| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга П.Янжмаа, улсын яллагч Э.*******, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 2423000130039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 57 настай эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар:*******/
Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр "” дэлгүүрийн хажуугийн засмал зам дээр улсын дугаартай "” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын ЗХД-ийн 3.7 “з”-р заалт буюу “Жолоочид...тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давахыг хориглоно”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж, түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, замын хажуу талын явган хүний замаар зорчиж явж байсан Д., П. нарыг мөргөж, улмаар хохирогч Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.*******д холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Д., П. тэдний хууль ёсны төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Д., П. тэдний хууль ёсны төлөөлөгч нарт шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн хажуугийн засмал зам дээр улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хашлага даван замын /зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр/ явж байсан Д., П. нарыг мөргөж, зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Машинд мөргүүлсэн талаараа мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Д.ийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд ангийн хүүхдүүд , , , , нарын хамт ... багт байрлах дэлгүүр өнгөрөөд, замын хажуугаар явж байтал гэнэт машин гарч ирээд, намайг болон бид хоёрыг дайрсан. Дайрах үед би газар унаад, цасан дээр гулгаад нэг газар зогссон. Тухайн үед бид 2 урд нь ороод алхаж байсан. ...Машинд дайруулснаас хойш би юу болсон талаар сайн мэдэхгүй, нэг мэдэхэд эмнэлэг дээр очсон байсан. ...Намайг явж байх үед урдаас машин явж харагдаагүй, хажуу талын хар замаар явж байсан машин ирээд, дайрчихсан юм шиг байна лээ. Бид хоёрыг дайруулахыг хамт явж байсан манай ангийн хүүхдүүд бүгд харсан. Машинд дайруулснаас хойш миний хөл өвдөөд мөн баруун талын тохой хэсэгт бага зэрэг шалбарсан. Дараа нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргүүлж эмчлүүлсэн. ...Бид хоёрыг дайрсан хүн Улаанбаатар хот руу өөрийн унаагаар авч явж, эмнэлэгт үзүүлж энэ хугацааны бүх зардлыг төлсөн. Одоо цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой зардлаа буруутай хүнээр гаргуулж бүрэн эдгэрэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,
Ослын талаар мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч П.гийн “... дэлгүүр өнгөрөөд хар замын урд байх 1 том контейнерын хажууд явж байтал гэнэт хажуу талаас машин гарч ирээд дайрсан. Намайг явж байх үед урдаас машин явж харагдаагүй гэнэт хажуу талын хар замаас машин гарч ирээд дайрчихсан. Бид хоёрыг дайруулахыг хамт явж байсан манай ангийн хүүхдүүд харсан. Машинд дайруулснаас хойш миний баруун талын хөл өвдөг орчим өвдөөд мөн цээж, мөрөөр хөндүүрлэж өвдөж байсан. Өвдөг хөхөрч тохой шалбарсан байсан өөр биед ил харагдах гэмтэл байгаагүй. Машинд дайруулсны маргааш, нөгөөдөр нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж байгаад Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явах үед бид хоёрыг машинаар дайрсан ах өөрийн унаагаараа авч яваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, үзүүлж 3 хоноод буцаад сумд ирсэн... Одоо надад ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй миний биеийн байдал дээрдсэн хичээл сургуульдаа явахад ямар нэг бэрхшээл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Зам тээврийн ослыг харсан, осол гарах үед байсан талаараа мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч М.ийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сургуулиасаа гараад , , , П., нарын хамт Завхан аймгийн сумын багт байрлах цогцолбор сургуулиас 16 цагийн үед гараад явган явж байсан. Бид нар яваад багт байрлах дэлгүүр өнгөрөөд, замын хажуугаар явж байтал гэнэт хажуу талаас машин гарч ирээд , П. хоёрыг дайрсан. Тухайн үед , П. нар бид нарын урд орчихсон алхаад явж байсан. Машин , П. хоёрыг дайрах үед тэр 2 газар унаад цасан дээр өнхөрч байгаад хашаанд тулаад зогссон. Тухайн үйл явдал Завхан аймгийн сумын багт байрлах дэлгүүрийн баруун талд буюу 1 том контейнерын хажууд болсон...” гэсэн мэдүүлгээр
Энэ талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч М.гийн “...сургуулиас 16 цагийн үед гараад, явган явж байсан. Бид нар яваад багт байх дэлгүүр өнгөрөөд замын хажуугаар явж байтал гэнэт хажуу талаас машин гарч ирээд , П. хоёрыг дайрсан. Тухайн үед , П. нар бид нарын урд орчихсон алхаад явж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.ын “...Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын дундуур хадам аав Н.*******д 7.000.000 төгрөгөөр зарсан. ... сумын багт байрлах дэлгүүрийн ойролцоо явж байгаад 2 хүүхэд шүргээд, осол гаргаад ингэчихлээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Дээрх ослын улмаас Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаартай “...Иргэн Д.ийн биед шаант ясны дотор булууны эпифиз хэсгээр шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Иргэн Д.ийн биед шаант ясны дотор булууны эпифиз хэсгээр шахагдсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр,
Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаартай “...П.гийн биед өвдөгний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. өвдөгний зөөлөн эдийн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,
Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь техникийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/64 дугаартай “...Хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан ногоон өнгөөр зурагдсан дугуйн мөр нь тоормослосон, шарвасан болон өнхөрсөн зэргээс үүссэнийг тэмдэглээгүй, мөн уг мөрний уртыг хэмжих, тогтоогоогүй байгаа тул улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Явган зорчигч Д., П. нар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. улсын дугаартай автомашины жолооч Н.******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “з”-р заалт буюу “Жолоочид... тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давахыг хориглоно”, 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж, түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Уг осол гарахад замын гадаргуу цастай, өгсүүр байсан нь нөлөөлсөн гэж үзэж байна. улсын дугаартай автомашины жолооч Н.******* МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт зөрчин эсрэг урсгалд орсон нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй. Харин эсрэг урсгалаас буцаж эгнээндээ орох гэсэн үйлдэл нь оновчгүй болж улмаар хашлага даван, замаас гарч явган зорчигчийг мөргөсөн байна. улсын дугаартай автомашины жолооч Н.******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “з”-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтээр болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэргийн үйл баримттай хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх мэдүүлгүүд болон зам тээврийн ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг хангалттай нотлогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэстэй.
Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “...хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй…” гэж заасан ба шүүгдэгч нь хохирогч нарт эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн байна. Хохирогч энэ шүүх хуралдаанаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ч хохирогч “цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ” гэсэн хүсэлтийг харгалзан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.******* нь энэ тогтоолоор хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчид Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 233.333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Хохирогч нар шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардал болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлсэн болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Н.*******д 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА