Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

 

 

 

 

     2024          02          19                                     2024/ШЦТ/122

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: Э.Оргилбат /томилолтоор/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311012411568 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 44 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хажууд байрлах “***” дэлгүүрт хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн хүүхэд болох бага насны буюу 10 сар 4 хоногтой байсан ***ыг хаясан,

Мөн 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй зочид буудлын 02 тоот өрөөнд хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн хүүхэд болох бага насны буюу 01 нас 08 сартай байсан ***ыг хаясан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сараас Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүүхдийн эрхийн улсын байцаагчаар ажиллаж байна. Хүүхдийн эрхийн Улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааан зөрчлийг шалгаж шийдвэрлэх, хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэгт оролцдог. Цагдаагийн байгууллагаас 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хууль ёсны төлөөлөгч томилуулах тухай албан тоотыг манай хэлтэст ирүүлснээр миний бие насанд хүрээгүй хохирогч ***ы хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Миний хувьд энэ хэргийн талаар гэмт хэрэг гарах үед буюу 2023 оны 6 дугаар сард цахим орчноос хэргийн талаарх мэдээллийг авч байсан ба миний ойлгосноор *** гэх эмэгтэй нь өөрийн төрсөн хүү ***ыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчимд байрлах *** сүлжээ дэлгүүрт танихгүй эмэгтэй үлдээгээд зугтсан байсан...” гэв.

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 40 минутын орчимд ээлж солилцоод хүн ихтэй ганцаараа ажиллаж байсан. Тэгэхэд нэг бага насны хүүхэд удаан уйлаад байхаар нь хийж байсан зүйлээ дуусгаад заал руугаа очиж харахад гэр оронгүй, тэнэмэл маягийн амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй, хэл яриа нээх сайн ойлгогдохгүй нэг эмээгийн өвөр дээр бага насны ногоон эрээн хослолтой эрэгтэй хүүхэд уйлчихсан сууж байсан. Тэгээд нөгөө эмээгээс таны хүүхэд юм уу гэж асуухад ерөөсөө ойлгогдохгүй амандаа бултганаад байхаар нь би буцаад ажил хийж байтал манай ажлын охин Эрдэнэхишиг нөгөө хүүхдийг тэвэрч ирээд энэ хүүхэд энэ эмээгийн хүүхэд биш юм шиг байна “ааваа” гээд уйлаад байх шиг байна гэхээр нь камер шүүж үзэхэд цэнхэр цайвар жинсэн өмдтэй, хар савхитай, цагаан пүүзтэй нэг эмэгтэй тухайн хүүхдийг тэвэрч орж ирээд сандал дээр сууж байсан тэр эмээд үлдээчихээд аягүй хурдан гарч явсан байсан. Тэгээд нөгөө хүүхэд маш их өлссөн байдалтай байхаар нь нухаш авч өгөөд цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед нөгөө эмээг яасныг анзаараагүй, гараад явсан байсан. Хүүхдийг авч үлдсэн эмээ надад юм хэлээгүй таны хүүхэд юм уу гэж асуухад амандаа үглээд байсан юу гэж хэлээд байгааг нь би ойлгоогүй. Хүүхдийг анх орж ирэхийг ерөөсөө анзаараагүй хүүхэд уйлаад байхаар нь л мэдсэн. Тухайн эмэгтэйг хаашаа явсныг мэдэхгүй камер шүүж үзэхэд хүүхдээ үлдээчихээд гараад явсан байсан. Манай ажил дээр байсан эмээг танихгүй. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Хүүхдийг авчраад хооллож байх хооронд тухайн эмээг анзаараагүй, гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Тэнгис кино театрын автобусны буудлын хажуу талын эгчийнхээ ажиллуулдаг цагаан ТҮЦ-нд түр ажиллаж байсан. Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед бага насны хүүхэд тэвэрсэн ууттай юм барьчихсан эмэгтэй хүн орж ирээд цүнхтэй хувцсаа тавиад нойл орчихоод ирье гээд цүнхтэй юмаа орхиод хүүхдээ тэврээд гарсан. Тэгээд миний санаж байгаагаар 40-50 минутын дараа орж ирээд үлдээсэн цүнхтэй хувцсаа аваад яарсан шинжтэй гараад явсан. Тэгэхдээ хүүхэдгүй ганцаараа орж ирсэн. Саарал бараан өнгийн хувцастай байсан гэж санаж байна. 30 орчим насны эмэгтэй байсан. Ер нь жаахан ядруу царайтай харагдаж байсан. Надтай өөр зүйл яриагүй би тухайн үед нээх анзаараагүй. Тухайн эмэгтэй бага наснсы хүүхдээ тэвэрчихсэн явж байсан. Сүүлд орж ирж юмаа авахдаа ганцаараа орж ирсэн. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Манай ТҮЦ-р үйлчлүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

Гэрч ***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагт ажлаа хүлээж аваад ажлаа хийгээд байж байхад орой 19 цаг 30 минутын үед эрэгтэй, эмэгтэй хоёр жоохон хүүхдээ дагуулж орж ирээд 07 номерын өрөөнд ороод 23 цаг хүртэл өрөөнөөсөө гарч ирэхгүй байж байгаад 23 цаг 30 минутын орчимд эрэгтэй нь хүүхдэдээ памперс авна гээд дэлгүүр гараад дэлгүүр олдохгүй байна гээд буцаж орж ирээд дахиж дэлгүүр гараад орж ирэхдээ тортой юм авч орж ирсэн. Эмэгтэй нь шөнийн 02 цаг өнгөрөөд өрөөнөөсөө гарч ирээд “би явлаа миний хэрэг байхгүй гомдсон” гэж надад хэлэхээр нь та харанхуй шөнө хаачих нь бэ гэхэд “би хорооллын эцэс явна” гээд гараад явсан. Нөгөө эрэгтэй өрөөнөөс гарч ирээд надтай цуг явсан эмэгтэй гадаа ирчихсэн байна, би аргадаад оруулаад ирье гэж гараад буцаж орж ирээгүй. Би өглөө буух гээд хүлээгээд байсан ирэхгүй болохоор нь буудалд орохдоо бичүүлсэн дугаар руу нь залгахад олон удаа дуудуулж байгаад авахад нь хүүхдээ ирж ав гэхэд дугаар андуурсан байна гэж хэлээд дахин залгахад утсаа аваагүй. 10 цаг өнгөрөөгөөд цагдаагийн 102 тусгай дугаарт хараа хяналтгүй хүүхдээ орхиод явсан гэж дуудлага өгөхөд дуудлагааар цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 134-135/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Тэрээр 1997 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн бөгөөд би 5 хүүхэд төрүүлснээс *** айлын бага хүүхэд байгаа юм. Миний хувьд 1996-1998 оны орчим нөхөр ***ээс салснаар би хүү ***, охин *** нарыг харин *** нь охин ***, ***, *** нарыг авч өгсөн хүмүүжүүлсэн. *** нь 2004 онд Орхон аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд элсэн орж, 9 дүгээр анги хүртлээ сурч, үргэлжлүүлэн Орхон аймгийн мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 01 жил суралцаад төгсөлгүй сургулиас гарсан. 2014 онд *** гэх залуутай хамт амьдарч, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү *** нь төрсөн боловч ***эс удалгүй салгасан. ***эс салсны дараагаар *** гэх залуутай уулзаж учирдаг байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүү *** нь мэндэлсэн. *** надад *** нь ***эцэг гэж хэлдэг. *** 2023 оны 6 дугаар сарын эхээр хүү ***ыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэх зорилгоор Улаанбаатар руу явсан. Тэгтэл хэд хоногийн дараагаар над руу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс утсаар ярьж “таны охин *** нь дэлгүүрт хүүхдээ хаяж явсан байна. Хүүхэд нь 108 төвд байгаа. ***г хайж байгаа, та Орхон аймгаас Улаанбаатарт ир” гэж хэлсний дагуу би Улаанбаатар хотод ирж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгсөн. *** надад хэлэхдээ “согтуу явж байсан болохоор хүүхдээ дэлгүүрт мартсан байна лээ” гэж хэлсэн. Миний санаж байгаагаар *** нь 18 настайгаасаа хаяадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон бөгөөд 2020 оноос хойш олон хоног дараалан архи уудаг болсон. Миний хувьд бамбай булчирхай, нуруу нугасны суулт өвчний оноштой. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ***ыг асран хамгаалах боломжгүй юм. Мөн ***гийн эгч ах нь байгаа боловч бүгд л ***ыг асран хамгаалах боломжгүй....” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, ***ы төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 15/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 16/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19-22/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 82, 85-93/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 136-142/, аюулын зэргийн үнэлгээ /хх-н 143/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 44 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хажууд байрлах “***” дэлгүүрт хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн хүүхэд болох бага насны буюу 10 сар 4 хоногтой байсан ***ыг хаясан,

Мөн 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй зочид буудлын 02 тоот өрөөнд хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн хүүхэд болох бага насны буюу 01 нас 08 сартай байсан ***ыг хаясан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь өөрийн хүү болох ***ыг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10 сар 4 хоногтой, мөн 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 01 нас, 8 сартай байхад нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хаясан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Дээрх гэмт хэргийн улмаас бодит хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил, 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорихоос өөр төрлийн ял буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дуагар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхийн шатанд буюу 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс энэ өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 112 цаг нийтэд тустай ажил эдэлсэн тооцож, биечлэн эдлэх ялыг 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/392 дугаар захирамжийн хуулбарыг шинээр гаргаж өгсөн ба дээрх захирамжид ***ыг бусдад үрчлүүлсэн болохыг дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 112 цаг нийтэд тустай ажил эдэлсэн тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР