Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

 

 

 

2024      03         06                                          2024/ШЦТ/103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Ж.Батбаатар,

шинжээч Э.Батбаяр,

Насанд хүрээгүй хохирогч Б.Э-, түүний хууль ёсны  төлөөлөгч У.У-,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш- овогт Б-ийн Э-д холбогдох эрүүгийн 2425000000055 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр У аймгийн М суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш- овогт Б-ийн Э- /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Жүр үр” сүлжээ дэлгүүрийн урд талын асфальтан хучилттай авто замаар иргэн Б.М-ийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч Б.Э-г мөргөж эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Э- шүүх хуралдаанд.: “...Би тухайн өдөр машин бариад 100 айл руу явах гээд Жүр үр ХХК-ийн урд явж байсан чинь замын хажууд энэ хүүхэд утсаараа оролдоод зогсож байсан. Тэгээд би энэ хүүхдийг гарахгүй юм байна  гэж  бодоод өнгөрөөд явж байтал шууд алхаад ороод ирсэн. Тухайн үед тоормос гишгэсэн ч гэсэн гулгаж очоод хүүхдийг мөргөсөн. Тэгээд би тэр хүүхдийг яаж байгаа  юм бэ чи, машин хардаггүй юм уу гэж загнаад машиндаа суулгаад эмнэлэг рүү аваачиж үзүүлсэн. Эмнэлэг дээр очоод цагдаа дуудсан. Тухайн үед хүүхдийг хурдан эмнэлэгт үзүүлье гэж бодож байсан болохоос биш цагдаа дуудах ухаан байгаагүй...2,142,900 төгрөгийг хохиролд өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.Э- шүүх хуралдаанд: “...Намайг утсаа үзээд явсан гэх юм би уг нь утсаа үзээгүй явж байсан. Миний хамар битүүрдэггүй байсан. Осол болсноос хойш битүүрээд амьсгалахад хэцүү болдог болсон... Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У-  шүүх хуралдаанд: “...Гарны физик эмчилгээнд явуул хатингаршиж байна гэсэн. Мөн томографикийн зураг авахуул гэсэн, хамарыг нь үзээд шарх үүссэн байна гээд эм бичиж өгсөн. Хамрын таславчын мурийлттай байна гэсэн. Энэ хэргээс болж хүүгийн минь хамар битүүрдэг болсон. Одоо шархалаа үүссэн байна. Хамрын хагалгаанд орно  3,500,000 төгрөг гэсэн. Энд болохоор 18 нас хүрэхээр нь хамрын хагалгаа хийнэ гээд байгаа хотоос асуусан хамаагүй хийнэ гэсэн. Сургуульд сурдаггүй гээд хүүхэд маань яриад байна. Ирээдүй-Одод гээд бөхийн сургуульд явдаг байсан. Ослоос болж гар нь бэртэж явахаа больсон энэ хүүхэд цаашид амьдралгүй болж байна. Бөх болох хүүхэд байсан гэтэл барилдахаа болилоо. Гомдолтой байна. 2,142,900 төгрөг авсан... Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

 

-Шинжээч Э.Батбаяр шүүх хуралдаанд: “...Хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөнгөн гэмтэлд орно. Хамрын таславчийн муруйлт нь ахуйн хүрээнд, буруу хэвшилээс ч үүсдэг гэмтэл.  Хүүхдийг үзэхэд тухайн үед хамар нүүр нь хавдаж гэмтсэн зүйлгүй, шалбархаа байхгүй байсан учраас хамрын таславчийн муруйлт гэмтэлгүй гэж үзсэн. Тухайн зургийг хараад шинэ, хуучин гэмтэл гэж ялгах боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагаанд:  “...Тухайн өдөр би Ирээдүйн одод сургууль дээр бэлтгэлдээ орчихоод Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Жүр үрийн эсрэг талын замын гарцан дээр зам хөндлөн гарах гээд зогсож байгаад, машин харагдахгүй болохоор нь гарцаар гарах гээд 2 алхтал саарал өнгийн приус-20 маркийн автомашин намайг шууд ирээд л мөргөчихсөн. Тухайн үед цас орчихсон халтиргаа гулгаа ихтэй байсан. Тэгээд би шууд тухайн приусны урд салхины шилэн дээр шидэгдээд жолооч талын толийг цохиод газар зам дээр унасан. Би босоод нилээн шоконд ороод байж байтал намайг мөргөсөн гэх приусны жолооч эгч машинаасаа бууж ирээд намайг загнаад орилоод байсан. Тухайн үед миний зүүн гар хөдөлгөж болохгүй байсан учир жолооч эгч намайг аваад шууд эмнэлэг орж яаралтай тусламжийн эмчид үзүүлсэн. Тэгсэн чинь миний зүүн гарын атгамал чөмөг нь хугарсан байна шууд эмнэлэгт хэвт гэсэн. Тэгээд маргааш нь хагалгаанд орсон... одоогоор миний гар гулшиж өвдөнө. Байнга өвчин намдаах эм ууж байгаа. Мөн миний хамар битүүрээд шөнө унтаж чадахгүй маш хэцүү байна. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Намайг машинаар мөргөсөн эгч намайг эргэж тойроогүй учир маш их гомдолтой байна. Би одоогийн эмчилгээндээ болон цаашид Улаанбаатар хот явж эмчлүүлэх хэрэгтэй байгаа учир 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Уг нь эмчилгээний зардал, замын зардал нийлээд 1 сая төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,

 

-Гэрч Б.М-э мөрдөн шалгах ажиллагаанд: “...00-00 ХХХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин. Манай ах Б.М- нь надаас 2023 оны 09 дүгээр сард 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Надаас машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Гэрч Б.Мөнхтамир мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би найз Б.Э-аар машинаа бариулаад 100-н айл орох гээд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Жүр үрийн эсрэг талын замаар явж байтал гарцан дээр нэг хүүхэд утсаа оролдоод цаашаа хараад зогсож байсан, тэгээд тухайн үед бид хоёр энэ хүүхэд зам хөндлөн гарахгүй юм байна гэж бодоод хажуугаар нь өнгөрөх гэж байтал нөгөө хүүхэд шууд баруун гар талаас гэнэт орж ирээд Б.Э- шууд тоормозлосон, тухайн үед халтиргаа ихтэй байсан учир машин зогсохгүй шууд хүүхдийг мөргөөд машины урд талын салхины шилэн дээр шидэгдээд газар унасан. Тэгээд Б.Э- бид хоёр айж сандраад хүүхдийг аваад шууд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7х, 9-11х/,

 

-Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “...Б.Э- /РД:/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд,

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх

16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

-Насанд хүрээгүй хохирогч Б.Э- /РД:/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудаас зөрчсөн заалт байхгүй болно...” гэсэн магадалгаа /хх-ийн 24-26х/,

 

-Автотээврийн үндэсний төвийн Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай: “...уг тээврийн хэрэгслийн тоормосны систем /хөл, гар тоормос/ шил арчигч, гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл дохио, дуут дохио нь үзлэг хийх үед ажиллаж байсан нь стандарт шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32- 37х/,

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаартай:

1. Д.Э-гийн биед зүүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-49х/,

 

- Яллагдагч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “...2023 оны 12 сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах аюулгүйн тойрог өнгөрөөд чигээрээ буюу 100-н айл орох гээд явж байтал Жүр үрийн эсрэг талын зам дагуу нэг хүүхэд зам дээр утсаа оролдоод зогсож байсан тэгэхээр нь би зам хөндлөн гарахгүй юм байх гэж бодоод хажуугаар нь өнгөрөх гэтэл шууд зам руу буюу баруун гар талаас төв зам хөндлөн гарах гээд ороод ирсэн тэгээд би шууд машинаа зогсоох гэтэл тухайн үед цастай гулгаа ихтэй байсан учир машин тоормозлоод ч зогсоогүй. Тэгээд шууд машины баруун талын салхины шил мөргөөд толийг нь цохиод машины урд буюу зам дээр унасан. Тэгээд би шууд айж сандраад хүүхдийг аваад эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд дараа нь би өөрөө утсаар цагдаагийн 7035102 дугаарт утсаар залгаж хүүхэд мөргөсөн талаар дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн өдөр би М- гэх найзынхаа хамт явж байсан. Дээрх тээврийн хэрэгсэл нь манай М-ийн эзэмшлийн машин юм... Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би цаашид гарах зардлыг бүрэн төлнө. Шууд бөөнөөр төлж чадахгүй. Учир нь би өрх толгойлсон эх хүн. Гэртээ байнгын асаргаанд байдаг нэг хүүхдээ хардаг учраас ажил хийх боломжгүй байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72х/,

 

- Шүүгдэгч Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн орчимд ‘Жүр үр” сүлжээ дэлгүүрийн урд талын асфальтан хучилттай авто замаар 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч Б.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Жүр үр” сүлжээ дэлгүүрийн урд талын асфальтан хучилттай авто замаар иргэн Б.М-ийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч Б.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  насанд хүрээгүй хохирогч Б.Э-н “...Тухайн өдөр би Ирээдүйн-Одод сургууль дээр бэлтгэлдээ орчихоод яваад Орхон аймаг Баян-өндөр сум Уурхайчин багт байрлах Жүр үрийн эсрэг талын замын гарцан дээр зам хөндлөн гарах гээд зогсож байгаад, машин харагдахгүй болохоор нь гарцаар гарах гээд 2 алхтал саарал өнгийн приус-20 маркийн автомашин намайг шууд ирээд л мөргөчихсөн. Тухайн үед цас орчихсон халтиргаа гулгаа ихтэй байсан. Тэгээд би шууд тухайн приусны урд салхины шилэн дээр шидэгдээд жолооч талын толийг цохиод газар зам дээр унасан. Би босоод нэлээн шоконд ороод байж байтал намайг мөргөсөн гэх приусны жолооч эгч машинаасаа бууж ирээд намайг загнаад орилоод байсан. Тухайн үед миний зүүн гар хөдөлгөж болохгүй байсан учир жолооч эгч намайг аваад шууд эмнэлэг орж яаралтай тусламжийн эмчид үзүүлсэн. Тэгсэн чинь миний зүүн гарын атгамал чөмөг нь хугарсан байна шууд эмнэлэгт хэвт гэсэн. Тэгээд маргааш нь хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.М-н “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би найз Б.Э-аар машинаа бариулаад 100-н айл орох гээд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Жүр үрийн эсрэг талын замаар явж байтал гарцан дээр нэг хүүхэд утсаа оролдоод цаашаа хараад зогсож байсан, тэгээд тухайн үед бид хоёр энэ хүүхэд зам хөндлөн гарахгүй юм байна гэж бодоод хажуугаар нь өнгөрөх гэж байтал нөгөө хүүхэд шууд баруун гар талаас гэнэт орж ирээд Б.Э- шууд тоормозлосон, тухайн үед халтиргаа ихтэй байсан учир машин зогсохгүй шууд хүүхдийг мөргөөд машины урд талын салхины шилэн дээр шидэгдээд газар унасан. Тэгээд Б.Э- бид хоёр айж сандраад хүүхдийг аваад шууд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн магадалгаа,

Автотээврийн үндэсний төвийн Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.  

 

   Хохирогч Б.Э-н биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Э-ын буруутай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Э-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Б.Э-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэх бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө 522,813 төгрөгний хохирлын баримтуудыг гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.Э- нь хохирогчийн эмчилгээнд 2,142,900 төгрөгийг өгсөн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч авсан гэх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У- “...эмч физик эмчилгээнд явуул, томографикийн зураг авахуул гэсэн, хамрын таславчын муруйлттай хамрын хагалгаанд орно 3,500,000 төгрөг болно гэсэн...” гэх боловч шүүх хуралдаанд хохиролд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй, хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй энэ талаар нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргаж өгөөгүй учраас шүүх шийдвэрлэх боломжгүй. Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч: “...гомдолтой байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

  Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан бөгөөд 2023 оны 12 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Иймд шүүгдэгч Б.Э-д 2023 оны 12 сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

    Шүүгдэгч Б.Э-д 2023 оны 12 сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

    Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Э- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ш- овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Э-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогч Б.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч У.У- нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Э-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ