| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2021/0307/И |
| Дугаар | 130/ШШ2021/00307 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2021/00307
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газар /ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух, Б овогт Х.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух, Ж овогт А.Е нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, хариуцагч А.Е, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 1000000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.С нь Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2 сая төгрөгийг Төрийн банк дахь өөрийн дугаартай хувийн харилцах дансандаа регистрийн дугаараар бүртгүүлэн авсан байна. Хариуцагч нь “Уг 3 сая төгрөгийг 3 жилийн хугацаагаар 3 жилийн хугацаагаар газар тариалангийн зориулалтаар авсан. Хоёр дахь жилээс нь хуваарийн дагуу төлж байсан. Нийт 1340 000 төгрөгийг эргэн төлж одоо 1660 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Одоо цар тахлын үед шууд төлөх боломжгүй боломжийн хэмжээгээр 2021 оны туршид төлж барагдуулна” гэж тайлбарласан байна. Зээлийн үлдэгдлийг зохих хугацаанд нь төлөөгүй учраас иргэн Х.С /А.Е/ Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн 1967500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн Өлгий сумын Засаг даргын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төр хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Тус аймгийн Прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж өөрийн санаачилгаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор А.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3 сая төгрөгийн зээл авсан Х.С-аас тухайн зээлийн эргэн төлөлтийн 1 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоно. Нэхэмжлэлийн шаардлага 1 сая төгрөг гаргуулах саналтай байгаа гэдгээ хэлье. Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн асуудлыг хариуцагч талаас тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Х.С, А.Е нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Х.С, А.Е бид Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Бид 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ээр 3 сая төгрөгийг 24 сарын хугацаатай авсан нь үнэн. Үүнээс 1340000 төгрөгийг эргэж төлсөн. Мөн шүүхээс нэхэмжлэлийн хувийг хүлээн авсны дараа 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 660 000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хууль хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж өгсөн. Гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дууссан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өнгөрсөн байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс үлдсэн 1307500 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1967500 төгрөг нэхэмжлэхээр дурджээ. Бид 3 сая төгрөгийн зээл авсан байхад 307500 төгрөгийг ямар журмаар нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн зээлийг 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний ах миний нэр дээр авсан. Тухайн үед миний ах тэр авсан зээлийг өөрсдөө төлнө гэсэн. Би хэдэн төгрөг үлдсэн, хэдэн төгрөг төлсөн талаар мэдэхгүй байна. Би нэхэмжлээд байгаа 1 сая төгрөгийг төлөхгүй гэв.
Хариуцагч А.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 3 сая төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар би А.Е авсан. Тухайн үед яагаад Х.С-ийн нэр дээр гэрээ хийсэн бэ гэхээр энэ зээл нь газар тариалангийн зориулалттай зээл байсан. Би өөрөө нийтийн орон сууцанд амьдардаг. Ногоо тарих газар маань миний төрсөн дүү А.Б, эхнэр Х.С нарын хашаа байсан. Зуны улиралд тэр хашаанд бид нар хамтарч амьдардаг. Тиймээс Х.С-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Гэхдээ зээлээр авсан 3 сая төгрөгийг би өөрөө бүрэн зарцуулсан. Миний төрсөн дүү болон түүний эхнэр Х.С нар ямар ч холбогдолгүй. Х.С тус зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, зээлийг хугацаандаа би өөрөө төлөхөөр харилцан тохиролцоод авсан. Тэр хугацаанд гэрээний дагуу би зээлээ төлж байсан. Тухайн үед Х.С-д зүгээр мэдэгдсэн, дараа нь хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсны дараа мэдсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод би хувьдаа зээл авсан учраас би хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг хэлье. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 1340000 төгрөгийг хуваарийн дагуу төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дууссан тул Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байна. Энэ нь Иргэний тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан. Энэ хуулийн заалтын дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байна. Уг гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дууссанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрөхөд Өлгий сумын зээлийн гэрээ байгуулсан хүмүүс зээлээ төл гэсэн ямар нэгэн шаардлага тавиагүй. Зээлийн эргэн төлөлтийн талаар ямар нэгэн бичиг ирүүлж байгаагүй. 2021 он гарах үед Прокурорын газраас намайг дуудаад зээл төлөх ёстой гэдгийг мэдэгдсэн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжилж байгаа 1 сая төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Тиймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж, хариуцагч Х.С, А.Е нараас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 1967500 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн боловч шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн үлдэгдэл 1000000 төгрөгийг хариуцагч Х.С-аас гаргуулахыг хүссэн болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангажшийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Х.С, А.Е нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг нэхэмжлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Хариуцагч Х.Е шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр зээлдэгч Х.С, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Б нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 3000000 төгрөгний зээл авсан нь уг зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хоёрдугаар хавсралт болох барьцааны гэрээ, Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн зарлагын дэлгэрэнгүй тайлангийн хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг Өлгий сумын Засаг дарга нь зээлдэгч Х.С, А.Б нартай зээлийн гэрээ байгуулж, газар тариалангийн зориулалтаар, жилийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 3000000 төгрөгийг олгосон болох нь тогтоогдсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаарджээ.
Мөн хариуцагч Х.С нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл 3000000 төгрөгийг газар тариалангийн зориулалтааравч 1340000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 660000 төгрөгийг төлсөн, үлдсэн 1307500 төгрөгийг төлж өгөх боломжгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй тайлбарлажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоол болон 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ыг баталсан ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах Сум хөгжүүлэх сан-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.
Мөн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-д зааснаар сумын Засаг дарга нь санд ирүүлсэн орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгод нийцсэн төсөлд зээл олгох шийдвэр гаргаж, төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.
Дээрх Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын дагуу хариуцагч Х.С сум хөгжүүлэх сангаас газар тариалангийн зориулалтаарзээл авахад холбогдох төсөл бусад баримтуудыг тухайн үед бүрдүүлж өгсөн эсэх нь хөдлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.С-ийн дансанд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас төрийн сангийн дансаар дамжуулан 3000000 төгрөгийг шилжүүлснээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сан болон Х.С нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч талаас урьд өмнө зээлийг буцаан төлөхийг шаардаж байсан тухай нотлох баримт байхгүй боловч хариуцагч Х.С сум хөгжүүлэх сангаас авсан 3000000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчимтай болно.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч Х.С, А.Е нар нь гэрээний үүргээс татгалзаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.С нь нэхэмжлэлийн шаардлагаас 660,000 /зургаан зуун мянган/ төгрөгийг төлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзлээ.
Харин хариуцагч Х.С-ийн дансанд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас төрийн сангийн дансаар дамжуулан 3000000 төгрөгийг шилжүүлснээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан байх тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Х.С нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Х.С-аас үлдэгдэл 1000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага тул энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 28550 төгрөгийг хариуцагч Х.С-аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогт Х.С-аас зээлийн үлдэгдэл мөнгө 1000000 (нэг сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож, хамтран хариуцагч Ж овогт А.Е-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.С-аас 28550 (хорин найман мянга таван зуун тавин) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН