Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00071

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2022/00679 дүгээр шийдвэртэй, 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00026 дугаар магадлалтай,

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй

Д.Галбадрахад холбогдох

3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Д.Галбадрахад холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2023/00679 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хариуцагч Д.Галбадрахаас 3,750,000 төгрөг гаргуулах тухай Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00026 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2022/00679 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Миний бие Н.Бямбасүрэн би Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасныг харгалзан үзэхгүй, мөн хариуцагч хөөн хэлэлцэх хугацаагаар маргаан гаргаагүй байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.

Хариуцагч талд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзсэн боловч нэхэмжлэгчийн талд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэсэн, 317 дугаар зүйлийн 317.1-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэх хуулийн заалт, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр заалт, дэлхий нийтийг хамарсан цар тахал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэхгүй зөвхөн хариуцагчид илтэд давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.04.13-ны өдрийн 001ШХТ2023/000398 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын алба нь хариуцагч Д.Галбадрахад холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шаардлагын үндэслэлээ Д.Галбадрах нь 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд төлөхөөр тохиролцож, 2012.07.02-ны өдрийн 26/26 дугаартай гэрээ байгуулан авсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй ... 2022.08.25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг, ... гэрээний 3.3 ... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан алданги 1,250,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон байна.

8. Хариуцагч Д.Галбадрах нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Миний бие бага оврын трактор аваагүй. Тухайн үед гэрээ байгуулж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар ирүүлжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2012.07.02-ны өдөр байгуулсан 26/26 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хариуцагч Д.Галбадрахаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2017.12.31-нд эхэлж 2020.12.31-ний өдөр дууссан, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх...шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээр нэхэмжлэгч талд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байгаа тул шүүх Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасныг харгалзаж үзэх шаардлагагүй юм. ... гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх адил агуулгатай дүгнэлт хийжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн мэтгэлцэхдээ энэ үндэслэлээр маргаагүй, ийм агуулга бүхий тайлбар гаргаагүй байх ба зохигчид энэ талаар мэтгэлцээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэж татгалзах эсэх нь үүрэг гүйцэтгэгчийн эрх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад мэтгэлцээгүй асуудлаар шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

12. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтэрсэн эсэх, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу хугацаа сэргээх боломжтой эсэх талаар мэтгэлцэх, баримт бүрдүүлэх шаардлага үүснэ. Энэ асуудлаар зохигч харилцан мэтгэлцээн өрнүүлж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийгдэх нь зүйтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд үндэслэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

13. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэхийг тогтоохын тулд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх учиртай. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн хэдий ч энэ дүгнэлтэд хүрэхэд шаардлагатай үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, үндэслэл тодорхойгүй байна.

Тодруулбал, хариуцагч Д.Галбадрах нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас трактор хүлээн аваагүй талаар тайлбар гаргасан байх ба анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ, ... Д.Галбадрахаас гэсэн утгаар 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн орлогын баримтад үндэслэн хариуцагч тракторыг хүлээн авсан гэж үзжээ.

Гэвч гэрээний зүйл болох бага оврын трактор нь Д.Галбадрахад хэний эзэмшлээс хэрхэн шилжиж ирсэн нь тодорхойгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан Д.Галбадрахад өөрийн өмчлөлийн тракторыг худалдсан, эсхүл худалдагч-гуравдагч этгээдээс Д.Галбадрахад шууд шилжүүлж, урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан эсэх талаарх үйл баримтыг дүгнэх шаардлагатай. Ингэснээр зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь худалдах-худалдан авах, зээлээр худалдах-худалдан авах, санхүүгийн түрээсийн аль харилцаа үүссэнийг зөв тодорхойлох ач холбогдолтой. Маргаантай эрх зүйн харилцааг зөв тогтоох нь хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх, дуусгавар болсон, тасалдсан эсэх талаар дүгнэлт өгөх, сэргээх эсэхийг зөв шийдвэрлэх урьдач нөхцөл болно.

Иймд дээрх байдлаар маргааны зүйлд ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2023/00679 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00026 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                              ШҮҮГЧИД                                                             Н.БАЯРМАА

                                                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД