Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар  2024/ШЦТ/95

 

 

 2024     03          04                                           2024/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,

Иргэдийн төлөөлөгч О.Х,

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

  Шүүгдэгч М.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-гийн Г-од холбогдох эрүүгийн 2425000000004 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Х- овогт М-гийн Г- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод хохирогч П.Ц-ыг шалтгаангүйгээр хэвлийн тус газарт нь саарал өнгийн төмөр иштэй хутгаар хутгалж, улмаар тус хутгыг булаацалдах явцад хөмсөгөн тус газарт нь зүсэж хохирогчийн эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, нарийн гэдэс хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн хөмсөг, баруун гарын хуруунд шарх, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч М.Г- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500,000 төгрөг өгсөн, цаашид дахин гарах эмчилгээний төлбөрийг төлнө...” гэсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдсан:

            - Хохирогч П.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуурай ах М.Г-ын хашаанд очоод 0.75 литрийн стандарт гэх нэртэй архины талыг хувааж уучихаад гэртээ харьсан. М.Г- ахын хашаанд өөрийнхөө морийг аргамжаад үлдээчихсэн байсан тул морио авах гээд Г- ахын гэрт очиход ганцаараа байсан. Г- ах өдөр хамт хувааж уусан тал архины үлдэгдлийг ганцаараа уучихсан, нилээн согтуу байдалтай байсан. Надад хандаж “нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь би дэлгүүрээс 0.5 литрийн стандарт нэртэй архи худалдаж аваад Г- ахын гэрт хамт уусан. Тухайн үед Г- ах “гадаа харанхуй болчихсон байхад эхнэр, хүүхэд ирдэггүй, юу хийгээд байдаг юм бэ” гээд уурлаад байсан. Би Г- ахын гэрээс гарч бие засчихаад эргээд ороход үгийн зөрүүгүй миний хэвлийн зүүн тал руу 1 удаа хутгалсан. Г- ах гартаа барьчихсан байсан хутгаараа дахиад зүсэх гэхээр нь би хойшоо болох үед миний зүүн хөмсөг хэсгийг бага зэрэг зүссэн. Г- ахын гартаа барьчихсан байсан хутгыг булааж авах үед баруун гарын дунд хурууны өндөг хэсгийг 1 удаа зүссэн. Би өөрийнхөө гар утсаар эхнэр М-ийн утас руу залгаж хүнд хутгалуулчихлаа, гялс хүрээд ир гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн. Удалгүй эхнэр М-, дүү Б- нар ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн... М.Г- бид хоёрт маргалдсан зүйл байхгүй. Ямар шалтгааны улмаас намайг хутгалсан талаар ойлгохгүй байна. Өмнө ч гэсэн бид хоёр хоорондоо маргалдаж байгаагүй. Тухайн үед М.Г- нилээн согтуу байсан. Би ч гэсэн бас архи уучихсан байсан... Би М.Г-ыг нэг удаа түлхсэн. Тэрнээс биш цохиж, зодсон зүйл байхгүй. Ямар хутгаар хутгалсан талаар анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна... Г- бид хоёр л байсан... Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй тул энэ талаар тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,

 

- Гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 19 цаг 12 минутад миний утас руу нөхөр П-ийн Ц- нь залгаж ...би М.Г-ын гэрт хутгалуулчихлаа. Хурдан хүрээд ирээч... гэж хэлсэн. Би шууд М.Г-ын гэрт очиход нөхөр П.Ц- нь зүүн талын ташаа хэсгийг гараараа дарчихсан байдалтай гэрээс гарч ирсэн. Г-ын гэрт ороход Г- ганцаараа сууж байсан ба хувцас, нүүр хэсэг нь цустай, гэрийн баруун урд талд цус болчихсон байсан тул цагдаад дуудлага өгчихөөд нөхрийгөө дагуулж эмнэлэгт очсон. П.Ц-ыг эмчид үзүүлэхэд зүүн ташаа хэсэгт 1 удаа хутгалуулсан, дотуур цус алдалттай, яаралтай хагалгаанд орж байна. М.Г-ын гэрт очихоос өмнө хамаатны дүү Б-г дуудаж, хамт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/,

 

- Гэрч Ч.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байхад 19-20 цагийн хооронд миний утас руу М- эгч залгаж Ц- айлд хутгалуулчихсан байна гэж утсаар ярьсан, хамт очих уу гэж хэлсэн. Би гэрээс гарч М- эгчтэй гудамжид уулзаад Ц- ахын байгаа гэх айлын гадна очиход урдаас зүүн ташаа хэсгээ гараараа дарсан байдалтай гарч ирсэн. Ц- ахаас юу болсон талаар асуухад хүнд хутгалуулчихлаа гэхээс өөр зүйл ярихгүй байсан тул гарч ирсэн гэх айлд ороход нэг эрэгтэй хүн ганцаараа сууж байсан ба гэрийн баруун урд хэсэгт цус болчихсон байсан. Энэ үед М- эгчийн утсаар би цагдаад дуудлага өгсөн. Би М- эгчийн хамт Ц- ахыг эмнэлэгт хүргэж өгч, эмчид үзүүлэхэд дотуур цус алдсан, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд орсон. Ц- ах хэнд хутгалуулсан талаар хэлэхгүй, хүнд гай болохгүй гээд байсан. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/,

 

- Гэрч Н.Ж- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой ажил дээрээ байхад миний утас руу танихгүй дугаар залгаж цагдаагаас ярьж байна, гэртээ хурдан хүрээд ир... гэж хэлсэн. Би 11 настай охин Н-ий хамт гэртээ очиход цагдаа нар ирчихсэн, манай нөхөр М.Г- өмсөж байсан хувцас, гарын хуруу, нүүр хэсэг нь цус болчихсон байдалтай байсан. Би нөхөр М.Г-оос юу болсон талаар асуухад мэдэхгүй байна гэж хэлж байсан. Цагдаа нар манай гэрт үзлэг хийх явцад би хамт байлцсан. Манай гэрийн баруун урд талд байх угаалтуурын доод хэсгээс цус болчихсон цагаан өнгийн төмөр иштэй хутга хураан авсан. Уг хутга нь манай гэрийн хутга мөн байсан. Манай нөхөр М.Г-, хохирогч П.Ц- нар хуурай ах дүүс гээд манай гэрээр байнга орж гардаг. Өмнө хоорондоо маргалдаж байгаагүй. Хохирогч Ц-ыг хэн хутгалсан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Г- надад хэлэхдээ би нилээн согтуу байсан тул өөрөө ч мэдэхгүй байна гэж байсан... Манай нөхөр М.Г- хааяа нэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Голцуу архи уудаггүй хүн байгаа юм. Хааяа нэг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хийсэн үйлдлээ санахгүй тохиолдол гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/,

 

- Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...М.Г- нь надад П.Ц-тай хамт архи ууж байгаад тасарчихсан, нэг мэдэхэд Ц-ыг хутгалчихсан байна гэж хэлж байсан. Мөн 0 багийн Хуучин хорооны хүн болгон л Ц-ыг Г- хутгалсан гэж ярилцаж байсан. Хэзээ хутгалсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2023 оны 11 сарын сүүлээр дээрх үйл явдал болсон... М.Г-, П.Ц- нар байнга шахуу хамт явж харагддаг, хоорондоо инээгээд, нэг нэгэндээ тус дэм болдог, их л дотно найзууд байгаа юм. Өмнө хоорондоо маргалдаж, муудалцаж байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38х/,

 

- Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би хөдөө явж байгаад 2023 оны 12 сарын сүүлээр Орхон аймагт ирэхэд хүргэн дүү М.Г- нь найз Ц-ыг хутгалсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сонссон. Би М.Г-той уулзаж юу болсон талаар асуухад Ц- бид хоёр хамт архи уусан, би нилээн согтуу байсан, юу болсон талаар сайн санахгүй байна, бид 2 л манай гэрт байсан гэж ярьж байсан. Надад хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй... М.Г-, П.Ц- нар найз нөхдийн холбоотой, Ц- нь Г-ын гэрээр орж гардаг. Өмнө хоорондоо маргалдаж муудалцсан зүйл сонсогдож байгаагүй, сайн найз нөхдийн харилцаатай, нэг нэгэндээ тус дэм болдог хүмүүс байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40х/,

 

- М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл ангийг уншиж танилцлаа. Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан тул дахин ярих шаардлагагүй гэж үзэж байна... Хохирогчийн биед би хутгаар хутгалж гэмтэл учруулсан. Хэдэн удаа хутгалсан талаар сайн санахгүй байна... Надад Х-сан хутга нь манай гэрийн хутга мөн байна. Тухайн үед миний биенээс цус гараагүй тул хохирогч Ц-ын цус болчихсон байх гэж бодож байна... Тухайн үед манай гэрт хохирогч П.Ц- бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Хохирогчийн зүгээс нэхэмжлэл гаргавал төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1056 дугаартай:

1.П.Ц-ын биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, нарийн гэдэс хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /2300мл/, нарийн гэдэс, сэмж оёх мэс заслын дараах байдал /2023.11.21/, зүүн хөмсөг баруун гарын хуруунд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-45х/,

 

- Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн "Магадлуулагч М.Г- нь хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн хувьд эрүүл, Сэтгэцийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаагүй. Одоо түүнд сэтгэцийн эмгэг өөрчлөлтийн шинж илрэхгүй байна. Түүнд албадан эмчилгээ шаардлагагүй. Болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлэх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай. Болсон үйл явдлыг зөв ойлгон тусгах чадвартай” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-60х/,

 

-Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаартай албан бичгээр ирүүлсэн “хохирогч П-ийн Ц-ын Гэмтэл согог судлалын тасаг болон Эрчимт эмчилгээний тасгуудад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хэвтэн эмчилүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 94-135х/,

 

-Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Болд-Эрдэнийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай” тэмдэглэл, /хх-ийн 11х/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, /хх-ийн 13-16х/,

 

-Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 19-24х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Үйл баримт: 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоот шүүгдэгч М.Г- нь гэртээ хохирогч П.Ц-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар П.Ц-ыг төмөр иштэй хутгаар хутгалж, хохирогчийн эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, нарийн гэдэс хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн хөмсөг, баруун гарын хуруунд шарх, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч М.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Ц-ыг шалтгаангүйгээр хэвлийн тус газарт нь хутгалж, улмаар тус хутгыг булаацалдах явцад хөмсөгөн тус газарт нь зүсэж хохирогчийн эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, нарийн гэдэс хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн хөмсөг, баруун гарын хуруунд шарх, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй. Хохирогч цаашид гарах хохирол төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: “...М.Г- нь гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогчид цаашид гарах хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа...”гэсэн,

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Хүслэнзаяа: “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Г-ын үйлдлийн улмаас хохирогч П.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч П.Ц-ын: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуурай ах М.Г-ын хашаанд очоод 0.75 литрийн стандарт гэх нэртэй архины талыг хувааж уучихаад гэртэй харьсан. М.Г- ахын хашаанд өөрийнхөө морийг аргамжаад үлдээчихсэн байсан тул морио авах гээд Г- ахын гэрт очиход ганцаараа байсан. Г- ах өдөр хамт хувааж уусан тал архины үлдэгдлийг ганцаараа уучихсан, нилээн согтуу байдалтай байсан. Надад хандаж “нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь би дэлгүүрээс 0.5 литрийн стандарт нэртэй архи худалдаж аваад Г- ахын гэрт хамт уусан. Тухайн үед Г- ах “гадаа харанхуй болчихсон байхад эхнэр, хүүхэд ирдэггүй, юу хийгээд байдаг юм бэ" гээд уурлаад байсан. Би Г- ахын гэрээс гарч бие засчихаад эргээд ороход үгийн зөрүүгүй миний хэвлийн зүүн тал руу 1 удаа хутгалсан. Г- ах гартаа барьчихсан байсан хутгаараа дахиад зүсэх гэхээр нь би хойшоо болох үед миний зүүн хөмсөг хэсгийг бага зэрэг зүссэн. Г- ахын гартаа барьчихсан байсан хутгыг булааж авах үед баруун гарын дунд хурууны өндөг хэсгийг 1 удаа зүссэн... М.Г- бид хоёрт маргалдсан зүйл байхгүй. Ямар шалтгааны улмаас намайг хутгалсан талаар ойлгохгүй байна. Өмнө ч гэсэн бид хоёр хоорондоо маргалдаж байгаагүй. Тухайн үед М.Г- нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.М-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 19 цаг 12 минутад миний утас руу нөхөр П-ийн Ц- нь залгаж ...би М.Г-ын гэрт хутгалуулчихлаа. Хурдан хүрээд ирээч... гэж хэлсэн. Би шууд М.Г-ын гэрт очиход нөхөр П.Ц- нь зүүн талын ташаа хэсгийг гараараа дарчихсан байдалтай гэрээс гарч ирсэн. Г-ын гэрт ороход Г- ганцаараа сууж байсан ба хувцас, нүүр хэсэг нь цустай, гэрийн баруун урд талд цус болчихсон байсан тул цагдаад дуудлага өгчихөөд нөхрийгөө дагуулж эмнэлэгт очсон...” гэсэн мэдүүлэг,  

гэрч Ч.Б-гийн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байхад 19-20 цагийн хооронд миний утас руу М- эгч залгаж Ц- айлд хутгалуулчихсан байна гэж утсаар ярьсан, хамт очих уу гэж хэлсэн. Би гэрээс гарч М- эгчтэй гудамжид уулзаад Ц- ахын байгаа гэх айлын гадна очиход урдаас зүүн ташаа хэсгээ гараараа дарсан байдалтай гарч ирсэн. Ц- ахаас юу болсон талаар асуухад хүнд хутгалуулчихлаа гэхээс өөр зүйл ярихгүй байсан тул гарч ирсэн гэх айлд ороход нэг эрэгтэй хүн ганцаараа сууж байсан ба гэрийн баруун урд хэсэгт цус болчихсон байсан...Би М- эгчийн хамт Ц- ахыг эмнэлэгт хүргэж өгч, эмчид үзүүлэхэд дотуур цус алдсан, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Ж-гийн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой ажил дээрээ байхад миний утас руу танихгүй дугаар залгаж цагдаагаас ярьж байна, гэртээ хурдан хүрээд ир... гэж хэлсэн... гэртээ очиход цагдаа нар ирчихсэн, манай нөхөр М.Г- өмсөж байсан хувцас, гарын хуруу, нүүр хэсэг нь цус болчихсон байдалтай байсан. Би нөхөр М.Г-оос юу болсон талаар асуухад мэдэхгүй байна гэж хэлж байсан. Цагдаа нар манай гэрт үзлэг хийх явцад би хамт байлцсан. Манай гэрийн баруун урд талд байх угаалтуурын доод хэсгээс цус болчихсон цагаан өнгийн төмөр иштэй хутга хураан авсан. Уг хутга нь манай гэрийн хутга мөн байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Х-ын “...М.Г- нь надад П.Ц-тай хамт архи ууж байгаад тасарчихсан, нэг мэдэхэд Ц-ыг хутгалчихсан байна гэж хэлж байсан. Мөн 0 багийн Хуучин хорооны хүн болгон л Ц-ыг Г- хутгалсан гэж ярилцаж байсан. Хэзээ хутгалсан талаар сайн мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1056 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт,

хохирогч П-ийн Ц-ын өвчний түүхийн хуулбар,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд,

хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Г-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Шүүгдэгч М.Г- нь хохирогч П.Ц-ын хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

 

 Шүүгдэгч М.Г-ын гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч П.Ц- нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн бөгөөд хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч 500,000 төгрөгийг хохирогчид өгсөн гэх тул шүүгдэгч М.Г-ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч П.Ц- нь эмчилгээ хийлгэж байгаа гэх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Г-од 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: “...Шүүгдэгч М.Г-ыг энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх боломжтой гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, биеийн байдал муу эмчийн хяналтад байдаг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч М.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

   шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал бол нас, сүрьеэ өвчнөөр 80 хувийн группэд байдаг, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар 3 жил 6  сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон 3 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн будагтай металл иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг дурдаж шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х- овогт М-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч М-гийн Г-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-од оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон 3 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч М.Г- нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч П.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.Г-оос  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн будагтай металл иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРМАНДАХ

 

                                             ШҮҮГЧИД                            Г.ЭНХТУНГАЛАГ

                                                                         

                                                                                          Д.ОРХОНТАМИР