| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2021/00215/и |
| Дугаар | 135/ШШ2021/00279 |
| Огноо | 2021-04-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2021/00279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00215/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 1б байр, 48 тоотод оршин суугаа, ТИ86022761 регистрийн дугаартай, Бэсүд овогт Батхуягийн Уянгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, Аймгийн Засаг даргын тамгын газрын байранд оршин байгаа, 9023046 регистрийн дугаартай, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох,
Тэтгэмж 4 533 600 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Б.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Батхуяг овогтой Уянга нь 2008 оны 09 сараас 2018 оны 08 сар хүртэл Дархан-Уул аймгийн Монгол Оюу сургуульд англи хэлний багшаар, 2018 оны 9 сараас одоог хүртэл Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуульд англи хэлний багшаар ажиллаж байна. Миний бие Боловсролын тухай хуулийн 43.1.7 заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж авахаар 2020 оны 06 дугаар сарын 10-нд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн нягтлан Ариунцэцэгт материалаа бүрдүүлэн өгч, 2021 оны 02 дугаар сарын 17-нд санхүүжилт нь шийдэгдэн ирснийг надад сургуулиас мэдэгдсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5 жилийн тэтгэмжийн материал дахин баталгаажуулан бүрдүүлж Боловсрол, соёл, урлагийн газарт өгсөн боловч өмнө хувийн сургуульд ажиллаж байсан шалтгаанаар мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэсэн.
Иймд Боловсролын тухай хуулийн 43.1.7 а,б заалтад хувийн сургуульд ажиллаж байсан шалтгаанаар тэтгэмж олгохгүй гэсэн заал байхгүй байгааг үндэслэн Боловсрол, соёл, урлагийн газраас Боловсролтын тухай хуулийн 43.17 заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж болох 4 533 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболд шүүхэд гаргасан тайлбартаа:
...Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтаар зохицуулж улсын төсвөөс санхүүжүүлж олгодог. Энэ төрийн бус өмчийн боловсролын байгууллагад хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг олгодоггүй гэсэн үг юм. Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт төрийн бус өмчийн боловсролын байгууллагын санхүүжилт ямар орлогоос бүрдэх талаар зохицуулж өгсөн байгаа. Үүнд улсын төсвөөс зөвхөн нэг сурагчид ногдох нормативт зардлыг олгодог гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл төрийн бус өмчийн боловсролын байгууллагад хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг олгодоггүй гэдгийг баталж байгаа юм. Б.Уянга багш нь төрийн өмчийн боловсролын байгууллагад тасралтгүй 5 жил ажилласан байх гэдэг болзлыг хангаж чадаагүй байгаа учир дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уянга нь хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж болох 4 533 600 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Уянга Боловсролын тухай хуулийн 43.1.7 заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж авахаар 2020 оны 06 дугаар сарын 10-нд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн нягтлан Ариунцэцэгт материалаа бүрдүүлэн өгч, 2021 оны 02 дугаар сарын 17-нд санхүүжилт нь шийдэгдэн ирснийг надад сургуулиас мэдэгдсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5 жилийн тэтгэмжийн материал дахин баталгаажуулан бүрдүүлж Боловсрол, соёл, урлагийн газарт өгсөн боловч өмнө хувийн сургуульд ажиллаж байсан шалтгаанаар мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл урлагийн газар ... Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг Боловсролын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1.7 дахь заалтаар зохицуулж улсын төсвөөс санхүүжүүлж олгодог. Энэ нь төрийн бус өмчийн боловсролын байгууллагад хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг олгодоггүй гэсэн үг юм. Б.Уянга багш нь төрийн өмчийн боловсролын байгууллагад тасралтгүй 5 жил ажилласан байх гэдэг болзлыг хангаж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Б.Уянга нь Дархан-Уул аймгийн Монгол Оюу сургуульд англи хэлний багшаар 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, Оюуны Ирээдүй цогцолбор сургуульд англи хэлний багшаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байгаа болох нь түүний 000250286 тоот нийгмийн даатгалын дэвтэр дэх даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 3-7 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д багш нь хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох, 43.1.7.а.-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч; 43.1.7.б-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.б-д зааснаас бусад багш, туслах багш гэж заажээ.
Боловсролын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолд ... мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно ... гэж хуулийн дээрх заалтыг тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл мөнгөн тэтгэмж авах эрх үүсэх үед тухайн багш зөвхөн төрийн өмчийн боловсролын байгууллагад ажилласан байх гэсэн шаардлага тавигдаагүй байна.
Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ, мөн хуулийн 3.1.1-д бүх нийтийн ерөнхий боловсрол гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг ойлгоно, 13 дугаар зүйлийн 13.1-д боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын болон бусад байгууллагаас бүрдэнэ гэж заажээ.
Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т боловсролын сургалтын байгууллага нь ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө байж болно, мөн хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.10-т зааснаар аймаг, нийслэлийн боловсролын газар нь өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах үүрэгтэй байхаар хуульчилжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг Боловсролын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1.7 дахь заалтаар зохицуулж улсын төсвөөс санхүүжүүлж олгодог. Энэ нь төрийн бус өмчийн боловсролын байгууллагад хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг олгодоггүй гэсэн үг юм ... гэсэн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.
Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар Боловсролын байгууллага нь улсын төсөв, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна. гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-т Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ. гээд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ямар зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх талаар хуульчилж, 41 дүгээр зүйлийн 41.1-т Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох нормативт зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар ерөнхий боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх талаар хуульчилсан.
Боловсролын тухай хуульд заасан мөнгөн тэтгэмж авах эрх үүссэн багшийн багшаар ажилласан жилийг төрийн өмчит ерөнхий боловсролын болон төрийн бус өмчид түшиглэн байгуулагдсан боловсролын сургалтын байгууллагад ажилласан гэдгээр хуульд зааглаагүй, хариуцагчийн татгалзал зөвхөн тухайн боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулсан заалт болно.
Иймд нэхэмжлэгч Б.Уянгын хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл урлагийн газарт холбогдуулан Боловсролын тухай хуулийн 43.1.7 заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж болох 4,533,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболдод боломжит хугацаанд буюу 5 хоногийн өмнө утсаар мэдэгдэхэд За, ойлголоо гэж хариулсан болох нь Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад хийгдсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу хүргүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч Ё.Мөнхболд нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар дугаар зүйлийн 43.1.7б-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас 4 533 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уянгад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уянга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас 87 488 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА