Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 36

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0039/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
            Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,
            Улсын яллагч: Ч.Батбаяр,
           Иргэдийн төлөөлөгч: Б.Эрдэнэсувд
           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баярсайхан,
           Шүүгдэгч: Б.Нэргүй нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нэргүйд холбогдох 201723000042 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1970 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Магсар гэх айлд мал маллаж амьдардаг, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Дархад овогт Баярсайханы Нэргүй  /РД:ЖЯ70022277/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Нэргүй нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сондгой энгэр” гэх газар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр иргэн Л.Зоригтбаатарын хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь “хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Нэргүй нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Сондгой энгэр” гэх газар иргэн Л.Зоригтбаатарын хэвлийн тус газар нь танхайн сэдэлтээр хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Л.Зоригтбаатарын мэдүүлэг /хх-14-16/
“...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баяржаргал “Батноровоос сэлбэг тосно” гээд ирсэн. Тэгээд Баяржаргалд 1 шил архи гаргаж өгөөд бид нар архи хувааж уусан. Дараа нь манай хажуу айлын Сэргэлэнбаатар гэртээ оруулж тэднийд 2 шил архи уусан. Би Нэргүйг хар багаас нь мэднэ, урьд нь архи ууж байгаад хэрэгт холбогдож шалгагдаж байсан юм. Ер нь архи уухаараа янз бүрийн юманд орчих гээд байдаг. Тэгээд энэ талаар Нэргүйд хэлж “архи бага ууж бай” гэж хэлсэн. Нэргүй өөдөөс “чамаар заалгахгүй” гээд хоёр согтуу хүн ам муруйсан. Тэгээд бид хоёр гараад бие засчихаад би эргэж орж ирсэн. Гэрт ороод байж байтал Нэргүй намайг “гаръя” гээд гэрээс түрүүлээд гарсан, гэрээс гарчихаад Нэргүй намайг дуудаад байсан. Би гэрээс гарахад Нэргүй Сэргэлэнбаатарын гэрийн баруун урд мотоциклын урдхан зогсож байхаар нь би яваад очсон. Тэгтэл Нэргүй миний хажуугаар зөрөх шиг болсон, тухайн үед би юу ч мэдээгүй. Гэр рүү буцаад орох гэхэд хэвлий халуун оргиод байхаар нь гараараа үзтэл цус гарч байсан. Би Нэргүйгээс “Чи яагаад намайг хутгалчихваа” гэхэд Нэргүй “миний буруу би тэнэгээсээ болоод чамайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Нэргүй миний хүйсний зүүн дээд талд Сэргэлэнбаатарын хүрэн бариултай хутгаар хутгалсан байсан. Би Нэргүйд хутгалуулахаар гэм хор хийгээгүй. Эмчилгээний зардлын мөнгөө нэхэмжлэнэ...гэх мэдүүлэг

 Гэрч Н.Доржбадамын мэдүүлэг /хх-19-20/
“ ...Манайд Баяржаргал ирээд бид хэд архи уусан. Бид нарыг гэрийн хойно сууж байхад Зоригтбаатар, Нэргүй хоёр хоорондоо түр тар гээд байх шиг байсан. Тэгээд байж байтал тэр хоёр цуг гарцгаагаад удалгүй зүгээр орж ирсэн. Тэгээд удаагүй Нэргүй түрүүлж гараад Зоригтбаатарыг дуудаад араас нь гарсан. Төд удалгүй Зоригтбаатар “Нэргүй намайг хутгалчихлаа” гээд орж ирсэн. Зоригтбаатарын гэдсэнд нь хутгалчихсан байсан. Тэгээд Сэргэлэнбаатар сумын эмнэлэгт мэдэгдсэн, би ч бас өөрийн утсаараа эмнэлэг рүү ярьж хэлсэн, Нэргүй бид хоёр Зоригтбаатарын хүйсний хажууд учирсан шархыг бүсээр дарж боож цусыг нь тогтоосон... гэх мэдүүлэг

 Гэрч Т.Сэргэлэнбаатарын мэдүүлэг /хх-21-22/
“...Тэр өдөр бид нар Зоригтбаатарынд 1 шил архи, манайд 2 шил архи хувааж уусан. Нэргүй Зоригтбаатарыг манай гэрт байдаг хүрэн бариултай жижиг хутгаар хутгалсан байсан. Би Зоригтбаатарын гараас авч гэрийн зүүн урд шүүгээний тэнд хаясан. Тэгээд сумын эмнэлэг цагдаа ирсэн. Сумын эмч Зоригтбаатарыг үзээд аймаг руу авч явсан. Хутгыг эд мөрийн баримтаар тооцож хурааж авахад нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

 Гэрч Д.Чулуун-Эрдэнийн мэдүүлэг /хх-27-28/
“...Өчигдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 03 минутанд Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн жижүүр эмч Чулуунчимэг “Баян-Овоо сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэн Сэргэлэнбаатар нь сая утсаар мэдэгдэхдээ манай хөрш Зоригтбаатарыг хутгалчихлаа гэж хэллээ” гэж надад хэлсэн. Хэргийн газар очиход хохирогч Зоригтбаатарын гэр нь Сэргэлэнбаатар гэх айлын хажууд байдаг ба өөрөө гэртээ байж байсан, хэвлийн зүүн доод хэсэгт буюу хүйсний нүхний хажуу талд хутгалуулсан шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай байж байсан, сумын эмч үзээд аймгийн төв рүү авч явсан. Би хохирогч Зоригтбаатараас болсон асуудлын талаар асуухад Нэргүй намайг гарч уулзъя гээд Сэргэлэнбаатарын гэрээс дагуулаад гарсан, тэгээд гадаа гараад намайг ямар нэг шалтгаангүйгээр миний гэдэс рүү 1 удаа хутгалсан, намайг хутгалсан хутга нь хүрэн өнгийн бариултай жижиг хутга байсан гэж надад хэлсэн. Би Нэргүйтэй уулзаж өөрөөс нь юу болсон талаар асуухад “Би хутгалсан” гэж надад хэлсэн, хутгыг нь Сэргэлэнбаатар надад гэрийнхээ зүүн урд талд байрлах шүүгээний доороос гаргаж өгсөн, мөн Сэргэлэнбаатар надад өгсөн хутгаар Нэргүй Зоригтбаатарыг хутгалсан гэж ярьж байсан. Тухайн үед тэнд байсан Сэргэлэнбаатар, Сэргэлэнбаатарын эхнэр Оюун хохирогч Зоригтбаатарын эхнэр Бадам нар бүгд Нэргүйг Зоригтбаатарыг хутгалсан гэж ярьж байсан....гэх мэдүүлэг
 Гэрч Н.Ганцэцэгийн мэдүүлэг /хх 29-30/
“...Дуудлага аваад очиж хохирогчийг үзэхэд хүйсний нүхний зүүн тийш 5 см орчим зайд босоо чиглэлтэй, өргөн нь 1 см орчим гүн нь 5 см орчим хутганы шархтай байсан, цус их алдсан байдалтай байсан ба шархыг бүсээр ороож боосон байсан учраас цус нь тогтсон байдалтай байсан. Хохирогч нь нилээн согтолттой байсан. Тэнд байсан хүмүүс Нэргүй гэх хүн гэрээс дагуулж гараад Зоригтбаатарыг хутгалчихсан, хоорондоо муудаж маргалдсан зүйл болоогүй гэж ярьсан, өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг

  Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт № 93 /хх-37/

Хохирогч Л.Зоригтбаатарын өмсөж байсан дээл, богино ханцуйтай цамцанд мөр судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-53/

Б.Нэргүйг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-59-64/
“...Би Сэргэлэнбаатарынд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирээд тэднийд нэг хоносон. Өчигдөр өглөө Баяржаргал Зоригтбаатарынд ирсэн. Тэгээд өдөр Зоригтбаатар 1 шил архи гаргаж бид нар архи ууцгаасан, архи дуусаад үүдээс хойш нилээн оройхон Сэргэлэнбаатар гэртээ мөн нэг шил архи гаргасан. Тэгээд тэр архийг ууж байхад Зоригтбаатар миний нүүрлүү дээлнийхээ нударгаар ороолгоод авсан, ямар учраас тэгсэн гэдгийг би мэдэхгүй байна, би ч юм хэлээгүй. Тэгээд сууж байтал уур хүрээд Зоригтбаатарыг Сэргэлэнбаатарын гэрээс дуудаж гаргаж ирж байгаад гэрийнх нь гадаа баруун урдхан талд нь гэдэс рүү 1 удаа хутгалсан. Би хутгаа Сэргэлэнбаатарын гэрээс авсан, хүрэн иштэй жижиг хутга байсан. Зоригтбаатарыг би хутгалчихаад буцаад Сэргэлэнбаатарын гэр лүү орсон. Зоригтбаатар араас дагаж орж ирсэн. Орж ирээд гэрт байсан хүмүүст “Нэргүй намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Би Зоригтбаатарыг “гаръя” гээд гэрээс дагуулж гараад шууд хутгалсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Л.Зоригбаатарын биед хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа шүүхэд мэдүүлээгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. Харин хохирогч нь эмчилгээний болон энэ хэргийн улмаас учирсан хохирол, зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдал болон түүний үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан эрүүгийн хуулийн  тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дархад овгийн Баярсайханы Нэргүйг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн   96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйг 04 жил 09 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйд оногдуулсан 04 жил 09 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Нэргүйгийн цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
   9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нэргүйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        
 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Ц.МӨНХТУЛГА
                ШҮҮГЧ                Л.УЯНГА
                        ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ