Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2021/00058/И |
Дугаар | 135/ШШ2021/00251 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2021/00251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2021/00058/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дүгээр хороолол, ... байр ... тоотод оршин суух ... овгийн Т.М /РД: ..., утас: .../,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дүгээр хороолол, ... байр ... тоотод оршин суух ... овгийн Т.У /РД: ..., утас: .../,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дүгээр хороолол, ... байр ... тоотод оршин суух ... овгийн О.П /РД: ..., .../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... тоотод оршин суух ... овгийн С.Б /РД:..., Утас: .../,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... тоотод оршин суух ... овгийн Г.Н /РД:..., утас:.../ нарт холбогдох
"…9,736,576 төгрөг гаргуулах...” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.М, Т.У, О.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... Хамгийн анх Г.Н гэдэг эмэгтэй мөнгө зээлээч гэж хандаад 2018 оны 07 сарын 06-нд 6,000,000 төгрөг 6%-ийн хүүтэй зээлдүүлсэн. 6 сая төгрөгийг миний төрсөн эгчийн нөхөр О.П-ийн ... дугаарын дансруу шилжүүлж өгсөн. Ингээд түүнээс 6,615,643 төгрөгийн авлагатай байхад нэмээд 1,384,357 төгрөг нэмж аваад нийт 8,000,000 төгрөгийг 6% хүүтэй 18 сарын хугацаатай төлж барагдуулахаар тохиролцоод түүний ... дансанд эхнэр Т.У-ийн данснаас 1,384,357 төгрөг шилжүүлж өгсөн. Н нь эргэн төлөлтөө 2 удаа хийгээд түүнээс хойш хийхгүй явж байгаад 2019 оны 10 сарын 25-нд 5,000,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн 2019 оны 01 сарын 15-нд 250,000 төгрөгийн хэрэг гарлаа гэхээр нь түүний ... тоот дансанд миний эхнэр Т.У-ийн данснаас 250,000 төгрөг шилжүүлсэн, мөн өгөөгүй байна. Төлөхийг шаардахад 2020 оны 02 сарын 21-ний өдөр Н-ын нөхөр С.Б хүргэн ах О.П-той 8,500,000 төгрөгийг төлөхөөр, төлж дуусталаа машинаа барьцаанд тавина гэсэн боловч тавиагүй. Одоо түүнээс графикаар төлж явсан мөнгөний үлдэгдэл 6,324,384 төгрөг, алданги 3,162,192 төгрөг, мөн тусдаа авсан 250,000 төгрөг, нийт 9,736,576 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Нэхэмжлэгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С.Б, Г.Н нар нь надаас 6,000,000 төгрөг 6 хувийн хүүтэй зээлж авсан. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэг удаа хүү төлөөд сунгуулъя гэдэг зүйлийг хэлж сунгалтаа 1 сарын хугацаагаар хийсэн. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр надаас сунгалтаа хийх боломжгүй байна гээд хүүгээ нэмж бичүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөнгөний хэрэг гарлаа гээд өөрийн зээлийн үлдэгдэл дүнгээ 8,000,000 төгрөг болгоё гээд зөрүү мөнгө болох 1,384,357 төгрөг нэмж авсан байдаг. Г.Н тухайн үед өөрийн гараар 8,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай төлж барагдуулахаар тохиролцож Н-ын данс руу манай эхнэр У-ийн данснаас 1,384,357 төгрөг шилжсэн байдаг. Зээлдэгч нар нь гэрээ хийснээс хойш сарын төлөлтөө ерөөсөө хийгээгүй байж байгаад, зээлдэгч нар нь надад хэлэхдээ хашаа байшин авах гэсэн юм 3,000,000 төгрөг нэмж зээлээч гэсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Н-ын ... гэсэн данс руу 3,000,000 төгрөг шилжүүлүүлсэн. Ингээд нийт 11,000,000 сая төгрөгийг зээлдэгч нар луу шилжүүлсэн байдаг. Ингээд 20-иод хоногийн дараа зээл бүтлээ гээд надад бэлнээр 3,000,000 төгрөг болон хоёр сарын төлөлт болох 1,478,200 төгрөгийн хамт өгсөн. Ингээд 12 дугаар сарын 29-ний өдөр Б над руу залгаад найздаа туслаач, би хадмындаа ирсэн байгаа мөнгөний хэрэг гараад байна гээд нэг сарын төлөлтөө буцаагаад өгөөч гэж гуйсны дагуу, Г.Н-ын данс руу 739,100 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш хариуцагч нараас надад нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй. Мөнгөө төлнө гэж тайлбар хэлсээр өдийг хүрсэн. С.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр самсунг галакси Жи-7 гэдэг гар утас барьцаалаад 250,000 төгрөг дансаар надаас аваад нэг жилийн хугацаа өнгөрсөн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 25-ны над руу залгаад 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надаас утсаа авчихъя, мөнгийг нь төлнө гэж хэлэн 250,000 төгрөгөө төлөлгүй утсаа авсан. Үүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хариуцагч нараас мөнгөө нэхтэл хугацаа хэрэгтэй байна гэсэн хариу хэлсэн. Ингээд хариуцагч нарыг ах О.П гэдэг хүнд 8,500,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулуулаад төлж дуусах хүртэл машинаа барьцаална гэсэн боловч машинаа барьцаалаагүй. Үүнээс хойш зээлдэгч нар нь алга болж мөнгөө төлөөгүй. Манай ах О.П-ийн ажилчин нь Г.Н, С.Б нараас мөнгөө нэхэхээр удахгүй төлнө гэдэг хариуг хэлдэг байснаа сүүлдээ би төлөхгүй гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Хариуцагч нар нь зээл авснаас хойш 739,100 төгрөг, 5,000,000 төгрөг, 500,000 төгрөгүүдийг төлсөн байдаг. Энэ төлсөн дүнгүүдийг хасаад, хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр, хүүтэйгээ нийлээд 6,324,384 төгрөг, тавин хувиас хэтрэхгүй алданги буюу 3,162,192 төгрөг, мөн гар утасны 250,000 төгрөг нийт 9,736,576 төгрөгийг нэхэмжилж байна.
Манай ломбард нь хувь хүнээрээ буюу миний бие татвараа төлдөг. Нэхэмжлэгч нь би миний бие юм. Харин Т.У, О.П нарын данснаас Г.Н-ын данс руу мөнгө шилжсэн учраас нэхэмжлэгчээр татсан. Зээлийн гэрээ байгуулахдаа Г.Н гарын үсэг зурж, мөнгийг Н-ын данс руу шилжүүлсэн учир Г.Н-оос мөнгөө нэхэмжилж байна.” гэв.
Нэхэмжлэгч И.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь Т.М-тай хамтарч ажилладаг. Т.М зээлдэгч нартай гэрээ байгуулсны дараа харилцагч нарын дансыг явуулж би мөнгийг нь шилжүүлдэг. Би Г.Н-ын данс руу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 739,100 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч О.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.М надад хэлэхдээ зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулчихлаа та энэ данс руу 6,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсний дагуу 6,000,000 төгрөгийг хариуцагч нарын данс руу шилжүүлсэн байдаг. Миний бие мөн Т.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлийн асуудал гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс хүүтэй зээлийн үйл ажиллагаа явуулж Т.М төлөөлдөг. Мөнгө Т.М-т байхгүй бол Т.У, О.П нар шилжүүлдэг. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт мөнгө өгсөн авсан нь үнэн. Т.М жижиг тасалбар ашиглаж хариуцагч нарыг төлөхгүй бол алданги төлнө шүү гэдгийг анхааруулж тус тасалбарыг ашигласан, тасалбар дээр ломбард гэдэг нэр байгаа нь үнэн. Гэвч талууд харилцан ойлголцож гэрээ, хэлцэл хийсэн байдаг учир хүчин төгөлдөр харилцаа юм. Г.Н, С.Б нар нь нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс зээл авахдаа хамт байж, Т.М-тай хоёулаа харилцаатай байдаг учир хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэгч нар нь хамтран нэхэмжлэх эрх бүхий хүмүүс, хүү авах эрх яагаад үүссэн гэхээр Г.Н өөрийн гараар зээл хүүгээ төлнө гэж бичсэн байдаг нь хариуцагч нар зээлийн хүү, алданги төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Дархан авто ломбард байгууллага мөн биш нь хамаагүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд иргэдийн хооронд бодитой харилцаа үүссэний анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. 3,000,000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад ороогүй, тус мөнгийг өгөөд, буцааж авсан асуудал байдаг. Нэхэмжлэгч нар нь гэр бүлийн хүмүүс хамтраад зээлийн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэв.
Хариуцагч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч С.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа:
“С.Б, Г.Н нар нь нэг гэр бүл бөгөөд хамгийн анх “Д” ломбард гэх байгууллагад хандаж 6,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм гэхэд машин барьцаалсан зээл гаргаж байгаа гэсэн тул С.Б миний бие өөрийн ... ДАР улсын дугаартай Бенз маркын машиныг барьцаалж эхнэр Г.Н-ын нэр дээр зээл авахаар болсон. Ийнхүү зээлэхдээ машиныг барьцааны гэрээгээр барьцаалах юм байна гэж ойлгож байсан боловч ломбарднаас тавьсан шаардлагын дагуу Т.М-ын нэр дээр машины бичиг баримтыг шилжүүлсэн. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан байсан тул тэдний шаардлагыг үг дуугүй биелүүлсэн. Ингээд дахин тус ломбардад хандаж 2018 оны 10 сард эхлээд зээлсэн 6,000,000 төгрөгийн хүүгийн хамт 6,615,643 төгрөг төлөх тооцоо гарсан тул нэмж 1,384,357 төгрөг ломбарднаас зээлж өмнөх тооцооны хамт 8,000,000 төгрөг болгоод 2018.10.05-2018.11.04-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд 6%-ийн хүүтэйгээр зээлж. “Д” ломбардны мэргэжилтэн Т.М-тай №5049 дугаартай баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар бид 2-ын аль нь ч тус ломбарднаас болон өөр хэн нэгэн хувь хүнээс мөнгө нэмж зээлж авсан зүйл байхгүй. Гэтэл нэхэмжлэл дээр илт худал зүйл бичиж ямарч үндэслэлгүйгээр үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, тусдаа авсан мөнгө гэх зэргээр 9,736,576 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Харин зээлийн эргэн төлөлтөнд:
1. 2018.10.05-ны өдрийн №5049 дугаартай гэрээ байгуулагдсанаас хойш 2 удаагийн эргэн төлөлт 1,578,000 төгрөг, /нэхэмжлэгч 2 удаагийн эргэн төлөлт хийсэн тухай нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байдаг/,
2. 2018.12.27-ны өдөр Голомт банкнаас Хувийн сууц худалдан авах зорилгоор гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээл авч тус зээлийн мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн.
3. 2019.10.20-ны өдөр 5,000,000 төгрөгийг Г.Н-ын ... тоот дансаар тус тус шилжүүлсэн, нийтдээ 9,578,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн байдаг. Иймд миний бие “Д” ломбардны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Бид анхнаасаа хуулийн шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулаагүй, хүү тохирсон гэрээ бичгээр байгуулаагүй хэдий ч анх авсан үндсэн зээл болох 6,000,000+1,384,357=7,384,357 төгрөгийг 9,578,000 төгрөг болгож эргүүлэн төлсөн байна. 2018.10.05-ны өдөр байгуулагдсан №5049 дугаартай гэрээний хугацааг албан ёсоор сунгасан зүйл огт байхгүй. Тиймээс бид нэхэмжлэл дээр бичигдсэн мэт олон сарын зээлийн хүү төлөх ямарч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд С.Б намайг “Д” ломбардны зүгээс олон янзаар шахаж дарамтлаад байсан тул би арга буюу 2020.02.01-ний өдөр тэдний шахалтаар нотариат орж 2018 оны 11 сард О.П-оос 8,500,000 төгрөг зээлсэн мэт бичиг үйлдэж “Мөнгө төлөх тухай тодорхойлолт” гэх зүйл дээр гарын үсэг зурсан. Тус баримтаа ашиглан О.П гэгч нь намайг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвд өгч 8,500,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл одоо Т.М гэх 2018 онд тус “Д” ломбард гэх байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байсан хүн надаас 9,736,576 төгрөг нэхэмжлээд байгааг огт ойлгохгүй байна. Ер нь хэн дуртай нь ингээд мөнгө нэхэмжлээд байдаг нь ямар учиртайг ч ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, яг хэн нь хэдэг төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Манай талаас бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Хариуцагч С.Б, Г.Н нар нь нэхэмжлэгч нарын яг хэнтэй нь зээлийн эрх зүйн харилцаанд орсон нь ойлгомжгүй. Бодит байдал дээр Д авто ломбард гэдэг байгууллагатай зээлийн гэрээ байгуулсан гэж үздэг. Нэхэмжлэгч нар нь Д авто ломбардтай ямар холбоотой гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагддаггүй, нэхэмжлэгч Т.М гэдэг хүн нь тус ломбардын мэргэжилтэн гэдэг талаас гарын үсэг зурж гэрээ байгуулсан байдаг. Манай талаас хэрвээ зээлийн үлдэгдэл мөнгө нэхэмжилж байгаа бол Д авто ломбардад нэхэмжлэл гаргах нь зүйтэй. Тиймээс манай талаас зээлийн гэрээний талаар нэхэмжлэгч нартай ярилцах шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь Д авто ломбардтай ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн нотлох баримт байдаггүй, сүүлд хоёр нэхэмжлэгчийг татан оруулсан байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхой байлгах ёстой, гурван нэхэмжлэгч нь хоёр хариуцагчийн хэнээс нь хэдэг төгрөгийг ямар үндэслэлээр нэхээд байгаа нь ойлгомжгүй. Тиймээс манай тал тодорхой хариу тайлбар гаргах боломж бүрдэхгүй байдаг. Тиймээс нэхэмжлэгч гурван этгээд нь Д авто ломбардтай ямар ч холбоогүй хүмүүс учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль үндэслэл байна.
Хэрвээ шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд байна гэж шийдэх бол дараах зүйлүүдийг хэлмээр байна. Т.У гэдэг хүний данснаас Г.Н-ын данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр нийт 5,373,474 төгрөг шилжсэн байна. Т.М гэдэг хүнээс 6,000,000 төгрөг Г.Н луу шилжсэн байдаг. Нийт 11,373,474 төгрөг Г.Н-ын данс руу шилжсэн байна. Г.Н, С.Б нар нь эргүүлээд нийт 5 удаагийн гүйлгээгээр 9,978,200 төгрөг төлсөн харагдаж байна. Тэгэхээр авсан, өгсөн мөнгөний зөрүү 1,395,275 төгрөг болж байна. Хэрэгт гурван төрлийн гэрээ авагдсан байдаг, О.П, С.Б нарын хооронд байгуулсан гэрээ нь тухайн өдрөө мөнгө зээлдүүлсэн асуудал байхгүй, өмнөх зээлийнхээ дүнг нэмэгдүүлсэн бичсэн гэдгийг нэхэмжлэгч тал өөрсдөө хүлээн зөвшөөрсөн тайлбар өгч байгаа учраас энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлж хийсэн хэлцлийг агуулж байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж энэ гэрээний шаардлагаар нэхэмжлэгч тал шаардлагаа гаргаагүй гэж ойлгосон. Хоёр дахь гэрээ нь буюу Т.М, Г.Н нарын хооронд байгуулсан гэрээг баримт ашигласан гэж хэлж байгаа нь энэ гэрээний дагуу шаардах хүү хугацааны хувьд үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Гурав дахь нь Г.Н-ын гараар бичсэн бичмэлийг нэхэмжлэгч тал гэрээ юм гэдэг зүйлийг хэлдэг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь өөрөө хоёр талын харилцан тохиролцоод тодорхой нөхцөлөө тохирч хоёр тал гарын үсэг зурж баталгуулдаг. Г.Н-ын гараар бичсэн бичмэлийг хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй, мөн хуульд заасан зээлийн хүү, алданги нэхэмжлэх эрхгүй юм. Тиймээс шаардлага хангасан гэрээ хийгдээгүй учраас нэхэмжлэгч талууд зээлийн хүү, алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. Мөн С.Б-той холбогдолтой ямар ч зээлийн эрх зүйн харилцаа байхгүй С.Б энэ хэрэгт хариуцагч биш гэдэг нь тодорхой болж байна. Хэрэв хариуцагч тал нэхэмжлэгч нарт мөнгө төлөх ёстой бол зөрүү болох 1,395,275 төгрөгийг төлөх нь зүйтэй юм.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М, Т.У, О.П нар нь хариуцагч С.Б, Г.Н нарт холбогдуулан “9,736,576 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нар ... хамтран зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, “Д” ломбардын өмнөөс биш өөрсдөөсөө мөнгө шилжүүлсэн ... нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... гэрээг “Д” ломбард хийсэн нэхэмжлэгч нар нэхэмжлэх эрхгүй, хэрэв нэхэмжлэх эрхтэй гэж үзвэл хүү, алдангийн талаар тохирсон гэрээ байгуулаагүй ... гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар дараах үйл явдал тогтоогдов .
Нэхэмжлэгч Т.У-ээс Г.Н-т 600,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр /хэргийн 8 дугаар хуудас/, 1,384,357 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр /хэргийн 7 дугаар хуудас/, 250,000 төгрөгийг С.Б-д 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр /хэргийн 29 дүгээр хуудас/ 3,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр /хэргийн 30 дугаар хуудас/, нэхэмжлэгч О.П-оос 6,000,000 төгрөгийг Г.Н-т 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр /хэргийн 9 дүгээр хуудас/ тус тус шилжүүлсэн.
Мөн Г.Н-оос 2 сарын хүүд гэсэн шилжүүлгээс Т.У 739,100 төгрөгийг буцаан шилжүүлсэн. /хэргийн 31 дүгээр хуудас/
Г.Н-оос 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг Т.У-т / хэргийн 24 дүгээр хуудас/ шилжүүлсэн, нэхэмжлэгч нарын тайлбараар 3,000,000 төгрөг, 500,000 төгрөг төлөлт хийсэн байна.
Талуудын тайлбар болон Г.Н-ын бичвэрээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэхэд хүүд 1,384,357 төгрөг төлчихсөн байсан байна. /хэргийн 11 дүгээр хуудас/
Иймд талуудын харилцан шилжүүлсэн дүн Т.У-ээс Э.Б-д 250,000 төгрөг, Т.У, О.П нараас Г.Н-т 10,984,357 төгрөгийн шилжүүлэг, Г.Н-оос 9,884,357 төгрөг шилжүүлэг болон бэлнээр өгчээ.
Хэргийн 5 дугаар хуудас дахь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөнгө төлөх тухай тодорхойлолтод дурдагдсан 8,500,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг О.П шилжүүлсэн, 2,500,000 төгрөг нь хүү, мөнгө авах тухай хийсэн тодорхойлолт, энэ баримтаар шаардаагүй гэж тайлбарласан.
Хэргийн 10 дугаар хуудас дахь “Д” ломбард Г.Н нарын хооронд 8,000,000 төгрөгийг 30 хоногт 6 хувийн хүүд 480 төгрөг төлөх агуулга бүхий гэрээг нэхэмжлэгч тал нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд гэрээнд хүү 30 хоногт 6 хувь зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн бүх дүнгээс 1 хувийн алданги тооцох тухай хариуцлагын заалттай боловч энэхүү гэрээнд талууд хэсэгт үнэлсэн мэргэжилтэн Т.М, журамтай танилцаж зөвшөөрсөн Г.Н гэсэн, энэхүү гэрээний дагуу шаардаагүй, “Д” ломбардын бланкыг ашигласан хувь хүнийхээ хувьд ломбардын үйлчилгээ эрхэлж, Т.М гэрээ байгуулж, мөнгийг Т.У, О.П нар шилжүүлж байсан гэж тайлбарлаж байна.
Мөн нэхэмжлэгч нар хэргийн 11 дүгээр хуудаст буй ... миний бие /6,615,643/ төлөлттэй байгаа. Энэ дүнгээ 2018 оны 10 дугаар сарын 18-нд шингэлж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 18 сарын хугацаагааар 8,000,000 төгрөгийг хувиараар төлнө. Зөрүү 1,384,357 төгрөгийг яаралтай гаргаж өгнө үү гэcэн бичвэр бүхий нотлох баримтыг Г.Н-той байгуулсан зээлийн гэрээ гэж үзэн зээлийн гэрээг 18 сар, хүү 6 хувь, алданги тооцсон тул ... одоо түүнээс графикаар төлж явсан мөнгөний үлдэгдэл 6,324,384 төгрөг, алданги 3,162,192 төгрөг, тусдаа авсан 250,000 төгрөг, нийт 9,736,576 төгрөг нэхэмжилж байна ... гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж тайлбарлажээ.
Дээрх үйл баримт болон хэргийн 5, 10 дугаар хуудас дахь тодорхойлолт, гэрээний дагуу шаардаагүй гэж өөрсдөө тайлбарлаж байгаагаас үзвэл Т.У-ээс Э.Б-д 250,000 төгрөг, Т.У, О.П нараас Г.Н-т 10,984,357 төгрөгийн шилжүүлэг, Г.Н-оос 9,884,357 төгрөг шилжүүлэг болон бэлнээр өгсөн үйл явдал тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч Т.У, О.П нар С.Б, Г.Н нарт гэрээний зүйл болсон мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүргээ хариуцагч нар зохих ёсоор биелүүлээгүй байна.
Талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар гэрээний зүйл болсон мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.
Нэхэмжлэгч нар хэргийн 5, 10 дугаар хуудас дахь тодорхойлолт, гэрээний дагуу шаардаагүй гэж тайлбарлаж байгаа, хэргийн 11 дүгээр хуудас дахь бичвэрт хүү, алдангийн талаар тохиролцсон талаарх заалт байхгүй, талууд “Д” ломбардаас авсан гэх 8,000,000 төгрөгийн зээлд тооцсон хүү, алданги шаардах эрхийг иргэн Т.М шилжүүлэн авсан талаар болон гэрээг шинэчилж хийгээгүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй тул хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй тул анзын төрөл болох алдангийг шаардах эрхгүй байна.
Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзал үндэслэлтэй байна.
Шүүхээс дээрх үйл баримт, нотлох баримтыг үндэслэн Т.М-аас хариуцагчид мөнгө шилжүүлээгүй тул шаардах эрхгүй, 250,000 төгрөгийг С.Б-оос гаргуулж Т.У-т, 1,100,000 төгрөгийг Г.Н-оос гаргуулж О.П, Т.У нарт олгож, 8,386,576 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 170,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 1,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг Г.Ноос гаргуулан О.П, Т.У нарт, 250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 8,150 төгрөгийг Э.Б-оос гаргуулж Т.У-т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 281 дүгээр зүйлийн 281.1 -д зааснаар хариуцагч Э.Б-оос 250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-т, хариуцагч Г.Н-оос 1,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.П, Т.У нарт олгож, 8,386,576 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Т.М-ын хариуцагч Э.Б, Г.Н нараас 9,736,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.П, Т.У нарт, хариуцагч Э.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 8,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ