Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/416

 

 

 

 

 

 

 2024         04         18                                   2024/ШЦТ/416

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Нямжав,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Ц.Г-т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “......” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

........ овогт Ц.Г /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Г.Н-т “бог мал хямд үнээр худалдаж авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ХААН банкны ****** тоот дугаарын данснаас 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4,400,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг ХААН банкны ****** тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогч Г.Н-аас 4,400,000 төгрөг авсан. Тухайн үед манай эхнэр элэгний хатууралтай гээд эмчилгээнд орсон эмчилгээнд мөнгөө зарцуулсан. Хохирогчийн мөнгийг төлж барагдуулна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Талийгаач Г.Н нөхөр маань надаас хүнд мөнгө өгөөд мөнгөө алдсан гэдгээ нууж байсан. 2022 оны сүүлээр Г ахад мөнгө өгөөд алдсан, мөнгөө авч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймаг руу явах машин олсон. Олж уулзаад ирье гээд гарсан боловч буцаж ирээгүй. Энэ хүний хойноос яваад осолд орсон. Надад сүүлд энэ хүнд 4,400,000 төгрөг увуулж цувуулаад өгсөн боловч олдохгүй байна гэдгээ хэлсэн. Хоёр ч удаа Архангай аймаг руу яваад олдсонгүй гэж байсан. Архангай аймаг руу явах гээд гэрийнхээ ойролцоо осолд орсон. Би өгсөн мөнгөө авмаар байна. Уржигдар надад 300,000 төгрөг өгсөн. Одоо үлдсэн мөнгөө авмаар байна” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  - Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ......... тоотод мал маллаж амьдардаг юм. 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 04 дүгээр cap хүртэл манайд Г-аар малаа маллуулж байсан. 2014 онд Г-аар дамжуулан зүс таних хүнээс нь мал худалдаж авч байсан тэгэхэд зуучилж өгсөн байсан юм. 2021 оны 02 дугаар сард Г манай гэрт ирээд хямд үнээр мал худалдаж авах уу гэж асуусан би хариуд нь зөвшөөрсөн. Г-т би нийтдээ 4,500,000 төгрөгийг цувуулан шилжүүлсэн юм. Харин Г надад шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүргэсэн ба ганц ч толгой мал авчирч өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дэх тал/,

          - Хохирогч Г.Н-ын эзэмшлийн ХААН банкин дахь ****** тоот дансны хуулга /хх-ийн 32-34 дэх тал/,

- Яллагдагч Ц.Г-ын эзэмшлийн ХААН банкин дахь ***** тоот дансны хуулга /хх-ийн 81-84 дэх тал/,

- Яллагдагч Ц.Г-ын эзэмшлийн ХААН банкан дахь ****** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36 дахь тал/,

 - 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн яллагдагчаар өгсөн:  “...үйлдсэн хэрэг, зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг нь барагдуулаагүй байгаа, би цалингаа буухаар барагдуулж дуусгана...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дахь тал/,

- 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай: “1.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт Г.Н-ын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Б-г тогтоосугай. 2.Хууль ёсны төлөөлөгч Б.Б-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхийн тайлбарласугай” гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 100 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дахь тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дахь тал/ зэрэг болно.

          Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Г.Н-т “бог мал хямд үнээр худалдаж авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ХААН банкны ****** тоот дугаарын данснаас 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4,400,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг ХААН банкны ****** тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь: Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сард Г манай гэрт ирээд хямд үнээр мал худалдаж авах уу гэж асуусан би хариуд нь зөвшөөрсөн. Г-т би нийтдээ 4,500,000 төгрөгийг цувуулан шилжүүлсэн юм. Харин Г надад шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүргэсэн ба ганц ч толгой мал авчирч өгөөгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Н-ын эзэмшлийн ХААН банкин дахь ****** тоот дансны хуулга, яллагдагч Ц.Г-ын эзэмшлийн ХААН банкин дахь ****** тоот дансны хуулга, яллагдагч Ц.Г-ын эзэмшлийн ХААН банкан дахь ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Г.Н-т “бог мал хямд үнээр худалдаж авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ХААН банкны ****** тоот дугаарын данснаас 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4,400,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг ХААН банкны ****** тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 4,400,000 төгрөгөөс 300,000 төгрөг төлсөн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлж байх тул үлдсэн 4,100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Ц.Г нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “бог мал хямд үнээр худалдаж авч өгнө” гэж 4,400,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Г-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Г-ын үйлдэл нь “Зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.

Шүүх шүүгдэгч Ц.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Г-аас гэм хорын хохиролд 4,100,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгуулах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч Ц.Г нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......... овогт Ц.Г-ыг “Зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г-аас гэм хорын хохиролд 4,100,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ...... тоотод оршин суух, .... овогт Б.Б /РД:******/-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ