Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д***” ХХК /РД:***/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: J*****/Паспортын дугаар: РЕ***/,

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Z**** /Паспортын дугаар:E***/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: L***** /Паспортын дугаар: E***/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т ****/РД: ***/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Х**** /РД: ***/,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор С.Э****,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын ахлах аудитор Л.Н****,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын аудитор Б.Ч*****,

Хариуцагч: Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө*****,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын аудитор Ч.Д****,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын ахлах аудитор Б.Э****,

Хариуцагч: Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитор В.Э*****,

Хариуцагч: Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитор У.О*****,

Хариуцагч Үндэсний аудитын газрын нэр бүхий аудиторуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч: “О*** аудит” ХХК-ийн аудитор Л.А*****,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор,

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргаа, удирдлагын газрын Хууль, эрх зүйн менежер Б.Б*****,

Гуравдагч этгээд: Ашигт малтмал, газрын тосны газар,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны

газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.А*****,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны

газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ч.Н*****,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны

газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.О****,

Орчуулагч: T***** /Паспортын дугаар: *****/ нарын хоорондын төрийн аудитын байгууллагаас хэрэгжүүлсэн нийцлийн аудитын явцад гаргасан албан шаардлага болон түүнийг баталгаажуулсан Ерөнхий аудиторын тушаалтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  L***, JD*****, Z**** L****, Б.Т****, Д.Х****, хариуцагч Л.Н****, Ч.Д*****, Б.Э****, Б.Ө****, В.Э****, У.О****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, Л.А****8, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А****, Ч.Н****, орчуулагч T****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д****” ХХК нь Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор С.Э*****, мөн газрын ахлах аудитор Л.Н****, мөн газрын аудитор Б.Ч***** нарт холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус нэмэгдүүлж, сүүлийн байдлаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрчилж, тодруулахдаа: 

1.1. Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор С.Э*****, мөн газрын ахлах аудитор Л.Н*****, мөн газрын аудитор Б.Ч***** нарт холбогдуулан, “Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э*****, ахлах аудитор Л.Н*****, аудитор Б.Ч**** нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг хүчингүй болгуулах”;

1.2. Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторт холбогдуулан, Үндэсний аудитын газрын Ерхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”;

1.3.Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э****, ахлах аудитор Ч.Д******, Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө****, Санхүүгийн аудитын газрын аудитор Б.Э*****, Нийслэл дэх төрийн аудитын газрын аудитор В.Э*****, У.О**** нарт холбогдуулан, “Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э***, ахлах аудитор Ч.Д*****, Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө****, Санхүүгийн аудитын газрын аудитор Б.Э****, Нийслэл дэх төрийн аудитын газрын аудитор В.Э****, У.О***** нарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 647/А0160135, /НАГ-2019/02/-НА, /НАГ-/2019/04/-НА дугаартай албан шаардлагын шаардах хэсгийн нэг дэх заалт, хавсралтын нэг дэх хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”;

1.4. Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторт холбогдуулан, “Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/85 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2. Монгол Улсын Засгийн газар нь “БХГ-97” талбайд Газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/, Америкийн Нэгдсэн Улсын “Н****” компанийн хооронд 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор анх баталсан ба тус компани нь гэрээлэгчийн эрх үүргийг 1999 онд Австралийн “Р**** (Говь)” ХХК-д шилжүүлсэн. Харин “Р***** (Говь)” ХХК нь “БХГ-97” талбайн гэрээлэгчийн үүргийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ДЖ*****” компанид 2001 онд хэсэгчлэн, 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүрэн шилжүүлсэн байна.

“ДЖ*****” компани нь гэрээлэгчийн эрх үүргийг шилжүүлэн авч, Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч, салбар компани болох “Д****” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг 2003 онд байгуулан, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2011 оноос эхлэн уг талбайг ашиглалтад шилжүүлжээ.

3. Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын аудиторууд нь Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан “Д*****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт” сэдэвт нийцлийн аудитыг хийж, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлэх тухай” 04/268 ҮАГ-НАГ/2018/03-НА дугаар албан шаардлагаараа “...улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн 2,171,023.99 /хоёр сая нэг зуун далан нэгэн мянга хорин гурван ам доллар, ерэн есөн цент/ ам.доллар буюу 4,095,191,315.54 /дөрвөн тэрбум ерэн таван сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун арван таван төгрөг тавин дөрвөн мөнгө/-ийг гэрээлэгчээс гаргуулж төвлөрүүлэхийг, түүнчлэн “*****Д” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2015-2018 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалт” сэдэвт аудитыг хийж 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 647/А0160135, /НАГ-2019/02/-НА, /НАГ-/2019/04/-НА дугаартай албан шаардлагаараа “...улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн 1,922,980.97 /нэг сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун наян ам доллар ерэн долоон цент/ ам.доллар буюу 4,538,367,674.41 /дөрвөн тэрбум таван зуун гучин найман сая гурван зуун жаран долоон мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг дөчин нэгэн мөнгийг гэрээлэгчээс гаргуулж төсөвт төвлөрүүлэхийг тус тус шаарджээ.

4. Нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын ахлах аудитор Л.Н**** нарын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаар албан шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан даруйдаа үндэслэлгүй гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.З****** хандан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 154/20 дугаартай албан бичгээр аудитын дүгнэлт үндэслэлгүй тул эрх, ашгаа хамгаалуулахаар гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.З**** хянаад 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3130 дугаар албан бичгээр “хүлээн авах боломжгүй” гэж хариу өгснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Түүнчлэн нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э***, ахлах шинжээч Б.Ө****, аудитор Ч.Д***, Санхүүгийн аудитын газрын аудитор Б.Э****, Нийслэл дэх төрийн аудитын газрын аудитор В.Э*****, У.О**** нарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн /НАГ-2019/02/-НА, /НАГ-/2019/04/-НА дугаартай албан шаардлагыг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргасан ба тус гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

6. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргахдаа:

6.1. Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаартай албан шаардлага нь захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх захиргааны акт мөн болох тухайд,

Үндэсний аудитын газраас Ашигт малтмал, газрын тосны газарт “Газрын тосны салбар бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан “Д****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт” нийцлийн аудит хийсэн ба Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “аудитад хамрагдагч” гэж зааснаар манай компани нь аудитад хамрагдагч этгээд юм. Төрийн аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 82.2.1 дэх заалтуудаар аудитын хяналт шалгалтаас гаргасан албан шаардлага нь заавал биелэгдэх шинжтэй болохыг тогтоож, биелэгдээгүй тохиолдолд захиргааны актыг албадан гүйцэтгэхээр хуульчилсан.

Иймд Үндэсний аудитын газраас Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаартай албан шаардлага нь нэхэмжлэгч “Д****” ХХК уруу чиглэсэн үр дагавар үүсгэсэн бөгөөд манай компаниас 2,171,023.99 ам.доллар гаргуулж төсөвт тушаахыг шаардсан. Энэ нь заавал биелэгдэх шинжтэй, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалттай тул захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх захиргааны акт мөн болно.

6.2. Албан шаардлага нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын хуульд заасан захиргааны актыг гаргах журам зөрчсөн. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8. “хууль ёсны итгэлийг хамгаалах” зэргийг захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчим болгон тогтоож өгсөн.

Мөн Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. “төрийн аудитад “хууль дээдлэх, бодитой байх, ...” зарчмыг баримтлахаар заасан тул аудиторууд хяналт шалгалтын болон шийдвэр гаргах үйл ажиллагаандаа эдгээр зарчмыг заавал баримтлах шаардлагатай. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7. “захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах” замаар нотлох баримт цуглуулахаар, 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3. “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 18.2-т заасны дагуу шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын тайланг нэмэлт нотлох баримтаар бататгах арга хэмжээг авна” гэж заасан.

Дээрх хуулийн заалтууд нь захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа оролцогчийг сонсох, нэрлэсэн нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр шийдвэрээ гаргах журмыг хуульчилсан. Гэтэл аудиторууд нь тайлан болон албан шаардлага ирүүлэхдээ “Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох нотлох баримт гаргаж өгөх санал хүргүүлсэн байхад шаардлагатай нотлох баримтыг авахгүйгээр, Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн зөвшөөрөөгүй үед шийдвэрээ гаргасан болох нь аудитад шалгагдагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/4427 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн аудитын тайлангийн төсөлд өгөх саналын дүгнэлтийн 3 гэсэн хэсэгт “... аудитор Л.Н нь 2010 оны нэмэлт гэрээний талаар үзүүлэх баримт байгаа эсэх талаар асуухад ... мэргэжилтэн Б.Э**** ... түүхий тосны борлуулалтын 2010 оны нэмэлт гэрээний хэлэлцээрт хяналт тавьж оролцсон тухай илтгэх хуудас архиваас гаргаж өгөх боломжтой талаар хэлэхэд хариу өгөөгүй” гэснээс нотлогдоно.

Мөн манай компаниас аудитын ажил гүйцэтгэх үед зарим нотлох баримтыг гаргаж өгсөн байхад энэ талаар тодруулж тайлбар авалгүйгээр аудитын тайланг гаргаж, үүнийгээ үндэслэн албан шаардлага хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай хуулийг зөрчсөн. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1. “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх нь төрийн аудитын байгууллагын “бүрэн эрх” байхаар тогтоосон.

6.3. Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ”, 37.2. “Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна”, 37.3. “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 37.2-т заасан аудитыг гүйцэтгэхдээ хараат бус шинжээч, мэргэжилтэн, аудитын хуулийн этгээдийг оролцуулж болно” гэж заасан байна.

Газрын тосны тухай хуулийн дээрх заалтын дагуу төрийн аудитын байгууллага аудитыг гүйцэтгэхдээ аудитын хуулийн этгээдийг оролцуулж хамтарч хийх эрхтэй. Гэсэн хэдий ч тус байгууллага нь “О****” ХХК гэх аудитын компаниар төрийн аудитыг дангаар гүйцэтгүүлж, тус компанийн гаргасан дүгнэлт, тайлангаар төрийн аудитын тайланг гаргаж, улмаар үүнийгээ үндэслэн албан шаардлага хүргүүлснийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

Учир нь “О****” ХХК-д газрын тосны гэрээгээр мэргэшсэн аудитын мэргэжилтэн байхгүй ба “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г өөрийнхөөрөө тайлбарласан нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Энэ талаар аудитад шалгагдагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/4427 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн аудитын тайлангийн төсөлд өгөх саналын дүгнэлтийн 5, 6 гэсэн хэсэгт “... Мөн хяналт шалгалтыг дангаар болон гэрээгээр мэргэжлийн бус хөндлөнгийн аж ахуйн нэгжийн хамт хийж гүйцэтгэж эхэлсэн” гэснээс харагдана. 1997 оноос хойш Газрын тосны хэрэг эрхлэх газар, одоогийн Ашигт малтмал, газрын тосны газарт уул уурхайн гэрээ, аудитаар мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллаж, энэ хугацаанд Бүтээгдэхүүн хуваах гэрээний зохицуулалтыг мэргэжлийн төвшинд ойлгож, хянаж ирсэн болно.

“О****” ХХК нь аудитыг хийхдээ Үндэсний архивын газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээний англи хэл дээрх хувийг авч, түүнд өөрсдөө орчуулга хийлгэн, уг орчуулгын гэрээг Засгийн газраас гаргуулан авсан “гэрээний эх хувьтай зөрүүтэй” гэж илт хууль бус дүгнэлт хийсэн байдаг. Үүнийгээ уг аудиторууд тайлбарлахдаа албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулсан учир орчуулгын гэрээг барина гэж тайлбарласан ба Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээний талаар маргавал Англи эх хувийг баримтлахаар заасан байгааг тоосонгүй.

Иймд хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай хууль, Газрын тосны тухай хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тул хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

6.4. Маргаан бүхий албан шаардлагаар “Д****” ХХК-аас 2,171,023.99 ам.доллар гаргуулахаар шаардсан нь хууль болон гэрээнд нийцээгүй тухайд,

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор баталсан “БХГ-97 талбайн гэрээлэгчийн эрх, үүргийг 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Австралийн “Р**** (Говь)” ХХК-аас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ДЖ****” компани шилжүүлэн авч, тус компани нь Монгол Улсын хуулийн дагуу “Д****” ХХК-ийг байгуулан гэрээт талбайд 2003 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн болно. Нэхэмжлэгч компани ашиглалт явуулж эхэлснээс хойш Монгол Улсын хууль, дүрэм, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээ ягштал биелүүлж, 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу 2003-2013 он, улмаар өнөөдрийг хүртэл тайлангаа гаргаж, Монгол Улсын Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Татварын ерөнхий газарт хянуулж, холбогдох байгууллагаар аудит хийлгэж ирсэн.

2003 оноос эхлэн 2013 оныг дуустал дээрх байгууллагатай хамтран аудитын ажил гүйцэтгэж байсан. Харин 2014 оны хувьд, тус оны эхний удаагийн аудитын шалгалт нь Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний аудитын газартай хамтран зохион байгуулж гүйцэтгэсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох тайлан гаргасан бөгөөд холбогдох мэргэжилтэн нь гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Иймд манай компани 2003-2013 онуудад аудитаар баталгаажсан тайлантай гэсэн үг юм.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 1991 онд “Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах” хэлэлцээр, “Татварыг давхар ногдуулахгүй, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрийг байгуулсан.

1997 онд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар /Засгийн газраас гэрээ байгуулах эрх шилжүүлсэн/-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ мөн билээ. Иймд энэхүү гэрээ нь дээрх улс хоорондын хэлэлцээр, Монгол Улсын дотоодын хуулиар хамгаалагдах ёстой.

6.5. Маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаартай албан шаардлагаар манай компаниас 2,171,023.99 ам.доллар гаргуулахаар тогтсоныг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Тус аудитын дүгнэлт, албан шаардлагаар тогтоосон 2,171,023.99 ам.долларын 563,029.23 ам.долларт холбогдох хэсэг нь өмнө манай компанийн төлөх ёсгүй боловч төлсөн төлбөртэй холбоотой асуудал байсан.

Тодруулбал, манай компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нэмэгдсэнд өртгийн албан татвар, гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөж, төлөх ёсгүй байхад Үндэсний аудитын газраас албадан 2015 онд төлүүлсэн төлбөр бөгөөд уг төлбөрийг Сангийн яам төсвөөс буцаан олгохгүй байсан тул энэ хэмжээгээр төлбөрийг компани авч үлдсэн асуудал бөгөөд энэ талаар тайлбарласан байхад хариуцагч нар хүлээн авсангүй. Аудиторууд тайландаа “Гэрээлэгч нь 2014 онд өртөг нөхөгдөх зардлыг тайлагнахдаа бүтээн байгуулалтын зардалд хамаарах Зүүнбаян танкфармын боловсруулалтын төвийн өртөг гэсэн зардлыг борлуулалтын зардалд оруулж тооцсон нь гэрээний “Экспортын цэг”-ийн талаарх тодорхойлолт, 8.4 бөгөөд 15.3-д заасантай нийцээгүй” гэжээ.

Улмаар “О****” ХХК-ийн болон Үндэсний аудитын газрын аудиторууд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн дагуу гэрээг тайлбарласнаа дурдаад “Газрын тосыг экспортод зориулан худалдах зорилгоор ачуулах сүүлийн цэгийг экспортын цэг гэж ойлгоно” гэж, хэрэв цооногийн дэргэдэх танкераас шууд экспортод зориулан ачуулж байгаа бол уг цэгийг экспортын цэг гэж тайлбарлаж болно. Харин олон цооногоос тос олборлодог бөгөөд тэндээс өөр цэг рүү дамжуулан хуримтлуулсны эцсийн бүтээгдэхүүнийг экспортод ачуулж байгаа бол сүүлд хуримтлуулж, хадгалж байгаа цэгийг “экспортын цэг” гэж ойлгоно” гэж үзсэн нь илт хууль зөрчиж байна.

Учир нь иргэний эрх зүйд гэрээ бол гэрээний талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь гэрээний чөлөөт байдлын зарчим гэж үздэг. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу 1997 онд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, түүний хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар болон “Н*****” компанийн хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ээр талуудын “экспортын цэг” гэдгийг ойлгох агуулгыг өөрсдөө тодорхойлж, үүний дагуу талууд 1997 оноос одоог хүртэл энэхүү гэрээг маргаангүйгээр мөрдөж ирсэн. Гэтэл 2018 онд төрийн аудит хийсэн аудиторууд 2014 оны тайланд аудит хийхдээ гэрээг өөрийнхөөрөө тайлбарлаж, оролцож эхэлсэн нь хууль бус юм.

Иргэний хуулийн үзэл баримтлал, эрх зүйн суурь зарчим, Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээг тайлбарлах, агуулгыг тогтоох эрх нь гэрээний талуудад байдаг, хэрэв гэрээний агуулгын талаар гэрээний талууд маргавал шүүх тайлбарлаж маргааныг шийдвэрлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний агуулгын талаар гэрээний талууд зөрөлдвөл маргаанаа шийдвэрлүүлэхээр аль нэг тал нь шүүх, арбитрт хандах эрхтэй. Харин гэрээг талууд нэг мөр ойлгосон, хоорондоо аливаа маргаангүй байхад хөндлөнгийн этгээд /үүний дотор аудитор/ гэрээг өөрийнхөөрөө тайлбарлах, түүнчлэн маргах ч эрхгүй болох нь эрх зүйн суурь ойлголт болно.

Талууд гэрээний энэ заалтын дагуу “экспортын цэг”-ийг хаанаас тооцох талаар огт маргаж байгаагүй бөгөөд талууд нэгдсэн ойлголтоор ойлгож, борлуулалтын зардал, өртөг нөхөн зардлыг тооцож байсан гэдэг нь 2003-2013 онд Ашигт малтмал, газрын тосны газар манай компанийн тайланг хүлээн авч баталгаажуулж байсан болон энэхүү аудитын тайланд өгөх саналдаа тодорхой дурдсан байгаагаар нотлогдоно. 2014 онд Үндэсний аудитын газраас Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран манай тайланд аудит хийсэн ба уг дүгнэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгч гарын үсэг зурсан, Үндэсний аудитын газрын аудитор нь ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаар гарын үсэг зураагүй үлдсэн байдаг. Уг аудитын шалгалтын дүнг Үндэсний аудитын газрын хэн нэгэн албан тушаалтнаас буруутгасан, эс зөвшөөрсөн аливаа шийдвэр гараагүй, талууд бүрэн зөвшөөрсөн байдаг билээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас болон 2003-2013 онд хяналт шалгалтад оролцож байсан Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын хамтарсан хяналт, шалгалтаар ч Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтын “экспортын цэг” гэснийг өөрөөр тайлбарлаагүй, 2003 оноос одоог хүртэл аудитын хяналт шалгалтын явцад аливаа маргаан гараагүй болно. Иймд иргэний эрх зүй дэх гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний оролцогч бус аливаа бусад этгээдээс хөндлөнгөөс оролцож гэрээг тайлбарлах эрхгүй тул аудиторууд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн дагуу гэрээг тайлбарлаж байгаа нь илт хууль бус юм.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1-ийн нэр томьёоны тайлбарт “Экспортын цэг” гэж гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмж, эсвэл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг хэлнэ” гэж заасан. Гэрээний энэ заалтаар: нэгдүгээрт, Гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмжийг экспортын цэг хэлэх; (Цооногийн амсар бодит бий), хоёрдугаарт, “... эсхүл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг экспортын цэг хэлэхээр тогтсон гэдэг нь тодорхой байна. (Цооногийн ойр орчим мөн хэмжилтийн тоног төхөөрөмж дан цооногийн тос хадгалах сав мөн бодитоор бий) гэж зааснаас үзвэл талууд энэ цэгийн аль нэгийг “экспортын цэг” гэж тогтож болохоор заасан. Аудиторууд ч тайлангийн 1.2 дахь хэсэгт “... дээрх тодорхойлолтуудаас үзэхэд Гэрээт түүхий тосны хэмжээ болон үнэ, өртийг тогтоох зорилгоор бүтээгдэхүүний хэмжилт хийгдэж байгаа газрыг “экспортын цэг” гэж ойлгоно гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлттэйгээ илт зөрүүтэй “... олон цооногоос тос олборлодог бөгөөд тэндээс өөр цэг рүү дамжуулан хуримтлуулсны дараа экспортод асуулж байгаа бол сүүлд хуримтлуулж, хадгалж байгаа цэгийг “экспортын цэг” гэж ойлгоно” гэсэн нь хоорондоо илтэд зөрчилтэй байна.

Гэрээнд түүхий тосыг олон цэгээс хуримтлуулж, дамжуулан сүүлд хуримтлуулж экспортод ачуулж байгаа цэгийг экспортын цэг гэж ойлгохоор утгатай заалт байхгүй байхад гэрээг энэ байдлаар тайлбарлаж байгаа нь Монгол Улсын хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээг зөрчсөн хууль бус үйлдэл болно.

Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25. “хүргэлтийн цэг” гэж Засгийн газар болон гэрээлэгчид гэрээний дагуу ногдох газрын тосыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэмжиж, хуваах цэгийг хэлнэ гэж заасан. “Д****” ХХК-ийн олборлолт явуулж байгаа цооног тус бүрийн аман дээр түүхий тосыг хэмжиж, цооногийн ойр байрлах цооногийн тос хадгалах саванд ус тос салгадаг бөгөөд энэ нь цооног тус бүрээс гарч ирсэн түүхий тосыг хэмжиж, талуудад гэрээний “хүргэлтийн цэг” буюу гэрээний 2.1-д заасан “экспортын цэг” мөн юм. Мөн гэрээний 15.3. “Гэрээт тос болон гэрээт хийх эзэмших эрх цооногийн амсар дээр гэрээлэгчид шилжинэ” гэж заасан байдаг.

Гэрээний дагуу гэрээт түүхий тосыг эзэмших эрх нь цооногийн амсар дээр гэрээлэгчид шилждэг боловч манай компани цооног тус бүрийн амнаас гарсан түүхий тосыг цооногийн дэргэдэх саванд цуглуулж тэнд хэмжилт хийснээр гэрээний 8.3-т заасны дагуу бүтээгдэхүүнийг Гэрээний талуудад хуваадаг, үүний дараа автомашинаар тээвэрлэн, 25 км орчим зайтай байрлах талбайд түүхий тосоо халаах төхөөрөмжөөр оруулж, тээвэрлэгч вагонд шахах ажиллагаа хийдэг бөгөөд Замын-Үүд сумын боомтод хүргэж борлуулалтыг тэнд хийдэг тул экспортын цэг, экспортын үнийг тогтоох журмыг зөрчөөгүй.

Аудиторууд Гэрээнд 15.3-т зааснаар цооногийн амсар дээр түүхий тос гэрээлэгчид шилжиж байгаа тул олон цооногоос олборлосон тосыг тээвэрлэж, цуглуулж, хуримтлуулж, хуримтлуулсны дараа талуудад хувааж, экспортод ачуулна гэх агуулгаар ойлгож, эндээс үүдэн “экспортын цэг”-ийг тогтоожээ.

Аудиторууд нь дээр дурдсанаар ийм тодорхой үе шаттайгаар хийгддэг технологийн түүхий тосны өртөг, борлуулалтын зардлыг тооцохдоо гэрээний заалтыг өөрийнхөөрөө илт гуйвуулан тайлбарлаж, түүхий тосыг экспортлох зориулалтаар ачилт хийж байгаа газрыг “экспортын цэг” гэж үзэж байгаа нь хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нийцэхгүй байна.

6.6. Дээрх байдлаар нэхэмжлэгч компаниас хариуцагч нарыг “экспортын цэг”-ийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, буруу тогтоосон гэж маргаад байгаагийн учир нь түүхий тосны өртөг, экспортын үнэ зөв тогтоох асуудал юм.

Тодруулбал, Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8.4.в-д “Экспортын үнэ” гэж ..., өөрийн харьяа бус байгууллагаас экспортын цэг дээр буюу түүний ойролцоо газар чөлөөт валютаар худалдан авсан цэвэр үнийг хэлнэ. Экспортын үнийг тогтоохдоо, экспортын цэгээс гэрээт түүхий тосыг нийлүүлэх тодорхой цэг хүртэлх өртөг зардлыг хасаж тооцно” гэсэн. “Экспортын цэг”-ийн талаарх тодорхойлолт, 8.4 бөгөөд 15.3-т заасантай нийцээгүй.

Аудиторууд цооногуудаас гарсан түүхий тосыг хуримтлуулан автомашинаар зөөгөөд 25 км зайд байрлах талбай буюу Замын-Үүд сумын боомт хүргэхээр ачилт хийж байгаа газрыг “экспортын цэг” гэж тайлбарлан цооногийн амнаас автомашинаар тээвэрлэн ачилт хийх цэгт хүргэсэн авто тээврийн зардлыг борлуулалтын зардал гэж үзэхгүй, түүхий тосны өртөг гэж үзсэн ба үүнийгээ үндэслэн манай компанийг өртөг нөхөгдөх зардлыг буруу тооцсон гэж дээрх их хэмжээний төлбөрийг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөх эрх зүйн болоод эдийн засгийн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дөрөвдүгээр зүйлийн өртөг, зардал хэсэгт “... Гэрээт тос буюу гэрээт хий үйлдвэрлэх болон худалдах буюу бусад хэлбэрээр гаргавал, уг ажиллагаатай холбогдон гаргасан өртөг, зардлыг Гэрээлэгч энэхүү Гэрээний YII, XIX зүйлүүдэд заасны дагуу нөхөн авах эрхтэй” гэж заасан. Гэрээнд зааснаар манай компани өртөг, зардлыг дангаар хариуцаж, борлуулсан орлогоос зохих хувиар өртөг нөхөн авах эрхтэй.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний наймдугаар зүйлийн 8.2-д “Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд гарсан бүх өртөг зардлыг хайгуулын зардал, олборлолтын зардал болон ашиглалтын зардал гэж давхардуулахгүйгээр ангилна” гэж, мөн гэрээний 8.2.в-д “.. Гэрээт талбайн хувьд газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд гарсан Гэрээлэгчийн бүх өртөг зардлыг Гэрээлэгчийн хайгуулын зардалд тооцож, энэхүү Гэрээний 8.2-т заасны дагуу Гэрээлэгч нөхөж авна” гэж заасан. Эндээс үзвэл, олборлолтын зардал нь ашиглалтын зардлаас өөр гэдэг нь харагдаж байна.

6.7. Аудиторууд “экспортын цэг”-ийг тогтоосон гэрээний заалтыг буруу тайлбарлан, улмаар өртөг тооцох зардлыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нэг үндэслэлээ гэрээнд заасан “түүхий тос” болон “гэрээт түүхий тос” гэсэн нэр томьёог мөн өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэсэн явдал юм.

Тэрээр гэрээний нэр томьёоны тайлбарын “түүхий тос” гэдэг нь цооногоос гарсан тос, мөн нэр томьёоны “гэрээт түүхий тос” гэснийг өөрсдийнхөө үзсэн экспортын цэг дээр байгаа тосыг хэлнэ гэж тайлбарлаж байна.

Дээр хэлсэнчлэн “О****” ХХК-ийн аудиторууд нь газрын тосны гэрээ, газрын тосны мэдлэггүй атлаа ийнхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээг хянах, гэрээний уг нэр томьёоны тайлбаруудыг шинжлэх ухаанд суурилаагүй мэдлэгээр тайлбарласан бөгөөд төрийн аудиторууд нь бусдаар хийлгэсэн энэхүү аудитын дүгнэлтийг бас ойлгоогүй шууд хуулбарлан аудитын дүгнэлт болгон гаргасан нь үндэслэлгүй юм.

Хэрэв төрийн аудиторууд түүхий тос, гэрээт түүхий тос гэдэг ойлголтууд өөр гэж үзсэн бол мэргэжлийн шинжээч оролцуулах, тэднээс тодруулах эрх хэмжээ тэдэнд хуулиар олгогдсон байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь хууль бус байна.

Гэрээний нэр томьёоны тайлбар дахь “түүхий тос” гэдэг нь байгалийн шинжлэх ухааны нэршил болох нь “газар доорх байгалийн агууламжид байгаа, эсвэл гадаргуу дээр ялгагч болон боловсруулах төхөөрөмжөөр оруулан гаргасны дараа агаарын даралтад, шингэн байдалд буй нүүрс-ус төрөгчийг хэлнэ” гэснээс харагдах ба Гэрээний талууд энэ ойлголтыг харилцан тохирч шинээр гаргаж ирээгүй, өөрчлөх боломжгүй ойлголт юм. Гэрээнд “Гэрээт түүхий тос болон Гэрээт хий” гэж энэхүү Гэрээний дагуу гэрээт талбайгаас олборлож хуримтлуулсан газрын түүхий тос болон хийг хэлнэ” гэж тодорхойлсон. Эндээс харвал, гэрээт түүхий тос гэж түүхий тос гэсэн ойлголт мөн бөгөөд харин гэрээтэй талбайгаас олборлосон байхыг тодорхой болгосон ойлголт юм. Эдгээр ойлголтыг Аудиторууд хоёр өөр гэж үзсэн ба үүнийгээ үндэслэн “экспортын цэг”-ийг тогтоож байгаа нь илт буруу байна.

Аудиторууд Гэрээний 8.4.в-д заасан экспортын үнийг тогтоох тохиролцоог ийнхүү дээр дурдсанаар хууль зүй, эрх зүйн үндэслэлгүйгээр өөрчлөн хөрөнгө оруулагч компанийг үл ойшоож, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна.

6.8. Манай компани Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу зохих тайлангуудыг гаргахдаа Монгол Улсад хохиролтой зүйл хийгээгүй бөгөөд манай компаниас гэрээт талбайн түүхий тосны хайгуул болон олборлолтод оруулсан хөрөнгө оруулалтаа өртөг нөхөх журмын дагуу өнөөг хүртэл нөхөж чадаагүй байгаа билээ.

Аудитын албан шаардлагаар шаардсан 2,171,023.99 ам.доллараас 563,029.23 ам доллар нь бүрэн үндэслэлгүй юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хураан авахыг хориглоно” гэж заасан байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний 10.3.в-д “Гэрээлэгч нь энэхүү гэрээний дагуу явагдаж буй газрын тостой холбогдсон үйл ажиллагаатай холбогдолтой бусад бүх татвараас энэхүү Гэрээний дагуу чөлөөлөгдөнө” гэж заасан. Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/7 дугаартай актаар манай компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар ногдуулж, уг актаар 563,029.23 ам долларыг төлүүлэхээр тогтон албадан төлүүлсэн юм.

Дээрх актаар манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын болон гаалийн татвар ногдуулан албадан төлүүлсэн нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Бүтээгдэхүүн хуваах гэрээний 10.3.в-д заасныг зөрчсөн болохыг тухайн үед тус байгууллага зөвшөөрсөн.

Ийнхүү манай компани газрын тостой холбогдох уйл ажиллагаандаа нэмэгдсэн өртгийн албан татварын 563,029,23 ам.долларыг төсвөөс манай компани буцаан авч чадаагүй тул Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газартай тохиролцсоны дагуу суутган авсныг аудиторууд буруутгаж, төлүүлэхээр тогтоосон байна. Энэ талаар аудит хийсэн “О****” ХХК-ийн аудиторууд бүрэн ойлголтгүй байсан ба манай тайлбарыг сонсоогүй болно.

Иймд албан шаардлагаар шаардсан 2,171,023.99 ам.долларын дүнд 563,029.23 ам.долларыг оруулан тооцох үндэслэлгүй, уг дүнгээс хасаж тооцох ёстой юм. Энэ талаар аудиторуудад тайлбарласан байхад уг байдлыг огт харгалзан үзээгүй нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

Дээрх үндэслэлээр Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э****, ахлах аудитор Л.Н****, аудитор Б.Ч**** нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаартай албан шаардлага нь Газрын тосны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Төрийн аудитын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчээс хууль бусаар үндэслэлгүй их хэмжээний төлбөр төлөхийг шаардаж, хөрөнгө оруулалтаа хамгаалуулах эрхийг хөндсөн хууль бус захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож өгнө үү.

6.9. “Д****” ХХК нь “... Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор С.Э****, мөн газрын ахлах аудитор Л.Н***, мөн газрын аудитор Б.Ч****8 нарт холбогдуулан, “Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э****, ахлах аудитор Л.Н****, аудитор Б.Ч**** нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргаж байх үед 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас 648/А0160135, НАГ-2019/02/-НА/, /НАГ-2019/04/-НА/ дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн болно. Иймд Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас 648/А0160135, НАГ-2019/02/-НА/, /НАГ-2019/04/-НА/ дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй адилхан болно.

6.10. Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторт холбогдуулан, Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн үндэслэлтэй адил бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаал нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон “Нийцлийн аудитын тайланг”-г хүчин төгөлдөр болгох эрх зүйн үндэслэл нь болдог гэж хариуцагч нар тайлбарласан тул эдгээр захиргааны актууд нь хамтдаа нэг эрх зүйн үр дагаврыг манай компани руу чиглэн үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

6.11. “Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/85 дугаар “Аудитын тайлан баталгаажуулах тухай” тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын хувьд,

Энэхүү нэмж гаргасан аудитын тайланг баталгаажуулсан шийдвэр болон албан шаардлага нь өмнөх актыг гаргасан аудиторуудын нэгэн адил үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байгаа нь Үндэсний аудитын газрын аудиторууд нь шүүхэд маргаантай байгаа асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад дахин адил агуулгатай захиргааны акт гаргаж аж ахуйн нэгжийг дарамталсан, хүндрэл учруулснаас гадна, шүүх таслах ажиллагааг удаашруулсан гэж үзэж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах захиргааны актуудыг хариуцагч нар нь аудитын дүгнэлт, тайлантайгаа нэг адил дүгнэлт хийж гаргасан байгаа учраас нэхэмжлэгч компани нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй ижил үндэслэлээр маргаж байгаа болно” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... “О*****” ХХК яагаад ийм мэргэжлийн бус хандаж байгаа юм бэ гэдэгтэй холбоотойгоор тайлбарлаж байгаа зүйл нь 2012-2013 онд л бүтээгдэхүүн хуваах тайлангийн аудитын ажил хийгдсэн юм шиг байна. Бүтээгдэхүүн хуваах тайлангийн аудит 2001 оноос хойш 2014 оныг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам гэсэн маш өндөр, бүрэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүрдээд энэ тайланг гаргадаг. Энэ ажлаа минийх л зөв, бусдынх буруу гэж байгаа юм шиг өөрийнхөөрөө дайраад дүгнэлтээ гаргасан. Ярьж байгаа нь бид нар төрийн ажил явуулж байна, төрийн ажлыг та нар гацааж байна, танай ажилчидтай хариуцлага тооцно гэж байгаа юм. Хариуцагч Л.Н**** гэдэг хүн 2015 оноос хойш ажиллаж байгаа. Энэ хүний хувийн өш хонзон манай төсөл дээр байх шиг байна. 2015 оноос хойш энэ төсөл дээр явж байхад бүх тайлбарыг энэ хүнд өгч байгаа. Гэтэл хувь хүнийхээ өнцгийг бусдад тулгадаг юм уу мэдэхгүй, манай тайлбарыг огт сонсдоггүй. Төрийн дээд их хурлын ажил явагдаж байна гэж хэлээд байдаг. Бид гэрээнд ингэж заагаагүй, борлуулалтын цэгээ харилцан тохиролцож аудитын ажлаа явуулах ёстой гэдгийг байнга хэлж хүсэлтээ тавьдаг байсан. Тэгэхэд хурал хийсэн болоод бид дүгнэлтээ гаргана гэж ярьдаг. Иймд бид одоо шүүх хуралдаанаар хэлэлцээд сууж байна. Манай зардал өдөр болгон өсөж байгаа бөгөөд шүүхэд гарж байгаа зардал ч мөн адил, өнөөдөр бид энэ шүүх хуралдааныг хийхгүй байх боломжтой байсан гэж үзэж байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Нэхэмжлэгч талаас дөрвөн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагын аудитор Л.Н**** тайлбар хэлэхдээ “...бид тайлбарлаагүй шууд ойлгосон” гэж байна. Гэтэл 2018 оны тайлангийн 11 дүгээр хуудаст, мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээг тайлбарлах арга журам хэрэглэж, “экспортын цэг” гэдэг үгийн шууд утгыг харгалзан үзэж тодруулах нь зүйтэй гэсэн атлаа газрын тосны экспортод зориулан борлуулах зорилгоор ачуулах сүүлийн цэгийг экспортын цэг гэж үгийн шууд утгаар ойлгох бөгөөд хэрэв цооногийн дэргэдэх танкнаас шууд экспортолж ачуулж байгаа бол уг цэгийг экспортын цэг гэж тайлбарлаж болно гэж дүгнэлт гарсан. Гэрээний талууд хоорондоо нэг ойлголттой, экспортын цэгийг хаана вэ гэдгийг тогтоод үүнийхээ дагуу 10 гаруй жил тайлан гаргаад баталгаажуулж үйл ажиллагаагаа явуулсан. Ийм байхад аудитын компани орж ирээд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу бид ингэж тайлбарлаж байна гээд тайлан дээрээ тусгасан. Тухайн гэрээний заалтыг буюу экспортын цэгийг өөрсдийнхөөрөө тайлбарласан гэдэг нь харагдаж байна.

Хариуцагч аудитор Б.Ө**** хэлэхдээ “...анх усны агууламж бага байсан учраас цооногийн амнаас борлуулалт хийдэг экспортын цэг гэж үзэж байсан. Одоо усны агууламж нь их учраас танкфарм дээрээс экспортын цэг гэж үзэж байна” гэж өөрийн амаар тайлбарласан. Үүнээс үзэхэд гэрээлэгч талууд анх юу гэж тохирсон бэ гэдэг маш тодорхой харагдаж байна. Экспортын цэг гэдэг нь цооногийн аман дээрх хэмжих төхөөрөмж юм байна гэдгийг харж болно. Энэ ойлголтыг аудитор ойлгосон байна. Гэхдээ ямар үндэслэлээр яагаад гэрээлэгч 2 талыг хохироосон дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй байна. Цаанаа учир шалтгаан, Монгол Улсын ашиг сонирхол байдаг байх. Гэхдээ бид хуульд нийцсэн гэрээг дагаж мөрдөх ёстой. Тухайн гэрээ нь шинэ хууль батлагдсанаар цааш үргэлжлэх боломжгүй болсон тохиолдолд дахин шинэчилж байгуулах нөхцөл байдал байна уу гэж харахаас биш хэн дуртай нь шалгалт хийгээд энэ гэрээг одоо ингэж үзэхгүй гэж шийдвэрлэх боломж байхгүй. Үүнийг эрх зүйн харилцаанаас үзэхэд ингэх ямар ч боломжгүй.

Баталгаат хэмжилт хийсэн газраас цаашхыг нь борлуулалтын орлогод тооцно гэсэн ойлголтыг аудиторууд өгч байна. Тэнд олборлоод гаргаад ирсэн түүхий тосыг хувааж байгаа асуудал юм. Яг түүхий тосыг хуваагаагүй, гэхдээ ойлголт нь түүхий тосыг хуваах шүү дээ. Харин энэ бүх үйл ажиллагааг нэхэмжлэгч компани хийж байгаа. Олборлоод, гаргаж ирээд ялгаад, тээвэрлээд, худалдан борлуулаад байгаа юм. Эндээс оруулж ирсэн орлогыг хувааж байгаа. Гэрээний ойлголтын хувьд газрын гүнээс тосоо гаргаж ирээд бүтээгдэхүүнээ хуваагаад, хуваасан бүтээгдэхүүнийхээ өөрсдөдөө ногдох хэсгийн зардлыг өөрсдөө гаргах ёстой. Гэтэл энэ бүх зардлуудыг ганцхан нэхэмжлэгч компанид хариуцуулаад олсон орлогыг нь хуваах ёстой гэсэн ойлголт ярьж байгаа бол энэ буруу юм. Өртөг нөхөгдөх зардлыг борлуулалтын зардалд оруулчихсан байна. Түүнээс биш борлуулалтын зардал биш өртөг нөхөх зардал гэж тайлбарлаад байна. Энэ 2 зардал хоорондоо ялгаатай.

Гэрээний 8.4.в-д экспортын үнийг тогтоохдоо экспортын цэгээс гэрээт түүхий тосыг нийлүүлэх тодорхой цэг хүртэлх өртөг зардлыг хасаж тооцно гэж заасан байгаа. Тэгэхээр экспортын цэг гэж хаана юм, тэрнээс цааших зардлыг борлуулалтын зардал дээр тооцоод үүнээс хасаж тооцно гэсэн ойлголт. Гэтэл экспортын цэгээс бүтээн байгуулалт буюу олборлолтынхоо зардал руу оруулж ирээд өртөг нөхөх зардалдаа тусгаад, өртөг нөхөх зардал нь нэхэмжлэгч компанийн тооцоолсноор 2030, 2040 он хүртэл нөхөгдөхгүй. Ийм хохиролтой гэрээ хийж, нэг талыг барьж шийдэж болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд аудитын дүгнэлтийн маргааны гол зүйл нь экспортын цэгийг тодорхойлох юм. Энэ цэгийг тодорхойлохдоо экспортын үнийг мөн тодорхойлох юм. Экспортын үнээс ямар зардлаа хасах юм гэдэг ийм ойлголтын зөрүү явагдаад байна. Төлөөлөгчийн хувьд гэрээ маш тодорхой гэж үзэж байна. Экспортын цэгийг юу гэж тодорхойлсон юм, олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмж юм гэдэг нь тодорхой байна. Хэрвээ тэр төхөөрөмж байхгүй тохиолдолд бусад байгууламж, тэдний ойролцоох цэг гэж тодорхойлсон. Цооног болгон дээр төхөөрөмж байна. Тэр цооног нь өөрөө экспортын цэг болох юм байна. Энэ цэгээс цааш хийх үйл ажиллагаа бол борлуулалтын зардалд тооцогдох юм байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээд байгаа юм. Иймд маргаан бүхий 4 захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.

2014 оны Газрын тосны тухай хууль болон түүний хүрээнд батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилье гэвэл хуучин гэрээний 26.12-т энэхүү гэрээ болон гэрээний баталгаа нэмэлтүүдэд тусгагдаагүй аливаа нөхцөл байдал үүсэн гарвал талууд хэлэлцээр хийж шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг гэрээнд оруулна. Тусгайлан заахад энэхүү гэрээ байгуулагдсанаар гэрээлэгч эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөхүйц өөрчлөлт Монгол Улсын хуульд орсон тохиолдолд талууд гэрээлэгчийн анхны эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх зорилгоор хэлэлцээр хийж энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан. Энэ гэрээ ойлголтын зөрүүтэй юм байна. Тэгэхээр ийм ойлголт байгаа учраас ийм акт гаргалаа гэдэг утгаар биш, эхлээд энэ гэрээгээ өөрчлөөд “БХГ-97” гэрээнийхээ 26.12-т заасны дагуу 2 тал энэ гэрээг шинэчлэх ёстой. Тэрний дараа дараагийн асуудлыг ярих ёстой. Та нарын урьд нь ойлгож явсан энэ ойлголт буруу байна гэдэг эрх хэмжээ аудитын байгууллагад байхгүй” гэв.

 9. Хариуцагч С.Э****, Л.Н****, Б.Ч**** нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/125 дугаар тушаалаар баталсан “Үндэсний аудитын газрын 2018 онд хийх аудитын төлөвлөгөө”-ний дагуу 2003 оны Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд, Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32, 37 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан аудитын төлөвлөгөөний дагуу ҮАГ-НАГ/2018/03-НА кодтой “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан “Д****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт” сэдэвт нийцлийн аудитыг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын аудиторууд болон аудитад шаардлагатай шинжээч нарыг оролцуулан Төрийн аудитын тухай, Газрын тосны тухай хуулиудыг баримтлан, аудитын арга зүй, олон улсын стандартын дагуу гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч талын маргаж байгаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн УАГ-НАГ/2018/03-НА дугаартай албан шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу аудитын тайлангийн салшгүй хэсэг юм.

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар төрийн аудитын тайланг Төрийн аудитын байгууллага гаргахаар, хуулийн 24 дүгээр зүйлд Төрийн аудитын байгууллагын тогтолцоог хуульчилж, Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар байхаар, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т зааснаар аудитын тайланг баталгаажуулах эрхийг Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамруулан тус тус хуульчилсан” гэжээ.

10. Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/125 дугаар тушаалаар баталсан “Үндэсний аудитын газрын 2018 онд хийх аудитын төлөвлөгөө”-ний дагуу 2003 оны Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд, Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32, 37 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан аудитын төлөвлөгөөний дагуу ҮАГ-НАГ/2018/03-НА кодтой “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан “Д****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт” сэдэвт нийцлийн аудитыг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын аудиторууд болон аудитад шаардлагатай шинжээч нарыг оролцуулан Төрийн аудитын тухай, Газрын тосны тухай хуулиудыг баримтлан, аудитын арга зүй, олон улсын стандартын дагуу гүйцэтгэсэн.

Аудитын тайланг Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д заасан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хүрээнд 2020 оны А/80 дугаар тушаалаар баталгаажуулсан бөгөөд уг аудитын тайлангаар Газрын тосны газар /хуучин нэрээр/ гэрээлэгч “Д****” ХХК-ийн 2014 оны хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан тосны тайлан, тос хуваалт, өртөг нөхөгдөх зардлын тайланг зардлын ангилал, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай тулгаж, хянаж нэгтгэх Газрын тосны тухай хуулийн 9.1.8-д заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээлэгч тооцооллыг зөрүүтэй тайлагнаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос 2,171,023.99 /хоёр сая нэг зуун далан нэгэн мянга хорин гурван ам.доллар, ерэн есөн цент/ ам.долларыг дутуу төвлөрүүлсэн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д “Газар, байгалийн баялгийн нөөцийг хуульд заасан хэлбэрээр эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдон бий болох орлого байна” гэсэн заалт болон Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 47 дугаар тогтоолоор баталсан “БХГ-97” гэрээний хавсралт “С*****”-д заасантай нийцэхгүй байх тул Төрийн аудитын тухай хуулийн 21.1-д “шалгагдагч этгээд хууль тогтоомж ... хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газарт өгөгдсөн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны актын агуулга ба хэлбэрийг хангаж, мөн хуулийн шаардлагад нийцүүлэн гаргасан албан шаардлага болно...” гэжээ.

11. Хариуцагч Б.Ө***, В.Э***, У.О*** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан аудитын төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан “Д****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2015-2018 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт” сэдэвт нийцлийн аудитыг Төрийн аудитын тухай, Газрын тосны тухай хуулиудыг баримтлан, аудитын арга зүй, олон улсын стандартын дагуу гүйцэтгэсэн.

Аудитын тайланг Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9  дэх хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хүрээнд 2021 оны А/85 дугаар тушаалаар баталгаажуулсан. Уг аудитын тайлангаар 647/А0160135, НАГ-2019/02-НА, НАГ-2019/04/-НА дугаартай “Төсвийн орлого төвлөрүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх” болон 648/А0160135, НАГ-2019/02-НА, НАГ-2019/04/-НА дугаартай “Зөрчил арилгуулах, давтан гаргуулахгүй байх” албан шаардлагыг гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хариуцуулан тус тус хүргүүлсэн болно.

Гэрээлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 150/21 дүгээр албан бичгээр 648/А0160135, НАГ-2019/02-НА, НАГ-2019/04/-НА дугаар “Зөрчил арилгуулах, давтан гаргуулахгүй байх” албан шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэхийн шаардлага нэмэгдүүлж тус шүүхэд хүргүүлсэн байна.

Гэрээлэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Галба ХI талбайгаас “З*******” ХХК-ийн хайгуулын туршилтын үед олборлосон 1,722.01 баррел түүхий тосыг зуучлан борлуулахаар гэрээ байгуулан өөрийн нэр дээр 2018 оны 11 дүгээр сард экспортолж, 102.5 мянган долларын орлого бүрдүүлсэн боловч “З*******” тайландаа тусгаагүйг Газрын тосны газар /хуучин нэрээр/ нь хянаагүй байсан. Энэ нь Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8. “Гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж, нэгтгэх”, 9.1.9. “Газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлогыг ... хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна” гэжээ.

12. Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч “Д*****” ХХК нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалаар Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9. “аудитын тайланг баталгаажуулах”, 29 дүгээр зүйлийн 29.3. “Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана”-т заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Д****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт хийсэн аудитыг тайлан, албан шаардлагыг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/85 дугаар тушаалаар “Д*****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2015-2018 оны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт хийсэн аудитын тайлан, албан шаардлагыг тус тус баталгаажуулсан.

“Д****” ХХК нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/85 дугаар тушаалаар баталсан “Д****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2015-2018 оны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт хийсэн аудитын тайлан, албан шаардлагыг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий аудиторт урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гомдол гаргаагүй байна.

“Д****8” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхтэй хэдий боловч уг ихэсгэх буй нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй гомдолд шүүхээс дүгнэлт хийхэд хүргэж байна. Иймд нэхэмжлэгч компанийн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

13. Хариуцагч Ч.Ө***, Ч.Д***, Б.Э***, Б.Э***, У.О***, Л.Н***8, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч “Д****” ХХК-ийн “... НАГ-2019/02-НА, НАГ-2019/04/-HA дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/85 дугаар “Аудитын тайлан баталгаажуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодруулж байна” гэсэн шаардлагын үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь энэхүү нэмэгдүүлсэн шаардлагадаа үндсэн шаардлагын үндэслэл /экспортын цэг/-тэй адил маргаж байгаа гэсэн тул тухайн асуудлаар нэмэлт тайлбар, тодруулга бэлтгэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар дараах хариу тайлбарыг гаргаж байна.

13.1. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 47 дугаар тогтоолоор баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1-д “Гэрээт түүхий тос” гэж энэхүү гэрээний дагуу гэрээт талбайгаас олборлож, хуримтлуулсан газрын түүхий тосыг хэлнэ. “Олборлосон” гэдэг ойлголт нь тосыг газрын гадаргууд гаргаж бүтээгдэхүүн хуваах хэмжүүрийн төхөөрөмжөөр нэвтрүүлснийг хэлнэ. “Хуримтлуулсан” гэдэг ойлголт нь гэрээнд оролцогч аль нэг тал тосыг авч ашиглах боломж бүрдүүлснийг хэлнэ гэж тодорхойлсон.

Дээрх ойлголтоор “Цооногийн ам”-н дээр “бүтээгдэхүүн хуваах хэмжүүрийн төхөөрөмж байхгүй”, “тосыг авч ашиглах боломж бүрдээгүй” учраас энэ ойлголтод хамаарахгүй байна. Харин "Танкфарм" дээр хэмжилт /гэрээлэгч хэдийгээр цооногийн аман дээр хэмжилт хийж байгаа ч тухайн хэмжилт нь албан ёсны буюу бүтээгдэхүүн хувааж байгаа хэмжилт биш/ хийгдэж, бүтээгдэхүүн хуваах боломжтой буюу тосыг авч ашиглах боломжтой байна.

13.2. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 11.1.А-д “Гэрээт тосны хэмжээг тодорхойлох болон тэдгээрийг Гэрээнд оролцогч талуудын хооронд хуваах зорилгоор хэмжилт хийхдээ (“Бүтээгдэхүүний хэмжилт”) олон улсын газрын тосны аж үйлдвэрлэлд хэвшсэн нийтлэг аргачлалыг баримтална. Гэхдээ бусад зорилгоор хийгдэж болох хэмжилт (тухайн цооногоос олборлох бүтээгдэхүүний хэмжээг турших буюу тогтоох зэрэг) нь бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн жишигтэй заавал нийцэх албагүй гэдгийг харилцан тохиролцов” гэсэн нь цооног дахь олборлолтын хэмжилт, бүтээгдэхүүн хуваах хэмжилт /борлуулалтын хэмжилт/-тэй нийцэх албагүй, тусдаа ойлголт болохыг тодорхойлж өгсөн байна.

13.3. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8.1.а /Роялти/-д “Гэрээлэгч хуанлийн улирал бүр борлуулсан гэрээт тосны үнийн хэмжээний 7.5 хувьтай тэнцэх хэмжээний роялтийг төлнө”, 8.2.а-д “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад гарсан бүх өртөг зардлыг нөхөх зорилгоор /цаашид өртөг нөхөлт/ хуанлийн улирал тутамд борлуулсан гэрээт түүхий тосны 40 хүртэлх хувийг авч ашиглах эрхтэй...”, 8.3. /Бүтээгдэхүүн хуваах/-т “Хуанлийн улиралд ногдох роялти болон өртөг нөхөлтийг хасаад, тухайн улиралд борлуулсан гэрээт түүхий тосыг өдөрт олборлох дундаж хэмжээнд тулгуурлан дор дурдсан харьцаагаар Засгийн газар болон гэрээлэгчийн хооронд хуваана” гэсэн нь “борлуулсан гэрээт түүхий тос--ноос роялти, өртөг нөхөлтийг тооцож, үлдсэн дүнгээс гэрээлэгч болон Засгийн газрын хооронд тосыг хуваахаар байна. Өөрөөр хэлбэл, танкфарм дээр бүтээгдэхүүн хуваах хэмжилт хийж, тосны экспортын хэмжээ, үнэ тогтож, борлуулалт хийгдэж байна.

13.4. Гэрээлэгч нь нэхэмжлэлдээ 2003-2013 онд хийгдсэн хяналт шалгалтаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтын “экспортын цэг” гэснийг өөрөөр тайлбарлаагүй, аливаа маргаан гараагүй талаар дурдсан байна. Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 37 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд Төрийн аудитын байгууллага 2014 оноос гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад аудит хийж эхэлсэн.

13.5. Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлэх тухай” 04/268 ҮАГ-НАГ/2018/03-НА, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх тухай” 647/А0160135 НАГ-2019/02/-НА, НАГ-2019/04/-НА дугаартай албан шаардлагуудад бичигдсэн “... Энэ нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэг болон “БХГ-97”-ийн хавсралт “С”-д заасантай нийцэхгүй байна...” гэсний “С” гэсэн нь Англи хэл дээрх бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “С”-г заасан болно. Бид захиргааны акт гаргахдаа Бүтээгдэхүүн хуваах гэрээний Монгол хэл дээрх хувилбарын хавсралтын дугаарыг үндэслээгүй, алдаа гаргасан байх бөгөөд цаашид гэрээлэгчтэй байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний Англи хэл дээрх хувилбарын Хавсралт “С”-г Монгол орчуулгын Хавсралт “В” гэж залруулж байна” гэжээ.

14. Хариуцагч Л.Н**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Дүгнэлт 3 дээр түүхий тосны худалдан борлуулах дугаар гэрээнд гэрээт талбайгаас олборлосон бүх түүхий газрын тосыг худалдах, худалдан авах ерөнхий нөхцөл үнийн тогтолцоог тусгасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хувьд хяналт оролцоогүй байна гээд бид 3 дугаар дүгнэлтээ өгсөн байгаа. Бид нар борлуулалтын орлогын талаар албан бичгээр, амаар нэмэлт баримтуудыг нэхэж байсан. Ингэж тайлбарласан нь дүгнэлтийн үндэслэл болохгүй. Тэр дүгнэлт Монгол Улсын хяналтад байхгүй байна гэж дүгнэж байхад Л.Н*** хариу өгөөгүй гэх ёсгүй. Энэ талаар бид асуусан. Тухайн үед бичиж байсан албан бичгүүд байгаа. Тэрэнд үндэслэл бүхий хариулт ирээгүй. 2014 онд хийж байсан Газрын тосны тухай хуулийн хэрэгжилт, хуулийн төлбөр тооцоо гэдэг аудитыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийгээд, 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хуралд танилцуулж байсан. Энэ аудитаар нэхэмжлэгч компани Монгол Улсад төлөх нийт газрын тосны 2013-2014 онд төлөх 1,213,369 ам долларыг улсын төсөвт төвлөрүүлэх байсныг нэмэгдсэн өртгийн албан татвараас суутгаж авсан гээд манайх акт тавьж байсан. Тэрийг сая хэлсэн тооцоотой холбож яриад байгаа. Энэ бол өөр аудитын өөр дүн юм” гэв.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэгч тал Бүтээгдэхүүн хуваах гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой байсан. Үүний дараа энэ аудит хийгдэх байсан гэсэн асуудал яриад байна. Энэ аудитын Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх хугацаа байсан. Гэрээний нэг талын хувьд өөрсдөө санаачлаад өөрчлөх боломж байсан. Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэрээлэгчтэй хамтарсан 2 удаагийн ажлын хэсэг гараад уулзалтууд зохион байгуулсан. Бид өөрсдийн бүрэн эрх чиг үүргийнхээ хүрээнд энэ аудитыг гүйцэтгэсэн. Аудитыг гүйцэтгэхэд тодорхой ойлголтын зөрүү байсан учраас эдгээрийг аудитын хүрээнд гаргаж тавьсан байгаа. Тэрнээс өмнө ажлын хэсгийн түвшинд төрийн байгууллагууд хамтраад хийгээд ирсэн юмыг бид нар үргэлжлүүлээд цаашаа явна гэсэн ойлголт байхгүй. Бид зөрүүтэй ойлголтын талаар зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй байдаг. Тэрний хүрээнд аудитын тайлан гаргасан байгаа. У.О**** аудитор маань нэхэмжлэгчээс асуухад тодорхой хариулт хэлсэнгүй. Нэхэмжлэгч компани тайлангаа 1,499,000 баррел тосыг танкфарм дээр байгаа хэмжээ юм. Тэнд хэмжсэн хэмжээ албан ёсны хэмжээ, өдөр өдрийн хэмжилтүүдийг хэмжээд гаргаж ирснийг тайлан дээрээ тусгасан хэр нь тэрнээс өмнө гарсан зардлаа нийт дүнгээсээ хасаад борлуулалтын үнээ бага гаргаад тэндээсээ өртөг нөхөх зардлаа тооцож яваад байгаа. Бидний зүгээс нэгэнт танкфарм дээрээс хэмжилт хийгээд үнэ гаргасан бол тэндээс бүтээгдэхүүн хуваах гэрээний 8.1, 8.2, 8.3 дээр борлуулсан түүхий тосноос роялти, өртөг нөхөх зардал тооцно гээд заасан байгаа. Бид бүтээгдэхүүн хуваана гэж яриад байгаа боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар яг бүтээгдэхүүнээ хуваагаагүй гэж хэлж байна. Тэр нь нэг талдаа зөв. Гэхдээ бид тосоо 2 хэсэг хувааж аваад, 2 гэрээгээр өөр хүмүүст зарсан юм байхгүй. Нийлүүлээд нэг худалдан авах гэрээгээр нэг худалдагчид зарж байгаа. Борлуулалтын өөрөө хаана хийж байна вэ гэхээр тосоо ачуулаад албан ёсны хэмжилт хийгээд гэрээ байгуулсны дараа борлуулалт явагдаж байгаа. Тэр үеэс бид борлуулалтаа тооцно шүү гэдэг ойлголт явж байгаа” гэв.

16. Хариуцагч У.О**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Төрийн аудитын байгууллагыг тайлбар дээрээ гэрээний зүйлийг тайлбарлаад байна гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Гэтэл Төрийн аудитын байгууллага Монгол Улсын хуульд буюу Аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий байгууллага юм. Дүгнэлт гаргасан үндэслэлээ бид дүгнэлтдээ тусгаж байгаа. Холбогдогч этгээд болон гэрээлэгч талуудад танилцуулаад тайлангийн төслөө бэлдсэний дараа баталгаажуулахаас өмнө тайлангийн төсөлдөө санал аваад, саналыг сонсоод хүлээн аваад, хүлээн авах боломжгүй дээр нь тайлбараа хэлээд эцсийн байдлаар ерөнхий аудиторын тушаалаар гаргаж байгаа. Хууль шинэчлэгдсэн бол гэрээний заалт өөрчлөгдөх юм шиг ойлголтыг шүүхэд тайлбарлаад байна. Гэтэл шинэчилсэн хуульд экспортын цэг дээр том өөрчлөлт ороогүй. Татвар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой заалт шинэчлэгдсэнд томоохон ач холбогдол өгч байгаа. Өнөөдрийн байдлаар шинэчлэгдсэн ч гэрээний зүйлтэй зөрчилдөөд байгаа зүйл байхгүй гэдгийг хэлье. Улсын Их Хурлаас манай байгууллагад захиалга өгөөд энэхүү аудитыг хийсэн. Аудитын тухай хууль болон Газрын тосны тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит хийж албан ёсны дүгнэлт хийж байгаа. Хэн нэгэн ирээд өөрчлөөд байна гэсэн үг биш. Энэ бол бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасны дагуу хийсэн гэдгийг тодотгож хэлмээр байна. Асуулт асуухад бөөрөнхийлж хариулсан боловч яг энэ бүтээгдэхүүн хуваах тосоороо байгаа 1,499,000 баррель бол танкфарм дээрх тос гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч тал бол цооногийн ам гэж хэлээд байна. Шүүх бүрэлдэхүүн үүнийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Цооногийн аман дээрээс танкфарм хүртэлх зардлаа хасна гэсэн хэр нь танкфарм дээр байгаа тоон хэмжээгээр тооцоод байгаа. Цооногийн ам хэрвээ экспортын цэг гэж үзэж байгаа бол цооногийн аман дээр гарч ирж байгаа буюу 2,000,000 баррель гарч ирлээ гэж бодоход 2,000,000 баррелиар үнийн дүнгээ үржээд тооцоод гаргаж ёстой байсан. Гэтэл тэр 2,000,000 баррелиар биш усны хэмжээг багасгасан буюу тэр үнийн дүнгээсээ тайлагнаж гаргасан байгаа. Нөгөө талаас хэлэхдээ борлуулалтын зардлаас хасаад өртөг нөхөх зардал уруу орсноор манай хохирлоо гэж хэлээд байгаа. Өөрийнхөө оруулсан хувь хэмжээгээр өртөг нөхөх зардлаасаа анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд явж байгаа зардал юм. Тэгэхээр өмнө төлсөн зардлаасаа багасаад явж байгаа гэсэн үг. Энэ хохирсон гэж хэлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үйл ажиллагааны зардлыг Засгийн газар болон гэрээлэгч тал хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр өртөг нөхөх зардлаараа нөхөөд явж байгаа. Зардлаа нөхөж чадахгүй учраас энэ гэрээг надад ашигтайгаар тайлбарлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх гэж байгаа юм шиг санагдаад байна. Ашигтай ч бай, зардалтай ч бай чи энэ гэрээг заавал байгуул гэсэн шаардлагыг Засгийн газраас тавиагүй гэдгийг би хэлмээр байна. Экспортын цэгийг нэхэмжлэгч тал цооногийн Ашигт малтмал газрын тосны газар гэж хэлсэн хэр нь цооногийн аман дээр байгаа баррелийн хэмжээгээр борлуулсан тосныхоо үнийг тооцохгүйгээр танкфарм дээр байгаа 1,499,000 баррель тосоор нийт экспортын үнийг тооцоод байгаа. Энэ 2 тайлбар зөрчилдөөд байгаа шүү. Амбер компанийн хэмжилт бол цооногийн аман дээрээс биш танкфарм дээрээс хэмжилт хийж байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н**** гэж хүнээс асуухад тос хуваадаггүй гэсэн, 2 дахь удаагаа хариулахдаа цооногоос танкфарм дээр ирж байгаа шүү гэдгийг тодорхойлж хэлсэн” гэв.

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “.... “Д****” ХХК-ийн 2014 оны өртөг нөхөх зардалтай холбоотойгоор 2 том тооцоолол хийж өгсөн. Нэг нь 2014 оны түүхий тос хуваалтын тооцоо гэж байгаа. Энэ тооцоон дээр экспортолсон баррелийнхаа тосыг нэхэмжлэгч компани өөрсдөө тайлагнасан. Тэдний тайлагнасан тайланг анхан шатны баримттай тулгаад зөрүү гарсныг тооцоолж үзсэн. Нэхэмжлэгч компани 433.885 баррель гэж тайлагнасан байсныг аудитын дүгнэлтэд хүснэгт 9-өөр 442.212 тонн баррель гэж залруулж нэмэгдүүлж өгсөн. Энэ нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ачуулаад 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд буулгасан нэг вагоныг оруулаагүй байсныг нэмж оруулсан. Үүнээс экспортын хэмжээг олсон болохоор экспортолсон тосныхоо үнийг олсон. Энэ үнээсээ роялтийг олохын тулд борлуулалтын зардлыг олсон. Борлуулалтын зардал гэж нэхэмжлэгч компанийн өөрсдийнх нь тайлагнасан 5,081,000 долларыг анхан шатны баримтаар тулгаж үзэхэд 402,111 доллар нь Зүүнбаян танкфармын цахилгааны зардал, 822,633 доллар нь танкфармын засварын зардал, 812,794 нь Зүүнбаян танкфарм болон жолооч нарт өгсөн цалингийн зардал 1,703,966 төгрөг нь танкфармд бүтээн байгуулалт хийсэн зардал байсан. Нийт 3,741,000 долларыг түүхий тос олборлолтын үйл ажиллагааны зардал байна. Тосоо борлуулахтай холбоотой гарсан зардал биш байна гэж үзсэн. Тосоо борлуулахын тулд гаргасан ложистикийн зардал, тээвэр хэмжилт хийж “Амбер” ХХК-д төлсөн зардал, Улаанбаатар төмөр замд төлсөн зардал, Тяань Сан Болт гээд Хятад талаар хийсэн хэмжилтийн төлбөрүүд, Эрээн хот дахь нүүлгэн шилжүүлэлтийн зардал гээд борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг баталгаажуулаад анхан шатны баримтаар баталгаажуулаад хасаж тооцсон.

Роялтийг тооцохын тулд экспортын цэг гэдгийг олж байгаа юм. Экспортын үнэ гэдгийг олохын тулд 8.4.в дээр заасан байгаа. Экспортын үнийг тогтоохдоо экспортын цэгээс гэрээт түүхий тосыг нийлүүлэх тодорхой цэг хүртэлх өртөг зардлыг хасаж тооцно гэж байгаа. Тэгэхээр танкфармаас Хятад талд буулгаж байгаа Эрээний ачилт, төмөр замын төлбөр бүгд орж байгаа. Энэ өртөг зардлыг хасаад экспортынхоо үнийг олж байгаа юм. Экспортын үнийг олно гэдэг нь орж ирж байгаа мөнгөнөөс 100 хувь хасагдаж байгаа. Энэ хассан дүнг 8.4.с буюу эндээс 7,5 хувиар роялти тооцож байгаа. Энэ роялтийг гэрээний 8.1.а-аар тооцсон. Борлуулалтын зардлаас 3,900,000-г өртөг нөхөгдөх зардал гээд өртөг нөхөлтөө 8.3.1-ээр 38.75, 61.21-ээр хувааж байгаа юм. Өртөг тосоо нийт үнийн дүнгийнхээ 40 хувиас олоод 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн газрын тосны баталсан протоколоор 2012-2013 онд хуваасан өртөг тосны хувь хэмжээгээр 1,4 болон 98,6 гэдэг хувиар хувааж байгаа юм. Эндээс нэхэмжлэгч компанид ногдох ёстой мөнгөн дүнг 30,916,402 гээд баталж байгаа юм. Дахиад нэг өртөг нөхөгдөх зардал гэж яриад байгаа үүнийг огт дурдахгүй байна. Өртөг нөхөх зардал гэдэг нь манай тайлангийн 21-р хуудасны хүснэгт 17 дээр байгаа. Энэ хүснэгтэд өртөг нөхөгдсөн зардал гээд хамгийн анх Хятад тал 177,000 доллар оруулснаас энэ өртөг нөхөгдөх зардал явсаар байгаад 106 сая болсон. Монгол Улсын тал 5,000,000 доллар оруулсан нь явсаар байгаад 1,273,000 доллар болсон. Зөрүү гарсан дүн хаана байгаа вэ гэдэг нь өртөг нөхөх зардал уруу шингээгдээд орчихсон. Ор тас хассан зүйл байхгүй. “О****” ХХК өмнө нь тайлан гарч байсан гэж яриад байна. Гэхдээ өртөг нөхөгдөх зардалтай холбоотой тайланг анх 2012-2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас батлаад энэ протоколоо 2 тал хүлээн зөвшөөрчихсөн. Тэр протокол дээрээ 1998-2011 оны өртөх тосыг тосоор нь өгсөн гэснээс борлуулалтын орлогод тооцоогүй.

Борлуулалтын орлого гэдэг нь гэрээний хамгийн эхэнд 8.1 дээр роялти тооцох гэж байгаа. Борлуулсан гэрээт тосны үнийг олохдоо экспортын үнийг олно гээд зарсан тосныхоо үнээс борлуулалтын зардлыг хасаж экспортын үнийг олж байгаа. Роялтийг олохдоо борлуулсан гэрээт тосны үнийн 7,5 хувьтай тэнцэх хэмжээтэй. Борлуулсан гэрээт тосны үнийг олохдоо экспортын үнийг тогтоож байгаа. Экспортын үнийг тогтоохдоо экспортолсон нийт үнээс борлуулалтын зардал гэдгийг хасаж тооцно. Экспортын үнэ гэдэг нь 8.4.в юм.

Суутган тооцуулсан дүн 513,000 долларыг 2 удаа суутган тооцсон. Хүснэгт 20 дээр байгаа. Нэхэмжлэгч компани 10,906,262 төгрөг төлнө. Үүнээсээ 9,900,000 төгрөгийг нь төлчихсөн. 563,000 төгрөгийг нь суутган тооцуулсан гэж Ашигт малтмал, газрын тосны газар тайлан өгсөн. Манай зүгээс нэхэмжлэгч компанийн төлөх мөнгө 10,906,000 биш, 12,264,227 доллар байна гээд хүснэгт 20-д нэхэмжлэгч компанийн яг дансаар төлсөн мөнгийг гаргаад, энэ зөрүүгээр 2,171,000 долларыг төл гэж гаргаж байгаа юм. Анхан шатны баримтаар тооцсон. 18 дугаар хүснэгтэд нэхэмжлэгч компани өөрөө 10,906,000 төгрөгийг төлнө гэж тайлагнасан. Аудитын тайлангаар засаад  12 саяыг төлөх ёстой гээд зөрүү 2,100,00 төгрөгийг төл гэж гарч ирж байгаа. Зөрүү гаргаж байгаа дүн дотор 563,000 доллар давхар ороогүй шүү.

Бид нарын зүгээс 563,000 нь хамаагүй. 2014 онд дансаар төлсөн мөнгө байна гээд дансаар төлсөн мөнгөний зөрүү гаргаад 2,000,000 доллар нэхэж байгаа.

Олборлосон шингэний тухайд газрын гадаргаас орж ирсэн гэрээний англи хувийг үзэхээр тэрийгээ лэкүйд гээд байгаа. Яг зарж байгаа тосоо фулл гээд байгаа. Англи гэрээг нь монгол гэрээтэй зэрэгцүүлж ойлгоод нэг нь олборлолт, нөгөө нь зарж байгаа гэрээт түүхий тос гэдгийн ялгааг бид тэндээс ойлгосон” гэв.

18. Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Аудиторууд гэрээг өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа гэсэн зүйл ярьж байна. Энэ аудитыг хийж байгаа хүмүүс бол нөхцөл байдлыг үнэлж дүгнэхэд гэрээг тайлбарлах эрхтэй. Гэхдээ аудиторуудын гэрээг тайлбарлаж байгаа тайлбар бол албан ёсны тайлбар биш. Аудиторын экспортын цэгийг тайлбарлаж байгаа тайлбарыг шүүх дүгнэх байх. Нэхэмжлэгч компанийн хувьд эрх ашиг хөндөгдөөгүй гэж дүгнэж болохоор байна. Учир нь өртөг нөхөх зардалдаа тэр зардлыг нөхөх боломжтой. Нягтлан бодох бүртгэлтэй холбоотойгоор үйл ажиллагааны зардал уу, борлуулалтын зардалдаа оруулж тооцох уу гэдэгтэй экспортын цэгтэй холбогдуулж гарсан маргаан. Нэхэмжлэгч компанид 2 зөвлөмжийг өгсөн байгаа. Анхан шатны баримт болон тайланд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах зөвлөмжийг өгсөн. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулах үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг анхаарах талаар зөвлөмжийг өгсөн. Заавал дагаж мөрдөх албагүй. Аудитын байгууллагаас акт тогтоосон, түүнийг Ашигт малтмал, газрын тосны газар холбогдох төрийн байгууллагууд дагаж мөрдөх үүрэгтэй. Хувийн хуулийн этгээдийг бид шууд дагаж мөрдөх эрх зүйн актыг үйлдэх боломжгүй. Иймд зөвлөмжийг өгсөн. Эрх ашиг хөндөгдөөгүй, өртөг нөхөх шаардлагатай тус компанийн хувьд тооцоод явах боломжтой учраас эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Албан шаардлага актын биелэлтийг Ашигт малтмал, газрын тосны хэрэглэх газар хэрэгжүүлэхэд ямар нэг асуудал үүсэхгүй. Аудитор өөрсдийн хүрээнд талуудын байгуулсан гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх бүрэн эрхтэй. Хоёр тал гүрийгээд байх биш, бусад хувийн эрх зүйн хуулийн этгээдийн гэрээнд төрийн холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд холбогдох арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гаргадаг. Түүний хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа юм. Манайх Ашигт малтмалын газартай тохиролцсон гэж хандах нь өрөөсгөл ойлголт юм. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Ерөнхий аудитор акт албан шаардлагыг тушаалаар баталгаажуулсан. Мөн тайланг баталгаажуулсан. Ямар нэг эрх ашиг хөндөгдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, акт албан шаардлагыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

19. Гуравдагч этгээд Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Д*****” компани нь 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний дөрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг Австралийн Р**** (Говь) компаниас шилжүүлэн авч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Д****” ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компанийн 2003-2013 оны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой өртөг нөхөгдөх зардал, нөхөгдсөн зардал, газрын тосны борлуулалтын тооцоонд 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль, Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журам, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Газрын тосны газар), Сангийн яам, Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам), Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалт хийж ирсэн.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан гарснаар хяналт шалгалтын ажлыг Төрийн аудитын байгууллага нь холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэхээр болсон.

Уг хяналт шалгалтын ажлыг Төрийн аудитын байгууллага нь мэргэжлийн байгууллага болох Газрын тосны газартай хамтран хийж, баталгаажуулах талаар хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичгийг 2016 онд байгуулсан. Санамж бичгийн дагуу “Д****” ХХК-ийн /цаашид гэрээлэгч гэх/ 2014 оны өртөг нөхөгдөх зардалд санхүүгийн шалгалтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 онд баталсан аудитын төлөвлөгөөний дагуу хамтран хийж гүйцэтгэн дүнг гарган талууд гарын үсэг зурсан. Гэвч Үндэсний аудитын газраас хамтран ажиллах санамж бичгийг цуцалсан тухай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/1592 дугаар албан бичгийг ирүүлж, хяналт шалгалтыг дангаар болон гэрээгээр хөндлөнгийн аж ахуйн нэгжийн хамт хийж гүйцэтгэхээ мэдэгдэж дахин аудит хийсэн.

Үндэсний аудитын газар болон гэрээтэй ажилласан хөндлөнгийн аудитын компанитай хамтран хийж гүйцэтгэсэн дээрх аудитын дүнтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээний холбогдох заалтуудад гэрээлэгч болон шалгасан ажилтнууд ойлголтын зөрүүтэй байгаа тухай мөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн тогтоолоор зөвшөөрсний дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээ шинэчлэгдээгүй зэрэгтэй холбоотойгоор холбогдох талууд саналын зөрүүтэй байна.

“БХГ-97” талбайн одоо мөрдөж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “Экспортын цэг гэж гэрээт тос буюу хийг хэмжилт хийх цооногийн төхөөрөмж, эсвэл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг хэлнэ”, мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.В-д “...Экспортын үнийг тогтоохдоо экспортын цэгээс гэрээт түүхий тосыг нийлүүлэх тодорхой цэг хүртэлх өртөг зардлыг хасаж тооцно...” гэж заасны дагуу гэрээлэгч нь цооногийн амсраас хойших бүх зардлыг түүхий тосны борлуулалт, тээврийн зардалд тооцон, талуудад ноогдох тосны орлогын хуваарилалтын тооцоог хийж ирсэн.

Энэхүү борлуулалт, тээврийн зардалтай холбоотой Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан “Экспортын цэг”, “Экспортын үнэ” болон өртөг зардлын ангиллын тухайд 2017 онд Үндэсний аудитын газартай хамтран гүйцэтгэж байсан аудитын явцад уг асуудлаар гэрээлэгчтэй хэлэлцэж, мэтгэлцэж байсан. Гэрээлэгч “Манай Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь 1991 оны Газрын тосны хуулийн хүрээнд байгуулагдсан, хэдийгээр Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэ хуульд нийцүүлэн шинэчлэх хэлэлцээр хийх шийдвэр гарсан ч энэ асуудал одоогоор 2 талын дээд удирдлагын түвшинд бүрэн шийдэгдээгүй тул Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтыг мөрдөж ажиллана” гэсэн хатуу байр суурьтай байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар тогтоолоор Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг үндсэн нөхцөлийг нь өөрчлөхгүйгээр Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон Гэрээлэгч нарын хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварт нийцүүлэн шинэчлэх арга хэмжээ авахыг Газрын тосны газарт зөвшөөрсний дагуу гэрээлэгчээс хуулийн хэрэгжилтийг хангах талаар шаардлага тавьж, бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулах талаар гэрээлэгчтэй хэлэлцээ хийж ажлын хэсгүүд байгуулагдан ажилласан байдаг.

Ажлын хэсгүүд Гэрээлэгч компаниудтай хэлэлцээр хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллан, хайгуулын үе шатанд хэрэгжиж буй бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг бүрэн шинэчилсэн. Харин газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгч компаниудын хувьд зарцуулсан зардлын өртгийг нөхөж авч дуусаагүй, гэрээг шинэчлэх асуудлыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлдэг бөгөөд “Д****” ХХК-ийн хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээний 26 дугаар зүйлийн 26.4, 26.12 дахь хэсгийг мөрдөж ажиллана” гэдгээ илэрхийлсэн байдаг. Гэрээнд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүдийг хамруулна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 26 дугаар зүйлийн 26.12. “Энэхүү Гэрээ болон Гэрээний баталгаа нэмэлтүүдэд тусгагдаагүй аливаа нөхцөл байдал үүсэн гарвал талууд хэлэлцээ хийж шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг Гэрээнд оруулна. Тусгайлан заахад, энэхүү Гэрээ байгуулсны дараа Гэрээлэгчийн эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөхүйц өөрчлөлтүүд Монгол Улсын хуульд орсон тохиолдолд талууд Гэрээлэгчийн анхны эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх зорилгоор хэлэлцээ хийж, энэхүү Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна” гэж заасан.

Дээрх нөхцөл байдлын улмаас “Д***” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх асуудал өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна” гэжээ.

20. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А****, Ч.Н**** нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Маргаж байгаа асуудал нь экспортын цэг, экспортын үнэ юм. Экспортын цэгийн тухайд 2014 онд хууль шинэчлэн баталсантай холбоотойгоор энэ асуудал дахин яригдсан. Гэхдээ гэрээлэгч тал 1991 оны хуулийн дагуу гэрээ байгуулагдсан учраас эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлнө. Иймд бичгээр зөвшөөрөл өгсний үндсэн дээр гэрээгээ шинэчилнэ гэсэн байнгын байр суурьтай байсан учраас энэ асуудал шийдэгдэхгүй байгаа. Бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж оролцож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

21. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ДЖ****” компани нь 2003 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний эрх үүргийг Австралийн “Р***” компаниас шилжүүлэн авч  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай, “Д***” ХХК-ийг Монгол Улсад байгуулснаар, аж ахуйн нэгжийн 03-101, улсын бүртгэлийн ********, регистрийн ******* дугаар гэрчилгээтэйгээр Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны БХГ-т талбайд газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, газрын тос олборлолт, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

22. Тус компанийн 2003-2013 оны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой өртөг нөхөгдөх зардал болон газрын тосны борлуулалтын тооцоог 1991 оны Газрын тосны тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам, Бүтээгдэхүүн хуваах гэрээ бусад хууль тогтоомжийн дагуу Газрын тосны газар, Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг хэрэгжүүлж байсан ба протокол ёсоор аливаа зөрчил гарч байгаагүй талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.

23. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 дугаар тогтоол, Ерөнхий аудиторын 2018 оны А/125 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ”, 37.2. “Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна” гэж зааснаар ҮАГ-НАГ/2018/03-НА кодтой “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан “Д*****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт” сэдэвт нийцлийн аудитыг хариуцагчаас гүйцэтгэж,

23.1. Газрын тосны газар /хуучин нэрээр/ нь гэрээлэгчийн 2014 оны хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан тосны тайлан, тос хуваалт, өртөг нөхөгдөх зардлын тайланг зардлын ангилал, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай тулгаж, хянаж нэгтгээгүйгээс гэрээлэгч тооцооллыг зөрүүтэй тайлагнаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97”-ний хавсралт С-д нийцээгүй гэж үзэж, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-д заасныг үндэслэн маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлэх тухай” 04/268 ҮАГ-НАГ/2018/03-НА дугаар албан шаардлагаар “дутуу төвлөрүүлсэн 2,171,023.99 /хоёр сая нэг зуун далан нэгэн мянга хорин гурван ам доллар ерэн есөн цент/-ийг гэрээлэгч /нэхэмжлэгч/-ээс гаргуулахаар шаардсан ба,

23.2. Ингэхдээ хариуцагчийн зүгээс дараах дүгнэлтүүдийг хийжээ.

1. Гэрээлэгч нь 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсвийг “БХГ-97”-ын дагуу Газрын тосны газраар батлуулсан боловч бодитоор төлөвлөөгүй, нэмэлт хөтөлбөр төсвийг батлуулсан үндэслэл нь тодорхойгүй;

2. Гэрээлэгч тухайн жилийн хөтөлбөрийн төсвийг төлөвлөхдөө гүйцэтгэх ажлын зардлын ангилал, нэр төрөл тус бүрээр нарийвчлан төлөвлөж, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй;  

 3. Гэрээт түүхий тосыг худалдан борлуулах UNIPEC/DS/03 тоот гэрээнд гэрээт талбайгаас олборлосон бүх түүхий тосыг худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл, үнийн тохиролцоог тусгасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хувьд  хяналт, оролцоогүй;  

 4. Гэрээлэгчийн тайлагнасан хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр олборлосон болон борлуулсан газрын тосны 2014 оны I-IV улирлын тайланг Газрын тосны газар хүлээн авсан боловч өртөг нөхөгдөх зардлын тайланг зардлын ангилал, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай тулган, хянаж, нэгтгэн талуудын эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажуулах ажил хийгдээгүй;

6. Газрын тосны газрын тостой холбоотой гэрээлэгчийн үйл ажиллагааны тайлан мэдээ болон санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын тайлан, газрын тос хуваах тооцоо зэргийг хянаж нэгтгэх чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй.

23.3. Ийнхүү хариуцагчийн зүгээс 2014 оны Монгол Улсын Засгийн газарт ногдох орлогыг 12.264.227.07 ам.доллар гэж баталгаажуулж, гэрээлэгчийн улсын төсөвт төвлөрүүлсэн 10.093.203.08 ам.долларыг хасаж, үлдэгдэл 2.171.023.99 ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэхээр шаардсан албан шаардлагыг Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалаар баталгаажуулсан. Уг тушаал нь Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Монгол Улсын Ерөнхий аудитор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.9. “аудитын тайланг баталгаажуулах”, 29.3. “Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана” гэж заасныг үндэслэн гарсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

24. Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Д*****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2015-2018 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнасан эсэхийг шалган баталгаажуулах зорилгоор 647/АО160135 НАГ-2019/02/-НА, НАГ-2019/04/-НА кодтой “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Д****” ХХК-ийн “БХГ-97” талбайн 2015-2018 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалт” сэдэвт нийцлийн аудитыг хариуцагчаас гүйцэтгэж,

24.1. Газрын тосны газар /хуучин нэрээр/ нь гэрээлэгчийн 2015-2018 оны хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан тосны тайлан, тос хуваалт, өртөг нөхөгдөх зардлын тайлангаар Монгол Улсын Засгийн газарт ногдох роялти, өртөг нөхөлт, тос хуваалтыг 2015-2018 онд зөрүүтэй тайлагнасныг хүлээн авч улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос 1,922,980.97 /нэг сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун наян ам доллар ерэн долоон цент/ ам.долларыг дутуу төвлөрүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97”-ний хавсралт С-д нийцээгүй гэж үзэж, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасныг үндэслэн маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх тухай” 647/АО160135 НАГ-2019/02/-НА, НАГ-2019/04/-НА дугаар албан шаардлагаар “дутуу төвлөрүүлсэн 1,922,980.97 /нэг сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун наян ам доллар ерэн долоон цент/-ийг гэрээлэгч /нэхэмжлэгч/-ээс гаргуулахаар шаардсан ба,

24.2. Ингэхдээ хариуцагчийн зүгээс дараах дүгнэлтүүдийг хийжээ.

1. Ашигт малтмал, газрын тосны газар  нь гэрээлэгчийн газрын тостой холбоотой үйл ажиллагааны тайлан мэдээг хүлээн авах, тайланг хянах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, гэрээлэгчийн газрын тостой холбоотой үйл ажиллагааны төсвийг батлахдаа байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх зардлын төлөвлөлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хянаагүй;

2. Гэрээлэгчийн газрын тостой холбоотой үйл ажиллагааны тайланг Ашигт малтмал газрын тосны газар  хүлээн авч, хянахдаа тайлангийн тоо баримтыг ажлын бодит гүйцэтгэлтэй тулган баталгаажуулаагүй байгаа нь Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.8 дахь заалтыг хэрэгжүүлээгүй;

3. Гэрээлэгчийн 2015-2018 оны батлагдсан хөтөлбөр, төсвийн хүрээнд тухайн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага”-ын дагуу ашиглалтын талбай болон он тус бүрээр хянаж, дүгнэлт гарган, Техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэх үүргээ Ашигт малтмал, газрын тосны газар  хэрэгжүүлээгүй;

4. “Д****” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт, материалыг хятад, өртөг нөхөгдөх зардлын тайланг англи хэл дээр тус тус үйлдэж байгаа нь Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудтай нийцээгүй;

5. Олон улсын жишгээр экспорт, импортын худалдааны гэрээнүүдэд газрын тосны үнийн мэдээллийн эх сурвалжийг “S&P Global Platts” компаниас нийтэлсэн мэдээлэлд үндэслэдэг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар нь энэхүү үнийн мэдээллийг 2018 оны дугаар сараас аваагүй байгаа нь газрын тосны зах зээлийн үнийн судалгаа шинжилгээг тухай бүр хийх боломжгүй болсон байна.

24.3. Ийнхүү аудитаар 2015-2018 оны Монгол Улсын Засгийн газарт ногдох нийт 20,346.5 мянган ам.доллараас гэрээлэгчийн улсын төсөвт төвлөрүүлсэн 18,423.5 мянган ам.долларыг хасаж, үлдэгдэл 1,923.0 мянган ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэхээр шаардсан албан шаардлагыг Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/85 дугаар тушаалаар баталгаажуулсан. Уг тушаал нь “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалаар баталгаажуулсан. Уг тушаал нь Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Монгол Улсын Ерөнхий аудитор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.9. “аудитын тайланг баталгаажуулах”, 29.3. “Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана” гэж заасныг үндэслэн гарсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

25. Маргаан бүхий албан шаардлагуудыг болон тушаалуудын холбогдох заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

26. Учир нь “экспортын цэг” гэдгийг нэхэмжлэгчийн талаас тайлбарлахдаа шууд утга болон хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмж эсвэл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг ойлгоно гэж үзсэн бол хариуцагч талаас танкфарм буюу бүтээгдэхүүний хэмжилт хийж байгаа цооногийн ам буюу түүний ойролцоох цэг бусад төхөөрөмжийг ойлгоно гэж үзсэнийг шүүх, шууд хувийн эрх зүйн хүрээнд буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” заалтыг зөрчих байдлаар мөн хуулийн 198 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэхгүй, маргаан бүхий албан шаардлагуудад үг үсгийн зөрүүтэй байдлууд буюу “хавсралт С” гэж бичигдсэн байгаа нь монгол хэлээр бичигдсэн гэрээний хавсралтын заалттай тохироогүй, өөрөөр хэлбэл, хавсралтад “С” гэсэн дугаарлалт огт байхгүй гэхчлэн хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ”, 18.2. “Шалгагдагч этгээд аудитын тайлангийн төсөлд өгөх саналаа 10 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ”, 18.3. “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 18.2-т заасны дагуу шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын тайланг нэмэлт нотлох баримтаар бататгах арга хэмжээг авна” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс хүргүүлсэн саналыг хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг анхан шатны баримтдаа тулгуурлан санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийн шинж байдал, нийцлийн аудитын дагуу тогтоогдсон асуудлыг судлан үзэж шийдвэрлэх, шалгагдагч этгээдээс гаргасан тайланг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1. “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу ...болон нийцлийн аудит хийх”, 10 дугаар зүйлийн 10.2. “Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын нийцэлд аудит хийнэ” гэж зааснаар шалгах эрх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.

27. Маргаан бүхий албан шаардлагууд болон уг албан шаардлагуудыг баталгаажуулсан Ерөнхий аудиторын тушаалын үндэслэлд хамаарал бүхий Бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ-97/-г Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/587 дугаар албан бичгээр “...Газрын тосны хэрэг эрхлэх газар, Америкийн Нэгдсэн Улсын “Н****” хооронд 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний англи хэл дээрх хуулбарыг хүргүүлснээр,

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн х/973 албан бичигт “... Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архивын баримтыг шүүн үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны хэрэг эрхлэх газар, Америкийн Нэгдсэн Улсын “Н****” компанийн хооронд 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний англи хэл дээрх эх хувь нь байхгүй байна. Иймд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний монгол хэл дээрх хувийг хуулбарлан баталгаажуулж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Х/970 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно” гэснээр,

Түүнчлэн аудитын явцад Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн болон нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн англи хэл дээрх гэрээ, уг англи хэл дээрх “1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Монгол Улсын газрын тосны хэрэг эрхлэх газар болон Н компанийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г хариуцагчаас “Б*****” ХХК-ийн орчуулгын товчоонд англи хэлнээс орчуулуулсан орчуулга гэхчлэн нийт дөрвөн гэрээ, сүүлд уг гэрээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нотлох баримтаар ирүүлснээр тус тус хавтаст хэрэгт авагдсан.

28. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх үүрэг тухайлбал, шаардагдах тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад үндэслэлээр цуцлахгүй байх, хуульд заагдаагүй нэмэлт төлбөр, хураамж авахгүй байх зэргийг заахаас гадна олборлосон газрын тосноос авах роялти болон татвар хураамжийг хувь хэмжээг тодорхой зааж өгөх, орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх асуудлыг тусгаж өгдөг. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар нь байгалийн баялгаа ашиглуулсны төлбөр хураамжийг тохиролцсон хэмжээгээр зайлшгүй авахаас гадна хөрөнгө оруулагчийн зардлыг буцаахад зориулагдсан “өртөгт” тосноос бусад тосыг тохиролцсон хувь хэмжээгээр авч түүнийгээ захиран зарцуулах эрхтэй болдог байна.

29. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.14. “...“бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг”, 4.1.25. “хүргэлтийн цэг” гэж Засгийн газар болон гэрээлэгчид гэрээний дагуу ногдох газрын тосыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэмжиж, хуваах цэгийг гэж заасан бол, Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор баталсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 2.1 дүгээр зүйл. “Нэр томьёо” хэсэгт: “Экспортын цэг” гэж гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх, цооногийн амны төхөөрөмж, эсвэл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг хэлнэ” гэж заасан.

30. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10. “нийцлийн аудит” гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн нийцэлд аудит хийхийг” гэж зааснаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн аудитын эрх хэмжээг үгүйсгэсэн, хийх явц дахь зөрчил зэрэгтэй болон нийцлийн аудитаар баталгаажуулсан тооцоолол бүхий үнийн дүнтэй маргаагүй.

31. Харин “БХГ-97” гэрээний “экспортын цэг” гэх тухайлсан заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлсэн бэ гэдэгт гол маргаан байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь өөр өөрийнхөөрөө тайлбарлан маргасан бол, гуравдагч этгээд нь “БХГ-97” гэрээг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу өөрчлөх байсан хэмээн байр сууриа илэрхийлж байна.

32. Энэ байдлыг тодруулбал,

32.1. Хариуцагчаас үзэхдээ “... “БХГ-97”-ний 2-т “Экспортын цэг” гэж гэрээт түүхий тос буюу гэрээт хийн хувьд бүтээгдэхүүний хэмжилт хийж байгаа цооногийн ам буюу түүний ойролцоох цэг, бусад төхөөрөмжийг хэлнэ гэж заасан, иймээс гэрээт түүхий тосны хэмжээ болон үнэ, өртгийг тогтоох зорилгоор бүтээгдэхүүний хэмжилт хийгдэж байгаа газрыг “Экспортын цэг” гэж ойлгоно. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн “гэрээг тайлбарлах” арга журмыг хэрэглэж, “экспортын цэг” гэдэг үгийн шууд утгыг юуны өмнө харгалзан үзэж уг ойлголтыг тодруулах нь зүйтэй. Газрын тосыг экспортод зориулан худалдах зорилгоор ачуулах сүүлийн цэг нь “экспортын цэг” гэж үгийн шууд утгаар ойлгох бөгөөд хэрэв цооногийн дэргэдэх танкераас шууд экспортод ачуулж байгаа бол уг цэгийг “экспортын цэг” гэж тайлбарлаж болно. Харин олон цооногоос тос олборлодог бөгөөд тэндээс өөр цэг рүү дамжуулан хуримтлуулсны дараа эцсийн бүтээгдэхүүнийг экспортод ачуулж байгаа бол энэхүү сүүлд хуримтлуулж, хадгалж байгаа цэгийг “экспортын цэг” гэж үзсэн...”[1], мөн “...гэрээлэгч нь “экспортын цэг”-ийг цооногийн ам буюу “танкер” гэж тооцож байгаа бол аудитаар танкераас газрын тосыг хуримтлуулж буй “танкфарм” дээр албан ёсны хэмжилт хийгдэж байгаа “танкфарм”-ыг экспортын цэг гэж тооцсон...”[2] гэж үзсэн бол,

32.2. Нэхэмжлэгч нь “...манай компани гэрээт тосны үнийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2 дугаар зүйлд заасан “Экспортын цэг”-ийн тодорхойлолт буюу экспортын цэг нь гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх цооногийн амсарт байна гэснийг уг гэрээний 8.4-д заасан “гэрээт түүхий тосны үнэлгээ” гэсэн тодорхойлолтыг үндэслэн тооцоолон гаргадаг” гэжээ.

32.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээлэгч болон Төрийн аудитын байгууллага хооронд үүссэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим зөрүүтэй ойлголтыг аудитын ажлын хэсгийн түвшинд нэгтгэх зорилгоор аудитыг гүйцэтгэсэн ажлын хэсгийн гишүүдээс авсан саналууд нь өөр хооронд зөрүүтэй байсан.

32.4. Үндэсний Аудитын газраас Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө****, Нийцлийн аудитын газрын ахлах аудитор Л.Н****, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт н.Б**** нарын оролцсон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн уулзалт, ярилцлагын тэмдэглэлд: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референтээс “...хувийн бодлоо хэлэхэд зарчмын хувьд тосыг хуримтлуулж, уснаас ялгасан тосыг ачиж байгаа цэгийг экспортын цэг гэж үзэх нь зүйтэй. Энэ асуудалд манай төрийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай байж, хатуу зогсох хэрэгтэй, энэ нь Монгол Улсын орлоготой холбоотой. Эхнээсээ хатуу байр суурьтай байвал цаашид гэрээг шинэчлэх болон бусад асуудлыг цэгцлэхэд чухал ач холбогдолтой юм” гэжээ.

32.5. Газрын тосны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Х****: “...цооногийн амнаас гарч байгаа устай тосыг борлуулах боломжгүй. Энэ бол хуучин гэрээний заалттай холбоотой байна”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Ч****: “...бид нэгэнт гэрээг шинэчилж чадаагүй байгаа тул гэрээний заалтаа баримтлаад, гэрээг шинэчлэхдээ энэ асуудлыг тодорхой болгон засаж залруулбал яасан юм бэ гэдэг байр суурьтай байна” гэжээ.

            32.6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/4427 дугаар албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн Аудитын тайлангийн төсөл дэх дүгнэлтэд өгөх тайлбарт: “...Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97 талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “Экспортын цэг гэж гэрээт тос буюу хийг хэмжилт хийх цооногийн төхөөрөмж, эсвэл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг хэлнэ”, мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.В-д “...экспортын үнийг тогтоохдоо, экспортын цэгээс гэрээт түүхий тосыг нийлүүлэх тодорхой цэг хүртэлх өртөг зардлыг хасаж тооцно...” гэж заасны дагуу гэрээлэгч нь цооногийн амсраас хойших бүх зардлыг түүхий тосны борлуулалт, тээврийн зардалд тооцон, талуудад ногдох тосны орлогын хуваарилалтын тооцоог хийж ирсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/5588 дугаар албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн Аудитын тайлангийн төсөл дэх дүгнэлтэд өгөх тайлбар, саналд: “Гэрээлэгчийн 2014 оны өртөг нөхөгдөх зардал, түүхий тосны экспортын орлогын хуваалтын тооцоонд агсан тайлбартаа дурдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 8 дугаар зүйлийн 8.4.В-д зааснаар гэрээлэгч нь цооногийн амсраас хойших бүх зардлыг түүхий тосны борлуулалт, тээврийн зардалд тооцон, талуудад ногдох тосны орлогын хуваарилалтын тооцоог хийж ирсэн...” гэжээ.

33. Дээр дурдсаныг шүүхээс дүгнэхдээ, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 2.1 дүгээр зүйлд заасан “экспортын цэг” гэх ойлголтыг гэрээний нэг тал болох Засгийн газар, нөгөө тал болох гэрээлэгч буюу нэхэмжлэгчийн байр суурийг хэрхэн ойлгож хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, “БХГ-97”-д өөрчлөлт оруулаагүй байгаа нөхцөлд зөвхөн гэрээлэгчид хохиролтой байдлаар, түүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байдлаар хандсан гэж үзэв.

34. “БХГ-97”- ийн нэг тал болох, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Ерөнхий аудиторт 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн х/970 дугаар албан бичгээр хүргүүлсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.б-д “Гэрээлэгч нь газрын тосны үйл ажиллагаатай холбогдолтой бүх өртөг зардлыг хайгуулын зардал, олборлолтын зардал ба ашиглалтын зардал гэж давхардуулалгүй ангилна. Эдгээр өртөг зардал нь энэхүү гэрээний 8.2 дугаар зүйлийн дагуу дор дурдсан дарааллаар нөхөн төлөгдөнө. Үүнд: ашиглалтын зардал, олборлолтын зардал, хайгуулын зардал. Тодотгол болгон тэмдэглэхэд, олборлолтын ба ашиглалтын зардал нь хайгуулын үед, хайгуулын зардал нь олборлолтын үед гарч болно” гэжээ.

Харин “БХГ-97”- ийн нөгөө тал болох гэрээлэгч буюу нэхэмжлэгч “Д****8” ХХК-аас англи хэл дээрх гэрээний хувилбар ирүүлснийг хариуцагчаас “Б****” ХХК-ийн орчуулгын товчоонд англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.б-д “Гэрээлэгч нь газрын тосны үйл ажиллагаатай холбогдолтой бүх өртөг зардлыг хайгуулын зардал, бүтээн байгуулалтын зардал ба үйл ажиллагааны зардал гэж давхардуулалгүй ангилна. Эдгээр өртөг нөхөгдөх зардал нь энэхүү гэрээний 8.2 дугаар зүйлийн дагуу дор дурдсан дарааллаар нөхөн төлөгдөнө. Үүнд: хайгуулын зардал, үйл ажиллагааны зардал, бүтээн байгуулалтын зардал. Тодруулбал, бүтээн байгуулалтын болон үйл ажиллагааны зардал нь хайгуулын үед, хайгуулын зардал нь бүтээн байгуулалтын үед гарч болно гэдгийг хүлээн зөвшөөрнө” гэжээ.

Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргуулсан англи хэл дээрх гэрээг албан ёсоор орчуулж аудитыг гүйцэтгэхдээ ашигласан ба Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн гэрээний заалттай зөрүүтэй байгааг шууд зөвтгөн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

35. Маргаан бүхий албан шаардлагуудад: “...улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос ... төвлөрүүлсэн байна. Энэ нь ... “БХГ-97”-ийн хавсралт “С”-д заасантай нийцэхгүй байна” хэмээн бичигдсэн байгааг хариуцагчаас тодруулахад,  “...захиргааны акт гаргахдаа Бүтээгдэхүүн хуваах гэрээний монгол хэл дээрх хувилбарын хавсралтын дугаарыг үндэслээгүй, алдаа гаргасан байх бөгөөд цаашид гэрээлэгчтэй байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний англи хэл дээрх хувилбарын хавсралт “С”-г монгол орчуулгын хавсралт “В” гэж залруулж байна” гэжээ.

Энэ тохиолдолд хариуцагчийн үйлдлийг мөн зөвтгөн залруулах боломжгүй тул дахин шинэ акт гаргахдаа алдаагүй гаргах нь зүйтэй байна.

36. Иймд Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.1.1. “газрын тосны үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах”, 7.1.5. “нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэсгийг гэрээлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр газрын тос, уламжлалт бус газрын тосны биет бүтээгдэхүүн болон мөнгөн хэлбэрээр төвлөрүүлэх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Гэрээлэгч дараах эрх эдэлнэ”, 11.1.1. “гэрээний дагуу энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д зааснаас бусад өөрт ногдох газрын тосыг захиран зарцуулах”, 11.2.14. “санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын тайлан, газрын тос хуваах тооцоог энэ хуулийн 7.1.4-т заасан журмын дагуу үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх” гэж хуульчилснаар бүтээгдэхүүн хуваах гэрээний талууд болох Засгийн газар, гэрээлэгч нарын хооронд уг гэрээтэй холбоотойгоор үүссэн эрх, үүргийн асуудлыг Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ”, 37.2. “Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна” гэж зааснаар хариуцагчаас нийцлийн аудит гүйцэтгэж, маргаан бүхий албан шаардлагаар 2014 оны хувьд, “гэрээлэгчийн тайлагнасан борлуулалтын зардлаас, нийт 3,943,174.75 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардал уруу шилжүүлсэн, 2,171,023.99 ам долларыг улсын төсөвт төвлөрүүлэхээр баталгаажуулсан”, 2015-2018 оны хувьд, “Засгийн газарт ногдох нийт 20,346.5 мянган ам.доллараас гэрээлэгчийн улсын төсөвт төвлөрүүлсэн 18,423.5 мянган ам.долларыг хасаж, үлдэгдэл 1,922,980.97 ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэхээр баталгаажуулсан” байгааг Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шааpдагдах бүх заpдлыг гэpээлэгч хаpиуцна”, 32.2. “Өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт газрын тосны хувиар нөхнө”, 32.6. “Өртөг нөхөгдөх зардалд энэ хуулийн 30.2-30.5, 30.8, 31.1-31.2, 34 дүгээр зүйлд заасан төлбөр хамаарахгүй”, 32.7. “Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй”, 33 дугаар зүйлийн 33.1. “Ашигт газрын тосыг Засгийн газар, гэрээлэгчтэй бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хуваана” гэж заасныг түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ”, 18.2. “Шалгагдагч этгээд аудитын тайлангийн төсөлд өгөх саналаа 10 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ”, 18.3. “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 18.2-т заасны дагуу шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын тайланг нэмэлт нотлох баримтаар бататгах арга хэмжээг авна”, 20 дугаар зүйлийн 20.1. “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана”, 21 дүгээр зүйлийн 21.1. “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасныг хариуцагчаас хэрэгжүүлж, “БХГ-97” гэрээний талуудын эрх, үүргийг ижил тэгш хангаж, гэрээний заалтуудын зөрүүтэй байдлыг дахин нягталж, хариуцагчаас нийцлийн аудитыг дахин гүйцэтгэж шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий албан шаардлагууд болон тушаалын холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

37. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Төрийн аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 18 дугаар зүйлийн 18.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.14, 33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл Үндэсний аудитын газрын Нийслэлийн аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлэх тухай” 04/268 ҮАГ-НАГ/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг, Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн холбогдох заалтыг, Үндэсний аудитын газрын Нийслэлийн аудитын газар болон Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх тухай” 647/АО160135 НАГ-2019/02/НА, НАГ-2019/04/-НА дугаар албан шаардлагын нэг дэх заалтын хавсралтын нэг дэх хэсэг, Үндэсний аудитын газрын ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/85 дугаар тушаалын нэг дэх хэсгийн холбогдох хэсгийг 06 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага нь дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий дээрх актуудыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48  дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Үндэсний аудитын газрын санхүүгээс уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      У.Б 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] ҮАГ-НАГ/2018/03-НА нийцлийн аудитын тайлангийн 11-р хуудас /шар хавтас бүхий эмхэтгэл/

[2] /НАГ-2019/02-НА/, /НАГ-2019/04-НА/ нэгдсэн тайлангийн 11-р хуудас