Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Си***” ХХК /РД: *****/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Т**** /РД: *****/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г**** /РД: ****/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Г**** /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: ****/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн мэргэжилтэн З.М****

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.С**** нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*****,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Си*****” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/411 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

2. “Си****” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан ба Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/411 дүгээр захирамжаар “Си” ХХК-ийн эзэмшиж буй газрыг шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвасын дотор гэр орон, сууц барилга байгууламж барих, шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр уг газрын эрхийг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүргүүлсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2630 дугаар албан бичгийг гардан авч, улмаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр холбогдох байгууллагад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/6105 дугаар албан бичгээр “газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй” гэсэн хариуг авснаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ханджээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч компани нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181 дүгээр захирамжаар үйлчилгээтэй орон сууц барихаар 2 га газрыг эзэмшсэн ба тухайн үед нь 2008 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Зайсан орчмын газрын хот байгуулалттай холбогдсон төлөвлөгөөг баталсантай холбогдуулан хүсэлт тавьж авсан. 2010 оноос үйл ажиллагаа явуулж байснаас хойш 2016 оны сонгуулийн дараа урд талын байрлал өөрчлөгдсөний улмаас зориулалтыг өөрчилсөн. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин шийдвэр гаргаж 15 жилийн хугацаагаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон.

Улмаар 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шинэчилсэн гэрчилгээ гаргаж өгөөд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан. 2018-2019 онуудад ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар 3 удаа оруулсан боловч тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга, Ерөнхий төлөвлөгөөний дарга өөрчлөгдсөн зэрэг холбогдох нөхцөл байдлын улмаас хойшлогдсоор байгаад 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хурлаар орж манай 2 га газраас Туул голын онцгой хамгаалалтын бүс, цахилгааны шугамын трасс, ногоон байгууламж зэрэгт хамаарахгүй болох 0,6 га газарт барилга барих зөвшөөрлийг олгож, архитектур төлөвлөлтийн даалгаврыг 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан. Ерөнхий төлөвлөгөөний газрын хурлаар батлагдсаны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 18-нд Нийслэлийн ерөнхий архитектур болон Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаас батлагдсан ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийн дагуу хүсэлтээ тавин Эрчим хүчний удирдах газар, Мэдээлэл холбоо сүлжээний газар, Ус сувгийн удирдах газар, Дулааны шугам сүлжээний газруудаас барилга барих зөвшөөрөл авдаг. Түүний дагуу хүсэлтээ өгчихсөн байсан. Гэтэл 2021 оны 06 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамж гарч тухайн газарт миний ойлгож байгаагаар зам барихтай холбогдуулан ойр хавийн газруудыг зөвшөөрлийг цуцлахтай хамт манай зөвшөөрлийг хамт цуцалсан. 2010 оноос хойш 2 га газрын төлбөрийг хууль ёсны дагуу төлж ирсэн. Дуудлага худалдааны төлбөрийг төлж дээрээс нь Номин Холдинг болон Стандарт групптэй хамтран араар явж байгаа цахилгааны шугам, дулааны шугам гэх зэрэгт 1,6 тэрбум төгрөгийн гэрээ хийгээд шилжүүлчихсэн. Улс төрийн нөхцөл байдлаас болж энэ нөхцөл байдал хойшлоод байсан болохоос яг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил хойшлоод байсан зүйл байхгүй. Ажил эхлэхэд заавал техникийн зүйлсээ авч байж дараа нь ажил эхлэх ёстой байдаг” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02 өдрийн А/411 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д заасныг үндэслэн гарсан. Хариуцагчийн зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д заасантай маргахгүй гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. 2 га газар анх олгогдсон, холбогдох хууль тогтоомж зөрчиж байна гэх үндэслэлээр 1,4 га газрыг улс буцаан авсан, нэхэмжлэгчийн зүгээс мөн буцааж өгсөн. 0,6 га газар дээрээ үйл ажиллагаа явуулах гээд эрх бүхий байгууллагуудад хандаад явж байна. Энэ талаар баримт, тайлбар хавтаст хэрэгт авагдсан. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийг үгүйсгэж байна. Үүнд бид газрын төлбөрийг, дуудлага худалдааны анхны үнэ төлсөн хөрөнгө оруулалтыг хийгээд явж байсан. Мөн холбогдох Ерөнхий төлөвлөгөөний газраас шийдвэрүүдийг гаргаад явж байжээ. Хариуцагчтай хийсэн газар эзэмших гэрээ байгаа. Газар эзэмших гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч нар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан. Үүнийг тусгайлан тэмдэглэлд тусгуулмаар байна. Энэ 2 жилийн хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусах ёстой байсан. Тэгэхээр газар эзэмших гэрээний хугацаа дуусаагүй, 2 жил газраа ашиглаагүй гэх шалтгаан үгүйсгэгдэнэ. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ хийчхээд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн зүгээс А/411 дүгээр захирамжийг гаргасан. Өнөөдөр шүүх хуралдаан болж байгаа хугацаа 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байна. Өнөөдрийг хүртэл тухайн гэрээний хугацаа дуусаагүй байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэж захирамж гаргасан нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/411 дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/797 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон “Си****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийн гол агуулга нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тайлбарласан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт буюу 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг хэрхэн тогтоосон талаар тайлбарлавал, Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь газраа бодитоор ашигласан байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан хяналт шалгалтыг хийгээгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь эсрэгээрээ буюу тухайн хяналт шалгалтыг хийсний үндсэн дээр маргаан бүхий захиргааны акт гарсан. Нийслэлийн Засаг дарга нь өөрийн биеэр болон холбогдох харьяа агентлаг буюу Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг бусад байгууллагуудтай хамт тухайн маргаан бүхий газарт нь очсон. Тухайн газар нь бүхэлдээ ойн бүс болсонтой холбоотойгоор иргэдээс гомдол ирсэн тул газар дээр нь очсон. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу “Си****” ХХК-аас гадна нийт 20 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан. Учир нь тухайн газарт газар эзэмшсэн зарим аж ахуйн нэгжүүд нь тухайн газрын бургасыг сүйтгэж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд агаар цэвэршүүлж буй ногоон байгууламж болох Туул гол орчмын бургас, бутыг тайрсан. Сонсох ажиллагаагаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасан ойн сан бүхий газар, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт буюу нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гарсан. Хоёрдугаарт нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт юм. “Си****” ХХК нь 2017 оноос хойш хотын ерөнхий төлөвлөгөөнд газраа ашиглах болон барилгаа барихын тулд удаа дараа хүсэлтээ өгч байсан талаараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тайлбартаа дурдсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2017 оноос хойш газар эзэмших эрхтэй байсан гэдгээ мэдсэн. Давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон асуудал тухайн газарт байгаагүй буюу ой мод, бургас нь хэвээрээ байна. Дээд шүүхийн тайлбарын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг нь тухайн газартаа бодитойгоор барилга, байгууламж барьсан байхыг шаарддаг. Барилга, байгууламж барих, үйлдвэр үйлчилгээ явуулаагүй гэдгээ нэхэмжлэгч тал өөрсдөө тайлбарласан. Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдааны явцад гаргаж буй тайлбараараа 2 жил газраа ашиглаагүй гэдгээ дэмжиж байна. Эсэргүүцэж байгаа нэг зүйл нь бид нар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа хандсан гэж байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтын хувьд Хот байгуулалт, хөгжлийн газраас ирсэн даалгаврын дагуу нотлох баримт шинжлэн судалсан. Түүний 2, 3 дахь заалтаас үзвэл эрчим хүчний шугам сүлжээ давхацсан байх тул эс зөвшөөрсөн гэсэн хариуг эхний удаад өгсөн гэдэг нь харагдаж байна. Уг баримтаар нэхэмжлэгчийн газар нь шугам сүлжээтэй давхцалтай гэдэг нь нотлогдож байна. Мөн хавтас хэрэгт авагдсан зургаас үзвэл давхцалтай нь харагдаж байна. Маргаан бүхий захирамж яагаад гарах болсныг буюу гол зорилгыг харгалзан авч үзнэ үү гэсэн хүсэлттэй байна. Нийтэд илэрхий баримт буюу нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэдийн гомдол ирсний дагуу маргаан бүхий захирамж гарсан. Энэ нь Улаанбаатар хотын нийт иргэдийн төлөө эко цэвэр орчин, агаарыг цэвэршүүлж байгаа эрүүл орчныг хамгаалж үлдэхийн тулд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн зөвхөн “Си*****” ХХК-ийн бус, өөр 20 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болсон. Үүнтэй холбоотойгоор эхнээсээ шүүхийн шийдвэрүүд гарч эхэлсэн. Тус шийдвэрүүд нь төрийн захиргааны байгууллагыг дэмжиж байгаа. Нийтийн эрх ашгийг харгалзан үзэж, маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7. “Си****” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

8. Үйл баримтын тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо /хуучнаар 17 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 481, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/523, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжаар үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай 2 га газрыг эзэмшиж ирсэн, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт орж 19984,0 м.кв болсон, тухай бүр газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдаж, гэрээ нь дүгнэгдэж байсан, түүнчлэн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гарч байжээ.

9. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжийг хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 19984,0  м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны 01122-2017/0063 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан ба нэгж талбарын ******** дугаар олгогдож, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна.

10. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 3/2242 дугаар албан бичигт “2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн архивын мэдээлэлд анх “Си****8” ХХК /РД*******/-ийн нэр дээр нэгж талбарын ******** дугаар бүхий 20000 м.кв талбайтайгаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн, Газрын кадастрын мэдээллийн санг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлсэнтэй холбоотойгоор газрын мэдээллийн санд нэгж талбарын ******* дугаар бүхий 19984 м.кв талбайтай болж өөрчлөгдсөн ба 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай давхцалгүй бүртгэгдсэн” гэсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

11. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/411 дүгээр захирамжаар “...“*****” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэсэн ба уг захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх”,  4.1.4. “Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 20 дугаар зүйлийн 20.2.2. “Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 39 дүгээр зүйлийн 39.1.4. “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.6. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж  заасныг тус тус үндэслэн гарчээ.

12. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг маргаан бүхий захиргааны актаар нэрлэж, Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан үндэслэлээр маргасныг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнээд уг захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх дүгнэж байна.

13. Яагаад гэвэл, захирамжид хамгийн гол үндэслэл болгож буй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Харин “...зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно...” гэж заасан ба маргаан бүхий энэ тохиолдолд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргаж, газар эзэмшүүлэх гэрээний нэг тал болох захиргааны байгууллага нь газар эзэмших гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн бүтэн хоёр жил өнгөрөөгүй байхад маргаан бүхий захирамж гаргасан нь хуульчилсан хугацааг үндэслээгүй буруутай байна, энэ байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, дээрх хуулийн заалтыг тайлбарласан тайлбарт нийцээгүй байна.

14. Түүнчлэн энэ тохиолдолд нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх гэрээг хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу, үгүй юу гэдгийг тогтоосон нөхцөл байдал байхгүй байна. Зүй нь хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлж, газар эзэмшигчид хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдлууд байгаагүй гэдгийг баримтаар тогтоох байжээ.

15. Харин “Си****” ХХК эзэмших эрх бүхий газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахаар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/17-045 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, “Аридун гарден” үйлчилгээний орон сууцны цогцолбор хотхоны зураг төсөл боловсруулан ажиллаж байсан зэрэг нь хэрэгт авагдсан дээрх баримтууд нотлогдож байна.

16. Мөн маргаан бүхий захирамжид дурдсан Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч “Си****” ХХК зөрчөөгүй болох нь У**** ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/340 дүгээр албан бичгээр, түүнчлэн Цахилгаан дамжуулах Ү**** ТӨХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/302 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна.

17. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь эзэмших эрх бүхий газраа үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар ашиглахаар Барилгын тухай хуульд заасан барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зураг төсөл зэрэг баримт бичгийг батлуулан ажиллаж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулсан тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм.

18. Иймд хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан байна.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан иргэн “Си****” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/411 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс у