Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

 

 

 

 

    2024          02          15                                     2024/ШЦТ/117

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***ид холбогдох эрүүгийн 2305023501426 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчим 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед хохирогч ***ийн халааснаас түүний эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчимд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед хохирогч ***ийн 550.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс маркийн гар утсыг газарт унагаж, хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон устгасан...” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Хохирогчийн гар утсыг унагааж, хөлөөрөө өшиглөж дэвссэн зүйл байхгүй. Миний араас ирж зураг дарсан. Би уучлаарай гээд гар утсыг нь буцааж өсгөн. Тэгэхэд араас ирээд зураг дараад бичлэг хийгээд байсан. Би чи яагаад зураг дараад байгаа юм бэ гээд гар руу нь цохисон чинь утас нь газар унасан. Би гар утсыг чинь төлөөд өгье гэсэн. Би гар утсыг нь өөрөө авч шидсэн зүйл байхгүй” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 19-нд 20 цагийн үед ажлаа тараад ажлын газрын хүний хамтаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын ойролцоо Екатрина онлайн шоп орж хувцас авах гээд явж байсан чинь машинтай зам дээр зогсож байсан хоёр залуу хөөе наад гар утсыг чинь аваад явчихлаа гэхээр нь эргээд харсан чинь нэг залуу миний гар утсыг барьчихсан байсан. Би өөрийн гар утсаа булааж аваад хөөе чи яагаад миний гар утсыг авч байгаа юм, би чиний зургийг чинь авна гээд гар утсаа гаргасан чинь миний гар руу цохиж миний гар утсыг унагаагаад цаашаа зам руу хөлөөрөө өшиглөж миний гар утсыг эвдэлсэн. Миний гар утас ямар ч ажиллагаагүй болсон. Миний Айфоне икс гар утсыг миний нөхөр 2023 оны 6 дугаар сард 550.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Би гар утасны хохирол төлүүлж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 22-23/,

Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** эгчтэй хамт явж байсан. *** эгч бид хоёр хорооллын Өргөөгөөс Екатрина онлайн шоп орж юм авахаар алхаж явсаар байгаад Ардын хоршооны буудлын ойролцоо сугадалцсан алхаад явж байсан чинь гэнэт *** эгч хүүе хаая болоод орилж хашхираад миний утсыг авчихлаа гээд нэг залууг барьж аваад утсаа тэр залуугаас авснаа утсаараа бичлэг хийгээд зургийг нь дарна гээд эхэлсэн. Тэгсэн чинь утсыг нь авсан залуу бичлэг хийлгэхгүй, зургаа даруулахгүй гэсэн байх *** эгчийн утасны камерыг гараараа хааж байснаа зугтаах гээд байсан чинь *** эгч намайг утсаараа зургийг нь дараадах гээд байсан би утсаараа зургийг нь дарах гээд утасныхаа кодыг гаргах гээд оролдож байх хооронд *** эгч тэр залуутай зууралдаж байгаад машины цаагуур яваад орчихсон удалгүй *** эгчийн утас нь машин зам дээр унаж байгаа харагдсан тэгээд хүмүүс ирээд салгасан. *** эгч цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү явцгаасан, ийм асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-31/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйл хүлээнгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 5/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 32-38/, шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53-83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчим 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед хохирогч ***ийн халааснаас түүний эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчимд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед хохирогч ***ийн 550.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс маркийн гар утсыг газарт унагаж, хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд “...Хохирогчийн гар утсыг унгааж, хөлөөрөө өшиглөж дэвссэн зүйл байхгүй” гэж шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийн халааснаас гар утсыг хулгайлсан. Өөрийн санаа зорилгоо бүрэн гүйцэд болгож чадаагүй. Энэ нь шүүгдэгчийг бусдын халааснаас гар утас авч байхыг өөр хүн харж, түүнийг барьж авснаар хулгайн үйлдэл дуусгавар болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “завдалт” байх боломжтой” гэснийг шүүх тус тус хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *** хохирогчийн гар утсыг халааснаас нь хулгайлах үед хөндлөнгийн хүн харж хохирогчид хэлсэн улмаар хохирогч шүүгдэгчийн зургийг дарах үед хохирогчийн гарыг цохисны улмаас хохирогчийн гар утас газар унаж гэмтсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг халааснаас нь авснаар хулгайн үйлдэл төгсөх ба гар утас хулгайлж авсныг хэн нэгэн харсныг түүнийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь ...тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүйг хэлнэ.

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг халааснаас нь авсан нь тухайн гэмт хэргийг төгссөнд тооцно. Шүүгдэгчийг хохирогчийн гар утсыг авсны дараа хөндлөнгийн хүн түүний үйлдлийг харсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан завдалт гэж үзэх боломжгүй юм.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн халааснаас гар утсыг нь хулгайлан 550.000 төгрөгийн хохирол учруулсан мөн хохирогч ***ийн гар утсыг нь гараараа цохиж унагаан, өшиглөж устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол” учруулсан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо хүлээн авсан, гомдол саналгүй талаар мэдэгдсэн, гар утасны хохиролд 570.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэх, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн” болохыг тус тус дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу удаа дараа ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Улсын яллагчийн шүүгдэгч ***ид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч *** нь урьд 3 удаа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, улмаар шүүхээс оногдуулсан Зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байх үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн буюу түүний хувийн байдалд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй боловч хувийн байдлыг харгалзан шүүх хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оноГдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 2.2 дахь заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг...” хорих ялын нэг хоногийг...” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /30 хоног/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил, 01 сарын хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгч *** нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 579 дугаар шийтгэх тогтоолоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 02 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба тухайн ялаа эдэлж байхдаа дахин гэмт хэрэгт холбогдсон байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ирүүлсэн албан тоотод шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар урьд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас биеэр 01 жил, 02 сар, 15 хоног, шагналын 10 хоног, нийт 01 жил, 02 сар, 25 хоног эдэлж, 9 сар, 06 хоногийн зорчин эрх хязгаарлах ялын үлдэгдэлтэй болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 2.3-т “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***ид холбогдох хэргийг тус шүүх 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэрлэж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, энэ өдрөөс эхлэн зорчих эрх хязгаарлах ялыг зогсоосон байх тул шүүгдэгчийн урьд шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн зорчих эрх хязгаарлах ялыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үлдэгдэл хугацааг тооцон гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ирүүлсэн албан тоот хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цагдан хоригдсоноос хойш энэ шүүх хуралдаан болох хүртэл хугацааг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн гэж үзнэ гэсэн өмгөөллийн дүгнэлт үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***ид энэ тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сар хорих ял дээр урьд эдлээгүй үлдсэн 9 сар 06 хоног зорчих эрх хязгаарлах ял буюу 9 сар, 06 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 жил, 10 сар, 06 хоногийн хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн урьд цагдан хоригдсон 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 96  хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийгбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан

- “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид энэ тогтоолоор оногдуулсан 01 жил, 01 сар хорих ял дээр урьд зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 6 хоног зорчих эрх хязгаарлах ял буюу 9 сар 6 хоног хорих ялыг, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил, 10 сар, 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн урьд цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР