| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/68 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Улсын яллагч Ө.Манзушир
Шүүгдэгч Ө.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Хт холбогдох 2416000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ... регистрийн дугаартай, Б овгийн Ө.Х.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Хыг согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ...тоотод 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16 цагийн үед гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч Г.Бийг Б.Утай хардаж улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байх үед нь хутгалж баруун бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ө.Х нь Говь-Алтай аймгийн ... тоотод байх гэртээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой хамтран амьдрагч Г.Б, хадам аав Ц.Г нарын хамт баншны мах татаж байхад Г.Бийн өмнөх нөхөр Б.У ирж, улмаар дөрвүүлээ нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч Г.Бийг Б.Уын урдуур унтаж байхад түүнтэй хардан хутгалж баруун бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Х гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ө.Хын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай хадам аав бид 3 буузны мах татаад байж байсан чинь Б.У ирсэн. Тэгээд Б.У ирээд нэг шил архи уугаад Б.У унтсан. Энэ Г.Б хажууд нь унтсан. Тэгээд жоохон зөрчилдөөн гараад би мах хөшиглөж байсан хутгаараа Г.Бийг босооч гээд шууд хатгачихсан... Зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Аль болох хөнгөн ял шийтгэл өгнө үү. Цагийн ажил хийх ч юм уу, мөнгөн торгууль ч юм уу. Аль болох л хөнгөн юм л оноож өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
Хохирогч Г.Бийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би согтуу унтаж байсан. Яагаад гэвэл Б.У манай өмнөх нөхөр байхгүй юу. Тэгээд шоронгоос гараад ирсэн. Тэгээд бид 3 баншныхаа махыг татаад байж байсан чинь гэнэт ороод ирсэн. Тэгээд би миний хамаг бие салгалаад гэнэт цочролд орчихсон байхгүй юу. Тэгээд тэр орж ирээд 20,000 төгрөг өгч явуулаад нэг шил архи авхуулсан. Би сэтгэл санаагаар унаад тасраад унтчихсан байсан. Унтаж байхад гар руу хүйтэн оргиод байхаар нь сэрээд харсан чинь миний энд нэл цус болчихсон байсан. Би унтаж байсан болохоор хэн хутгалсныг мэдэхгүй. Хүйт оргиод байхаар нь л цамцаа сөхөөд харсан чинь цус болчихсон байсан... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ аав Ц.Г 4 настай охин У.Анударь, хамтран амьдрагч Ө.Х нарын хамт баншны мах татах гээд байж байсан. Манай гэрт Б.У гэх миний хамт амьдарч байсан залуу орж ирсэн. Тэгээд орж ирээд охин У.Анударьтай уулзаж байгаад Ө.Хт 20,000 төгрөг өгөөд нэг шил архи, чихэр аваад ирээч гэсэн. Тэгээд Ө.Х дэлгүүр ороод 0.75 литрийн хараа нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг манай аав Ц.Г, Б.У, Ө.Х бид дөрөв хувааж уусан. Тэгээд би орон дээр гараад унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь миний баруун гар хүйт даагаад байхаар нь босоод харсан чинь цус гарч байсан. Тухайн үед Ө.Х, манай аав Ц.Г нар хажуу талд сэрүүн байж байсан. Б.У миний унтаж байсан орон дээр охин Ан араар хэвтэж байсан. Би гарныхаа цусыг хараад хэн намайг хутгалчихсан юм бэ? гэж асуусан чинь манай аав Ц.Г Ө.Хыг хутгалсан гэж хэлсэн. Б.У хэвтэж байгаад босож ирээд цагдаа болон эмнэлэг дуудаад намайг эмнэлэг рүү эмч ирж авч яваад баруун бугалга хэсэгт нэг оёдол тавьсан. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Гэрч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Би Говь-Алтай аймаг ... тоотод охин болох Атай уулзах гэж Ц.Гийн гэрт очсон. ...Би тэнд очоод Ө.Хт 20,000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ир гэж хэлээд явуулсан. Ө.Х дэлгүүрээс 0.75 литртэй хараа нэртэй архи авч ирсэн. Тэр архийг Г.Б, Ө.Х, Ц.Г бид нар хувааж уусан. Би 3 жил архи уугаагүй болохоор тухайн архинаас 2 хундага уугаад би тухайн үед согтоод байна гэж хэлээд баруун талын орон дээр хэвтээд унтсан. Тэгээд унтаж байсан чинь намайг хүн татаад яав гээд харахад Ц.Г намайг сэрээхээр нь би юу болов гэсэн чинь Ц.Г чамайг хутгалах гэж байгаад Г.Бийг хутгалчихлаа гэхээр нь би хэн бэ? гэж асуусан чинь Ө.Х хутгалчихлаа гэхээр нь би яагаад тэгдэг юм бэ? цагдаа түргэн дууд хаана нь хутгалсан юм бэ? гэж асуугаад харсан чинь Г.Бийн баруун гар талын булчин хэсэгт хутгалсан байсан. Би хутгалсан хутга нь хаана байна гэж асуусан чинь Ц.Г гэрийн гадаа баруун талын хаяанд нуусан байсан. ...Яг тухайн үед би унтаж байсан болохоор хэн хутгалдсаныг хараагүй. Ц.Г тухайн үед Ө.Х хутгалсан. Хутгийг нь гэрийн гадаа нуусан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
Гэрч Ц.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би гэртээ охин Г.Б зээ охин Анударь мөн Ө.Х нарын хамт гэртээ баншны мах татаад байж байсан чинь Б.У гэх залуу манай гэрт ирсэн. Ирээд Ө.Хт 20,000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ирээч гэж хэлээд дэлгүүр явуулсан. Ө.Х дэлгүүрээс 0.75 литртэй хараа нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг Ө.Х, Г.Б, Б.У бид нар хувааж уусан. Тэгээд Г.Б Б.У нар зүүн орон дээр унтаад өгсөн. Ө.Х гэрээс гараад явсан. Би баншны махаа татаад байж байтал удалгүй Ө.Х манай гэрт орж ирээд Г.Бийн унтаж байсан зүүн орны урд очсон чинь манай охин Г.Б ёолоод босоод ирэхээр нь би харсан чинь Ө.Хын гарт хутга байхаар нь би Ө.Хаас хутгыг булааж аваад гэрийн гадаа зүүн талын хаяанд хийсэн. Тэгээд гэртээ буцаад орсон чинь Г.Бийн баруун гараас цус гарч байсан. Би тухайн үед Б.Уыг сэрээгээд юу болсон талаар хэлэхэд Б.У цагдаа эмнэлэг дуудсан. Тэгээд цагдаа ирээд би хутгийн хийсэн байсан газраа зааж өгсөн. Тухайн гэмтлийг Ө.Х учруулсан. Ө.Х Г.Б нар хамтран амьдраад 2 жил болж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Даваахүүгийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай “1. Г.Бийн биед баруун бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь шинжилгээнд хүргүүлсэн гэх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой болно. 4. Тухайн гэмтэл нь 2024.01.31-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой болно. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Х нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж хуульчилсан байна. Хохирогч Г.Б, шүүгдэгч Ө.Х нар нь хамтран амьдраад 2 жил болж байгаа бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч Г.Б, гэрч Ц.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад гарсан зардал 158,700 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгч Ө.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Ө.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, прокурорын дүгнэлт зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Х нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Өнөрмаагийн Ө.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.Хын цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 48 цагт тооцож, эдлэх ялаас нь хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Хт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ө.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА