Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2021/0009/И |
Дугаар | 130/ШШ2021/00203 |
Огноо | 2021-02-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2021/00203
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ү дугаар багт оршин суух, Б овогт М.Г-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ү дугаар багт оршин суух, И овогт Х.Х-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ү дугаар багт байршилтай 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байр бүхий 16 м.кв өмчлөл бүхий дэлгүүрийн цонхыг хааж барьсан хариуцагч Х.Х-ы 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг албадан нүүлгэх тухай.
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие М.Г нь 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр З.Д-ээс Өлгий сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай “З” дэлгүүрийн 2 давхар байрнаас 1 өрөө бүхий 16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр, худалдан авсан билээ. Мөн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгө өмчлөх ... дугаартай гэрчилгээг өөрийн нэр дээр авсан болно. Миний дэлгүүр 1 давхарт байрладаг.Тухайн үед тус 2 давхар дэлгүүрийн 1 давхар дахь баруун талын том заалыг иргэн X. Х, иргэн Т.Т нар худалдаж авсан.
Гэтэл иргэн Х.Х нь 2006 онд миний дэлгүүрийн дээд тал буюу ...-ийн хашаа руу харсан хэсгийн газрыг эзэмшилд авч, миний дэлгүүрийн складын гадна талд харсан хаалгыг хааж, 2 давхар барилгад наалдуулж барилга барьж авсан. Тухайн үед Газрын албаны даргад очиж, миний складын хаалга, цонхыг хааж барилга барих гэж байна гэж хэлж байхад би зөвшөөрөөгүй, зөвшөөрөл олгоогүй гэж хэлж байсан ч намайг 3 дахь удаа очиж уулзахад аймгийн Засаг даргаас тушаал ирсэн байгаа, зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон гэж хэлж байсан учраас хууль хяналтын байгууллагад хандаж маргаагүй
Миний дэлгүүр 2012 онд хүртэл нийтийн халаалтад холбогдож байсан. Дараа нь иргэн Х.Х нь 2012 оны 2 дугаар сард нийтийн халаалтын шугам хагарсан байна, бүгдээрээ хамтарч засуулъя гэхэд би хувиасаа 300,0 мянган төгрөгийг төлсөн боловч, намар нь халаалтаа Х.Х хувиараа татаж, бага оврын зуух тавихаар боллоо гээд миний халаалтын шугамыг тасалж, намайг 3 жил халаалтгүй суулгасан.Энэ хугацаанд хүйтэн дэлгүүрт сууж чадахгүй, дэлгүүрийн байраа шалны халаалт, тень залгаад дулаацуулж чадаагүй. Энэ байдал нь миний орлогын эх үүсвэрээ хаахаар барахгүй, миний эрүүл мэндэд маш их нөлөөлж, бөөр ихэд өвддөг болсон.
2016 онд Х.Х нь миний цонхны урьд талд өргөтгөл байр барьсан. Тухайн үед миний цонхыг хааж юу барьж байгаа гэж асуухад мөн хэрүүл үүсгэсэн. Машины гарааж барьж байна, чиний цонхыг халхлахгүй гэж хашхирсан. Зуны цагт цонхоор нар тусаж, дэлгүүр дулаацдаг байсан боловч Х.Х-ы барьсан өргөтгөл нь миний цонхыг хааснаар дэлгүүрт нар тусахгүй, агаар орохгүй, өвөлдөө ч зундаа ч хүйтэн болж хувирсан.
Өвөлдөө байрны халаалт муутай, зундаа хүйтэн байдлаас болж би хэсэг хугацаанд Апекс худалдааны төвд сарын 350,0 мянганаар 6 сар, Буянт худалдааны төвд 1,5 жил гаран сарын 1Ө,0 мянган төгрөгөөр байр хөлсөлж суусан.
Иргэн Х.Х-ы дээрх үйлдлүүдээс болж би дэлгүүрт удаан хугацаагаар сууж бараагаа зарж чадахгүй, миний орлогын эх үүсвэр хумигдаж, өнөөдөр зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байна.
2018 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, мөн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж, Х.Х-ы өргөтгөл байраа хуулийн дагуу бариулсан эсэхэд дүгнэлт гаргуулахад дээрх 2 мэргэжлийн байгууллагаас иргэн Х.Х нь өргөтгөл барилгаа зөвшөөрөлгүйгээр барьсан, байрыг ашиглалтад оруулах комиссын акт гараагүй, Барилгын тухай хуулийн 14.1.4, 14.4.4-т заасан “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байна.
Мөн Х.Х нь 2 давхар дэлгүүрийн доорх газрыг бүхэлдээ 2004 онд эзэмшилд авч, улмаар иргэн Т.Т-д миний дэлгүүрийн доорх газрыг өөрийн хөрөнгийн хамтаар худалдсаныг саяхан мэдэж, Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан болно.
Х.Х, Т.Т, бид гурав дэлгүүрээ 2005 оны намар буюу ойролцоо хугацаанд худалдаж авсан боловч дэлгүүрийн газраа 2004 онд буюу хөрөнгөө худалдаж аваагүй байхад эзэмшилдээ авсан байдлыг өргөдөлдөө дурдсан байгаа.
Энэхүү байдлаас болж өрхийн орлого буурсан байдлаас болж зээлээ төлж чадахгүй байдалд хүрч байгаа бөгөөд дэлгүүрээ зарж зээлээ барагдуулахаар зарласан боловч миний өмчлөлд байгаа дэлгүүрийн доорх газрыг өөр хүн эзэмшдэг, мөн худалдан авахаар ирсэн хүмүүс цонхыг далдалсан барилгатай байна, нарны гэрэл тусдаггүй гэж зарж чадахгүй байна.
Иргэн Х.Х миний тог, халаалтыг тасалж, дэлгүүрийн доорх газрыг хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, миний дэлгүүрийн хаалга, цонхыг хааж барилга барьж, миний эрхийг ноцтой зөрчиж, намайг басамжлан доромжилж ирлээ. 2012 оноос хойш миний худалдаа наймаа хийх үйл ажиллагаанд цаад хийж, миний орлогыг бууруулж сэтгэл санааны болон материаллаг хохирол учруулж ирсэн болно.
Миний эрх ноцтой зөрчигдөж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Х.Х би нэхэмжлэгч М.Г-ын “Өлгий сумын ... багт 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байр бүхий 16.м.кв өмчлөл бүхий дэлгүүрийн цонхыг хааж, ГХБХБГ-ын ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг албадан буулгах тухай" нэхэмжлэлийн шаардлага, түүнд хавсаргасан нотлох баримтуудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. Х.Х надад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн О дугаартай захирамжаар 288 м.кв газрыг 50 жилийн хугацаатай 2 давхар дэлгүүрийн хажууд өргөтгөл барих зориулалтаар эзэмшүүлсэн ба газарт 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр “Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх” Ө дугаартай зөвшөөрлийн дагуу “А” ХХК-ны худалдааны төвийн өргөтгөл барьж, 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг улсын комисс ашиглалтад хүлээн авч улмаар уг газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авч тухайн объектод 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А\33 дугаартай захирамжаар 615 м.кв газрыг 41 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэхээр буюу Х.Х надад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд уг газарт амины орон сууцны өргөтгөлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр 2016 онд өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад өгсөн. Өргөтгөл барилга байгууламжийг барих үед эрх бүхий байгууллагуудаас барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, барилга хариуцан бариулагчийн баталгаа, суурийн нүүх ухсан акт, суурь хийсэн акт, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зэрэг барилга барихтай холбогдох бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн учраас Х.Х би ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2006 онд анх 2 давхар барилга байгууламжийг өргөтгөх үед зарим өргөтгөлийн хэсгүүд нь зураг төсөл нь байгаа боловч санхүүгийн боломжоос шалтгаалан бүрэн гүйцэд баригдаагүй байсан. Ингээд санхүүгийн боломж гарахаар буюу 2016 онд 2006 оны дутуу үлдсэн барилгын өргөтгөлийг гүйцээн барьсан.
3. Маргаан бүхий гэх объектын өргөтгөлийг 2016 онд барьж дуусган ашиглалтад өгсөн ба тэр үед нэхэмжлэгч М.Г нь уг барилгын өргөтгөл барьж байсныг мэдэж байсан боловч 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.
4. Нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлд дурдсан түүний өмчлөлийн гэх Өлгий сумын ... дугаар багт 2 давхар дэлгүүрийн 1 өрөө бүхий байр нь социализмын үед баригдахад агуулах буюу ногоо хадгалах зориулалтаар баригдсан нь уг барилга байгууламжийн анхны зураг схемээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. М.Г-ын одоогийн амьдарч буй 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байр байрлаж буй газар нь зэргэлдээ худалдаа эрхэлж буй Т.Тын эзэмшилд байгаа ба М.Г-д төрөөс хууль ёсоор эзэмшүүлсэн газар байхгүй болно
5. Х.Х би уг барилга байгууламжийн өргөтгөлийг хууль ёсоор эзэмшиж байгаа ба бусдын эзэмшлийн газарт өргөтгөлийн барилгыг бариагүй буюу М.Г-ын 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байранд хэвийн амьдрах асуудалд ямар нэгэн саад хийгээгүй гэж үзэж байна.
6. Х.Х би М.Г-ын орон сууцны халаалтын хувьд 2004 оны өмнөөс инженерийн халаалтад холбогдсон байсан. Х.Х би уг объектыг 2004 худалдаж авснаар төвийн халаалтыг тасалж, хувийн уурын зуух барьсан ба одоо хүртэл ажиллаж байна. М.Г-ын орон сууцны халаалтыг манай уурын зуухнаас авч байгаа ба одоо хүртэл ямар нэгэн төлбөр аваагүй юм. 2010 оны үед халаалтын газар доорх шугамыг солих үед Х.Х, Т.Т, М.Г нар бид дундаасаа хөрөнгө мөнгө гарган халаалтын шугамыг янзалсан юм. Энэ үед М.Г нь 300,000 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл төвийн халаалт хэвийн ажиллаагүй учраас дараа нь хувийн халаалтын зуух тавьсан ба одоо хүртэл ажиллаж байна. Ингэхээр Х.Х би М.Г-ын байрын халаалтад ямар нэгэн саад хийгээгүй, харин цахилгааны асуудал нь тус тусдаа байдаг. Х.Х би хөрш болох М.Г-ын уг байранд амьдрахад ямар нэгэн саад учруулаагүй, харин ч өнгөрсөн жилүүдэд түүнд байнга тусалж ирсэн гэдгийг хэлье.
Иймд нэхэмжлэгч М.Г-ын “Өлгий сумын ... дугаар багт байршилтай 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байр бүхий 16.м.кв өмчлөл бүхий дэлгүүрийн цонхыг хааж, ГХБХБГ-ын ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг албадан буулгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. Нотлох баримтаар нотлогдохгүй байгаа гэдгийг хэлье. Социализмын үед баригдсан хуучин 2 давхар 12 худалдагчийн дэлгүүрийн барилга байгаа. Х.Х-д аймгийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн О дугаар захирамжаар тэрний зүүн талд 288 м.кв газрыг 50 жилийн хугацаатай 2 давхрын дэлгүүрийн хажууд өргөтгөл барилга барих газар олгосон. Энэ захирамж өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Тэгээд 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх Ө-р зөвшөөрлийн дагуу “А” ХК-ны худалдааны төвийн өргөтгөлийг барьж, 2006 оны 12 дугаар 30-нд барилга байгууламжийн Улсын комисс ашиглалтад хүлээн авч, улмаар уг газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авч, тухайн объектод 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Дахиад аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А33 дугаар захирамжаар 615 м.кв газрыг 41 жилийн хугацаатайгаар амины орон сууцны зориулалтай эзэмшүүлэхээр Х.Х-д олгосон. Уг газарт амины орон сууцны өргөтгөлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр 2016 онд өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. Өргөтгөлийн барилга барих үед эрх бүхий байгууллагаас барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, барилга хариуцан бариулагчийн баталгаа, суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, барилга угсралтын ажлыг эхлэх, барих, үргэлжлүүлэх зэрэг барилга барихтай холбогдох бичиг баримтыг бүрдүүлж тухайн үед энэ үйл баримт болсон. Өөрөөр хэлбэл 2006 онд анх 2 давхар барилга байгууламжийг өргөтгөх үед зарим өргөтгөлийн хэсгийн зураг төсөл байгаа боловч, санхүүгийн боломжоос шалтгаалан бүрэн гүйцэд баригдаагүй байсан. Санхүүгийн боломж гарахаар 2016 онд 2006 оны дутуу үлдсэн барилгын өргөтгөлийг гүйцээн барьсан түүх байгаа. Маргаан бүхий объектын өргөтгөлийг 2016 онд барьж дуусгасан. Тэр үед нэхэмжлэгч М.Г уг барилгын өргөтгөлийг барьж байгааг өдөр болгон харж, мэдэж байсан боловч, 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Маргаан бүхий М.Г-ын өмчлөлийн гэх Өлгий сумын ... дугаар баг, 2 давхрын дэлгүүрийн 1 өрөө бүхий байр нь социализмын үед баригдсан, агуулах буюу ногоо хадгалах зориулалтаар баригдсан барилга. Өөрөөр хэлбэл 2 давхар дэлгүүрийн 1 давхрын буланд байдаг. Энэ бол бидний шүүхэд гаргаж өгсөн анхны 12 худалдагчтай дэлгүүрийг барьсан схем зургаар батлагдаж байна. Мөн нэхэмжлэл дээр иргэн Х.Х миний тог, халаалтыг тасалж, дэлгүүрийн доорх газрыг хууль бусаар өөрийн эзэмшилд авсан гэж бичсэн байна. Энэ хүний 16 м.кв газрыг тэр хүн эзэмшилдээ аваагүй. Захиргааны хэргийн шүүгчийн захирамжаар өөрөө хөөцөлдөхгүй байж байгаад 16 жилийн дараа Т.Т гэдэг хүнээс өөрийн эзэмшилд авсан. Тийм учраас энэ хүний тэр дэлгүүр барьж байгаа газрыг хууль бусаар өөрийн эзэмшилд авсан гэж худлаа юм бичиж болохгүй. Тэр газрыг авах ёс ч байхгүй, авах шаардлага ч байхгүй. Дараа нь нэхэмжлэгч 3 жил халаалтгүй байсан гэж байна. Энэ нь Х.Х-д ямар ч хамаарал байхгүй. Халаалтын асуудлаар нэхэмжлэгч нэг бол жижиг зуух ёстой эсвэл төвийн халаалтад холбогдсон байх ёстой. Энэ хүн өөрийн эзэмшлийн байрыг халаах эсэх нь энэ хүний өөрийнх нь асуудал. Хэрвээ Х.Х тухайн байрны халаалтад саад хийсэн бол нотлох баримтаар нотолж, акт гаргуулсан байх ёстой. Энэ хүний шугам, паарыг тасалсан эсэх, орж байгаа дулаан дамжуулж байгаа шугам хоолойг эвдсэн бол нотлох хэрэгтэй. Мөн цахилгаан эрчим хүчтэй холбоотой асуудал ярьж байгаа. Ямар ч газар цахилгаан ирж байгаа. Цахилгааныг нь Х.Х таслаад тоолуурыг нь ажиллуулахгүй байвал эрх бүхий эрчим хүчний байцаагч нар шалгаад Х.Х-ын буруутай үйл ажиллагаа гэсэн дүгнэлт гаргасан байх ёстой. 2 давхар дэлгүүрт орох, гарах хаалга нээсэн байгаа. Шууд орж гараад худалдаа наймаагаа асуудалгүй эрхэлж байгаа. 2 давхраас шууд ороход өмнө нь бор хаалга байгаа. Эцэст нь хэлэхэд Х.Х-ын буруутай үйл ажиллагаанаас болж, М.Г-ын эрүүл орчинд, амар тайван амьдрах, ямар нэгэн хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн тухай шууд нотлох баримт байхгүй. \Гэрлийн тухай\. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн, үйл ажиллагаа явуулахад саад учруулсан ямар нэгэн нотлох баримт байхгүй. Өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд Х.Х-ын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна. Тэр цонх маш доогуур байрлалтай, тэр угаасаа нар тусдаггүй, наран талдаа биш, тэр цонх 2006 онд өргөтгөлийн барилга барих үед нар тусах боломж нь хаагдсан. Тийм учраас шууд Х.Х-ын буруутай үйл ажиллагаанаас болж, энэ хүний нэхэмжлэлийн шаардлагад бичсэн тухайн өргөтгөлийн барилга болон тэр наалдуулан барьсан зуухыг буулгах ямар ч шаардлага байхгүй. Зуух нь М.Г-ын дэлгүүрийн цонхыг халхлаагүй, өөрөө зураг гаргаж өгсөн байна. Угаасаа 1 давхрын суурьд ойрхон торлосон 2 цонх байдаг. Үүнд ямар ч нар тусах боломж байхгүй. 2016 онд том барилга барих үед угаасаа нарыг хаачихсан. Энд Х.Х-ын буруутай үйл ажиллагаа байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Энэ талаар нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Г нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт байршилтай 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байр бүхий 16 м.кв өмчлөл бүхий дэлгүүрийн цонхыг хааж барьсан хариуцагч Х.Х-ын 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг албадан нүүлгэхийг хүсжээ.
Хариуцагч Х.Х нь ...Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн О дугаартай захирамжаар 288 м.кв газрыг 50 жилийн хугацаатай 2 давхар дэлгүүрийн хажууд өргөтгөл барих зориулалтаар эзэмшүүлсэн ба газарт 2006 оны 08 дугаар сарын 29-ны өдөр “Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх” Ө дугаартай зөвшөөрлийн дагуу “А” ХХК-ны худалдааны төвийн өргөтгөл барьж, 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг улсын комисс ашиглалтад хүлээн авч улмаар уг газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авч тухайн объектод 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Х.А би ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, 2006 онд анх 2 давхар барилга байгууламжийг өргөтгөх үед зарим өргөтгөлийн хэсгүүд нь зураг төсөл нь байгаа боловч санхүүгийн боломжоос шалтгаалан бүрэн гүйцэт баригдаагүй, 2016 онд 2006 оны дутуу үлдсэн барилгын өргөтгөлийг гүйцээн барьсан. Маргаан бүхий объектын өргөтгөлийг 2016 онд барьж дуусган ашиглалтад өгсөн, тэр үед нэхэмжлэгч М.Г нь уг барилгын өргөтгөл барьж байсныг мэдэж байсан боловч 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Х.А би уг барилга байгууламжийн өргөтгөлийг хууль ёсоор эзэмшиж байгаа, бусдын эзэмшлийн газарт өргөтгөлийн барилгыг бариагүй буюу М.Г-ын 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байранд хэвийн амьдрах асуудалд ямар нэгэн саад хийгээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.
Хариуцагч Х.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан эрх үүргийг нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд 2005 оны 09 сарын 02-ны өдрийн Үл хөдлөх бэлэглэх гэрээ Баян-Өлгий аймгийн ... багт оршин суугч ... регистрийн дугаартай, З.Д би /бэлэглэгч/, ... дугаар багт оршин суугч ... дугаартай иргэний үнэмлэхтэй, ... регистрийн дугаартай, М.Г /бэлэг хүлээн авагч/ нар харилцан тохиролцож, бэлэглэгч Д, бэлэг хүлээн авагч М.Г-д өөрийг өмчлөлийн 1 өрөө бүхий 16 м.кв үйлчилгээний зориулалттай байрыг үнэ төлбөргүй бэлэглэж, М.Г нь З.Д-ээс бэлэглэлээр хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас бэлэг хүлээн авагч М.Г-д хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэглэгчийн эзэмших, захиран зарцуулах, эрх дуусгавар болж, уг эрх бэлэг хүлээн авагчид бүрэн шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж, бэлэглэгч, бэлэг хүлээн авагч нар гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
2005 оны 09 дугаар сарын 05-ны өдөр олгосон ..... дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр М.Г, нэг хүний өмч /Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 16 м.кв талбайтай, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Г нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасан үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч байна.
Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 24 дугаартай албан бичигт ... Тус газарт үйлчилгээтэй амины орон сууцны өргөтгөл барихад “Барилгын тухай хууль” болон Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-д зааснаар манай байгууллагаас зөвшөөрөл аваагүй бөгөөд ашиглалтад оруулах комиссын акт гараагүй болно. “Барилгын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдахгүй байх гэсэн заалтыг зөрчиж, таны үйлчилгээ явуулдаг өрөөнд байгалийн гэрэлтүүлэг тусах боломж хязгаарлагдан уг барилгын өргөтгөл баригдсан болохыг үзлэг шалгалтаар тогтоов гэсэн байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 04/56 дугаартай дүгнэлтэд барилгын төлөв байдалд үзлэг шалгалт хийхэд 1. Иргэн Х.Х 2 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын 2006 оны өргөтгөлийн барилга нь 2006 оны 8 сарын 16-ний өдрийн аймгийн Засаг даргын ... тоот өргөтгөл барих 288 м кв талбай газрыг эзэмшүүлэх тухай захирамж гарсан байна. 2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэж, нэгж талбарын ... дугаар бүхий 0,1260 га газрыг 50 жилийн хугацаатай аж ахуйн хэрэглээний зориулалтаар эзэмшүүлэхээр ... дугаартай гэрчилгээ олгосон байна. 3. Барилгын угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх 2006 оны 8 дугаар сарын 29 өдөр олгосон зөвшөөрлийн дагуу батлагдсан зураг төслөөр баригдаж 2006 оны 12 сарын 30 өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн байна. 4. Иргэн Х.Х 2016 онд дахин амины орон сууцны өргөтгөлийн ажлыг хийсэн бөгөөд тухайн үед барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй ба ашиглалтад оруулах комиссын акт гаргаагүй, иргэн М.Г-ын үйлчилгээний төвийн барилгын цонхыг хааж 1м зайтай өргөтгөлийн ажил явуулсан байна. Дүгнэлт нь 1. Иргэн Х.Х нь “Барилгын тухай хууль”-ийн 14.4.4-т заасан зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Дээрх гомдлоо зохих хууль журмын дагуу шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлтийг гаргасан байна.
Хариуцагч Х.Х-ын хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2004 оны 12 сарын 24-ний өдрийн ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “А” ХХКомпани Х.Х-д Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэж, нэгж талбарын ... дугаар бүхий 0,1260 м кв газрыг 50 жилийн хугацаатай аж ахуйн хэрэгцээний зориулалтаар,
2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Х.Х-д Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ... дугаар бүхий 615 м.кв газрыг 41 жилийн хугацаатай Өлгий сумын ... дугаар баг, 2 давхар дэлгүүрийн баруун талд үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлсэн байна.
2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Х.Х, Т.М хоёр иргэний өмч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт байршилтай үйлчилгээ амины сууцны зориулалттай 2 дугаар давхарт 232 м.кв, амины сууц 1 дүгээр давхарт 110 м.кв талбай дэлгүүр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журмын дагуу захиалагч Х.Х нь 2006 оны 08 сарын 08-ний өдөр өргөдөл гаргасан байх ба энэхүү өргөдөлд 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх зөвшөөрөл олгоно уу” гэж, 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Ө дугаартай Барилгын угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу “А” ХХК-ны худалдааны төвийн өргөтгөлийн шинэ барилгын ажлыг гүйцэтгэх, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 4/дөрөв/ сар, мөн 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэх дугааргүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад; С худалдааны төв болон 2 давхар хувийн орон сууцны барилга байгууламжийг шинэчлэлтээр барьж, хугацаа 2006.12.05 дууссан ба С худалдааны төвийн барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг шалгаад ашиглалтад оруулах улсын комиссоос шийдвэрээр энэхүү барилга байгууламж нь зураг төсвийн дагуу бүрэн хийгдэж үйлчилгээний зориулалтаар ашиглахад хангалттай гэж үзээд захиалагч байгууллага болох С худалдааны төвийн мэдэлд 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглалт явуулахыг зөвшөөрснөөр ашиглалтад оруулсан байна.
Дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулсны дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн 615 м.кв газрыг 41 жилийн хугацаатай үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр Х.Х-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Х нь 2007 оны 01 сарын 01-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын шийдвэрээр С худалдааны төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулж үйл ажиллагаа явуулсны дараа 2016 онд барилга байгууламжийн өргөтгөлийг барьсан ба энэхүү барилга байгууламжийн өргөтгөлийг хариуцагч Х.Х нь өмчилж, авч байсан талаар ямар нэгэн нотлох баримтгүй байна.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар Х.Х нь 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг барих талаар хуулийн дагуу ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байх ба мөн дээрх хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Гүлман Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 16 м.кв талбайтай, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлсэн байна.
Нэхэмжлэгч М.Г нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга нарт холбогдох, “Х.Х, Т.Т нарт үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хууль бусаар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжийн холбогдох хэсэг, аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгуулах, миний үл хөдлөх хөрөнгийн доорх 16 м.кв газрыг эзэмшилд олгуулах шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Г нь шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж, шүүхэд энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь ... хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан нөхцөлд аймгийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгөх”, мөн хуулийн 56.5-д ...”зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэнд ...” газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухай иргэн газар чөлөөлөх үүрэгтэй юм.
Хариуцагч Х.Х нь Өлгий сумын ... дугаар багт байршилтай 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилга байгууламж барьж ашиглах явцдаа Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэжээ.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т зааснаар хариуцагч Х.Х нь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч М.Г-ын эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байх ба энэхүү үүргээ Х.Х нь зөрчсөн, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т зааснаар Х.Х нь өөрийн эд хөрөнгөө ашиглахдаа саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заасныг зөрчиж М.Г-ын өмчлөлийн дэлгүүрийн цонхыг хааж барилга байгууламж барьсан байна.
Иргэний хуулийн Ө дугаар зүйлийн Ө.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан учир хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч М.Г нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй 2016 онд баригдсан өргөтгөлийн барилгаас болж эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж холбогдох байгууллагад гомдол гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч М.Г-ын Өлгий сумын ... дугаар багт 2 давхар дэлгүүрийн 1 өрөө байр бүхий 16 м,кв өмчлөл бүхий дэлгүүрийн цонхыг хааж барьсан хариуцагч Х.Х-ын 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дүгээр зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Х-ын Өлгий сумын ... дугаар багт байршилтай 2 давхар үйлчилгээтэй, амины орон сууцны барилгын өргөтгөлийг албадан нүүлгэсүгэй.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН