Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2021/00250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2021/00156/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... дугаар хороолол, ...дугаар байр ... тоотод оршин суух ... овогт Т.У /РД:ТА..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух ... овгийн Б.Б /РД:..., утас: .../,

“33,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Миний бие 2015 онд Б-тэй танилцаад 2016 оны 03 сарын 20-нд охин Б-ийн А төрсөн. Одоо 5 настай. Бид таарамжгүй харьцаанаас болоод хамт амьдраагүй. 2017 оны 10 сарын 10-ны Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар эцэг Б-ээс нь охинд нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоосон. Бид танилцаад байр түрээсэлж амьдардаг байсан. Анх тэр надтай танилцаад хайртай, дуртай гээд дотно харьцаанд орж, цаашид гэр бүл болж хамтын амьдралаа зохионо гэж ярьсан. Би түүнд итгэсэн учраас дотно харьцаанд орж охин Агаа төрүүлсэн. Гэтэл тэр гэрийнхээ хажуу орцонд нэг эгчтэй эр эмийн харьцаатай болж, орж гардаг болсон байсан. Үүнээс болж бид 2 тийшээ болсон. Бид хоёрын алдаанаас болоод охин маань аавгүй өсч байгаад Б-эд гомддог. Үнэхээр би таалагддаггүй байсан бол миний амьдралыг ийм байдалд оруулах хэрэггүй байсан юм. Гэхдээ би сайхан охин үртэй болсондоо харамсдаггүй. Охин маань эрүүл чийрэг, эрдэм номтой сайн хүн болж өсвөл эцэгтээ ч, эхдээ ч хэрэгтэй тустай л гэж бодож байна. Охиныг төрөхөөс өмнө Б бид хоёр байр түрээсэлдэг байсан. Тэр чигээрээ өнөөдрийг хүртэл хүүхэдтэйгээ байр түрээслээд амьдарч байна. Одоо хүүхэд сургуульд орлоо алийн болгон түрээсийн байранд амьдрах вэ өөрийн гэсэн орон сууцтай болохыг хүсч байна. Миний охины буруу биш учраас бид охиноо тавтай тухтай амьдарч, сурч боловсрох орчноор хангах үүрэгтэй гэж бодож байна. Тийм учраас эцэгтэй нь хамжиж, орон сууц худалдаж авахаар шийдээд түүнд хэлэхэд эхлээд болмоор юм хэлж байснаа шүүхээр яваад ав. Шүүх өг гэвэл би өгнө, үгүй гэвэл өгөхгүй гэх болсон. Би алийн болгон түрээсийн байранд мөнгө зарцуулах вэ гэж бодоод орон байрны ханш, орчин нөхцөлийг судалж эхэлсэн. Үнэлгээний газраас ч асууж тодрууллаа. Парк тауны хамгийн эхэнд ашиглалтанд орсон байрыг хямд, орчин гайгүй гэж үзэхэд 50 мкв 2 өрөө байрыг нэг мкв нь 1,350,000 төгрөгөөр бодоход 67,000,000 төгрөг болж байна. Үүний 50% болох 33,500,000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна. Үлдсэн 50%-ийг би өөрөө гаргана.

Хэдийгээр Б.Б хуулийн дагуу тогтоосон, хүүхдийнхээ тэтгэлэгийг өгч байгаа ч гэсэн бусад бэрхшээлтэй асуудал байна. Эн түрүүнд орон байрны асуудал шийдмээр байна. Охиноо төрсөн цагаас л бид 2 байр түрээсэлж амьдарч байна. Энэ асуудлаа шийдэх гэхээр би ганцаараа арай л чадахгүй учраас эцгээс нь тусламж хүссэн. Эхлээд тэгье гэж байснаа одоо үгүйсгэж байгаад харамсалтай байна. Гэр бүлийн тухай хуулийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал үүссэн /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд сурсан гэх мэт/ үед түүнд нэмэлт зардал гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчныг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг эрх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн үүргүүдээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байна. Миний зүгээс эцгээс нь хамтран орон байраар хангах үүргээ биелүүлье гэж шаардаж байгаа болно. Хүний амьдралд хамгийн нэн чухал зүйл бол орон байрны асуудал гэж үзэж байна. Б тайлбартаа хүүхдээ том болохоор тусална гэж хэлсэн байна. Үнэн хэрэг дээр хүүхэд нялх балчир байхад нь л эцэг эхийн хайр халамж, тусламж дэмжлэг туйлын их хэрэгтэй, нас биед хүрсэн хойно өөр ойлголт болж ирэх байх. Энэ үед нь эрүүл мэндийн шаардлага хангасан орон байраар хангахад тусалж байгаа нь насан туршид нь үр хүүхдээ амьдрах орон байраар хангалаа л гэсэн үг.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

“ ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Т.У-тай 2015 онд танилцаж улмаар 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр охин Б.А маань төрсөн. Бид хоёр анхнаасаа гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас удаан хамт амьдрахгүй салцгаасан юм. Т.У нь надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсний дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр би охиндоо хүүхдийн тэтгэлэг төлдөг. Би сар бүр охиндоо 200,000 төгрөгийн тэтгэлэг төлдөг бөгөөд жил бүр цэцэрлэгийн мөнгө 1,800,000 төгрөг төлж байгаад Ковидоос шалтгаалж 2020, 2021 оны цэцэрлэгийн төлбөрт 800,000 төгрөг төлж байгаа. Намайг охинтойгоо уулзах гэхээр уулзуулахгүй, бөөн юм болж байж нэг уулзахаар өөрөө хажуунаас салахгүй 10-20 минут уулзуулаад охиныг аваад явдаг юм. Би хойшид ч охиноо тэжээн тэтгэх, халамжлах үүргээ биелүүлж байх болно. Харин одоо түүний нэхэмжилснээр 33,500,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй байна. Охиноо нас биед хүрээд ирэхээр нь орон байр болон шаардлагатай бусад зүйлээр дэмжиж тусалж байна гэж боддог. Иймд Т.У-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б-тэй хамтран амьдраад 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр охин А төрсөн. 2016 оноос хойш охинтойгоо түрээсийн байранд 5 жилийн хугацаанд амьдарсан. Охиныхоо төлөө бүх юмаа зориулж амьдарч ирсэн. Ирэх жил охин сургуульд орох учир байнга түрээсийн байранд байхаас илүүтэй охиндоо тав тухтай орчин, эрүүл амьдрах орчин бүрдүүлье гээд ааваас нь орон байрны туслалцаа хүссэн. Зах зээлийн ханшаар 2 өрөө байрны дундаж үнэлгээг үнэлүүлээд 33.500.000 төгрөгийг Б.Б-ээс нэхэмжилж байгаа. Аав нь охиныхоо төлөө гээд дээрх мөнгийг гаргаад өгнө гэдэгт итгэлтэй байна. 2 жилийн хугацаанд аав нь хүүхдийн цэцэрлэгийн төлбөр, 2017 онд тогтоосон хүүхдийн тэтгэмжийг цаг тухай бүр өгч бид хоёрыг дэмждэг байсанд баярладаг. Үүгээр ч зогсохгүй энэ хүүхдийн биологийн эцэг, эх мөн учраас хоёулаа хэн хэнийхээ салсан амьдралыг хүндлээд дундаа байгаа хүүхдээ ч хүндлээд охиныхоо төлөө ийм алхам хийе гэсэн хүсэлттэй байгаа.

Охиноо авах бодолтой байна гэж байна. Охин хүүхэд ээж дээрээ байсан дээр гэж бодож байна. 33.500.000 төгрөг өгөх боломжгүй гэж хэлж байна. Том болохоор нь харж хандъя гэж хэлж байна. Хүүхэд 18 нас хүрээд өөрөө биеэ даагаад, өөрийнхөө сонгосон амьдралаа өөрийгөө аваад явах бүрэн чадвартай болчих учраас хүүхдээ баг балчир настай байгаа дээр нь эрүүл орчинд өсгөхийг Б.Б-ээс хүсэж байна. Тэр байранд би зөвхөн амьдрах биш бид хоёрын дундаас гарсан хүүхэд маань амьдарна. Бид хоёр өөрсдөө салцгаасан ч дундаа байгаа хүүхдээ битгий хохироогооч гэж хүсэж байна. Хүүхдийнхээ төлөө нэг удаа хичээж үзье гэж бодож байна. Бид хоёр 5 жилийн хугацаанд түрээсийн байраар амьдарсан. Миний бие ганцаараа үнэндээ дийлэхгүй байна. Би байгаа бүх боломжоо ашиглаж байна. Миний ээжийн авч өгсөн машин байдаг. Үүнийг зах зээлийн ханшаар зарахад 24.000.000, хадгаламжийн дансанд 10.000.000 орчим төгрөг байна. Харин охины минь аав дээрх мөнгөнд нэмэрлээд хэдэн төгрөг өгөх юм бол өөрийн гэсэн орох оронтой болж байна. Б.Б намайг авч байгаа гэж бодож байвал охиныхоо нэрийг оролцуулаад 18 нас хүрэхээр нь охин маань авч өвлөж үлдэнэ гэсэн гэрээ хийж болно.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд хоёр тал хоорондоо ярилцаад эвлэрэх боломж байсан байх гэж үзэж байна. Хүүхдийг эцэг, эх нь хуулийнхаа дагуу тэжээн тэтгэх, харж хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд Т.У нэхэмжлэл гаргасан. Хоорондын харилцаанаас үүдээд хариуцагч тал өгөхгүй гэх байдал харагдаад байгаа. Орон байрны асуудлыг онцгой нөхцөлд авч үзэж байна. Орон байр нь хүний амьдрах хамгийн чухал зүйл. Ганцаараа эмэгтэй хүн дийлэхгүй байгаа учраас хамжаад орон сууц авъя нэг удаа туслалцаад өгөөч гэж хүсэж байгаа манай үйлчлүүлэгч. Манай улс нь олон улсын хүүхдийн эрхийн байгууллагад нэгдэн ороод гэрээ, конвенц байгуулсан. Үүнд юу гэж заасан бэ гэхээр эцэг, эх болвол хүүхдээ эрүүл аюулгүй орчин өсгөж хүмүүжүүлэх, орон байраар хангах үүрэг гэж заасан байгаа. Орон байраар хангаж өгөх асуудалд туйлын хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна. Б.Б нь өөр хүнд ашиглуулж магадгүй гэж хардаж байх шиг байна. Хоорондоо зөрчилдөөд хэрэггүй. Хуульд юу гэж заасан юм гэхээр өмнө нь би хэлсэн олон улсын гэрээ, конвенцид хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан. Шаардлагатай тохиолдолд хүүхдийг орон байраар хангах үүрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд онцгой нөхцөл байдал тохиолдсон болбол нэмэлт зардал гаргуулж нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад 33.500.000 төгрөг гаргаад өгөх боломж байхгүй. 33.500.000 төгрөг их байна. Т.У нь машин болон дансандаа хадгаламжтай бололцоотой байна. Миний дансанд мөнгө байхгүй.” гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Б.Б-д холбогдуулан  “33,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эцэг, эх нь амьдрах эрүүл саруул, аюулгүй орчныг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй. Миний зүгээс эцгээс нь хамтран орон байраар хангах үүргээ биелүүлье гэж шаардаж байгаа болно. Хүний амьдралд хамгийн нэн чухал зүйл бол орон байрны асуудал гэж үзэж байна ... гэж, хариуцагч ... Би хойшид ч охиноо тэжээн тэтгэх, халамжлах үүргээ биелүүлж байх болно. Харин одоо түүний нэхэмжилснээр 33,500,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй байна. Охиноо нас биед хүрээд ирэхээр нь орон байр болон шаардлагатай бусад зүйлээр дэмжиж тусалж байна гэж боддог. Иймд Т.У-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэж маргаж байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1037 тоот шийдвэрээр гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Аг эх Т.У-ийн асрамжид үлдээж, эцэг Б.Б-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч Т.У-ийн шаардах эрхийн үндэслэл болгож буй 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль хүчингүй болж 2016 оны 02 дугаар сарын 05-наас “Хүүхдийн эрхийн тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

1996 оны 05 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлиийн 1.1-д “Эцэг, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэгтэй” гэж хуульчилсан байсан.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд эцэг, эх тусдаа амьдарсан ч хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх; хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах; хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах; хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах; хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах; хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах; хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах; хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх; хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах; хууль тогтоомжид заасан бусад үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хүүхдийн хувийн орон зайг хамгаалах, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьчидчилан сэргийлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Т.У охин Б.А-ийн хамт эцэг Б.Б-ээс тусдаа амьдарч байгаа 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа, охиноо тав тухтай амьдарч, сурч боловсрох орчноор хангахын тулд эцэгтэй нь хамжиж орон сууц худалдаж авахаар шийдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй боловч  хүн амьдрах шаардлага хангасан орон байраар хангахтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

Нэхэмжлэгч Т.У охины хамт түрээсийн гэрээний дагуу орон сууцанд амьдарч байгаа нь хүүхдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа, нэхэмжлэлд дурдсанаар Парк тауны хамгийн эхэнд ашиглалтад орсон байрыг хямд, орчин гайгүй гэж үзэн 50 м.кв байрны үнэ 67,000,000 төгрөгийн 50 хувь болох 33,500,000 төгрөг шаардаж байгаа үндэслэлээ болон Парк таун хотхоны 50 м.кв байр хүүхэд амьдрахад тав тухтай байх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа өнөөгийн нөхцөл байдал   хүүхдийн эрх ашигт хэрхэн нөлөөлж байгаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас    Парк таун хотхоны 50 м.кв байранд амьдрахад хүүхдийн эрх ашиг сайн хангагдана гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалахад эцэг, эх тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ.

Харин хүүхдийг түрээсийн орон сууцанд бус, өмчлөлийн орон сууцанд амьдруулах эсэх нь эцэг, эхийн өөрсдийн сонголт  боловч “орон сууцны төлбөр”-ийг тэдний хуулиар хүлээсэн үүрэгт хамаарах нь зайлшгүй гарах зардалд тооцох буюу Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “онцгой нөхцөл байдал” үүссэнтэй адилтган үзэх боломжгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж нэхэмжлэл гаргаж болохоор зохицуулжээ.

Хүүхэд хамгаалалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж хуульчилжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгч буюу охин Б.А-д онцгой нөхцөл байдал  үүссэн эсэх, өрхийн нэг хүнд ногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа эсэх, тухайн хүүхдийн амьдралд оруулах гэж буй өөрчлөлт болох орон сууцны хэрэгцээ гарсан эсэх нь тогтоогдохгүй байна. 

Нөгөө талаар орон сууцны зах зээлийг ханшийг үнэлгээний “Капитал зууч” ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээнд Дархан-Уул аймаг, Дархан суманд байрлалтай 2 өрөө орон сууцны үнэ ханшийг байршлаар нь тодорхойлсноос биш бодитойгоор тухайн орон сууцыг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн эсэх талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 325,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:        

  1. Гэр бүлийн тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Т.У-ийн хариуцагч Б.Б-ээс 33,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 325,450 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ