Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 24

 

         Б.О, Л.Р нарт холбогдох 

       эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                                   Прокурор                                                      С.Б

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Г.Э, С.П

                                  Шүүгдэгч                                                        Б.О, Л.Р

                                  Нарийн бичгийн дарга                                  М.Э нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.У, шүүгдэгч Б.О, Л.Р, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, С.П нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.О, Л.Р нарт холбогдох 1812006270045 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 21 хорооны 28-1311 Б тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай магадлалаар 7 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Л.Р

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Өвөр өвөлжөө гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овгийн Б.О

Шүүгдэгч Б.О, Л.Р нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Уяат гозгорын өвөр гэх газраас иргэн Д.Б-ийн 3 тооны сувай гүүг хулгайлж, 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.О нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн С.М-ийн 5 тоо тамгатай, буруу чих араасаа ухам имтэй алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ 3 хяргадастай, гуя нь дээрээ загасан тамгатай хонгор зүсмийн нас нийлсэн 2 морь, нум суман тамгатай, зөв чих онь, буруу чих араасаа ухам имтэй хүрэн зүсмийн нас нийлсэн 1 гүү,  нийт 3 тооны адуу хулгайлж, 2.300.000  төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр Дарштын пойл гэх газраас иргэн Б.Б-ын 2 тооны адууг хулгайлж, 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр Нурамт гэх газарт иргэн Ө.У-ын эзэмшлийн хундан зээрд зүсмийн 1 тооны морийг хулгайлж, иргэн Ө.У-т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Л.Р-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Л овогт Б.О-ийг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Л.Р-ийг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р-ийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Б.О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 тооны улаан хээр зүсмийн соёолон насны морины үнэ болох 700.000 төгрөгийг шүүгдэгч Б.О-ээс гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.О-ийн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсны хохиролд илүү төлсөн төлбөрийг хохирогч Ө.У-т илүү төлсөн 6.600.000 төгрөгийг хохирогч Ө.У-аас, хохирогч Б.Б-д илүү төлсөн 6.200.000 төгрөгийг хохирогч Б.Б-аас, хохирогч Д.Б-д илүү төлсөн 1.250.000 төгрөгийг хохирогч Д.Б-оос тус тус гаргуулан шүүгдэгч Б.О-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, шүүгдэгч Л.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, ногт 2 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Р, шүүгдэгч Б.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.У-ын гаргасан давж заалдах гомдолд: Б.О нарт холбогдох эрүүгийн 1812006270045 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч Ө.У би анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа учраас гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхээс намайг хохиролд авсан мөнгөнөөс буцаан олгохоор /Б.О-д/ заасан. Би хулгайд хөрөнгөө алдаж хохирсон болохоор төлбөр авсан. Түүнээс биш зүгээр байгаа хүнээс мөнгө аваагүй. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүгдэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдолд: Б.О намайг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие одоо 47 настай бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чинь санаасаа гэмшиж байдаг, бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулан хохирогч нарыг гомдолгүй болгосон, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, мөн ар гэрт эхнэр минь зүрхний өвчтэй, том хүү О.М-ы хөл нь 2 удаа хугарч, үүнээс болоод хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм сахиж байгаа зэрэг амьдралын хүнд нөхцөлүүдтэй байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй бөгөөд үйлдсэн хэргийнхээ алдааг ухамсарлан амьдарч чадахаа амлаж байна. Өмгөөлөгчийн хамт шүүх хуралд заавал оролцох хүсэлттэй байна гэжээ. 

Шүүгдэгч Л.Р-ийн гаргасан давж заалдах гомдолд: Шүүгдэгч Л.Р би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гардан аваад уг тогтоолд дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Л.Р би 2018 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө  Д.Б-ийн 3 тооны адууг хулгайлсан гэм буруутайд тооцогдсон. Анхан шатны шүүх намайг Б.О-тэй бүлэглэн дээрх 3 тооны адууг хулгайлсан гэж дүгнэсэнтэй маргах зүйлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн гэм буруугаа хүлээж байгаа. Миний бие энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа гэм буруутайд тооцогдож байгаа, хотод хөдөөг бодвол хийх ажил арай илүү олдоцтой учраас ажил амьдралын шаардлагаар одоо Улаанбаатар хотод 3 хүүхдийнхээ хамт амьдардаг, эхнэр маань биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хийх боломжгүй, нэг хүүтэйгээ хамт хөдөө амьдарч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан 8 сарын хорих ялыг өөрчилж, тэнсэж хянан харгалзах юм уу, эсхүл тухайн хуулийн тухайн зүйл хэсэгт байгаа нийтэд тустай ажил хийлгэх хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Цэнхэр сумын буйлан багт оршин суух Л овгийн Б.О-ийг бусадтай бүлэглэн олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.О нь бусдын мал хулгайлсан гэх үйлдэлдээ маргадаггүй бөгөөд олон тооны мал хулгайлсан гэж үзсэнд маргадаг хэдий ч гэм буруугийн шүүх хурлаар түүнийг бусдын олон тооны мал хулгайлсан гэж гэм буруутайд тооцоход үүнтэй маргахгүйгээр гэм буруугаа хүлээсэн. Нэгэнт гэм буруугаа хүлээж байгаа нөхцөлд Б.О-д ял хөнгөрүүлж оногдуулах нөхцөл байдал үүснэ. Өмгөөлөгч миний бие нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт  зааснаар ял хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг санал болгосон. Үүнийг хэрэглэхэд хуульд хориглосон заалтгүй гэж өмгөөлөгч миний бие үзсэн боловч шүүх хэрэглээгүй. Яагаад энэ зохицуулалтыг хэрэглэж болохгүй талаар үгүйсгэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй байгаа хэдий ч шүүхээс мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээгээгүй учраас хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж тайлбарласан. Энэ нь үндэслэлгүй тайлбар болсон. Гэм бурууг гагцхүү шүүх тогтооно. Шүүхээс тогтоосон гэм бурууг хүлээх эсэх нь шүүгдэгчийн эрх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн асуудлаа хэдийд ч хүлээж болох учир шүүх гэм буруутайд тооцсоны /олон тооны мал хулгайлсан/ дараа Б.О нь олон тооны мал хулгайлсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээгээгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Иймээс Б.О-ийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийнхээ хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байгаа тул хуульд нийцүүлэн Б.О-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан ялыг багасгаж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гардан авсан. Уг  шийтгэх тогтоолоор Б овогт Л.Р-ийг бүлэглэж, бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Л.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хотонт сумын Хөөвөр багийн Уяат гозгорын өвөр гэх газраас иргэн Д.Б-ийн 3 тооны сувай гүүг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй, уг адууны хохирлыг Б.О-ээр дамжуулж өгсөн талаар мэдүүлдэг. Л.Р нь энэ төрлийн гэмт хэргийг анх удаагаа үйлдсэн, үйлдсэн хэргийг зүйлчилсэн зүйлчлэл нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон. Ар гэрийн тухайд эхнэр нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Хотонт суманд том хүүгийн хамт амьдардаг, өөрөө ажил амьдралын шаардлагаар Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 2 хүүхдийнхээ хамт шилжин ам бүл гурвуулаа ажиллаж амьдарч байгаа. 

Шүүхээс түүний үйлдсэн хэрэгт дээрх зүйл хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. 

Учир нь: Өмгөөлөгчөөс Л.Р-ийг Б.О-тэй бүлэглэн 3 тооны гүү хулгайлсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул бүлэглэн үйлдсэн гэж үзэх боломжгүй юм гэж мэтгэлцсэнийг зөвхөн хохирогч Д.Б-ийн “... тэгээд манай адууг хэн авсан талаар асуухад Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б.О өөрөө надад хандаж би танай адуунуудыг хулгай хийсэн, миний буруу, өөрийн чинь хохирол мөнгийг бүрэн төлж өгнө гээд надтай уулзаж тохирсон” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож, няцаагдаж байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. 

Шүүгдэгч нар тухайн үйл явдлын талаар яллагдагчаар татах үедээ ч, шүүхийн хэлэлцүүлэгт ч хэлж мэдүүлсээр байгаа. Хохирогч Д.Б-ийн мэдүүлгийг эргэлзээгүй үнэн гэх өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй. Д.Б зөвхөн Б.О-ийн анх хэлсэн үгийг л хэлж мэдүүлсэн. Ийм байхад шүүгдэгч нарын мэдүүлгийг яагаад нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг туйлын үнэн, эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн өмгөөлөгчийн хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар хэлсэн саналыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа болохоо шүүх бичгээр гаргасан шийтгэх тогтоолд тайлбарлаагүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдалд үндэслэл бүхий эргэлзээгүй зөв дүгнэлт хийгээгүй. Эдгээр байдлаас анхан шатны шүүх хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдалд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. 

Л.Р-д Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянаж, Л.Р-ийн гэм буруу, үйлдсэн гэмт хэрэгт тохирсон хуульд заасан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өмгөөлөгч нар хоёр өөр байр сууринаас яриад байна. Өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдээгүй гэж яриад байдаг. Гэтэл шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний ойлгож байгаагаар өмгөөлөгч шүүгдэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж оролцдог байх. Гэтэл өөр, өөр зүйл ярьж өмгөөллийн үйл ажиллагаа явуулаад  байна. Өмгөөлөгчийн зүгээс Д.Б-ийн мэдүүлгийг ярьж байна. Хохирогч Д.Б нь Б.О  өөрөө над дээр ирээд танай адууг хулгайлсан гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Л.Р нь 3 тооны адууг хулгайлсан гэдгээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд 7 хоногийн дотор 9 тооны малыг хулгайлж зарсан байдаг. Хохирогч С.М-ийн адууг Б.О хулгайлж,  Л.Р тухайн малыг хамт нядалсан нөхцөл байдалд давхар үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт бүлэглэж үйлдсэн бол ялыг хүндрүүлэхээр заасан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд дэмжлэг үзүүлээгүй гэдгийг дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял оногдуулсан байгаа. Хохирогч нарын зүгээс хохирол төлбөрөө бүрэн авсан. Хохирогч нарт илүү төлсөн хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар буцаан гаргуулж авна гэсэн. Хохирол төлбөрийн тухайд заавал шинжээчийн дүгнэлтэд заасан хохирол төлбөрийг төлнө гэсэн зүйл байхгүй. Хохирол төлбөрөө илүү төлсөн бол шүүхээс хувийн байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд нөлөөлөх байх гэж харж байна. Хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр гаргасан дүнгээс илүү зардал гарсан байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогчоос бусад зардал гарсан гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, тухайн хүмүүст ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийнх нь хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Л.Р-ийн хувьд хулгайн гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон,  хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй болсон.  Түүний ар гэрийн хувьд эхнэр нь эмчийн хяналтад буюу группт байдаг. Эхнэрийнх нь хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Л.Р-ийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж  үзэж байна. Дараагийн асуудал нь шүүгдэгч нарыг бүлэглэн гэсэн зүйлчлэлээр ял оногдуулаад байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгээд гэм буруугаа хүлээсэн бөгөөд ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс харахад бүлэглэн үйлдсэн гэдэг дээр эргэлзээтэй байгаа. Бүлэглэсэн гэдгийг яаж нотлоод байгаа нь тодорхойгүй байна. Учир нь Л.Р Б.О-д хэрэг гарахын урьд шөнө нь очсон бөгөөд айлаас 3 тооны адуу авах гэсэн юм гээд Б.О-ийн морийг гуйж унаад Д.Б-ийн адуунаас 3 гүү авчирсан байдаг. Тэгээд Л.Р хүнээс авах ёстой авлагаа авчихлаа гэж ярилцсан тухай асуудал шүүгдэгч нарын мэдүүлэг дээр байдаг. Шүүгдэгч нарыг хамт яваад буюу бүлэглэн 3 тооны адуу авчирсан гэдгийг нотлох баримт байдаггүй. Л.Р нь би тэнсэх ялтай байгаа учраас энэ хэргийг та даачих гэж хэлэхэд Б.О хүлээн зөвшөөрсөн байдал хэргээс тодорхой харагддаг. Тэгээд Л.Р би гэм буруугаа хүлээхгүй бол болохгүй юм байна гээд анхан шатны шүүх хуралдаан дээр үнэн байдлаа мэдүүлээд хэргийг буцааж шалгасан. Анхан шатны шүүхээс үүнийг няцаахдаа Д.Б-ийн мэдүүлгээр няцаасан байдаг. Тус мэдүүлэгт тэгээд манай адууг хэн авсан талаар асуухад Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б.О гэх хүн би адууг чинь хулгай хийсэн, миний буруу, хохирол мөнгийг чинь бүрэн төлж барагдуулна гээд надтай уулзаж тохирсон гэдэг мэдүүлгээр няцаагаад байдаг. Энэ хэрэгт анх Л.Р хамааралгүй байсан бөгөөд Б.О яллагдагчаар татагдаж явж байгаад анхан шатны шүүх хуралдаан дээр Л.Р би энэ хэрэгт оролцсон гэдэг зүйлийг хэлээд хэрэг буцаагдсан. Л.Р-ийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрдөг. Харин дараа нь бүлэглэн гэж зүйлчлээд эрх зүйн байдлыг нь хүндрүүлж ирсэн. Үүнээс өөр нотлох баримт байхгүй байхад энэ эргэлзээтэй байдал дээр үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр бүлгийн шинжтэй гэж шийдвэрлэсэн учраас давж заалдах журмаар гомдол гаргасан. Иймд давж заалдах шатны  шүүхээс энэ байдалд үнэн зөв дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Р-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Өмгөөлөгчийн мэтгэлцэж байгаа байдал нь энэ хүний гэм буруугаа хүлээж байгаа байдалтай хамааралгүй гэж үзэж байгаа. Хууль хэрэглээний асуудлыг хуульч нар тал бүрээс харах ёстой учраас эргэлзээтэй нөхцөл байдлын талаар яагаад өмгөөлөгчийн зүгээс хэлэх ёстой.  С.Б прокурор хэлэхдээ үйлчлүүлэгчийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулаад байна гэж хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан миний мэтгэлцэж байгаа зүйлийг няцааж байгаа шийтгэх тогтоолд гомдол гаргаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс бүлэглэн гэдэг нь өөрөө эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. Бүлэглэж үйлдсэн гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байхад эргэлзээтэй байдал гээд ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байгаа учраас мэтгэлцэж байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас Л.Р гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн тэрээр хохирогч Д.Б-ийн малыг хулгайлсан нь миний буруу гэдгээ илэрхийлж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа мэтгэлцээнийг шууд шүүгдэгчийнхээ байр суурийг хүндрүүлэх гэж байна гэж дүгнэж болохгүй байх. Л.Р-ийн холбогдсон энэ гэмт хэрэгт бүлгийн шинж байхгүй гэж харж байна. Хэрэв бүлгийн шинжтэй гэж үзэж байгаа бол хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны мал хулгайлсан гэдэг зүйл заалтаар зүйлчилсэн байгаа. Шүүхээс гэм буруутай гэж тооцсон учраас миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. С.П өмгөөлөгчийн ярьж байгаагаар эргэлзээтэй зүйл байсан. Гэхдээ Б.О хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс зөрж өмгөөлөл явуулах нь тохиромжгүй байсан. Хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхэд харшлах зүйл байхгүй гэж үзэж байсан. Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Б.О өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй бөгөөд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой байсан. Учир нь эхнэр нь зүрхний өвчтэй бөгөөд байнга эмчийн хяналтад байдаг. Мөн төрсөн хүү болох О.М нь 21 настай бөгөөд хөлөө хоёр удаа хугалаад хагалгаанд орж, ясаа хусуулаад хадуулсан хүнд нөхцөлтэй байдаг. Мөн бага насны хоёр хүүхэдтэй гээд хувийн байдлыг харгалзаж үзэх боломжтой байсан. Б.О-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна. Б.О гэм буруутайгаа маргадаггүй ба хохирогч нарт хохирол төлөхдөө илүү төлсөн гээд байгаа мөнгөө буцааж авахгүйгээр ялаа багасгуулах байр суурьтай байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэдгээ тайлбарлахдаа мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул уг зүйл ангийг хэрэглэх боломжгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвхөн шүүхээс гэм буруугийн асуудлыг шийддэг. Шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх асуудал яригдана. Шүүхээс өөр гэм буруугийн асуудлыг тогтоодог газар байхгүй. Б.О нь гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм бурууг тогтоосны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Б.О нь одоо 47 настай, байнга даралт нь ихэсдэг, хэрэг шалгаж байх хугацаанд хөлөө хугалаад хүнд нөхцөлтэй байсан бөгөөд хөл нь одоо байнга өвддөг. Тэрээр хохирол төлбөрөө барагдуулахдаа хохирогч нарын сэтгэл санааны болон эд материалын хохирлыг бардуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Прокурорын зүгээс Б.О-д эхлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлээр ял сонсгосон. Тус ял сонсгосон тогтоолыг аймгийн прокурор хүчингүй болгосон. Тэгээд дахиж ажиллагаа хийгээгүй бөгөөд эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа.  Нэгэнт Б.О гэм буруугаа хүлээнэ гэсэн болохоор үйлчлүүлэгчээсээ зөрөөд байх боломжгүй байна. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан эсэх дээр эргэлзээтэй зүйлүүд байдаг. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянаж байгаа болохоор анхаарч үзэх байх. Б.О-ийн хувьд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байдаг бөгөөд хохирол төлбөрөө төлж барагдуулсан болно. Улсын яллагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр гаргасан төлбөрийг заавал төлөх албагүй, тэрнээс их төлбөр гарсан байж болно гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Прокурорын ярьж байгаагаар хохирол төлбөр төлөх ёстой бол шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Манай үйлчлүүлэгчийн зүгээс хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг барагдуулсан. Эхнэр нь эмчилгээндээ явж чадахгүй байгаа. Мөн хүүхдийнх нь хөл дахиад өвдсөн гээд ар гэрийн нөхцөл байдал нь хүнд  байна. Иймд Б.О-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхэд харшлах зүйл байхгүй гэж үзэж байна.  Иймд ялыг нэг жилийн хугацаагаар багасгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Ө.У, шүүгдэгч Б.О, Л.Р, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, С.П нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

  2018 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Уяат гозгорын өвөр гэх газраас иргэн Д.Б-ийн 3 тооны сувай гүү алдагдаж, 1.950.000 төгрөгийн хохирол,

 2018 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн С.М-ийн 5 тоо тамгатай, буруу чих араасаа ухам имтэй алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ 3 хяргадастай, гуя нь дээрээ загасан тамгатай хонгор зүсмийн нас нийлсэн 2 морь, нум суман тамгатай, зөв чих онь, буруу чих араасаа ухам имтэй хүрэн зүсмийн нас нийлсэн 1 гүү,  нийт 3 тооны адуу алдагдаж, 2.300.000  төгрөгийн хохирол,

 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр Дарштын пойл гэх газраас иргэн Б.Б-ын 2 тооны адуу алдагдаж, 6.800.000 төгрөгийн хохирол,

 2019 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр Нурамт гэх газарт иргэн Ө.У-ын эзэмшлийн хундан зээрд зүсмийн 1 тооны морь алдагдаж, иргэн Ө.У-т 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Л.Р бүлэглэж бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Б.О-ийн бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Л.Р-ийн бүлэглэж бусдын мал хулгайлсан үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж үзлээ. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р-д 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 2  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

             Иймд хохирогч Ө.У, шүүгдэгч Б.О, Л.Р, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э, С.П нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

   Хохирогч Ө.У анхан шатны шүүхээс намайг хохиролд авсан мөнгөнөөс буцаан олгохоор заасан. Би хулгайд хөрөнгөө алдаж хохирсон болохоор төлбөр авсан. Түүнээс биш зүгээр байгаа хүнээс мөнгө аваагүй. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Хохирогч Ө.У-ын өмч болох шүүгдэгч Б.О-ийн хулгайлсан азарга 1.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинжээчийн 06 дугаартай дүгнэлт гарсан ба дээрх үнэлгээг хохирогч зөвшөөрсөн, алдсан эд хөрөнгийг эрж хайсны зардлын талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 Мөн шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд хохирогчид илүү төлсөн хохирлыг нэхэмжилсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.500.000  төгрөгөөс илүү мөнгө хохирогч авах үндэслэлгүй талаар дүгнэлт хийж буцаан гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

  Шүүгдэгч Б.О түүний өмгөөлөгч нар...анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байдаг, бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулан хохирогч нарыг гомдолгүй болгосон, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, мөн ар гэрт эхнэр зүрхний өвчтэй, том хүү О.М-ы хөл нь 2 удаа хугарч, үүнээс болоод хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм сахиж байгаа зэрэг амьдралын хүнд нөхцлүүдтэй, хохирогч нарт хохирол төлөхдөө илүү төлсөн гээд байгаа мөнгөө буцааж авахгүйгээр ялаа багасгуулах байр суурьтай байгаа. Зөвхөн шүүхээс гэм буруугийн асуудлыг шийддэг. Шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх асуудал яригдана. Шүүхээс өөр гэм буруугийн асуудлыг тогтоодог газар байхгүй. Б.О нь гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм бурууг тогтоосны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эхнэр нь эмчилгээндээ явж чадахгүй байгаа. Мөн хүүхдийнх нь хөл дахиад өвдсөн гээд ар гэрийн нөхцөл байдал нь хүнд  байна.  Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхэд харшлах зүйл байхгүй гэж үзэж байна.  Иймд ялыг нэг жилийн хугацаагаар багасгаж өгнө үү гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх шийтгэх тогтоолд 4 удаагийн үйлдэлд гэм буруутайд тооцогдсон, үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ял түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд  тохирсон, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Мөн хохирогчид учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтээр тогтоох бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон хохирлоос илүү төлсөн мөнгийг хохирогчоос шүүгдэгч нэхэмжлэхгүй гэсэн тохиолдолд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах, хөнгөрүүлэх талаар хуульд ямар нэгэн зохицуулалт байхгүй байгаа болно.

Мөн шүүгдэгч Л.Р, түүний өмгөөлөгч нар...Л.Р би 2018 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө  Д.Б-ийн 3 тооны адууг хулгайлсан гэм буруутайд тооцогдсон. Анхан шатны шүүх намайг Б.О-тэй бүлэглэн дээрх 3 тооны адууг хулгайлсан гэж дүгнэсэнтэй маргах зүйлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн гэм буруугаа хүлээж байгаа. Миний бие энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа гэм буруутайд тооцогдож байгаа, одоо Улаанбаатар хотод 3 хүүхдийнхээ хамт амьдардаг, эхнэр маань биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хийх боломжгүй, нэг хүүтэйгээ хамт хөдөө амьдарч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан 8 сарын хорих ялыг өөрчилж, тэнсэж хянан харгалзах юм уу, эсхүл тухайн хуулийн тухайн зүйл хэсэгт байгаа нийтэд тустай ажил хийлгэх хорихоос өөр төрлийн ялаар солих, өмгөөлөгчийн зүгээс харахад бүлэглэн үйлдсэн гэдэг дээр эргэлзээтэй байгаа. Бүлэглэсэн гэдгийг яаж нотлоод байгаа нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан миний мэтгэлцэж байгаа зүйлийг няцааж байгаа шийтгэх тогтоолд гомдол гаргаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс бүлэглэн гэдэг нь өөрөө эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. Бүлэглэж үйлдсэн гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байхад эргэлзээтэй байдал гээд ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байгаа учраас мэтгэлцэж байгаа. Л.Р-ийн холбогдсон энэ гэмт хэрэгт бүлгийн шинж байхгүй гэж харж байна. Хэрэв бүлгийн шинжтэй гэж үзэж байгаа бол хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.

Л.Р-ийн үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний хувийн байдлаас үзэхэд өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдож байсан нь түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэх  боломжгүй байна.  

           Хуульд заасан гэм буруугаа хүлээх гэсэн зохицуулалт нь бусдын өмчлөх эрхийн эсрэг хийсэн үйлдлээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үеэс бүрэн хүлээн зөвшөөрөхийг ойлговол зохино.  

Хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад шүүгдэгч Б.О, Л.Р нар нь тус бүр 49 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 49 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.У, шүүгдэгч Б.О, Л.Р, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э, С.П нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Л.Р нарын тус бүр цагдан хоригдсон 49 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ДАВААСҮРЭН

                         ШҮҮГЧИД                                 Д.БЯМБАСҮРЭН

                                                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ