Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00072

 

ХААДСгийн ажлын албаны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00709 дүгээр шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00030 дугаар магадлалтай,

ХААДСгийн ажлын албаны нэхэмжлэлтэй

П.Пд холбогдох  

3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь хариуцагч П.Пд холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00709 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч П.Пэс 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай ХААДСгийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00030 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00709 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие Н.Б би ХААДСгийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, мөн хариуцагч хөөн хэлэлцэх хугацаагаар маргаан гаргаагүй байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.

Хариуцагчийн талд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзсэн боловч нэхэмжлэгчийн талд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн, 317 дугаар зүйлийн 317.1-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэх хуулийн заалт, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр заалт, дэлхий нийтийг хамарсан цар тахал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан авч үзэхгүй зөвхөн хариуцагчид илтэд давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.04.13-ны өдрийн 001ШХТ2023/000399 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

7. Нэхэмжлэгч ХААДСгийн Ажлын алба нь хариуцагч П.Пд холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд төлөхөөр тохиролцож, 2012.08.02-ны өдрийн 1360 дугаартай гэрээ байгуулан авсан. ... өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй ... 2022.08.25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг болсон ... гэрээний 3.3, ... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож алданги 1,250,000 төгрөг, ... нийт 3,750,000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч П.П нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “2012 онд Хүнс хөдөө аж ахуйн сайд н.Бадамжунай Архангай аймагт ирээд “... бага оврын тракторыг та нар 2,500,000 төгрөгийг бэлэн төл, үлдсэн 2,500,000 төгрөгийг төрөөс хөнгөлж байгаа” гэж хэлсэн. ... би 2,500,000 төгрөг төлөөд трактор авсан, 2,500,000 төгрөгийг төрөөс өгч байгаа гэж ойлгосон. ... 2,500,000 төгрөгийг дараа төлнө гэсэн зүйл хэлээгүй, төрөөс өгч байгаа гэж бодсон.” гэж тайлбарласан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, талсалдсан нөхцөл байдлыг нотлох баримтаар нотлоогүй. ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2012.08.02-ны өдөр байгуулсан 1360 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хариуцагч П.Пэс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2017.12.31-ний өдөр эхэлж 2020.12.31-ний өдөр дууссан, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх “... гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээр нэхэмжлэгч талд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байгаа тул шүүх Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасныг харгалзаж үзэх шаардлагагүй юм. ...” гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх адил агуулгатай дүгнэлт хийжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн мэтгэлцэхдээ энэ үндэслэлээр маргаагүй, ийм агуулга бүхий тайлбар гаргаагүй байх ба зохигчид энэ талаар мэтгэлцээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэж татгалзах эсэх нь үүрэг гүйцэтгэгчийн эрх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад мэтгэлцээгүй асуудлаар шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

12. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтэрсэн эсэх, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу хугацаа сэргээх боломжтой эсэх талаар мэтгэлцэх, баримт бүрдүүлэх шаардлага үүснэ. Энэ асуудлаар зохигч харилцан мэтгэлцээн өрнүүлж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийгдэх нь зүйтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд үндэслэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй.  

13. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэхийг тогтоохын тулд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх учиртай. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн хэдий ч энэ дүгнэлтэд хүрэхэд шаардлагатай үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, үндэслэл тодорхойгүй байна.

Тодруулбал, хариуцагч П.П нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас трактор хүлээн авсан боловч үлдэгдэл төлбөрийг гуравдагч этгээдээс төлөхөөр зарласан, энэ талаар нийтийг хамарсан адил ойлголт төрсөн тухай тайлбарласан байх ба анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ байгуулсан, хариуцагч үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэжээ. Хариуцагч тракторыг хүлээн авсан, 2,500,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг тайлбартаа дурдсан боловч үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөх тухай талуудын хооронд байгуулсан гэх бичгэн гэрээнд гарын үсэг зураагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “... гэрээ байгуулсан, .... 2,500,000 төгрөгийг төлж, тракторыг хүлээн авсан” гэж тайлбарлахдаа ямар төрлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгааг тодруулах шаардлагатай. 

Гэрээний зүйл болох бага оврын трактор нь хариуцагч П.Пд хэний эзэмшлээс хэрхэн шилжиж ирсэн, зохигч талуудын хооронд хэдэн төгрөгөөр трактор шилжүүлэн авах тохиролцоо хийгдсэн нь тодорхойгүй байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан Д.Пд өөрийн өмчлөлийн тракторыг худалдсан, эсхүл худалдагч-гуравдагч этгээдээс шууд шилжүүлж, урьдчилгаа төлбөрийг өөртөө хүлээн авсан эсэх, хариу төлбөрийн тухайд сум орон нутгийн хүмүүст нийтлэг ойлголт төрөх болсон шалтгаан, эрх зүйн үр дагаврыг тодорхойлж шүүхээс үйл баримт бүрээр дүгнэлт өгөх нь зүйтэй. Ингэснээр зохигчийн хооронд худалдах-худалдан авах, зээлээр худалдах-худалдан авах, түрээс, санхүүгийн түрээсийн аль харилцаа үүссэнийг зөв тодорхойлох ач холбогдолтой. Маргаантай эрх зүйн харилцааг зөв тогтоох нь хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх, дуусгавар болсон, тасалдсан эсэх талаар дүгнэлт өгөх, сэргээх эсэхийг зөв шийдвэрлэх урьдач нөхцөл болно.

 Иймд дээрх байдлаар маргааны зүйлд ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00709 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00030 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

                          

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД