Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

 

 

 

 

    2024          02          14                                     2024/ШЦТ/115

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: Э.Номин-Эрдэнэ /томилолтоор/,

Шүүгдэгч: ***, *** нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001745 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ****тоот регистртэй,

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***ийн компьютерийн тасгаас хар өнгийн ***” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 5.499.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Энэ удаа намайг хорихгүйгээр шийдэж өгнө үү. Би оюутан төгсөх курс, одоо ухаарч байна” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Маш их гэмшиж байгаа. Хэрэг болсноос хойш 5, 6 сарын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд гэрийнхэн мэдсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 9 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвийн компьютерын тасагт хүмүүс ихтэй бараа олгож байх хооронд манай дэлгүүрээр үйлчлүүлж бараа сонирхож байсан хоёр залуу үзүүлэнгийн компьютерийн түгжээг мултлаад аваад явж байсан камерын бичлэг байсан. Би тухайн компьютерийг 18 цаг 40 минутын үед бараануудаа шалгаж байгаад нэг компьютер байхгүй болсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Камерын бичлэг дээр хулгай хийж байгаа хоёр залуу “*** загварын нөтебүүкийг хулгайлан авсан. Тухайн нөтебүүкийн зах зээлийн ханш 5.500.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Э.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр манай ажилтан Эрдэнэбаяр “Гүүд” ломбарданд сууж ажиллаж байсан. Тэр үед Мандахбаяр овогтой Галмандах /АП-00270513/ гэх хүн Acer брэндийн зөөврийн компьютерийг 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай ломбарданд тавьсан байна. Уг зөөврийн компьютерыг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хяналтын камерын цагаар 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 24 минут 05 секундэд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BSB” цахилгаан барааны дэлгүүрийн төв хаалгаар хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн 185 орчим сантиметр өндөртэй, хоёр үүргэвчтэй цүнх үүрсэн эрэгтэй урд нь гарсан байдалтай, түүний хойноос хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн куртик өмссөн 170 орчим сантиметр өндөртэй хоёр эрэгтэй орж ирж буйг харуулав. ...2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 34 минут 17 секундэд тухайн хоёр этгээд нь ***ийн төв хаалгаар гарч буй хэсгийг харуулав. ...15 цаг 28 минут 41 секундэд хар өнгийн саравчтай малгай өмссөн этгээд нь хулгайд алдагдсан гэх нөүтбүүкний түгжээг тайлж байх бөгөөд тухайн үед нь хар өнгийн малгайтай цамц өмссөн этгээд тус лангуун дээр ирж зогсож буйг харуулав. ...15 цаг 29 минут 08 секундэд сэжигтэй хоёр этгээд нь хулгайд алдагдсан гэх нөүтбүүкний түгжээг тайлчихаад цааш явж буйг харуулав. ...15 цаг 32 минут 03 секундэд хар өнгийн саравчтай малгай өмссөн 180 орчим сантиметр өндөртэй эрэгтэй уг хулгайд алдагдсан гэх нөтебүүкний цэнэглэгчний залгуурыг салгаж буйг мөн хар өнгийн малгайтай цамц өмссөн этгээд нь “Acer” брендийн нөүтбүүкний лангууны зүүн хэсэгт зогсож буйг харуулав. ...15 цаг 34 минут 00 секундэд хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн куртик өмссөн эрэгтэй хулгайд алдагдсан гэх нөүтбүүкийг лангуун дээрээс авч энгэртээ хийж буйг харуулав....” гэжээ. /хх-н 50-56/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2-12/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 34-49/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 60-63/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 102-106, 120-124, 134-135/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 109-113/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 17-ныөдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***ийн компьютерийн тасгаас хар өнгийн ***” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 5.499.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, *** нар нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***ийн компьютерийн тасгаас хар өнгийн ***” загварын зөөврийн компьютерийг хулгайлан 5.499.900 төгрөгийн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***, *** нар нь шүүх хуралдаанд BSB дэлгүүрээс эд зүйлийг хулгайлсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас үгсэн тохиролцож үйлдсэн ба гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн тул прокуророос бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тулга нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ хүлээн авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, урьд эдлээгүй ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгүүлэх, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах ялын дүгнэлт, шүүгдэгч *** “хагалгаанд орох тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү”, шүүгдэгч *** “***-д сурьдаг тул маршрутыг тогтоож өгнө үү” гэсэн  болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг төлсөн”-г ял хөнгөрүүлэх,

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***, *** нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу удаа дараа ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Улсын яллагчийн шүүгдэгч ***ад зорчих эрх хязгаарлах ял оногдуулъя гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцалга нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч *** нь урьд 2 удаа ял шийтгүүлсэн, улмаар шүүхээс оногдуулсан Зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, мөн шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлхээс зайлсхийж хорих ялаар солиулсан буюу түүний хувийн байдалд үндэслэн хорих ял оногдуулсан болно.

Хэдийгээр шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй боловч хувийн байдлыг харгалзан шүүх хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн   2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 599 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба тухайн ялаа эдлээгүй байхдаа дахин гэмт хэрэгт холбогдож Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Дээрх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч ***ын урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ирүүлсэн албан тоотол шүүгдэгч *** нь 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй, биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 2.3-т “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг...” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***ад энэ тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ял дээр урьд эдлээгүй 6 сар зорчих эрх хязгаарлах ял /зургаан сар хорих ял/ нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч ***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч ***т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***, ***нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын зорчих эрх хязгаарлах /6 сар хорих/ ял  дээр энэ тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч ***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад цагдан хорих, шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР