явмааргүй байна. ... анх бид хоёр танилцаад манай гэрээр орж гараад хүүхдүүдэд амттан авчирч өгдөг байсан болохоор гэрийнхээ түлхүүрийн 1 хувийг нь өгчихсөн байсан. Дараа нь би өөрөө хаалганыхаа цоожийг солих болоод сольчихсон болохоор өмнө Ц-д байсан гэрийн түлхүүр хэрэггүй болоод тэгээд бид хоёрын харилцаа таарамжгүй болоод маргалдсан чинь гэрийн түлхүүрийг хашаан дотор хаячихсан. Тэгээд сүүлдээ хэрүүл маргаан болоод эхнэртэй гэдгийг нь мэдсэнээс хойш манай гэрээр битгий ир гэхээр гэрийн гадаа ирээд гэрийн цонхийг гаднаас цохиод хагалчихдаг байсан. Манай гэрээр ямар нэгэн хэрүүл маргаан гарахаас өмнө орж гардаг байсан. Энэ талаар гэрийнхэн мэддэг байсан. Гэрийнхнийг ирэхээр зөрөөд гараад явчихдаг байсан. Зуухны хажуу талд буюу үүдний өрөөний вакум цонх түгжигддэггүй хүн гараараа түлхэхээр онгойчихдог байсан. Энэ онгойдог цонхоор Ц- түлхэж онгойлгоод орчихдог байсан. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо дахиж Ц- гэдэг хүний талаар яримааргүй дахин дахин цагдаагийн газарт ирэх хэцүү байна. Яагаад гэвэл би шинэ амьдрал зохиож байгаа болохоор амьдарч байгаа хүн маань буруугаар явмааргүй байна, өнөөдрөөс дахиж өөр өдөр ирэхгүй шүү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 23, 25х/,

 

-Гэрч Я.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Г.Ц- над руу залгаад А- гэртээ байхгүй байна би буудлаар хайж байна гээд А-г хараагаад байсан. Тэгээд би удалгүй А-тай холбогдоход би найзындаа ирчихсэн хөзөр тоглож байна одоо удахгүй гэртээ харьчихна гэж хэлээд салгахад Ц- удаагүй А-гийн хүүхдүүдийг аваад манайд орж ирээд 30 минутын дараа Ц- залгаад та хүүхдүүдийг нь хувцаслаад аваад гараад ир би А-г олчихлоо гудамжиндаа явж байсан байна гэхээр нь хүүхдүүдийг хувцаслаад аваад гартал А- зодуулчихсан байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ хоёрын хувьд ямар нэгэн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс биш А- Ц-тэй танилцах үед Ц- гэр бүлтэй гэдгээ нуугаад манай дүүтэй танилцсан байсан. Тэгээд сүүлд нь А- гэр бүлтэй гэдгийг нь мэдээд Ц-ээс салах гэхээр нь Ц- би чамд хайртай би чамаас салж чадахгүй. Чи надаас салах юм бол би гурван хүүхдийг чинь зүгээр өнгөрөөхгүй би чиний гурван хүүхдийг чинь ална надад цагдаа найз болон дүү нар байгаа хэрвээ чамайг цагдаад гомдол гаргах юм бол би чамайг өөрийг чинь цагдаад гэр бүл үймүүлсэн хэргээр өгнө гэх зэргээр дарамталдаг. А-г ажил дээр нь байх үед гэрт нь ирээд хүүхдүүдийг нь цонхоо нээхийг шаардаж цонхоор нь ордог. Эсвэл цонхыг нь хагалаад гэрт нь орчихдог гэж А- надад ярьж байсан. Мөн Ц-д гэрийнх нь 1 хувь түлхүүр байдаг гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

 

         - Гэрч Г.Б-э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би сайн танихгүй. Даваат багийн хэсгийн ахлагч байх үед нь танилцаж байсан. Хэрхэн танилцсан гэхээр нь би Даваат багийн Мөнхийн гэгээ өрхийн эмнэлгийн засварын ажлыг хийж байхад анх танилцаж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад А- над руу холбогдоод юу хийж байна гэхээр нь гэртээ байна гэсэн чинь хөзөр тоглох уу гэхээр нь тэгье гээд манай гэрт ирээд хөзөр тоглож байгаад өглөө 08 цаг өнгөрч байхад гарсан байхаа яг цагаа санахгүй байна. Тэгсэн чинь Мөрөн дэлгүүрийн хажууд төв зам дээр нэг саарал өнгийн Сонота 7 маркийн машинаас нэг залуу бууж ирээд А-г чирээд машин руугаа хүчээр суулгаад аваад явчихсан. Тэр өдөр би сумын заануудын барилдаан болох гээд тэмцээн рүүгээ явчихсан. 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр билүү маргааш өдөр нь над руу фейсбүүкээр залгаад өөрийнхөө царайг харуулсан чинь уруул нь хавдчихсан зүүн билүү баруун нүд хавдчихсан оёдол тавиулсан. Машиндаа хүчээр суулгаж явсан гэх залуу нь зодчихсон цагдаагийн газарт өргөдөл өгчихсөн гэж ярьж байсан. Түүнээс хойш дахин А-тай холбогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/,

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаартай

1.Я.А-гийн биед зүүн хөмсөг дээр болон дээд уруулд няцарсан шарх үүсэж байжээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56х/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8258 дугаартай хөрөнгийн үнэлгээ “...шалны хулдаас 10,000 төгрөг, шкабны хаалганы толь 12,000 төгрөг, буйдангийн арьсан бүрээс 220,000 төгрөг нийт 242,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 63-67х/,

 

-Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоот байшинд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17х/

 

-Шүүгдэгч Г.Ц-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Ц- нь Я.А-г иргэн Г.Б-этэй хардаж өөрийн эзэмшлийн 00-00 ОРО улсын дугаартай “ххх” загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулгах үедээ машины хаалга мөргүүлэн, газарт унаган өшиглөж эрүүл мэндэд зүүн хөмсөг дээр болон дээд уруулд няцарсан шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Г.Ц- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Г.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ц-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн Ц-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ