Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/00436

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/00436

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,хороо,хороолол,*******, Барилгын 7-7 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Цэцээ боржигон овогт Адилбишийн Мөнхбат /РД:ХЛ63062210/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******,,-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 36.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08 сарын15-нд*******т 8.500.000 төгрөгийг хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалан мөнгийг нь эхнэр*******гаар дамжуулан зээлдүүлсэн. Хариуцагч удахгүй өгнө гэсэн учир зээлдүүлсэн. Манай найз*******тай хамт ажиллаж байсан гэсэн. Удахгүй өгнө гэсэн боловч удаасан. Дараа нь 4.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд байршуулж байж, мөнгөө оруулж ирнэ гэсэн тул 3.000.000 төгрөгийг эхнэрээс аваад, би хөөргөө барьцаалж 1.000.000 төгрөгийг өгсөн. Даатгалын мөнгө төлөхөөр боллоо гэхээр нь би байраа барьцаалаад, 14.000.000 төгрөгийг өгсөн. 5-н шарын АТМ-ээс гаргуулан 10.000.000 төгрөгийн бэлнээр, 3.100.000 төгрөгийн бэлнээр өгсөн. Нийтдээ 26.500.000 төгрөгийг өгсөн. 2020 оны 09 сарын 12-ны өдөр хэрэв өгөхгүй бол алданги 0.5 хувиар тооцно гэж гэрээ байгуулаад, нотариатаар батлуулсан. Одоо болтол өгөөгүй байгаа. Үндсэн зээл 26.500.000 төгрөг, алданги 6.750.000 төгрөг, байраа барьцаанд тавьсны хүүний алданги 3.300.000 төгрөг, хөөрөг тавьсны 150.000 төгрөг, нийт 36.700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдлын шүүх хурал дээрээ өөрөө ирээгүй. Шүүхийг хүндлэхгүй, надтай холбоо барихгүй байгаа тул хөрөнгийн нь битүүмжлээд, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Эрдэнэхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  *******ын болон******* нарын тооцоо бүгд байгаа.*******тай ажил ярих явцад ******* намайг зээл олж өг гэж бөөн ажил болгочихоод замын дундаас буцсан. *******ын нэхэмжилж буй 36.700.000 төгрөг үндэслэлтэй эсэхийг тогтоож өгөхийг хүсье. Надад өгсөн буюу хамтран ажиллах гэж оруулсан мөнгө нь 26.500.000 төгрөг байх, би үгүйсгэхгүй. Намайг өөрөө гуйсан мөртлөө замаас буцсан нь энэ бүх тооцоог дуусгахад саад болсон юм. Ийм учир 26.500.000 төгрөг өгсөн гээд 36.700.000 төгрөг нэхэж байгаа нь хууль зүйн дагуу үндэслэлтэй эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

       

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч гэж хамтран ажиллах тохиролцооноос нэхэмжлэгч татгалзсанаар ийм төлбөр бий болсон, 26.500.000 төгрөг 36.700.000 төгрөг болсон нь эргэлзээтэй гэсэн тайлбар гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна. Уг гэрээний 2.1 дэх хэсэгт зээлийн хэмжээ нь 26.500.000 төгрөг бөгөөд үүний 8.500.000 төгрөгийг*******гаас авсан, гэрээний 2.2 дахь хэсэгт зээл олгосон хугацаа нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дансаар болон бэлнээр хүлээж авсан, 2.3 дахь хэсэгт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаатай, 2.4 дэх хэсэгт зээлийг хүүгүй төлнө, анз хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч энэ гэрээний дагуу үндсэн зээл 26.500.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 51 хоногийн алдангид 6.750.000 төгрөг, мөнгө зээлдүүлэхийн тулд байраа барьцаалсны хүү, хугацаа хэтрүүлсэн алдангид 3.300.000 төгрөг төлсөн, хөөрөг барьцаалсны хүү 150.000 төгрөгийг хохирол гэж шаардаж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж байна. Учир нь хариуцагчийн тайлбарласнаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байхаас гадна сүүлийн байдлаар зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын гэрээг бичгээр байгуулна гэж зааснаар алданги тооцох талаар зээлийн гэрээнд бичгээр тусгасан байх тул нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хугацаа хэтрүүлсэн алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь үндсэн зээл болох 26.500.000 төгрөгийн хэмжээний талаар маргаагүй тул үндсэн зээлд 26.500.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд хоног тутамд 132.500 төгрөг, хэтэрсэн 51 хоног, нийт 6.757.500 төгрөгийг алдангид шаардах эрхтэй боловч 6.750.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул энэ хэмжээгээр алдангийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Гэвч нэхэмжлэгч 3.450.000 төгрөгийг хохирол гэж шаардаж байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүүгийн зохицуулалт хамаарахгүй байна.

Үүрэг гүйцэтгэгч хугацаа зөрчснөөс үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч хохирлоо шаардах эрхтэй.

Хохирол гэдгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тооцох бөгөөд хариуцагчид мөнгө зээлдүүлэхийн тулд хөөргөө барьцаалж 1.000.000 төгрөгийн зээл авсан, байраа барьцаалж 20.000.000 төгрөгийн зээл авч, 14.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь сонголт бөгөөд энэхүү зээлийн гэрээний хүү, хугацаа хэтрүүлсний хүүг хохирол гэж хариуцагч хариуцах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгчид 3.450.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг, хугацаа хэтрүүлсэн алдангид 33.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.450.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохиох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 22.7 дахь заалтыг баримтлан хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт 33.250.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 324.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 



 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ