Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар  2024/ШЦТ/92

 

 

 

 

 

   2024     03          01                                          2024/ШЦТ/92

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Д.У-,

Хохирогч Л.Б-, түүний өмгөөлөгч Б.Баасанжав,

Шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран,

Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт Ц-гийн Б-т,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б- овогт Г-ын Б-т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2225007140321 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны Б аймгийн О суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Ц-гийн Б- /рд/,

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний Б аймгийн О суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйч мэргэжилтэй, “хх” ТӨҮГ-ын бетончин ажилтай, ам бүл 1, ганцаараа Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Г-ын Б- /рд:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б-той үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод “Хоёр хүний буюу хохирогч Д.У-, Л.Б- нарыг зодож хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд “...тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн бугуйн үе, цээж, баруун өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, духанд 1 тооны зулгаралт, баруун гарын дөрөв дүгээр хурууны нэг дүгээр үений тэнийлгэгч шөрмөсний бүрэн тасралт” бүхий хүндэвтэр хохирол,

хохирогч Д.У-ы эрүүл мэндэд “...биед баруун гарын 4 ба 5-р хурууны шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, толгой, хүзүү, зүүн ташаа, баруун гарын шуу, сарвуунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, хуйханд няцарсан шарх, эрүүнд 1 тооны зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “хх” баарны гадаа хохирогч Н.З-той сантехникийн засварын ажлаас болж маргалдаж, улмаар хохирогчийн толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод Ц.Б-ыг хохирогч Д.У-ыг “....архины төлбөр төлсөнгүй гэсэн шалтгаанаар маргалдан зодож, улмаар түүний гэмт үйлдлийг таслан зогсоох гэсэн боль хөгшин хүн аллаа гэж хэлсэн хохирогч Л.Б-ыг зодож, хохирогч нарын буюу хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдэлд хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч Ц.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Л.Б-, Д.У- нар нь хоорондоо маргалдаад барьцалдаад авахад нь би салгах гэж байгаад бид нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хоёр хохирогчоос уучлалт гуйж байна. Д.У- ахын нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөгийг төлнө, Л.Б- гуайд эмчилгээний зардал, гинжний төлбөр 4,700,000 төгрөгийг өгсөн. Гинжийг нь уг нь Д.Уламмсайхан ах аваад кармандаа хийж байсан... Г.Б- энэ хоёр хүнд гар хүрээгүй...Мөн Н.З-ын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Н.З-оос уучлалт гуйж, эмчилгээний зардал гэж 500,0000 төгрөг өгсөн... ” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...10 дугаар сарын 30-ны өдөр урд орой нь бид хоёр Хустай гэдэг буудалд хоночихоод өглөө нь гарах гэхэд буудлын тооцоо хийгээгүй, Б- ах миний утсыг үлдээчихье гээд миний утсыг үлдээгээд хорооллоос очиж хүнээс мөнгө авах гээд очиход тухайн хүн нь байхгүй мөнгөө авч чадаагүй, утас ч байхгүй дагаад явж байхад 3 дугаар микрт Х- гэдэг ах дээр ирсэн. Х- гэдэг ах эхнэртэйгээ гарч ирээд эхнэр нь үлдсэн. Х- ах ийшээ айлд очъё гээд замаараа 2-25 дугаар байрны дэлгүүр ороод 2 лааз пиво, нэг шил архи аваад Б- ах, У- ах хоёрын байрны гадаа ирсэн. Эхлээд У- ахын хаалгыг тогшиход хаалгаа онгойлгоогүй. Тэгэхээр нь Б- гэдэг ахынх руу орсон. Б- ах ганцаараа сууж байсан. Б- ах юм уусан, нэлээн халамцуу сууж байсан. Тэгээд байж байхад У- ах араас нь ороод ирсэн. Бид хэд удаагүй, 20 минут болсон уу үгүй юу араас У- ах ороод ирсэн. Б- ах, У- ах хоёр нэгнийгээ таньдаг юм билээ. У- ах тэр өдөр нэлээн согтуу байсан, унтаад сэрсэн гээд байгаа болохоос биш уусан юм нь гараагүй байсан. Архи хоёр тойруулж байсан байх, Б- ах У- ахыг гэр рүүгээ ор гэсэн, У- ах тавьтар муутай хүн юм билээ, хэлэх хэлэхгүй үгээр хэлээд Б- ах руу салаавч гаргасан. Тэгсэн Б- ах уурласан, ширээний баруун талд У- ах сууж байсан, би эсрэг талд нь сууж байсан. У- ахын наана Б- ах, наана нь Б- ах байсан. Тэгээд Б- ах, У- ах хоёр хамгийн анх хэрэлдсэн, Б- ах би цэрэгт байсан хүн гээд тиймэрхүү зүйлүүд ярьж байсан. Түүнээсээ болоод хэрэлдээд У- ахыг Б- ах нэг цохисон, эхлээд цохиход шүд нь унаагүй, хамраас нь цус гарсан. Тэгээд байж байснаа У- ах босож ирж хэрэлдэж зууралдаад зүгээр юм ярьж байснаа гэнэт ухасхийсэн, би тэгэхэд ширээний нөгөө талд сууж байсан. Б- ах дундуур нь орж салгаад У- ахыг хойш нь түлхэж унагасан. Түлхээд унагахад хойшоо паар руу маягтай хөндий рүү нь унасан. Тэгээд эвлэрээд байж байхад архиа тойруул гээд надаар архи хийлгэж нэг, нэг татаад дахиад хэрэлдээд эхэлсэн. Б- ах, У- ахыг ахиад нэг цохиод авахад шүд нь унасан, шүд уначихлаа гэхэд Б- ах салгаад У- ах том өрөө рүү гүйхэд Б- ах хойноос нь явж байхад У- ах эргэж хараад Б- ахыг цохиход ах шууд урагшаагаа унасан. Тэгэхэд Б- ах ухаан алдсан. Б- ах Б- ахыг өргөөд цээжнээс нь сэгсрээд босгож ирсэн. Ухаан алдчихаад босож ирээд дахиад маргалдсан, энэ хоёр гурван удаа хоорондоо маргалдсан. Маргалдахад нь Б- ах, У- ах хоёр зууралдахад гинж нь газар унасан. Б- ах энэ хоёрыг салгахдаа Б- ахыг хойш нь хүчтэй унагаасан. Тэгэхэд гар нь гэмтсэн гэж бодож байна. У- ахын шүд нь хиймэл шүд байсан, зодоон болж байхад гинж унасныг нь хараагүй, зодоон намжаад Б- ах салгаад байж байхад гинж нь газар унасан байхад У- ах би үүнийг авч далд хийнэ, үүнийг аваад би журамлана гээд саарал биеийн тамирынхаа өмдний баруун талын карманд хийж байсан. Тэгэхэд У- ах надад миний хүү одоо харь, чи энд байвал хэрэгт орно шүү гэж хоёр удаа хэлсэн. Тэгээд би түрүүлж гараад явсан, согтуу хүмүүстэй ганцаараа эрүүл, тэнд миний үгийг дуулж байгаа ч хүн байхгүй байсан. Би түрүүлээд гараад яваад нэг давхар руу бууж байхдаа дээшээ чимээ чагнахад Б- ах У- ах хоёр орцон дотор яриад байж байсан. Орцоор гараад явж байхад барилгын хашаа байдаг юм билээ. Барилгын хашааг урд талаар нь тойроод гаръя гээд барилгын хашааны буланг тойроод эргээд харахад У- ах, Б- ах хоёр байрны гадаа гараад ирсэн юм яриад зогсож байсан. Би энэ хоёрыг эвлэрсэн юм байгаа биз гээд тэр чигээр нь хааяад 2-25 дугаар байрны урд талын байр Б- гээд үйлдвэрт ажилладаг хуурай ахындаа орсон. Би гар утасгүй, буудалд үлдээчихсэн явсан. Тэгэхэд Х- түрүүлээд гараад явахдаа Б-ын утсыг хулгай хийгээд аваад явсан байсан. Бид хоёр хоёулаа гар утасгүй, зураг дарах, ямар нэгэн баримтжуулах ямар ч боломж байхгүй байсан. Би явган алхсаар байгаад шууд Б- гээд ахындаа очсон, гэртээ байсан, тэгээд 100,000 төгрөг зээлсэн, баримт нь хэрэгт байгаа. 100,000 төгрөг зээлээд буудалд очоод утсаа авсан, утсаа аваад тэндээсээ шууд гэр рүүгээ харьсан. Б- гээд байгаа ахынд очиход 2 цаг өнгөрч байсан, үүнийг сайн санаж байгаа. Тэгээд буудлаас утсаа авчихаад шууд гэр рүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хоёр хөгшин хүн хоорондоо зодолдоно гэж юу байхав. Ер нь бол энэ хоёр худлаа л ярьж байна. Гэхдээ би олон юм ярихгүй. Цагдаад байхдаа болсон зүйлээ ярьсан, дахиж яриад байх зүйлгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Б- надад 4,700,000 төгрөг өгсөн үлдсэн мөнгийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.У- шүүхийн хэлцүүлэгт: “...Бид хоёр хоорондоо зодолдоогүй ээ. Г.Б- үнэхээр 70 хувьтай худлаа ярьж байна, үнэнээр нь ярих хэрэгтэй... Ц.Б- ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгой руу цохьсон тэгэхэд толгой зүсэгдээд их цус гарсан, дахиад цохиход би гараараа хаасан тэгэхэд гаранд гэмтэл үүссэн. Ц.Б- нь надад 1 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

 

- Хохирогч Л.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байх үед манай хөрш айлын У- гэрт ороод ирээч гэж 2 удаа хаалга цохиж дуудсан, би У-ы гэрт орох үед Х- нь эхнэрийнхээ хамт сууж байсан. У- тал шилтэй архи тавьчихсан сууж байсан уг архинаас миний бие хамт уусан. Тухайн архийг У-. Х-, түүний эхнэр бид нар хамт уусан. Энэ үед Х- нь архи аваад ирье гэж хэлээд эхнэртэйгээ хамт гарсан, У- надаас танай гэрт архи байгаа юу гэхээр нь би манайд нэг юм байгаа гэж хэлсэн чинь танай гэр лүү оръё гэж хэлээд хамт орсон. Манай гэрт миний найз Д- байсан. У- бид хоёр манай гэрт ороод би нэг шил "Ауруг" нэртэй архи гаргаж ирээд уг архийг Д-, У- бид гурав хувааж уусан, уг архийг ууж дуусгаад У-ыг гэрт нь оруулж өгсөн, манай найз Д- бас явчихсан. Энэ үед Х- над руу залгаад хаана байгаа талаар асуухад нь би гэртээ байна гэж хэлсэн чинь манай гэрийн тоотыг асуухаар нь би хэлсэн. Удалгүй Х- 2 залуугийн хамт манай гэрт орж ирээд нэг шил архи задлаад сууж байтал У- орж ирсэн. Энэ үед Х- эхнэр машинд хүлээж байгаа, залгаад байна гэж хэлээд гараад явсан Ингээд У- болон үл таних 2 залуугийн хамт бид дөрөв үлдээд сууж байтал, том биетэй залуу болох Б- нь У-тай маргалдаад байсан, энэ үед хажууд нь байсан үл таних залуу ширээний дээр байсан архины шилийг оролдоод байж байтал Б- нь уг архины шилийг аваад У-ы толгой руу шилээр цохисон энэ үед би Б-ыг уурлаж чи яаж байгаа юм бэ? гэсэн чинь Б- гараараа миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон миний хамраас цус гарч доошоо тонгойгоод сууж байтал миний нүүр лүү Б- өшиглөсөн. Ингээд Б- нь үл таних залуугийн хамт У-ыг авч гарсан. Тухайн үед зодуулж байх үед хүзүүнд зүүж байсан Алтан гинжээ алга болгосон. Намайг Б- цохиж зодсон...Б- намайг зодсоны дараа 2-3 хоногийн дараа над руу өөрөө залгаж яриад “ахаа учраа ольё" гэж хэлж байсан. Миний эмчилгээнд нийт 780,000 зардал гарсан. Гинж алга болсон үнэлгээгээр 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ..., Б- нь намайг болон У-ыг зодож байх үед Б-тай хамт явсан залуу манай гэрийн ширээний хажуу талын, үүдэн талын сандал дээр зүгээр л сууж байсан, ямар нэгэн үйлдэл хийгээгүй, Б- нь бид нарыг зодож байх үед салгаагүй, болиулаагүй, би Б-т зодуулаад нүүрээ дараад сууж байх үед У- нь манай гэрээс гараад явах, үед Б- нь хамт явсан залуудаа наадхаа битгий явуул, бариад ав гэж хэлэх үед тухайн залуу У-ы араас очиж барьж авсан. Цагдаагийн газарт ирэх үед тухайн өдрийн жижүүрт гарч байсан алба хаагч нар юу болсон талаар асуух үед нь би хөрш айлын хүн бид хоёрыг зодсон гэж хэлсэн. Ц.Б- нь Х-тай хамт ирэхдээ бас нэг залуугийн хамт орж ирсэн. У- бид хоёрыг Б- нь зодож байх үед Х- гараад явчихсан байсан харин хамт ирсэн залуу нь байсан, бид хоёрыг зодуулж байх үед ширээний хажууд сандал дээр сууж байсан, Б-ыг салгаагүй, би дотроо салгах болов уу гэж бодсон боловч салгаагүй, У- гараад явах үед Б- уг залууг У-ыг явуулахгүй бариад ав гэх үед нь уг залуу У-ы араас очоод бариад авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15х, 20х, 2хх-ийн 104х/,

 

Хохирогч Д.У- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний бие 0 багийн 0-0 тоот гэртээ байсан. Тухайн өдөр өглөөний 10 цагийн үед миний танил дүү Х- эхнэрийн хамт ирсэн, манай гэрт тал шил Домч бор нэртэй архи байсан уг архийг гаргаж уух гэж байх үедээ хажуу хөрш айлын Б-ыг хоол ид гэж дуудсан, тухайн үед би хоол хийж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Б- манай гэрт орж ирээд дээрх архийг Б-, Х-, бид гурав хувааж уусан, уг архийг дуусгаад байж байтал Б- нь манай гэрт нэг шил архи байгаа, задлаагүй байгаа түүнийг ууя гэж хэлээд Б-ын хамт гэрт нь орох үед Б-ын найз нь гэх эрэгтэй хүн байсан. Ингээд Б- нь нэг шил архи гаргаж ирээд уг архийг Б-, Х- бид гурав хувааж уусан, Б-ын найз нь гэх эрэгтэй уугаагүй, уг архийг талд нь ортол уугаад сууж байгаад Х- нь эхнэрийн хамт гараад явсан, үлдсэн архийг Б- бид хоёр хувааж уусан, архи дууссаны дараа Б- нь намайг манай гэрт оруулж өгөөд буцаад гэртээ орсон. Би гэртээ ороод хэсэг унтаж амарсан, хэр удаан унтсанаа санахгүй байна, унтаж байтал манай гэрийн хаалгыг тогшоод байхаар нь би хаалга онгойлгоогүй. Хэсэг хугацааны дараа Б- над руу залгаад Х- нэг шил архи аваад ирчихсэн байна чи манай гэрт ороод ирээч гэж хэлсэн, би хувцсаа өмсөөд Б-ын гэрт орох үед Х-, Б-, Б- болон үл таних нэг залуу сууж байсан, Х-, Б-, Б- нар архи уугаад сууж байсан, ингээд бид нар суугаад архиа тойруулж уугаад дуусгасан Энэ үед Х- эхнэр гадна машинд хүлээгээд байна явлаа гэж хэлээд гараад явсан Хэд хоногийн өмнө Б- нь над руу залгаад "би бааранд сууж байна та ирээд баарны тооцоо хийгээдхээч" гэх үед нь би очоогүй, утасны цаанаас хэрэлдээд салгасан. Тухайн үед архи дууссаны дараа Б- нь дээрх зүйлийг сөхөж яриад та ирээд тооцоо хийчихгүй гэх мэтээр хэрүүл, маргаан хийж байгаад ширээний дээр байсан дууссан, хоосон архины шилийг гартаа барьж байгаад миний толгой хэсэг рүү уг шилээр нэг удаа цохисон, энэ үед Б- хажуунаас чи хөгшин хүнийг шилээр цохиж алах нь байна гэж хэлээд намайг холдуулсан, би цааш нь яваад ширээний хажуу талын сандал дээр очоод сууж байтал Б- нь Б-ын нүүр тус газарт гараараа нэг удаа цохисон, Б- нь нүүрээ дараад доошоо тонгойж байх үед Б- нь хөлөөрөө түүний нүүр, цээж хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж байгаад буцаж над дээр ирээд намайг цохисон архины шилээрээ дахин толгой хэсэг рүү цохих үед би баруун талын гараараа архины шилийг хаах үед миний баруун гарын сар вуу хэсгийг цохисон, дахин уг шилээрээ баруун гарын шуу хэсэг рүү 2-3 удаа цохисон, Б- гэрийнхээ шал нь дээр хэвтэж байх үед түүнийг юундаа баашлаад байгаа юм бэ бос гээд хэлж байсан, энэ үед би дотроо Б-т алуулах юм байна гэж бодоод Б-ын гэрээс гараад нэг давхар луу буусан, энэ үед миний араас Б-тай хамт явж байсан үл таних залуу ирээд Б- ах таныг байлгаж бай гэж хэлээд намайг тэврээд явуулахгүй байлгаад байсан, хэсэг хугацааны дараа Б- араас гарч ирээд намайг цагаан өнгийн машинд суулгаад хамт явсан залуугаараа уг машиныг бариулаад Дэнж баг руу явсан. Б- намайг яагаад зодож цохисныг мэдэхгүй байна. Б- нь урд өмнө нь намайг хамт архи ууж байх үедээ 2 удаа зодож цохиж байсан, би тухайн үед гомдол гаргаж байгаагүй. Миний баруун гарын 2 сарвуу хугарсан, толгой өвдөж байгаа, биеийн ихэнх хэсгүүдэд хөхөрч, няцарсан, зүүн талын нүдний ухархай зовуурьтай байгаа . Миний хиймэл хоёр шүд унаж гэмтсэн, дээд уруулын дотор талд язралт үүссэн байна. Б- архины шилээр гараараа хөлөөрөө зодож цохисон...Б-ын гэрт Б-т зодуулж байгаад Б-ын гэрээс Б-аас зугтах гээд гарсан чинь Б-тай хамт явсан залуу миний араас ирээд барьж авсан. Ингээд бариад байж байх үед Б- нь миний араас гарч ирээд намайг цагаан өнгийн машинд суулгаад хамт явсан залуугаараа машинаа бариулж Б- өөрөө надтай хамт машины арын суудалд суусан. Ингээд Дэнж баг руу яваад Мөнх- Очирын гэрт очиход М-ын эхнэр нь байсан. Энэ үед Б- М-той ярих үед М- нь төвд явж байна гэж хэлсэн. Энэ үед би М-ын гэрээс гараад зугтаасан чинь Б- миний араас ирээд хашааны гадна талд намайг хавсарч газар унагааж байгаад миний хэвлий, гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсон. Ингээд буцаж машиндаа суулгаж аваад төв рүү ороод М-той уулзсан, хаана уулзсан талаар сайн санахгүй байна. М-той очиж уулзах үед Б- нь явчихсан байсан. Б-ын гэрт Б- бид хоёр зодуулж байх үед Б-тай хамт явсан залуу зүгээр хараад сууж байсан. Би Б-ын гэрээс гараад зугтаах гэсэн чинь уг Б- гэх залуу миний араас гарч ирээд намайг барьж аваад явуулахгүй байсан " гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-25х, 2хх-ийн 105х/,

 

- Гэрч Т.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр 11 цагийн үед Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суух найз Б-ын гэрт очсон. Намайг гэрт нь очих үед Б- хоол хийчихсэн хүлээж байсан. Надад аяга хоол хийж өгөөд бид хоёр сууж байхад гэрийнх нь хаалгыг хүн тогшоод онгойлгосон чинь хажуу талынх нь хөрш зогсож байсан. Тэгээд хөрш нь Б-ыг гэр лүүгээ дагуулж ороод нэлээн удахаар нь би Б-ын гар утас руу залгаад чи юу болов оо орж ирэх болж байна уу? надад явах ажил байна гэхэд удалгүй хөрш эрэгтэйгийн хамтаар гэртээ орж ирэхдээ нилээн халамцуу орж ирсэн. Б- гэртээ орж ирээд 1 шил 0.5 граммын архийг задалсан ямар нэртэй архи байсныг санахгүй байна. Надад хундагалж өгсөн архинаас уугаагүй машин барьж байгаа гээд буцаагаад ширээн дээр нь тавьсан. Б- хөршийнхөө хамтаар үүдний өрөөнд архиа уугаад үлдсэн харин би том өрөөнд нь зурагт үзээд сууж байсан. Б- намайг наашаа хүрээд ир ганц татчихаач гэхээр нь үгүй би уухгүй машин барьж байгаа гэх үед хөрш залуу нь үүдний өрөөний сандал унтаж байсан. Тэгэхээр нь би Б-т хандаж чи наад хүнээ хүргэж өг гэхэд Б- хөрш залуугаа сугадаад гэр рүү нь оруулж өгчихөөд гарч ирлээ гээд гэртээ ороод ирсэн. Б-ыг гэртээ орж ирэх үед би явах ажилтай байна. Чи бид хоёрын авах өвс худлаа болсон юм чинь найз нь явлаа гээд гэрээс нь гараад явсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өглөө манай гэрт Б- нүдний шилтэй ирээд шилээ аваад надад нүүрээ харуулсан чинь хоёр нүд нь хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар асуухад Б- чамайг манай гэрээс гараад явсны дараа нөгөө хөрш залуу манай гэрт буцаж орж ирээд байж байхад нь гаднаас 2 эрэгтэй хүн орж ирээд хөрш эрэгтэйг нэг залуу архины шилээр толгойн тус газар цохихоор нь яаж байгаан та нар гэхэд том биетэй залуу нь найзыг нь ийм болтол зодчихлоо гэж ярьсан. Б- хэлэхдээ тэр том биетэй залуу нь хөрш эрэгтэйг хайж явсан юм шиг байна лээ тэгээд хөршийг архины шилээр цохиод зодохоор нь боль гэсэн чинь намайг зодсон гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37х/,

 

- Гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “....Д.У-, Ц.Б- нар дээр анх очих үед миний машинд суусан, энэ үед У-ы дух хэсгээс цус гараад хатчихсан байдалтай байсан, би У-аас нүүр амаа яачихсан юм бэ? гэж асуусан чинь мэдэхгүй, мэдэхгүй архи уугаад мэдэх юм алга гэж хэлж байсан. Б- нь надад У-ыг уначихсан юмаа гэж хэлсэн чинь У- нь хажуунаас битгий худлаа шаагаад байгаарай гэж хоорондоо маргалдах, хэрэлдэх маягтай байсан...” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 49-50х/,

 

- Гэрч Ц.С- Мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 30-ны тухайн өдөр би гэртээ хүүхдийнхээ хамт байж байтал Д.У-, Ц.Б- хоёр манай гэрт орж ирсэн. Манайд орж ирээд Б- нь Мөөжиг хаана байна гэж асуухаар нь би гэрээсээ гараад явсан гэж хэлсэн чинь утсаа өгч байгаач гэж хэлээд миний гар утсаар нөхөр М-той яриад хаана байгааг нь асууж байсан. Д.У-ы нүүр ам нь улаан цус болчихсон хувцас нь шороо болчихсон байхаар нь би У-аас юу болсон юм бэ гэж асуусан чинь Б- намайг зодсон гэж хэлж байсан. Энэ үед Б- нь алив явъя балай балай юм яриад байх юм, тийм биш шүү С гэж хэлээд гараад явсан. Манай гэрт орж ирэхдээ хоёулаа орж ирсэн, гадна талд хэн нэгэнтэй хамт явсан эсэх ямар машинтай ирсэн талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 111-112х/,

 

- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: "... 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18-19 цагийн хооронд Л.Б- нь над руу залгаад "ах нь хүнд зодуулчихлаа, цус нөжтэйгөө холилдчихлоо, цагдаа дуудаж чадахгүй байна, чи дуудаад өгөөч" гэхээр нь би түүнээс юу болсон талаар асуухад "хүнд зодуулчихлаа гэртээ байна хүрээд ирээч" гэж хэлсэн. Энэ үед би цагдаагийн газар луу залгаад "Өнчин цагааны 4 давхрын зүүн гар талын хаалганд зодоон болоод байх шиг байна очоод шалгаад өгөөч" гэж дуудлага өгсөн. Ингээд би 20-30 минутын дараа Б-ын гэрт нь очих үед хоёр цагдаагийн алба хаагч ирчихсэн байсан, Б- нь гэртээ цээжээрээ нүцгэн байсан, Б-ын хажуу талын нэг айлын хаалга нь онгойчихсон, уг хаалганы хажууд бас нэг эрэгтэй хүн байсан. Тухайн эрэгтэй хүн би ч гэсэн зодуулсан" гэж хэлж байсан. Б-ын нүүр нь тэр чигтээ хөхөрч, хавдсан, гар нь өвдөөд байгаа бололтой гараа сойгоод байсан. Тухайн үед ирсэн хоёр цагдаагийн алба хаагч, цагдаа руу аваад очоорой гэж хэлээд явчихсан, хажуу талын хаалганы эрэгтэй хүн тухайн хоёр цагдаагийн алба хаагчийн хамт цагдаа руу явсан. Би Б-ын хувцас, гутлыг нь өмсүүлээд дагуулж гараад цагдаагийн газарт очсон. Б-оос хэнд зодуулсан талаар асуухад зодсон хүнээ танихгүй, хажуу айлын эрэгтэй хүн сайн танина гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57х/,

 

- Гэрч Н.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “..2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 19-20 цагийн үед байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах Блю даймонд /өнчин цагаан/ байрны 401 тоот хаягт бусдад зодуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу очиход настай хоёр хүн согтуу зодуулсан байдалтай байсан. Тухайн хоёр хүний гэр нь нэг давхарт хоорондоо хөрш айлууд байсан. Дуудлага мэдээллийн дагуу очоод удаагүй байхад зодуулсан гэх нэг өвгөний дүү нь гэх нэг залуу ирсэн. Ингээд бид нар жижиг биетэй намхан нуруутай хүнийг дагуулаад цагдаагийн газар луу явсан, зодуулсан гэх нэг нь дүүгийнхээ хамт цагдаагийн газар луу хамт явсан. Тухайн хоёр иргэн зодуулсан байдалтай байсан, бага зэрэг хөхрөлттэй байсан санагдаж байна. Тухайн үед ямар нэгэн эд зүйлээ дээрэмдүүлсэн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, уг хоёр иргэнийг цагдаагийн газарт хүргэж тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагад явсан. Жижиг биетэй өвгөний таньдаг хүмүүс ирээд зодсон гэж ярьж байсан. Тиймээ дуудлага мэдээллийн дагуу очихдоо гэрт нь орсон, гэрийнх нь доторх эд зүйлс хөглөрсөн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 109х/,

 

        - Иргэний нэхэмжлэгч Д.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “..Л.Б- нь Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авахдаа 161,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амбулаториор хийгдэх тусламж үйлчилгээнд 27,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр амбулаторийн үзлэгт 15,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эмийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлэхэд 1,354,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэс засал хийлгэхэд 1,052,000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,609,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн байна. Харин Д.У- нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яаралтай тусламжийн үйлчилгээ авахдаа 43,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн байна. Л.Б-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд шилжүүлсэн 2,609,000 төгрөг, Д.У-ы эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд шилжүүлсэн 43,000 төгрөгийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 188х/,

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 822 дугаартай

1.Л.Б-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн бугуйн үе, цээж, баруун өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, духанд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байж болно.

4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5.Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт болон бусад гэмтлүүд нь нийлээд тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /1хх-ийн 73-74х/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 821 дугаартай:

1.Д.У-ы биед баруун гарын 4 ба 5-р хурууны шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, толгой, хүзүү, зүүн ташаа, баруун гарын шуу, сарвуунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, хуйханд няцарсан шарх, эрүүнд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байж болно.

4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

5. 4 ба 5-р хурууны шивнүүр ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархи доргилт болон бусад гэмтлүүд нь нийлээд тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /1хх-ийн 65-66х/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай:

1.Л.Б-ын биед баруун гарын дөрөв дүгээр хурууны нэг дүгээр үений тэнийлгэгч шөрмөсний бүрэн тасралт гэмтэл шинээр тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2.Баруун гарын дөрөв дүгээр хурууны нэг дүгээр үений тэнийлгэгч шөрмөсний бүрэн тасралт нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11-р сарын 03-ны өдрийн №822 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 86-88х/,

 

Хохирогч Н.З- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз М-ын төрсөн өдөр болоод Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “хх” бааранд М-, Ц-, Д-, надтай нийлээд дөрвүүлээ ороод 0.5 литрийн архи 1 шилийг уусан. 23 цаг 30 минутын үед баарны дуу зогсоод гэрэл асахад Д- бид хоёр гарсан. М- Ц- хоёр өмнө нь явчихсан байсан. Намайг баарны гадаа гарахад жилийн өмнө сангийн ажил хийж өгч байсан зүс таних залуу тамхи татаад зогсож байхаар нь ажлын хөлсний үлдэгдэл 120,000 төгрөгөө авъя өмнө нь чамтай таараад авъя гэхэд цалин ороогүй, удахгүй өгнө гээд болчихсон. Утасны дугаараа өг гэхэд надад утас байхгүй гэсэн. Удаагүй утас нь дуугараад баригдчихсан. Тэгэхээр нь би чамд утас байна шдээ, өрөндөө наад утсаа өг гэхэд энэ үнэтэй утас, би чамд мөнгийг чинь өгнө гээд байна гэхээр нь би явуулахгүй хувцаснаас нь зуураад барьчихсан байсан чинь уурлаад гартаа барьж байсан пивоныхаа шилээр толгойн орой хэсэг дээр цохиж хагалаад зугтаагаад явсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 220х/,

 

Гэрч Д.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...баарны гадаа зүс таних Б- гэх залуутай таараад хэн хэн нь ганцаараа явж байгаа юм байна, караокед орох уу гээд орсон. Караокед орж 1 шил архи авч хувааж уусан. Баарнаас гарахад нэг намхан залуу толгойгоо барьчихсан орилоод цагдаа нар ирчихсэн байсан. Тэр залуугийн найзууд нь манай найзыг цохисон энэ хүнтэй хамт явсан гээд намайг хэлээд цагдаа дээр авчирсан. Би цагдаа дээр ирээд утасны дугаар, регистрийн дугаараа үлдээгээд танихгүй гэдгээ хэлээд явсан. Б- надаас түрүүлээд гарсан, юунаас болж маргаан үүссэнийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 227х/,

 

- Гэрч Н.Д- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Ингээд баарнаас гарсан чинь баарны гадна талд З- нь бааранд тааралдсан өндөр нуруутай залуутай уулзаад зогсож байсан. З- нь тухайн залуугаас мөнгө нэхээд байсан Энэ үед би З-ыг чи наад мөнгө төгрөгөө дараа болж болдоггүй юм уу? гэсэн чинь З- нь тухайн залуугаас салахгүй зуураалдаад байсан. Ингээд тэр хоёр маргалдаад цааш нь явсан, хэсэг хугацааны дараа З- буцаад над дээр ирсэн, энэ үед З-ын толгойноос цус гарч байсан, би түүнээс юу болсон талаар асуусан чинь түрүүний залуу гартаа барьсан шар айргийн шилээр толгой руу цохичихлоо гэж хэлсэн. Ингээд баарны хамгаалагч залууд хэлсэн чинь цагдаа дуудсан. Н.З- нь баарны гадна талд өндөр нуруутай залуутай маргалдаж байсан, би нэг харсан чинь Н.З-ын толгойноос цус гарчихсан миний хажууд ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад өндөр нуруутай залууг зодсон гэж хэлсэн. Тиймээ тухайн залуу гартаа шилтэй шар айраг барьчихсан уугаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 229-230х/,

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 970 дугаартай:

1.Н.З-ын биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон  гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /2хх-ийн 238-239х/,

 

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “хх” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 210-215х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоот Л.Б-ынд Д.У-, Ц.Б-, Г.Б- нар нь орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Ц.Б-, Д.У- нар нь маргалдаж, улмаар Ц.Б- нь Д.У-, Л.Б- нарыг зодож, хохирогч Л.Б-, Д.У- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Ц.Б- нь хохирогч Н.З-той маргалдаж, улмаар хохирогчийн толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод хохирогч Д.У-, Л.Б- нарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг,

Мөн шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “хх” баарны гадаа хохирогч Н.З-ын толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран: “...Ц.Б- нь Д.У-, Л.Б- нарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн Н.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, харин Г.Б-той бүлэглэж үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Иймд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат: “...гэрч Ц.С-, Д-, Н, М- нарын мэдүүлгээр Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баасанжав “...шүүгдэгч Ц.Б- гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-ийг шүүгдэгч Ц.Б-тай  үйлдлээрээ санаатай нэгдэж Д.У-, Л.Б- нарыг зодож байхад нь  таслан зогсоогоогүй, тусламж үзүүлээгүй, Д.У-ыг гарахад нь Ц.Б- байлгаж бай гэсэн гээд явуулаагүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан ба 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилжээ.

Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүч чармайлтаар, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон байх нь урьдчилан үгсэн тохиролцсон шинж бол, харин дээрх тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэнийг хамтран оролцсонд тооцож, хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэл үүсдэг.

Хохирогч нар шүүх хуралдаанд “...Г.Б- нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй хараад сууж байсан... тусламж хүсээгүй...” гэж, шүүгдэгч Г.Б- “...миний утсыг Х- гэж хүн аваад гарсан байсан... хурдан хугацаанд болсон...” гэж мэдүүлдэг бөгөөд  Г.Б- нь Ц.Б-тай бүлэглэж үйлдсэн, үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Ц.Б-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Б-ийн мэдүүлэг болон хохирогч Л.Б-ын “...Х- 2 залуугийн хамт манай гэрт орж ирээд нэг шил архи задлаад сууж байтал У- орж ирсэн. Энэ үед Х- эхнэр машинд хүлээж байгаа, залгаад байна гэж хэлээд гараад явсан Ингээд У- болон үл таних 2 залуугийн хамт бид дөрөв үлдээд сууж байтал, том биетэй залуу болох Б- нь У-тай маргалдаад байсан, энэ үед хажууд нь байсан үл таних залуу ширээний дээр байсан архины шилийг оролдоод байж байтал Б- нь уг архины шилийг аваад У-ы толгой руу шилээр цохисон энэ үед би Б-ыг уурлаж чи яаж байгаа юм бэ? гэсэн чинь Б- гараараа миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон миний хамраас цус гарч доошоо тонгойгоод сууж байтал миний нүүр лүү Б- өшиглөсөн. Ингээд Б- нь үл таних залуугийн хамт У-ыг авч гарсан... Б- нь намайг болон У-ыг зодож байх үед Б-тай хамт явсан залуу манай гэрийн ширээний хажуу талын, үүдэн талын сандал дээр зүгээр л сууж байсан, ямар нэгэн үйлдэл хийгээгүй, Б- нь бид нарыг зодож байх үед салгаагүй, болиулаагүй...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Д.У-ы “...би хувцсаа өмсөөд Б-ын гэрт орох үед Х-, Б-, Б- болон үл таних нэг залуу сууж байсан, Х-, Б-, Б- нар архи уугаад сууж байсан, ингээд бид нар суугаад архиа тойруулж уугаад дуусгасан. Энэ үед Х- эхнэр гадна машинд хүлээгээд байна явлаа гэж хэлээд гараад явсан Хэд хоногийн өмнө Б- нь над руу залгаад "би бааранд сууж байна та ирээд баарны тооцоо хийгээдхээч" гэх үед нь би очоогүй, утасны цаанаас хэрэлдээд салгасан. Тухайн үед архи дууссаны дараа Б- нь дээрх зүйлийг сөхөж яриад та ирээд тооцоо хийчихгүй гэх мэтээр хэрүүл, маргаан хийж байгаад ширээний дээр байсан дууссан, хоосон архины шилийг гартаа барьж байгаад миний толгой хэсэг рүү уг шилээр нэг удаа цохисон, энэ үед Б- хажуунаас чи хөгшин хүнийг шилээр цохиж алах нь байна гэж хэлээд намайг холдуулсан, би цааш нь яваад ширээний хажуу талын сандал дээр очоод сууж байтал Б- нь Б-ын нүүр тус газарт гараараа нэг удаа цохисон, Б- нь нүүрээ дараад доошоо тонгойж байх үед Б- нь хөлөөрөө түүний нүүр, цээж хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж байгаад буцаж над дээр ирээд намайг цохисон архины шилээрээ дахин толгой хэсэг рүү цохих үед би баруун талын гараараа архины шилийг хаах үед миний баруун гарын сар вуу хэсгийг цохисон, дахин уг шилээрээ баруун гарын шуу хэсэг рүү 2-3 удаа цохисон, Б- гэрийнхээ шал нь дээр хэвтэж байх үед түүнийг юундаа баашлаад байгаа юм бэ бос гээд хэлж байсан, энэ үед би дотроо Б-т алуулах юм байна гэж бодоод Б-ын гэрээс гараад нэг давхар луу буусан, энэ үед миний араас Б-тай хамт явж байсан үл таних залуу ирээд Б- ах таныг байлгаж бай гэж хэлээд намайг тэврээд явуулахгүй байлгаад байсан, хэсэг хугацааны дараа Б- араас гарч ирээд намайг цагаан өнгийн машинд суулгаад хамт явсан залуугаараа уг машиныг бариулаад Дэнж баг руу явсан. Б- намайг яагаад зодож цохисныг мэдэхгүй байна. Б- нь урд өмнө нь намайг хамт архи ууж байх үедээ 2 удаа зодож цохиж байсан, ... Ингээд Дэнж баг руу яваад М-ын гэрт очиход М-ын эхнэр нь байсан. Энэ үед Б- Мөнх- Очиртой ярих үед М- нь төвд явж байна гэж хэлсэн. Энэ үед би Мөнх- Очирын гэрээс гараад зугтаасан чинь Б- миний араас ирээд хашааны гадна талд намайг хавсарч газар унагааж байгаад миний хэвлий, гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсон. Ингээд буцаж машиндаа суулгаж аваад төв рүү ороод М-той уулзсан, хаана уулзсан талаар сайн санахгүй байна. М-той очиж уулзах үед Б- нь явчихсан байсан. Б-ын гэрт Б- бид хоёр зодуулж байх үед Б-тай хамт явсан залуу зүгээр хараад сууж байсан. Би Б-ын гэрээс гараад зугтаах гэсэн чинь уг Б- гэх залуу миний араас гарч ирээд намайг барьж аваад явуулахгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Д-ийн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өглөө манай гэрт Б- нүдний шилтэй ирээд шилээ аваад надад нүүрээ харуулсан чинь хоёр нүд нь хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар асуухад Б- чамайг манай гэрээс гараад явсны дараа нөгөө хөрш залуу манай гэрт буцаж орж ирээд байж байхад нь гаднаас 2 эрэгтэй хүн орж ирээд хөрш эрэгтэйг нэг залуу архины шилээр толгойн тус газар цохихоор нь яаж байгаан та нар гэхэд том биетэй залуу нь найзыг нь ийм болтол зодчихлоо гэж ярьсан. Б- хэлэхдээ тэр том биетэй залуу нь хөрш эрэгтэйг хайж явсан юм шиг байна лээ тэгээд хөршийг архины шилээр цохиод зодохоор нь боль гэсэн чинь намайг зодсон гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.М-ын “....Д.У-, Ц.Б- нар дээр анх очих үед миний машинд суусан, энэ үед У-ы дух хэсгээс цус гараад хатчихсан байдалтай байсан, би У-аас нүүр амаа яачихсан юм бэ? гэж асуусан чинь мэдэхгүй, мэдэхгүй архи уугаад мэдэх юм алга гэж хэлж байсан. Б- нь надад У-ыг уначихсан юмаа гэж хэлсэн чинь У- нь хажуунаас битгий худлаа шаагаад байгаарай гэж хоорондоо маргалдах, хэрэлдэх маягтай байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.С-гийн “...2023 оны 10 дугаар сарын 30-ны тухайн өдөр би гэртээ хүүхдийнхээ хамт байж байтал Д.У-, Ц.Б- хоёр манай гэрт орж ирсэн. Манайд орж ирээд Б- нь Мөөжиг хаана байна гэж асуухаар нь би гэрээсээ гараад явсан гэж хэлсэн чинь утсаа өгч байгаач гэж хэлээд миний гар утсаар нөхөр М-той яриад хаана байгааг нь асууж байсан. Д.У-ы нүүр ам нь улаан цус болчихсон хувцас нь шороо болчихсон байхаар нь би У-аас юу болсон юм бэ гэж асуусан чинь Б- намайг зодсон гэж хэлж байсан. Энэ үед Б- нь алив явъя балай балай юм яриад байх юм, тийм биш шүү Сараа гэж хэлээд гараад явсан. Манай гэрт орж ирэхдээ хоёулаа орж ирсэн, гадна талд хэн нэгэнтэй хамт явсан эсэх ямар машинтай ирсэн талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Э-ын “... 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18-19 цагийн хооронд Л.Б- нь над руу залгаад “ах нь хүнд зодуулчихлаа, цус нөжтэйгөө холилдчихлоо, цагдаа дуудаж чадахгүй байна, чи дуудаад өгөөч” гэхээр нь би түүнээс юу болсон талаар асуухад “хүнд зодуулчихлаа гэртээ байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Энэ үед би цагдаагийн газар луу залгаад “Өнчин цагааны 4 давхрын зүүн гар талын хаалганд зодоон болоод байх шиг байна очоод шалгаад өгөөч” гэж дуудлага өгсөн. Ингээд би 20-30 минутын дараа Б-ын гэрт нь очих үед хоёр цагдаагийн алба хаагч ирчихсэн байсан, Б- нь гэртээ цээжээрээ нүцгэн байсан, Б-ын хажуу талын нэг айлын хаалга нь онгойчихсон, уг хаалганы хажууд бас нэг эрэгтэй хүн байсан. Тухайн эрэгтэй хүн “би ч гэсэн зодуулсан” гэж хэлж байсан. Б-ын нүүр нь тэр чигтээ хөхөрч, хавдсан, гар нь өвдөөд байгаа бололтой гараа сойгоод байсан... Б-оос хэнд зодуулсан талаар асуухад зодсон хүнээ танихгүй, хажуу айлын эрэгтэй хүн сайн танина гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Э-ын “..2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 19-20 цагийн үед байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт байрлах 0-0 тоот хаягт бусдад зодуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу очиход настай хоёр хүн согтуу зодуулсан байдалтай байсан... зодуулсан гэх нэг өвгөний дүү нь гэх нэг залуу ирсэн. Ингээд бид нар жижиг биетэй намхан нуруутай хүнийг дагуулаад цагдаагийн газар луу явсан, зодуулсан гэх нэг нь дүүгийнхээ хамт цагдаагийн газар луу хамт явсан. Тухайн хоёр иргэн зодуулсан байдалтай байсан, бага зэрэг хөхрөлттэй байсан санагдаж байна... Жижиг биетэй өвгөний таньдаг хүмүүс ирээд зодсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Э-ын “..Л.Б- нь Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авахдаа 161,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амбулаториор хийгдэх тусламж үйлчилгээнд 27,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр амбулаторийн үзлэгт 15,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эмийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлэхэд 1,354,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэс засал хийлгэхэд 1,052,000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,609,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн байна. Харин Д.У- нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яаралтай тусламжийн үйлчилгээ авахдаа 43,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн байна. Л.Б-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд шилжүүлсэн 2,609,000 төгрөг, Д.У-ы эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд шилжүүлсэн 43,000 төгрөгийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 822 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 821 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт,

Хохирогч Н.З-ын “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз М-ын төрсөн өдөр болоод Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “хх” бааранд М-, Ц-, Д-, надтай нийлээд дөрвүүлээ ороод 0.5 литрийн архи 1 шилийг уусан. 23 цаг 30 минутын үед баарны дуу зогсоод гэрэл асахад Д- бид хоёр гарсан. М- Ц- хоёр өмнө нь явчихсан байсан. Намайг баарны гадаа гарахад жилийн өмнө сангийн ажил хийж өгч байсан зүс таних залуу тамхи татаад зогсож байхаар нь ажлын хөлсний үлдэгдэл 120,000 төгрөгөө авъя өмнө нь чамтай таараад авъя гэхэд цалин ороогүй, удахгүй өгнө гээд болчихсон. Утасны дугаараа өг гэхэд надад утас байхгүй гэсэн. Удаагүй утас нь дуугараад баригдчихсан. Тэгэхээр нь би чамд утас байна шдээ, өрөндөө наад утсаа өг гэхэд энэ үнэтэй утас, би чамд мөнгийг чинь өгнө гээд байна гэхээр нь би явуулахгүй хувцаснаас нь зуураад барьчихсан байсан чинь уурлаад гартаа барьж байсан пивоныхаа шилээр толгойн орой хэсэг дээр цохиж хагалаад зугтаагаад явсан..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Д-гийн “...баарны гадаа зүс таних Б- гэх залуутай таараад хэн хэн нь ганцаараа явж байгаа юм байна, караокед орох уу гээд орсон. Караокед орж 1 шил архи авч хувааж уусан. Баарнаас гарахад нэг намхан залуу толгойгоо барьчихсан орилоод цагдаа нар ирчихсэн байсан. Тэр залуугийн найзууд нь манай найзыг цохисон энэ хүнтэй хамт явсан гээд намайг хэлээд цагдаа дээр авчирсан... Б- надаас түрүүлээд гарсан, юунаас болж маргаан үүссэнийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Д-ын “...Ингээд баарнаас гарсан чинь баарны гадна талд З- нь бааранд тааралдсан өндөр нуруутай залуутай уулзаад зогсож байсан. З- нь тухайн залуугаас мөнгө нэхээд байсан. Энэ үед би З-ыг чи наад мөнгө төгрөгөө дараа болж болдоггүй юм уу? гэсэн чинь З- нь тухайн залуугаас салахгүй зуураалдаад байсан. Ингээд тэр хоёр маргалдаад цааш нь явсан, хэсэг хугацааны дараа З- буцаад над дээр ирсэн, энэ үед З-ын толгойноос цус гарч байсан, би түүнээс юу болсон талаар асуусан чинь түрүүний залуу гартаа барьсан шар айргийн шилээр толгой руу цохичихлоо гэж хэлсэн... Н.З- нь баарны гадна талд өндөр нуруутай залуутай маргалдаж байсан, би нэг харсан чинь Н.З-ын толгойноос цус гарчихсан миний хажууд ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад өндөр нуруутай залууг зодсон гэж хэлсэн. Тиймээ тухайн залуу гартаа шилтэй шар айраг барьчихсан уугаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 970 дугаартай дүгнэлт,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “хх” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Д.У-, Л.Б- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хохирогч Н.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ц.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Б- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.У- эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ц.Б- төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Ц.Б-аас 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Д.У-д олгохоор шийдвэрлэлээ. Харин хохирогч Л.Б- нь хохиролд 4,700,000 төгрөг авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

.

Иргэний нэхэмжлэгч Д.Э- нь хохирогч Л.Б-т эмчилгээ тусламж үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 2,609,000 төгрөг, Д.У-д эмчилгээ тусламж үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 43,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т ”... гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар шүүгдэгч Ц.Б- нь  хариуцан төлөх үүрэгтэй тул Ц.Б-аас 2,652,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “... Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран “...Ц.Б- нь Улаанбаатар хотоос авто машины сэлбэг болон машин авч зарж амьдрал ахуйгаа авч явдаг, торгуулийн ял оногдуулж, торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн,

Хохирогч нар болон өмгөөлөгч Б.Баасанжав “... хэлэх зүйлгүй...” гэсэн,

Шүүгдэгч Ц.Б- “...торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт, саналыг тус тус гаргасан.

 

          Шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнийг цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, 450,000 төгрөгийн торгох ялыг эдлэх ялаас нь хасаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-т авсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б- овогт Г-ын Б-т Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

         2. Шүүгдэгч Б- овогт Ц-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         3. Шүүгдэгч Ц-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр мянган найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2,800,000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-т оногдуулсан 3,300,000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцон 450,000 төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.

 

         7.  Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Л.Б-т төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

 

         9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 1,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, Ц овогт Д-гийн У- /РД:, утас:/-д олгож, 2,652,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

         10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-т авсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй хэсэгт Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ