Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

 

 

 

 

   2024          02          27                                     2024/ШЦТ/147

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ч.Батбаатар,

Хохирогч ***, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303007760018 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг, Улаанбаатар вокзалын хойд талын замын уулзвар дээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 цагийн орчимд Т.Приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ногоон гэрлээр гарч явсан явган зорчигч ***г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Би ***-д манаачаар ажилладаг. Манай ажлаас ажилчдаа Хужирт амралтын газар амраах гээд би Сэлэнгээс воганд сууж, өглөө 06:30 минутад воганаас буусан. Би зам хөндлөн ногоон гэрлээр гарч явсан, машин харагдаагүй, гэнэт машин гарч ирээд мөргөөд би хол шидэгдсэн. Тэгээд өөр зүйл мэдэхгүй. Би 60 гарсан настай, зөндөө хугаралтай байна. Гомдолтой байна, хэзээ босохоо мэдэхгүй байна. Би өөрийгөө тэжээх чадалтай байсан. Олон хүнээр асруулж, тэтгүүлж байна. Гомдолтой байгаа болохоор 30.0000.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгаас байгууллагын хүмүүсийн хамт ирсэн. Вокзалын хойд талын явган хүний гарцаар гарах гээд гэрлэн дохио хүлээж байгаад явган хүний гарцаар урдаасаа хойшоо гарч байхад зүүнээс баруун тийш чиглэлтэй ирсэн байсан машин миний баруун талаас ирж мөргөсөн. Ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан. ...Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.707.000 төгрөг гарсныг яллагдагч ***оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Шинжээчийн 14691 тоот дүгнэлтэд: “...***гийн биед баруун дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн хугарал, баруун талд умдаг ясны дээд, доод салааны зөрүүтэй хугарал, бүсэлхийн 2, 3, 4, 5-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, сээрний 12 /бүсэлхийн 1, бүсэлхийн 1/2, 2/3, 3/4, 4/5, бүсэлхийн 5/ууцны 1 нугалмуудын жийргэвчийн урагдал, баруун бугалга, баруун ташаа, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагддуулахгүй” гэжээ. /хх-н 40-43/,

Мөрдөгчийн 1353 тоот магадлагаанд: “...Жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ...” мөн дүрмийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-н 45/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-10/, шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-н 12/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 31-37/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 50-52/, хохирлын баримтууд /хх-н 66-90/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 96-98/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 103-111/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 112-116/, хохирогчийн өвчний түүх /хх-н 121-139/ зэрэг болно.

      Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг, Улаанбаатар вокзалын хойд талын замын уулзвар дээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 цагийн орчимд Т.Приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” Гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ногоон гэрлээр гарч явсан явган зорчигч ***г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн лавлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор зорчиж байгаа хохирогч ***г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-н 12/ нотлогдож байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой баримтаар нийт 7.428.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 4 дүгээр зэрэглэл 25.294.500 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 7.428.000 төгрөгөөс шүүгдэгч нь 3.143.300 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 4.284.700 төгрөгийг шүүгдэгч ***оос гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Мөн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хүндэвтэр хохирол нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.644.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд тооцож сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд тодорхой заасан ба хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан тохиолдолд аргачлалын дагуу 3 дугаар зэрэгт хамааруулахаар заасан.

Дээрх аргачлалын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцсон ба Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Шинжилгээний байгууллага, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

Хохирогчийн өмгөөлөгчийн 4 дүгээр зэрэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэлээрээ хамаарна, мөрдөгч энэ талаар танилцуулсан гэсэн санал гаргасан. Улсын яллагч мөрдөгч  гуравдугаар зэрэглэлийг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэж буруу танилцуулсан тул зөвтгөх нь зүйтэй гэсэн санал тус тус гаргасан болно.

 Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу шинжээч томилох ба тухайн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохоор заасан тул энэ талаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа болно.

 

Хохирогч *** нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээ хийлгэх шаардлагатай бол нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  1.033.600  төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.354.000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3.143.300 төгрөг тус тус төлсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жил Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч “хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч 01 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч гомдолтой, хохирогчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс улсын яллагчийн “зорчих эрх хязгаарлах ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “01 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэрэглэх заалт юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны явцаас дүгнэхэд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, хохирол, хор уршигт хандаж байгаа шүүгдэгчийн хандлага, хувийн байдал буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч байсан хохирогчийг мөргөсөн зэргийг харгалзан улсын яллагчийн “зорчих эрх хязгаарлах ял” оногдуулах саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ...үеэс хугацааг тоолно” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хохирогч нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан нь хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн мэдээллээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн даатгалаас эмчилгээ авсан 1.707.000 төгрөгөөс 1.354.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 353.000 төгрөгийг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ авсан зардлаас төлөөгүй үлдсэн 354.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасаж, 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  1.033.600  төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.354.000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3.143.300 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 353.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос хохирогчийн эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн зардалд 4.284.700 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.644.500 төгрөг, нийт 16.929.200 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  8. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР