Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1734

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Я-, Л.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01969 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Я-, Л.Э- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Э-т холбогдох

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 21 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ц.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Я-гийн нэр дээр 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн 2002, 2003 оны Хонда сивик загварын суудлын автомашин 2 ширхэг, Л.Э- нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн, 2004 оны Сузуки свивт загварын суудлын автомашин 2 ширхэгийг тус тус 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ц.Э-т нэг автомашиныг 7 500 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингэхдээ гэрээ байгуулсан өдрөө 20 000 000 төгрөг бэлнээр өгөхөөр тохирч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцоохоор тохирсон боловч урьдчилгаа төлбөрөөс 15 800 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 14 200 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Бид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, түүнтэй утсаар ярьж байгаад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээг сунгаж, үлдэгдэл төлбөрөө сар бүр төлөхөөр тохирсон боловч төлөхгүй байна. Иймд иргэн Ц.Э-ээс автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр 14 200 000 төгрөг, алданги 7 100 000 төгрөг, нийт 21 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч талд өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах боломж байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар Ц.Э-ээс 21 300 000 төгрөг гаргуулан Л.Я-, Л.Э- нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-ээс 264 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Э- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан хүсэлтийг хангаж нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2014 онд Л.Батбаатараас 4 ширхэг машин 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд он сар өдрийг нь бичээгүй мөнгө өгөхөөр хугацаагаа бичихээр анх тохиролцсон ба алданги гэж тохироогүй. 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд  нийт 16 700 000 төгрөгийг Л.Батбаатарын Хаан банкны 5059117652 тоот данс буюу бэлнээр өгч байсан. 13 300 000 төгрөгний үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алданги гэж 7 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкаар 400 000 төгрөг бэлнээр 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр н.Ганбаатар гэдэг хүнээр 500 000 төгрөг бэлнээр өгч байсан. Үүнийг нэхэмжлэгч гэх Л.Я-, Л.Э- нар мэдэхгүй. Би анх Л.Батбаатартай гэрээ хэлцэл хийсэн иймд тэр хүн л мэднэ. 2017 оны 8 дугаар сард Л.Батбаатарын дүү болох Л.Э-, Л.Я- нар нь хүч хэрэглэн айлган сүрдүүлж байгаад зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд анх Л.Батбаатартай ярьж тохиролцсоны үндсэн дээр хийсэн хэлцэл нь үнэн байсан болно. Иймд би Ц.Э- нь Л.Батбаатард төлөх 13 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөн алданги гэх сүүлд нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүч хэрэглэн хийсэн гэрээний дагуу алданги гэх 7 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул миний гомдлыг хүлээн авна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой юм.

 

Нэхэмжлэгч нар нь худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 14 200 000 төгрөг, алданги 7 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч уг төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нарын эзэмшлийн Япон улсаас орж ирсэн Хонда сивик автомашин 2 ширхэг, Сузуки свивт автомашин 2 ширхэг тус бүрийн үнэ 7 500 000 төгрөг, нийт, 30 000 000 төгрөгийн автомашиныг хариуцагч худалдан авахаар тохирч, 20 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бэлнээр өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгөх буюу 10 000 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсноос үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад шүүх мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ. Учир нь дээрх гэрээгээр талууд мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан заавал тусгах нөхцлүүдийг тохиролцоогүй байна. /хэргийн 5 дугаар тал/

 

Хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөх 20 000 000 төгрөгөөс 15 800 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 14 200 000 төгрөгийг сард 1 000 000 төгрөг төлөхөөр тохирч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дахин гэрээ байгуулсан байна. /хэргийн 6 дугаар тал/

 

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг дээрх гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги төлөхөөр тохиролцжээ. Харин 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр алданги тохиролцоогүй байгааг шүүх анхаараагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр тохиролцсоны дагуу хугацаандаа төлөөгүй 10 000 000 төгрөгт тооцон, алданги 5 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байх ба харин 2017 оны 08 дугаар сарын 25-ны гэрээний алдангийг шаардах эрхгүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч 2014 оны худалдах-худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч талууд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх түүний тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч төлбөрийг төлж дууссан гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 19 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 2 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01969 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э-ээс 19 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Я-, Л.Э- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 100 000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай. ” гэж,

2 дахь заалтын “хариуцагч Ц.Э-ээс 264 450 төгрөг” гэснийг “хариуцагч Ц.Э-ээс 255 450 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ   

 

                                                    ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                       

                                                                                                      С.ЭНХТӨР