Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2021/00308

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дугаар багт оршин суух, Т овогт З.Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... багийн их эмчийн салбар /эрхлэгч Б.Б/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ш, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С, орчуулагч Е.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарт гэрээт галчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд томилуулах тухай.

Нэхэмжлэгч З.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Ш би Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарт 2013 оноос эхлэн 2016 он хүртэл галчаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн билээ. Гэтэл намайг ажлаас чөлөөлөх үед ямар нэгэн тушаал шийдвэр өгөхгүйгээр хохироож, ажлаас халагдсаны тэтгэмж хүртэл авч чадаагүй. Би эрхлэгчид хэлэх бүрд чамайг ажилд буцаагаад авна гэдэг байсан. Гэхдээ ажилдаа аваагүй байсаар байгаад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэрээт галчаар томилон ... дүгээр тушаал гаргасан юм. Гэвч ажил олгогчоос надтай хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй ажлыг маань хүлээлцүүлж өгөхгүй байна. Иймд З.Ш надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Ш шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2008 онд Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарт нөхөөсөөр 6 сар ажиллаж байсан. Дараа нь 2012 онд өндөр насны тэтгэвэрт гарсан 1 хүний оронд галчаар ажилд орсон. Тэр ажлын байранд 4 жил ажиллаж байгаад 2016 онд ажлаас гарсан. Би 5 хүүхэдтэй хүн. Ажлаас гарсны дараагаар ч гэсэн түргэнд 2 сар гэх мэтчилэн нөхөөсөөр ажиллаж байсан. Дараа нь 2021 онд тушаал гаргаж, гэрээ байгуулж ажилд авсан. Ажиллаад 1 сар болж байна. Гэтэл ажил олгогч тамга байхгүй гэсэн шалтгаанаар миний цалин гарахгүй байгаа. Надтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсныг хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсэж байна. Тухайн үед тушаал гараад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарын эрхлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... их эмчийн салбарын эрхлэгч Б.Б би нэхэмжлэгч З.Ш-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. З.Ш нь урьд тус эмнэлэгт 2013-2016 онд галчаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн хүн юм. Гэхдээ З.Ш нь надад өнгөрсөн хугацаанд удаа дараа хандаж амьдрал ахуй муу байна ямар нэгэн байдлаар ажилтай болгож өгөхийг хүсэж хүсэлт гаргаж байсан. 2021 онд тус эмнэлгийн төсөвт бололцоо гарсан тул Б.Б би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тушаал гарган З.Ш тус эмнэлэгт галчийн гэрээт ажилтнаар ажиллуулахаар томилсон юм. Гэвч тус эмнэлгийн тэмдэг нь олон жил хэрэглэсэн учраас маш их хуучирч албаны ажилд хэрэглэх боломжгүй байгаа. Иймээс 2020 оноос эхлэн ... хүн эмнэлгийн салбарын албаны ажилд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Эрүүл мэндийн төвийн тэмдгийг түр хэрэглэж байгаа. Ингээд З.Ш-г ажилд авсан тушаал гарган өмнөх уламжлал ёсоор тэмдэг даруулах буюу тушаалыг баталгаажуулахаар Улаанхус сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.М-тай очиж уулзахад тэрээр татгалзсан хариу өгсөн. Энэ хооронд З.Ш намайг шүүхэд өгчээ. Иймд З.Ш-г ажилд авсан тушаалд байгууллагын тэмдэг дарагдаагүй харьяалах дээд шатны байгууллага Улаанхус сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.М зөвшөөрөхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.Ш урьд нь тухайн эмнэлэгт 2013-аас 2016 онд галчаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн хүн. Тэрнээс хойш 5 жил болж байгаа. Энэ хугацаанд 5 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, өөрөө өмнө нь энэ байгууллагад ажиллаж байсан, нөхөөсөөр байгууллагад ажилладаг гэсэн утгаар ажил орох тухай хүсэлт удаа дараа гаргаж байсан. Их эмчийн салбарын эрхлэгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж З.Ш-г гэрээт галчнаар ажиллуулах тушаал гаргасан. Энэ эмнэлэгт зовлонтой асуудал нь Улаанхус сумын Эрүүл мэндийн төвийн тэмдгийг түр хэрэглэдэг. Төсөв нь хүртэл Улаанхус сумын Эрүүл мэндийн төвд ирээд  тэндээс хуваарилагддаг. Албан ёсны өөрийн гэсэн гэрчилгээ байхгүй  байгууллага. Гэхдээ Б.Б нь өөрөө төсвийн шууд захирагч, нягтлан бодогч, 20-оод ажилтантай байгууллага байгаа. Нэгдүгээрт 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж ажиллаагүй ч гэсэн З.Ш-д цалин хөлс бодогдож эхэлсэн. Цалин хөлсний тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Энэ хугацаанд бодогдсон цалин хөлс олгоно гэж байгаа. Хоёрдугаарт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж цалинг хөдөлмөрийн доод хэмжээгээр 420000 төгрөгөөр тогтоосон. Тиймээс цалин хөлсний тал дээр асуудал гарахгүй гэж бодож байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа 3 дугаар сард цалин хөлсийг нь өгье гэж байгаа. Гуравдугаарт энэ З.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл байгуулсан хугацаатай гэрээ. Тухайн үед З.Ш өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тийм учраас тус гэрээнд тамга дарагдаагүй болохоос хүчин төгөлдөр, хэрэгжээд явж байгаа гэрээ байгаа. Нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь буруу, тус эмнэлгийн галчийн ажил нь байнгын ажлын байр, цаашлаад энэ гэрээний хугацаа сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмж тодруулж байна. Энэ гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах талаар аль нэг тал санаачилга гаргаагүй бол гэрээг сунгагдсанаар үйлчилнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол 4 сарын гэрээ. 2021 оны 5 дугаар сард гэрээний хугацаа дуусах үед аль нэг тал санаачилга гаргахгүй бол гэрээний хугацаа цаашлаад талуудын харилцан хүлээх үүргийн дагуу үргэлжлээд, сунгагдаад явах ёстой. Тийм учраас шүүхээс энэ гэрээг шууд сунгах байдлаар шийдвэр гаргах шаардлагагүй. Гэрээт галчийн ажил улирлын чанартай ажил гэдгийг З.Ш өөрөө мэдэж байгаачлан тухайн оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхэлж, 5 дугаар сарын 15-ны өдөр дуусдаг. Тийм учраас З.Ш бүрэн орон тоонд биш, гэрээт ажилтнаар ажиллаж байгаа. З.Ш-ийн амьдрал, аж ахуйн байдлыг нь харгалзан үзэж ажилд авсан. Тийм учраас гэрээний хугацаа сунгах, хууль бус гэрээ байсныг тогтоох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Одоог хүртэл 5 жилийн хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Тэмдэг дарагдаагүй асуудалд нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа байхгүй. Гэхдээ Б.Б гэдэг хүн санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурж тухайн Их эмчийн салбарыг төлөөлж байгаа хүн учраас хариуцагчаар татагдсан. Тийм учраас сая шүүх хуралдааны шатанд тодруулж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. З.Ш-д гэрээт ажилтнаар тушаал нь гарсан. З.Ш өөрөө 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллана гэж хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэн зурсан. Тийм учраас энэхүү гэрээний хугацааг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгах боломж байхгүй. Тухайн үед гэрээний хугацаа дуусах үед аль нэг тал санаачилга гаргаагүй бол гэрээ нь сунгагдсанаар үйлчлээд явна. Тэр үед тэмдгийн асуудал ч гэсэн шийдэгдэх байх. Тус эмнэлгийн галчийн ажлын байр бүр орон тооны биш, ердийн халаалтад холбогдсон барилгатай, 10 дугаар сараас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гал түлдэг. Зуны улиралд гал түлдэггүй. З.Ш-г амьдралыг байдлыг харгалзан үзэж ажилд авснаас хойш намайг бүр ажилд авсан тушаал гаргаж өг гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад бид нар харамсаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэрээт галчаар томилон 04 дүгээр тушаал гаргасан. Гэвч ажил олгогчоос надтай хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй, ажлыг маань хүлээлцүүлж өгөхгүй байна. Иймд З.Ш надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд томилуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч З.Ш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хэрэг хэлэлцэж эхлэхэд хариуцагч  Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарын эрхлэгчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Хариуцагч Улаанхус сумын ... багийн их эмчийн салбар нь ... 2021 онд тус эмнэлгийн төсөвт бололцоо гарсан тул Б.Б би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тушаал гарган З.Ш тус эмнэлэгт галчийн гэрээт ажилтнаар ажиллуулахаар томилсон юм. Гэвч тус эмнэлгийн тэмдэг нь олон жил хэрэглэсэн учраас маш их хуучирч албаны ажилд хэрэглэх боломжгүй байгаа. Тиймээс 2020 оноос эхлэн ... хүн эмнэлгийн салбарын албаны ажилд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Эрүүл мэндийн төвийн тэмдгийг түр хэрэглэж байгаа. Ингээд З.Ш-г ажилд авсан тушаал гарган өмнөх уламжлал ёсоор тэмдэг даруулах буюу тушаалыг баталгаажуулахаар Улаанхус сумын Эрүүл  мэндийн төвийн дарга З.Мтай очиж уулзахад тэрээр татгалзсан хариу өгсөн. Энэ хооронд З.Ш намайг шүүхэд өгчээ. Иймд З.Ш-г ажилд авсан тушаалд байгууллагын тэмдэг дарагдаагүй, харьяалах дээд шатны байгууллага Улаанхус сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.М зөвшөөрөхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарын эрхлэгч нь гэрээт галч З.Ш-тай харилцан тохиролцож, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, энэхүү хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тул нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ажил олгогч ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна гэж үзлээ.      

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймаг Улаанхус сумын ... их эмчийн салбарын эрхлэгчийн  2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Хөдөлмөрийн гэрээний 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн Эрүүл Мэнд, Спортын сайд, Сангийн Сайдын хамтарсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 498/345 дугаар хамтарсан тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн 1. Тус салбарт өмнө ажиллаж байсан нөхөөс З.Ш-г 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн гэрээт галчаар авч ажиллуулсугай. 2. Гэрээт галч нарын цалин “Бусдаар гүйцэтгүүлэх, бусад нийтлэг ажил үйлчилгээ” зардлын зүйл ангид тусгасан тул З.Ш-ийн цалинг зохих сүлжээ ёсоор 8 сараар тус зардлаас цалинжуулахыг ня-бо С.А-д зөвшөөрсүгэй гэсэн эрхийн акт гаргасан мөртлөө энэхүү эрхийн актад тэмдэг дарагдаагүй боловч энэхүү тушаалаар ажил олгогч ажилтан З.Шг гэрээт галчаар ажиллуулж, гэрээт галч З.Ш-тай хугацаатай  хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Эмнэлэг, сургуулиуд, сургуулийн дотуур байр болон бусад төсвийн байгууллагын халаалтын зуух, гал тогооны ажлыг орон тооны ажилчид гүйцэтгэж байгаа байгууллага уг ажлаа түрээсээр гүйцэтгүүлэх хэлбэрт шилжиж цалин, шимтгэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хөнгөлөлт, хоолны материал, цахилгаан эрчим хүч, түлш халаалт, төрийн өмч, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, чанар байдлын үнэлгээ, эзэмшин үйл ажиллагаа явуулах ажлын байр болон бусад зардлыг бараа, үйлчилгээ худалдан авах зардалд тусган санхүүжүүлнэ” гэж, 4.2.1-т “Эмнэлэг, сургууль, сургуулийн дотуур байр зэрэг төсвийн газрын халаалтын зуухны галч, механикч, слесарийг гэрээгээр ажиллуулах. Уг үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн зохион байгуулах ажлыг төсвийн ерөнхий менежер хариуцна” гэж тус тус заасны дагуу ажил олгогч ... их эмчийн салбарын эрхлэгч гэрээт галч З.Ш-тай Хөдөлмөрийн тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Улаанхус сумын ... их эмчийн салбарт гэрээт галчаар ажиллуулж байгаа нь зохигч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч ... их эмчийн салбарт гэрээт галчаар ажиллаж байгаа нь нотлогдож байх тул шүүхийн шийдвэрээр ажилд томилохыг даалгах шаардлагагүй гэж үзлээ. 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажилтан З.Ш-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг харахад Хөдөлмөрийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д заасан үндэслэлүүдийг гэрээгээр тохиролцож байгуулсан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байх тул дээрх хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуульд нийцээгүй байна гэж үзэх боломжгүй байна. .

Хөдөлмөрийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.3-т “ хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ш нь байнгын ажлын байранд ажиллаж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой гэж хариуцагч талтай мэтгэлцсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т  “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон гормын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно гэжээ.

Хариуцагч Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарын эрхлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар гэрээт галч З.Ш-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байх ба энэхүү үүргээ ажил олгогч биелүүлсэн байна гэж үзлээ.

Ажил олгогчийн ажилтан З.Ш-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан үндэслэл болон түүнд тавигдах шаардлагыг хангасан, хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарын эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн  гэрээг хугацаатай байгуулсан нь хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 128 дугаар зүйлийн 128.1.11 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ш-ийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... багийн их эмчийн салбарын эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн  гэрээг хугацаатай байгуулсан нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН