Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам,

     Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч Ц.Нанзад,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нанзадад холбогдох эрүүгийн 2433000000017 тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн ........ дүгээр баг Улаантолгой гэх газар оршин суух хаягтай, Шоовой ургийн овогт Цэрэндоржийн Нанзад (РД:..................)

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Нанзад нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг Улаантолгой гэх газрын арын уулны амнаас зохих зөвшөөрөлгүй 4-5 метрийн урттай 57 ширхэг шинэс төрлийн мод бэлтгэж, өөрийн хээр зүсмийн мориор чирч цагаалж байгаль орчинд 1,040,841 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

 (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ..................... нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг Улаантолгой гэх газрын арын уулны амнаас зохих зөвшөөрөлгүй 4-5 метрийн урттай 57 ширхэг шинэс төрлийн мод бэлтгэж, өөрийн хээр зүсмийн мориор чирч цагаалж байгаль орчинд 1,040,841 төгрөгийн хохирол учруулан үйл баримт  нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэн-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Орхон бүсийн сум дундын ойн ангиас тогтоосон хохирлын хэмжээ 346,947 төгрөг болсон байсан. Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн актаар хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1.040.841 төгрөг болсон Иргэн Ц.Нанзад нь нөхөн төлбөр зэргийг барагдуулах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 58-59-р хуудас),

    2.Гэрч Ц.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......Ц.Нанзад гэх хүн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн ...... баг Улаантолгой гэх газраас мод хийсэн байсан. Хуурай, шинэс төрлийн 4-5 метр урттай нийт 57 ширхэг мод бэлтгэсэн байсан. Нанзад мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-65-р хуудас),

3. 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Т.Отгонбаяраас мэдээлсэн хууль бусаар мод бэлтгэсэн талаарх гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлийн №33 /1100-0513/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 1-2-р хуудас)

4. 2024 оны 02 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Ивэн ..... багийн нутаг "................" гэх газарт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, 22 ширхэг фото зургууд (хх-ийн 3-5, 6-11-р хуудас)

5. 2024 оны 02 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Ивэн ......... багийн нутаг "......................" гэх газарт иргэн Ц.Нанзадын өвөлжөөн дээр хууль бусаар бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд 8 ширхэг фото зургууд, (хх-ийн 12-14,15-16-р хуудас)

6.Бүртгэлийн 33/0513 дугаартай хууль бусаар мод бэлтгэж цагаалсан гэх гомдол мэдээлэлд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Ивэн ..............багийн нутаг "................." гэх газарт иргэн Ц.Нанзадын өвөлжөөн дээр мод цагаалахад ашигласан моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2 ширхэг фото зураг (хх-ийн 17-19, 20-р хуудас)

7.Хууль бусаар мод бэлтгэсэн гэх гомдол мэдээлэлд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын цагдаагийн хэсгийн байранд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2 ширхэг фото зураг (хх-ийн 21-22,23-р хуудас)

8.Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд

“...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Ивэн .......... багийн нутаг "................" гэх газраас Ц.Нанзад нь хэрэглээний зориулалттай бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модонд хэмжилт хийхэд 2,4 м/куб мод бэлтгэсэн байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3-р мужийн ойн сангийн 1м/куб "Бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ" нь 80.312 төгрөг байна. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модыг хэмжиж дүгнэхэд 2.4 м/куб х 80.312x 1,8 = 346,947 төгрөг болж байна. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэсэн Ц.Нанзад нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 346,947 төгрөгийн хохирол учруулсан байна. Дүгнэлт гаргасан Орхон бүсийн сум дундын ойн ангийн дарга Э.Сувдаа...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-47-р хуудас)

9.Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01-29-02/282 дугаартай хохиролын үнэлгээ тогтоох тухай актад:  

1.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээний хүснэгтийн 9 дэх хэсгийн төлбөрийн 3 дугаар мужийн бүх төрлийн хуурай модны үнэлгээгээр 80,312 төгрөгөөр тогтоосон байх ба модны ашиглалтын гарцыг тооцох 1.8 хувиар үржүүлж  (80.312 х 1,8 = 346.947) 346.947 төгрөгийн үнэлгээ гаргав.

2.Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход Байгаль орчны тухай
хуулийн
49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтаар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцдог тул 346.947 х 3% = 1.040.841 төгрөгийн нөхөн төлбөр тогтоов.

3.Дүгнэлт гаргасан Байгаль орчны хяналтын улсын байцаагч ... гэх хохирлын үнэлгээ тогтоох тухай дүгнэлт (хх-ийн 52-р хуудас)

10. Хөрөнгө үнэлгээний “..........” ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн №1734 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“...Морь 12 настай зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 1,000,000 төгрөг...”

“ Бензин хөрөө 120,000 төгрөгийн үнэлгээтэй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 37-39-р хуудас),  

11.Шүүгдэгч  Ц.Нанзадын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өвөлжөөний дээр өвс овоолчихсон байсан дээвэр нь цөмрөөд орчихоор нь хэдэн мод авсан. Тухайн үед гоожин авах гэсэн бүл муутай ганцаараа байсан. Төвөөс нэлээн зайтай болохоор зөвшөөрөл авч чадахгүй хэдэн мод авсан юм. Миний буруу  гэсэн мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаарх дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

  Шүүгдэгч Ц.Нанзад нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.4 м.куб хуурай шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги (байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан) иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно...”гэж заажээ.

  Шүүгдэгч Ц.Нанзад нь ойн тухай хууль зөрчиж, ойн ангиас зөвшөөрөл авалгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр  тээвэрлэсэн  байна.

  Иймд Ц.Нанзадыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тооцох  хуулийн үндэслэлтэй байна.

  Ц.Нанзад нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.  

  Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

 

  Иргэний нэхэмжлэлийн талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэн-Өлзий нь шүүгдэгч Ц.Нанзадаас байгаль орчинд учруулсан хохиролд 1,040,481 төгрөг нэхэмжилсэн ба Ц.Нанзад нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 1,040,841 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд  ирүүлсэн  байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 86-р хуудас)

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Ц.Нанзад нь Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн  байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Нанзадад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ц.Нанзадад шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ” хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж зааснаар Ц.Нанзадын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй хээр зүсмийн 12 настай морь, 120,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 346,947 төгрөгийн үнэ бүхий 57 ширхэг 2.4м3 шинэс төрлийн модыг тус тус  хураан авч  улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нанзадад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,   2.4 м.куб, 57 ширхэг шинэс мод, хээр зүсмийн 12 настай морийг тус тус битүүмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шоовой овогт Цэрэндоржийн Нанзадыг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Нанзадад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ц.Нанзадад шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Нанзадын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй хээр зүсмийн 12 настай морь, 120,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 346,947 төгрөгийн үнэ бүхий 57 ширхэг 2.4м3 шинэс төрлийн модыг тус тус  хураан авч  улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нанзадад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар ирсэн цахилгаан хөрөөг улсын төсөвт шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.

8.Энэ хэрэгт 2.4 м.куб, 57 ширхэг шинэс мод, хээр зүсмийн 12 настай морийг тус тус битүүмжилсэн болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА