Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0027/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
            Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,
            Иргэдийн төлөөлөгч: Б.Халиунаа,
            Улсын яллагч: О.Баасанхүү,
       Хохирогч: Б.Отгонбаяр, О.Ууганбаяр, Ж.Цэрмаа,
       Хохирогчийн өмгөөлөгч: Р.Булган,
       Гэрч: Н.Ариунболд, Б.Наранбаяр,
       Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Даваахүү,
       Шүүгдэгч: Б.Цэлмэг нарыг оролцуулан
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цэлмэгт холбогдох 201623000204 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Дархан уул аймгийн Дархан суманд 1978 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил Зайсан гудамж 56 дугаар байрны 24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй Болдбаатар овогтой Болдбаатарын Цэлмэг /РД: УС78082426/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Цэлмэг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “тоёота хайландер” маркийн 03-02 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчин, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 10.6 дахь заалтыг зөрчсөний улмаас, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ууганбаярын жолоодож явсан “тоёота приус” маркийн 36-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Ч.Оюунцэцэг, насанд хүрээгүй хохирогч У.Мөнх-Очир нарын амь насыг хохироосон, хохирогч О.Ууганбаяр, Ж.Цэрмаа нарын биед хүнд гэмтэл, насанд хүрээгүй У.Мөнх-Идэр, иргэний нэхэмжлэгч Э.Ганбаяр нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Цэлмэг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “тоёота хайландер” маркийн 03-02 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 10.6 дахь заалтыг зөрчсөний улмаас, хохирогч О.Ууганбаярын жолоодож явсан “тоёота приус” маркийн 36-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, хохирогч Ч.Оюунцэцэг, насанд хүрээгүй хохирогч У.Мөнх-Очир нарын амь насыг хохироож, хохирогч О.Ууганбаяр, Ж.Цэрмаа нарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.         
Хохирогч О.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Хэрлэнгийн гүүрнээс ертөнцийн зүгээр 30 км зайд Замчдын овоо гэдэг нэртэй газар 36-39 УБӨ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус 20 маркийн автомашинтай эхнэр, ээж, 2 хүүгийн хамт явж байхад өөдөөс саарал өнгийн том жийп машин ирж мөргөсөн. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баян-Адарга сум руу хувийн ажлаар явж байсан. Ээж Оюунцэцэг жолоочийн ар талд, өвөр дээр нь бага хүү Мөнх-Очирыг суулгаад унтуулж явсан. Жолоочийн суудал дээр Ууганбаяр би, жолоочийн хажуу талд эхнэр Цэрмаа, арын суудалд хүү Мөнх-Идэр сууж явсан. Ойролцоогоор 80 км цагийн хурдтай явсан, согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэр машин яг миний өөдөөс чигээрээ урсгал сөрж байсан. Би өөрийн автомашины тоормозыг гишгэсэн, сигнал дарсан. Ээж, бага хүү хоёроо алдсан. Эхнэр Цэрмаагийн элэг няцарсан, баруун хөлний түнх мултарсан, их цус алдсан. Миний баруун хөлийн дунд чөмөг 2 хэсэгт хугарсан, баруун гарын шууны яс няцралтай, хугаралтай, зүүн хөл тавхайн хэсэг шархтай, шагайн орчимд оёдолтой, баруун талын 10,11 дүгээр хавирга толгойн үеэр хугарсан, нурууны 2,3 дугаар сэртэн хугаралтай. Маш их гомдолтой байна. Хүү Мөнх-Идэрийг толгойн томограф болон бусад яаралтай шинжилгээнд оруулсан. Биеийн байдал нь тухайн үед бусдаасаа харьцангуй гайгүй байсан. Одоо хичээлдээ явж байгаа боловч сэтгэл санаа нь цочролд орсон байдалтай байна. Талийгаач ээж Ч.Оюунцэцэг болон миний хүү Мөнх-Очирын ажил явдлыг нэг өдөр хийсэн. Баримтыг хэрэгт хавсаргасан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцан, хүлээн зөвшөөрч байна. Химийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, энэ дүгнэлтэнд гомдолтой байна. Багануурын эмнэлэг дээр ирэхэд миний ухаан орж гараад, маш их өвдөлттэй байсан. Хэзээ хэн миний биенээс цус авсныг мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг     /1 дүгээр хавтас 166- 169, 2 дугаар хавтас 77-р хуудас/,
Хохирогч О.Ууганбаярын шүүхийн хэрэлцүүлэгт мэдүүлсэнээр: Ээж маань, гэр бүлийнхэнтэйгээ амралтаараа нутгаараа очъё гэж 2-3 жил ярьдаг байсан юм. Тэгээд өнгөрдөг зун олон хоногийн амралт таарч байна 2 хүүхдээ ч гэсэн хамаатан садантайгаа танилцуулъя гээд нутгаараа очоод ирье гэж яриад өмнөх өдөр нь идэж уух юм цуглуулаад аавынд ирж бүгдээрээ хоносон. Өглөө нь эрт Улаанбаатараас гараад явсан. Замдаа таарсан овоо тахилга бүгдээр нь бууж мөргөж явсан. Яарах юмгүй юм чинь гээд тайван бүгд инээж хөхрөөд явж байсан. Тэгтэл нэг машин урсгал сөрөөд өөдөөс гараад ирсэн. Тэгэхээр нь би буцаад эгнээрүүгээ орох байх гэж бодсон. Тэр өдөр тийм олон машин байгаагүй. Зөрж өнгөрсөн машин ховор байсан. Шүүгдэгч машин гүйцэж түрүүлэх гэсэн гэж ярьж байна. Тийм ойрхон машин байгаагүй. Надаас нилээд хол нэг машин зөрж өнгөрсөн. 5 минутын дараа чимээ гарсан гэж байна. Тэрнээс удсан байх. Тэр зөрсөн машин эргэж ирсэн байсан. Шүүгдэгч бидэнд ямар ч тусламж үзүүлээгүй. Машинаасаа шүхэр гаргаж өгсөн гэж байгаа нь худлаа.  Тэр өдөр их халуун байсан гадаа 40 хэм хүртэл халж байсан байх. Манай том хүү газар хэвтэж байгаа дүүгийнхээ дээр шүхэр бариад сүүдэрлээд зогсож байсан. Машинаасаа хүнээр авахуулсан байсан. Тэр халуун наранд бид нар 2-3 цаг гадаа хэвтсэн байх. Шүүгдэгч хүүхдээ тэврээд холуур гүйгээд байсан. Гомдол саналын хувьд дараа нь намайг архи уусан байсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байсан. Би тэрэнд маш их гомдсон. Би тийм дүгнэлтийг шүүгдэгчийг гаргуулсан байх гэж бодсон. Тэгээд маш их гомдож байсан. Шүүгдэгч нь надаас болон манай гэр бүлээс уучлал гуйгаагүй, уучлал гуйх тэнхээ байсан байх. Би машинаа нэхэмжилсэн. Машины маань үнэ 11.289.000   хүүгийн оршуулгын зардал, миний эмчилгээний зардал гээд нийт зардал маань 19.900.000 төгрөг болсон. Шүүгдэгч нь 11 сарын 04-ний өдрөөс хойш манай эхнэрийн данс руу цувуулж хохирол барагдуулах мөнгө хийсэн. Уг мөнгө нь нийтдээ 11.600.000 төгрөг болсон. Мөн сэтгэл санааны хохирол гэж би 100.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилнэ.
Хохирогч Ж.Цэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баян-Адарга суманд очиж амрахаар нөхөр Ууганбаяр, том хүү Мөнх-Идэр, бага хүү Мөнх-Очир, ээж Оюунцэцэг нарын хамт явж байгаад Хэрлэнгийн гүүрнээс ертөнцийн зүгээр зүүн тийш 30 км зайд “Замчдын овоо” гэх газарт явж байхад өөдөөс саарал өнгийн жийп машин урсгал сөрж, хурдтай орж ирээд мөргөсөн. Манай нөхөр Ууганбаяр жолоо бариад, би хажууд нь сууж явсан. Жолоочийн арын суудалд ээж бага хүүг суулгаад унтуулж байсан. Хажууд нь Мөнх-Идэр хүү маань сууж явсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй. Ээж хүү хоёроо алдсан, маш их гомдолтой байна. 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдөр нөхөр Ууганбаяр, ээж Оюунцэцэг нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хадам ээж, бага хүү Мөнх-Очир нарын амь насыг хохироосонд маш их гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн1- 163, 2-78 хуудас/
Хохирогч Ж.Цэрмаагийн шүүхийн хэрэлцүүлэгт мэдүүлсэнээр: 2017 оны 07 сарын 20-ны өдөр би гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явж байгаад Цэнхэрмандал сумын нутаг Замчдын овооны тэнд явж байхад өөдөөс гэнэт урсгал сөрөөд жийп машин гараад ирсэн.  Тэр үед манай нөхөр тормоз гишгээд, сигналдсан боловч чигээрээ давхиж ирээд мөргөсөн. Тэгээд тэнд бид нар маш хүнд байдалтай байхад энэ Цэлмэг нь хүүхдээ тэврээд гүйгээд байсан. Уулан дээр гарч утсаар ярихдаа түргэн тусламж дуудаагүй. Зөвхөн өөрийнхөө гэр бүлийнхэнтэй ярьсан байсан. Энэ ослоос болж миний бага хүү Мөнх-Очир хадам ээж Оюунцэцэг нар нь нас барж, нөхөр бид хоёр хүнд гэмтсэн. Би элэг задарч, шулуун гэдэс гэмтэлтэй, баруун хөлний түнх мултралтай гэж гэмтэл тогтоогдсон. Дотуур цус алдалт маш ихтэй цусныхаа 3/1 алдсан. Манай нөхөр түнх мултралтай, баруун хөлний дунд чөмөр гэмтсэн, нурууны яснууд гэмтэлтэй, том хүү маань тархины доргилттой гэсэн дүгнэлт гарсан. Биднийг ийм их хэмжээний гарз хохирол үзсэн байхад. Манай нөхөр болон хадам ээжийг согтуу явсан гэж худал дүгнэлт гарсанд маш их гомдолтой байгаа. осол болсны дараа приус маркын машиныг албан бус журмын хашаанд 3 сар байлгасан. Тэр үед манай ар гэрийнхэнд эд зүйлийг маань хүлээлгэж өгөөгүйгээс болж бидний авч явсан цүнхтэй хувцас ялзарч өмсөх аргагүй болсон байсан. Цэлмэгээс эмчилгээний зардал мөн сэтгэл санааны хохирол, 3 сар ажиллаагүй учраас ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны зардалд 50.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, хувцас, эд зүйлийн үнэ болох  5.027.558 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бид хоёр тодорхой бус хугацааны дараа хагалгаанд орох шаардлагатай гэсэн мөн цаашид үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх тул Цэлмэгээс цаашид гарах эмчилгээний зардал, хагалгааны төлбөрийг нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна гэв.
Хохирогч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 21-ний шөнийн 04 цагийн үед ослын талаар Батхуяг гэх хүнээс сонссон. Батхуяг хэлэхдээ “03-02 УНО улсын дугаартай автомашин танай хүүгийн машины өөдөөс урсгал сөрөөд өндөр хурдтай ирж, жолоочийн талаар мөргөлдөж, замын хажуугийн жалга руу 03-02 УНО дугаартай автомашин унасан байсан. Батхуяг гэх хүн манай эхнэрийг, цагдаагийн дэд хурандаагийн гуйснаар өөрийн автомашинаар Багануур дүүрэг дэх эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн. Манай гэр бүлийн хүн, талийгаач Ч.Оюунцэцэг, том хүү Ууганбаяр, бэр Цэрмаа, ач хүү 08 настай Мөнх-Идэр, 02 настай Мөнх-Очир нар 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амралтаараа амрахаар явж байсан. 2016 оны 7 дугаар сарын 21 ний өдөр 15 цаг 30 минутын орчим талийгаач Багануур дүүргийн эмнэлэгт ирээд удалгүй нас барсан, тус эмнэлгийн эмч нар талийгаачийг Багануур дүүргийн эмнэлэгт моорогт үлдээгээд бусад гэмтэл авсан, хүү Ууганбаяр, бэр Цэрмаа, ач хүү Мөнх-Идэр, Мөнх-Очир нарыг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжид хүргэж өгсөн. Цэлмэг тухайн осол болдог өдөр замын урсгал сөрж, 100 метр орчим яваад миний хүүгийн машинтай мөргөлдсөн байна. Ууганбаяр, Цэрмаа нарын биеийн байдал хүнд баина. Цэлмэг нь ажил явдалд 10.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1- 54 хуудас/,
Хохирогч Б.Отгонбаярын шүүхийн хэрэлцүүлэгт мэдүүлсэнээр: 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр миний хууль ёсны эхнэр Оюунцэцэг, төрсөн хүү Ууганбаяр, бэр Цэрмаа, хоёр ач Мөнх-Идэр, Мөнх-Очир нарын хамт  Хэнтий аймгийн Баян-Адрага суманд байдаг. Талийгаач Оюунцэцэгийн дүү нар дээр очиж хэд хоног амарна гээд явсан. Тухайн үед би араас нь очино гээд үлдсэн байсан. Өдөр 1 цагийн үед хаана яваа юм бол гээд залгаж үзэхэд утас нь холбогдохгүй байсан. Ингээд 16 цагийн орчимд над руу Батхуяг гэдэг хүн залгаж хэргийн талаар товч мэдээллийг өгсөн. Араас нь Багануурын эмнэлэгээс ярьж байна гээд нэг сувилагч над руу ярьсан. Бид нар Багануур руу хөдлөх гэж байхад яриад бид нар Улаанбаатар руу гэмтэл рүү явах гэж байна. Та ирээд яахав бид нарыг тосно биз дээ гэсэн утгатай зүйл ярьсан. Бид нар хотод тосож авсан. Тухайн үед би шоконд орсон байсан. Хохирогчдыг гэмтэл согогын зохих тасгуудад нь хэвтүүлчихээд манайхан ослын газарт очихоор шөнө Багануур руу явсан. Бид нар хэргийн газарт очих гэж байгаа талаараа бидэнтэй анх холбоо барьсан Батхуяг гэдэг хүнтэй холбоо барьж хэргийн газрыг заалгасан. Гомдол саналын хувьд би талийгаач Оюунцэцэгийн ажил явдалд 10 гаруй сая төгрөг зарцуулсан. Тухайн үед Цэлмэгийн ээж надтай тааралдаад дараа нь миний утсаар холбогдож оршуулгын зардалд чинь нэмэр болъё тусалъя гэж утсаар ярьсан.  Би зөвшөөрсөн ингээд миний дансанд оршуулгын өмнө 10.850.000 төгрөгийг хийсэн. Оршуулгын зардлын үлдэгдэл болон миний нааш цаашаа явсан зардлууд нийлээд бодит зардал маань 3.347.800 төгрөг болсон. Мөн энэ хэргийн хувьд маш хүнд сорилтуудтай тулгарч байсан. Ингээд сэтгэл санааны хохирол Цэлмэгээс 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч А.Анужингийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдрийн 14 цагийн үед Багануур дүүрэг явах гээд Хэнтий аймаг Жаргалтхаан сумын Петровис шатахуун түгээх станцаас 03-02 УНО улсын дугаартай тоёота хайландер маркийн автомашин бензин авах гээд зогссон, би жолооч эгчид “Найзтайгаа цуг таны машинд дайгдаад Багануурт бууя” гэхэд суучих гэсэн. Машинд 2 орчим насны хүүхэд жолоочийн арын суудалд хүүхдийн зориулалтын суудалд сууж явсан. Би тэр хүүхдийн зүүн гар талд, миний зүүн гар талд найз Ганбаяр сууж явсан. Цэнхэрмандал сум өнгөрөөд замын бага зэрэг өгсүүр, эргэлттэй хэсэг дээр манай машины жолооч урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь ортол өөдөөс приус маркийн автомашин гарч ирээд мөргөлдсөн. Бидний сууж явсан машин 2 удаа өнхөрөөд, 4 дугуй нь дээшээ харсан байдалтай зогссон. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг /1-59 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдрийн 14 цагийн үед найз охин Анужингийн хамт 03-02 УНО улсын дугаартай тоёота хайландер маркийн автомашинд суусан. Цэнхэрмандал сум өнгөрөөд миний сууж явсан машин урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд замын эсрэг талын урсгал руу ороход өөдөөс приус маркийн автомашин ирээд мөргөлдсөн. Анужин гарч чадахгүй байсан, би машины цонхоор өргөж гаргасан, Газар хэвтүүлэхэд Анужин ухаан алдсан. Приус 20 машин зам дээр хөндлөн зогссон байсан, машин дотор 5 хүн байсан. 2 хүүхэд, 3 том хүн байсан. Тэр хүмүүсийн биеийн байдал маш муу байсан. Замын машин зогсоогоод Багануур дүүргийн эмнэлэг рүү явуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1- 60-р хуудас/
Гэрч Х.Мандахын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдөр 13 цагийн орчим Цэнхэрмандал сум өнгөрөөд явж байтал өгсүүр тойрог замд манай машинтай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 20 маркийн машин зөрсөн. 5 секунд орчим хугацаа өнгөрсөн байх, түс гээд хүчтэй чимээ гарсан. Толиндоо харахад 2 машин мөргөлдсөн байсан. Автомашинаа замын зорчих хэсгээс баруун гар тийш шороон зам руу шахаж зогсоосон. Би айгаад ойртож очоогүй. Нөхөр очоод приус маркийн автомашины хаалгыг онгойлгох гээд дийлээгүй. Тухайн үед приус маркийн автомашинд эхнэр нөхөр 2, ээжтэйгээ, 8-9 орчим насны эрэгтэй хүүхэд, бас 2 орчим насны хүүхэд харагдсан. Тухайн үед 2 машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байх шиг байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-67 хуудас/,
Гэрч Д.Сайннямбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдөр 10 цагийн орчим Дэлгэрхаан сумын Аварга тосонгийн рашаан сувиллын газраас машинтайгаа Улаанбаатар хот руу хөдөлсөн. 13 цагийн орчимд Цэнхэрмандал сумын нутагт асфальтан замаар чигээрээ явж байтал миний өөдөөс Хэнтий аймаг чиг рүү приус 20 маркийн автомашин зөрж өнгөрөөд, түс хийх чимээ гарахаар нь автомашинаа замаас чөлөөлөөд буусан. Приус маркийн автомашин нь замын зорчих хэсгийн Улаанбаатар хот тал руугаа ташуу, толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байдалтай, тоёота хайландер маркийн автомашины ихэнх бие нь замын зорчих хэсгээс гарчихсан дээшээ харсан байдалтай онхолдсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-69 хуудас/,
2016 оны 8 дугаар сарын 17 ны өдрийн 11174 дугаартай шинжээчийн дүгнэлт: 31 настай, эрэгтэй Отгонбаяр овогтой Ууганбаярын биед тархи доргилт, баруун богтос, баруун дунд чөмөгний далд хугарал, бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн баруун 10,11 дүгээр хавирганы далд хугарал, элэг уушигны няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун тавхайн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Н.Энхцолмон.
2016 оны 8 дугаар сарын 17 ны өдрийн 11175 дугаартай шинжээчийн дүгнэлт: Жамбалдорж овогтой Цэрмаагийн биед элэгний цагаан холбоосны язрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 1800 мл, ацетабулын сэлтэрсэн хугарал, баруун дунд чөмөгний толгойн кортикал давхаргын хуулрал, баруун түнхний үений мултрал, баруун шууны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ШҮҮХ эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-д зааснаар учрах үедээ амь
Насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгг хамаарна. Шинжээч эмч Н Энхцолмон /хх-ийн 1-155 хуудас/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 09шэ/018-д: Талийгаач Ч.Оюунцэцэгийн нас барсан шалтгаан бусад асуудлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийв. Онош: Авто осол. Гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, хүзүүний С-5 нугалам хугарал, баруун болон зүүн дунд чөмөгний далд хугарал. Тархи, уушигны хаван, тархи дарагдал. Зүүн 2-7 дугаар хавирга суганы дунд шугамаар хугарсан, баруун 1-7 дугаар хавирга суганы арын шугамаар шууд хугарсан, гялтанд цус хуралт. Баруун уушигны уг урагдал, цээжний хөндийд 1 литр цус хуралт, доод уруул баруун гарын бугалга, зүүн шилбэнд цус хуралтуудтай.
Дүгнэлт: Ч.Оюунцэцэгийн суурь яс, хүзүүний С-5 нугалам хугарал, баруун болон зүүн дунд чөмөгний далд хугарал. Баруун уушигны уг урагдал, цээжний хөндийд цус хуралт, доод уруул баруун гарын бугалга, баруун өвдгөнд шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүилиин үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Талийгаач нь авто ослын улмаас учирсан хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Шинжээч эмч Ө.Шаарийбуу. /хх-ийн 2-122 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1367 дугаартай шинжээчийн дүгнэлт: Хэвлийн битүү гэмтэл, дэлүү баруун бөөрний урагдал задрал, дэлүү баруун бөөр авах мэс заслын дараах байдал, хэвлиин хөндий, гялтангийн арын зайн цусан хураа, нойр булчирхайн няцрал, сэмж чацархаид цус хуралт. Бөөрний хурц дутагдал, цуллаг эрхтнүүдиин хурц цус багадалт, цус эргэлтийн хямрал, баруун 3,4 дүгээр хавирганы хугарал. Дүгнэлт: талийгаач хэвлийн битүү гэмтлийн улмаас эрхтнүүдийн хурц цус багадалт, цус эргэлтийн хямралын улмаас нас баржээ. Эмч шинжээч Г.Ханхүү. /хх-ийн 2-123 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6032 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Тоёота хайландер” маркийн 03-02 УНО улсын дугаартай улсын дугаартай автомашины урд талын гэрлүүд салж байхгүй болсон, урд бамбайн баруун булан хагарч тасарч байхгүй болсон, баруун урд талын далбаа байхгүй болж, баруун урд талын шанаа урдаас хойшоо чиглэлтэй чихэгдэж гулзайсан, радиатор баруун хэсгээрээ дотогшоо зурагдаж хонхойж гажсан, капот баруун булан хэсгээрээ дотогшоо нугарч, хонхойж зурагдсан, баруун талын лонжерон дотогшоо нугарч гулзайсан зэрэг гэмтлүүд нь автомашин баруун урд хэсгээрээ хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед баруун урд хаалга урд хэсгээрээ нугарч, хонхойж, хаалганд үүссэн сэв гажилтын нөлөөгөөр цонхны шил хагарч хаалга гажиж ангайсан.
Баруун урд талын багана урдаас хойшоо чиглэлтэй нугарч, урд салхины шил баруун хэсгээрээ цуурч, бутарч хагарсан зэрэг гэмтлүүд дамжиж үүссэн байх үндэслэлтэй. Автомашины зүүн урд хаалга хонхойж, зүүн урд зүүн хойд хаалгыг дамжиж харилцан адилгүй чиглэлд зурагдсан гэмтлүүд нь харилцан чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн гэмтэл гэж үзэх үндэслэлтэй...
Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота хайландер” маркийн 03-02 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд бамбай хагарч, баруун хэсэг тасарч байхгүй болсон, урд нүүр хагарсан, баруун зүүн талын гэрэл байхгүй, капот баруун хэсгээрээ дотогшоо зурагдаж хонхойсон, баруун урд талын далбаа байхгүй, баруун урд талын шанаа урдаас хойшоо чиглэлтэй чихэгдсэн, дээд хөндөл төмөр дотогшоо гулзайсан. Баруун урд хаалга урдаас хойш чиглэлтэй зурагдаж хонхойж гажсан, баруун хойд хаалга ангайж гажсан, Баруун талын багана дотогшоо нугарч, цонхны шил баруун хэсгээрээ цуурч, бутарч хагарсан. Баруун талын суудал гажсан, баруун зүүн талын хажуугийн аюулгүйн дэр задарч гарсан...Баруун урд талын обуд хаймар дугуй хагарсан. Баруун талын жолооны хөндлөн татуурга гулзайсан, баруун талын босоо тэнцүүлэгч гулзайсан, тэвшний баруун тал нугарсан, баруун талын тоормозны шингэн дамжуулах гуурсны битүүмж алдагдсан зэрэг гэмтлүүдтэй байна. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн тул осол гарахад нөлөөлөхгүй. Тоормозны шингэн дамжуулгатай, АВЗ системтэй. Шинжээч С.Мөнхдалай. /хх-ийн 2-140 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6031 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Тоёота приус” маркийн 36-39 УБӨ улсын дугаартай улсын дугаартай автомашины урд бамбай хэлбэр дүрсээ алдаж хагарсан, баруун урд талын гэрэл байхгүй, гэрлийн дээд хөндлөвч гулзайсан, баруун урд талын далбаа, баруун урд хаалга, хаалганы жааз, баруун урд талын нарийн багана урдаас хойшоо чиглэлтэй шахагдаж гулзайсан. Баруун хойд хаалга хонхойж, хаалга ангайж гажсан. Автомашины урд салхины шил цуурч хагарсан, капотны баруун тал дотогшоо нугарч чихэгдсэн, баруун талын лонжерон урдаас хойшоо чиглэлтэй гадагшаа гулзайсан, доод шал баруун хэсгээрээ хунирч, яндан холбогч хэсгээрээ салж, хөдөлгүүр баруун хэсгээрээ хазайж гажсан, баруун урд талын амортизатор уг хэсгээрээ гулзайсан, дээвэр баруун хэсгээрээ хонхойсон зэрэг гэмтлүүд нь автомашин баруун хэсгээрээ урдаас хойш ташуу чиглэлтэй хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн гэмтэл гэж үзэх үндэслэлтэй.
Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “тоёота приус” 20 маркийн 36-39 УБӨ улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгсэл их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна
Автомашины урд бамбай хагарч хэлбэр дүрсээ алдсан, баруун урд дугуй хагарсан, обод хэлбэрээ алдаж хагарсан, капот баруун хэсгээрээ чихэгдэж хэлбэр дүрсээ алдсан, урд салхины шил хагарсан, баруун урд талын нарийн багана дотогшоо гулзайсан, баруун урд далбаа, баруун урд хаалга чихэгдэж хэлбэр дүрсээ алдсан. Баруун урд хаалганы цонхны шил хагарсан, баруун хойд хаалга хонхойж хаалга гажсан, дээвэр баруун хэсгээрээ хонхойж гажсан, радиатор баруун хэсгээр шахагдаж битүүмж алдсан, дотор салон хагарсан. Аюулгүй дэр задарч гарсан, баруун урд, зүүн урд талын лонжерон гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна.
Дээрх эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн тул осол гарахад нөлөөлөхгүй. Тоормозны шингэн дамжуулгатай, АВ8 системтэй. Шинжээч С.Мөнхдалай. /хх-ийн 2-153 хуудас/,
2016 оны 11 дүгээр сарын 16 ны өдрийн 639 дугаартай шинжээчийн дүгнэлт: Тоёота хайландер маркийн 03-02 УНО улсын дугаартай автомашины жолооч Б.Цэлмэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 10.6 “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. /хх-ийн 2-179 хуудас/,
Б.Цэлмэгийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон сувилалд хүүхэдтэйгээ очоод хэд хоносноо санахгүй байна. Өөрийн эзэмшлийн 03-02 УНО улсын дугаартай тоёота хайландер маркийн автомашинтай явсан юм. Эрэгтэй эмэгтэй 2 хүнийг арын суудалд суулгаад явсан. Бага зэргийн эргэлттэй зам таарсан. Миний машины урд нэг машин явсан. Эргэлт шиг юм дээр машины руль сонин болчихсон. Тэгээд түсхийх чимээ гараад явчихсан. Түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Тухайн үед замын нөхцөл байдал гайгүй, үзэгдэх орчин зүгээр хэвийн нартай өдөр байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-91 хуудас /,
Б.Цэлмэгийг яллагдагчаар байцаасан тэмдэглэлд: Улаанбаатар хот руу чиглээд явж байгаад осол болохын өмнө уулын хаяагаар ороогоод эргэсэн. Энэ үед миний машины жолооны хүрд зүүн тал руу эсрэг урсгал руу булаахаар нь эсрэг урсгалаар хэсэг явж байтал өөдөөс өөрийн урсгалаар явж байсан саарал өнгийн суудлын машин гараад ирсэн. Би эсрэг урсгал руу орсон учраас өөдөөс ирж байгаа машинаас зайлах гээд замын хажуугийн жалга руу орох санаатай чигээрээ дараад нөгөө машинтай мөргөлдсөн. Тэгээд л миний машин эргэлдээд явсан. Үүнээс цааш санахгүй байна. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Талийгаач нарын оршуулгын зардал хохирогч нарын эмчилгээний зардалд 18 сая 100 000 төгрөгийг төлсөн. Миний хувьд осол болсонд үнэхээр их харамсаж байна. Цаашид хохирогч нарын эмчилгээний зардал бусад хохирлыг төлж барагдуулна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-198 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Цэлмэг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “тоёота хайландер” маркийн 03-02 УНО улсын дугаартай  автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 10.6 дахь заалтыг зөрчиж хохирогч О.Ууганбаярын жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Ч.Оюунцэцэг, насанд хүрээгүй хохирогч У.Мөнх-Очир нарын амь насыг хохироосон, хохирогч О.Ууганбаяр, Ж.Цэрмаа нарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэрэг байна.
Харин  Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цэлмэгийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн бөгөөд энэ хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, хоёр хүний биед хүнд гэмтэл учирсан ба хохирогч Ж.Цэрмаа эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны хохиролд нийт 55.027.558 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч О.Ууганбаяр эмчилгээний болон оршуулгын зардал, эд хөрөнгөнд учирсан хохирол, авах ёстой байсан цалин хөлс, сэтгэл санааны хохиролд нийт 119.947.910 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Б.Отгонбаяр оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 62.053.200 төгрөг тус тус нэхэмжилж байгаа боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, шалгахад хохирогч Ж.Цэрмаад эмчилгээний зардал болон авах ёстой байсан цалин хөлс нийт 4.328.702 төгрөгийн, хохирогч О.Ууганбаярт эмчилгээний болон оршуулгын зардал,  эд хөрөнгөнд учирсан хохирол, авах ёстой байсан цалин хөлс нийт 16.577.978 төгрөг буюу хохирогч Ж.Цэрмаа, О.Ууганбаяр нарт нийт 20.906.680 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.Цэлмэгээс дээрх хохиролд 11600000 төгрөгийг хохирогч Ж.Цэрмаагийн дансанд шилжүүлсэн байх тул үлдэх 9306680 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч О.Ууганбаярт олгох, мөн хохирогч Б.Отгонбаярт оршуулгын зардал нийт 12.357.700 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Цэлмэгээс дээрх хохиролд 10.850.000 төгрөгийг төлсөн талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлсэн тул үлдэх 1.507.700 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн бусад хохирол, зардлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн тогтоолоор Б.Цэлмэг, Б.Анар, Л.Оюунчимэг нарын өмчлөлийн Y-2206045109 бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил Зайсан гудамж 56 дугаар байрны 24 тоот орон сууцыг битүүмжилсэн, Тээврийн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/545 албан бичгээр шүүгдэгч Б.Цэлмэгт Монгол улсын хилээр нэвтрэх хориг тавьсан бөгөөд шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж шүүгдэгч Б.Цэлмэгийн асрамжинд байсан 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Анарыг эмэг эх Л.Оюунчимэгийнх нь асрамжинд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар шүүгдэгч Болдбаатар овогт Болдбаатарын Цэлмэгийг замын хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 /хоёр/ хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Болдбаатар овогт Болдбаатарын Цэлмэгийг замын хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчиж 2 хүний амь насыг хохироосон, 2 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар шүүгдэгч Б.Цэлмэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 06 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цэлмэгт оногдуулсан 06 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 00363664 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт Y-2206045109 бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион оргил Зайсан гудамж 56 дугаар байрны 24 тоот Б.Цэлмэг, Б.Анар, Л.Оюунчимэг нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн тогтоолыг,  шүүгдэгч Б.Цэлмэгт авсан Монгол улсын хилээр нэвтрэх хориг тавьсан Тээврийн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/545 албан бичигийг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэлмэгээс оршуулгын зардал болон бусад зардал нийт 1.507.700  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Отгонбаярт, 9.306.680 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ууганбаярт тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Ж.Цэрмаад 4.328.702 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
8. Эргүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэлмэгийн асрамжинд байсан 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Анарыг эмэг эх Л.Оюунчимэгийнх нь асрамжинд шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цэлмэгт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

        
 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Ц.МӨНХТУЛГА
                ШҮҮГЧ                Л.УЯНГА
                        ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ