| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/04207/И |
| Дугаар | 102/ШШ2021/00524 |
| Огноо | 2021-03-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2021/00524
| 2021 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2021/00524 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,,мж 13, Метро бизнес төв, А блок, 5 давхарт байрлах, Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тусгай дугаар ашиглах гэрээний төлбөрт 310.630 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баруун-Оргил ХХК нь 2015 оны 04 сарын 21-ний өдөр 1900-1943 дугаарыг ашиглах хүсэлт гаргасан. Харилцаа холбооны зохицуулах хороо 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2 жилийн хугацаатай бүртгэлийн гэрчилгээ олгоод, түүнийгээ баталгаажуулж, 2 жилийн хугацаатай Тусгай дугаар ашиглах гэрээ хийсэн байгаа. Гэрээний төлбөрийн хувьд 2015 оны төлбөр 540.000 төгрөг, 2016 оны төлбөр 540.000 төгрөг байдаг. Үүнээс*******нь 2015 онд 580.000 төгрөгийг биетээр төлсөн. Харин 2016 оны 189.369 төгрөг 86 мөнгийг биетээр төлөөгүй байна. 2016 оны 12 сарын 30-ны 2017 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл хассан дүн нь 189.369.86 мөнгө. Энэ мөнгийг нэхэмжлээгүй. 2016 оны 05 сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал төлбөр 310.630 төгрөг 14 мөнгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 онд гэрээ хийж 1900-1943 дугаарыг авсан боловч бараг хэрэглээгүй, хэрэглэх шаардлагагүй болсон тул 2016 оны 04 сард хаалгах тухай албан бичиг өгсөн байгаа.******* энэхүү бичгийг аваагүй гэж мэдэн будилж байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэж байна. Манай компани 2015 оны 05 сараас 2016 оны 05 сар хүртэлх 1 жилийн төлбөр 580.000 төгрөгийг төлсөн. 2016 оноос хойш ашиглаагүй дугаар дээр нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Огт ашиглаагүй, ашиглахгүй учраас утсаар хэд хэдэн удаа мэдэгдсэн. Үйлчилгээ үзүүлээгүй байж төлбөр нэхэмжлэх нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь хариуцагч Баруун Оргил ХХК-д холбогдуулан тусгай дугаар ашиглах гэрээний төлбөрт 310.630 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь гэрээг цуцалсан, илүү төлөлттэй, ашиглаагүй тул төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Баруун Оргил ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тусгай дугаар ******* дугаарыг ашиглах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүлээн авч, Баруун Оргил ХХК-д 462/R/INQ 362 тоот тусгай дугаар ашиглах бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай олгож, 462/R/INQ 362 тоот тусгай дугаар ашиглах ашиглах гэрээг байгуулжээ.
Талуудын хооронд байгуулсан Тусгай дугаар ашиглах гэрээний хугацаа 2 жил, тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд заасны дагуу тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний нэг жилийн хөлсийг жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор багтаан Голомт банкны дансанд төлөхөөр тохиролцжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын тавдугаар хавсралтаар мэдээлэл лавлах үйлчилгээний тусгай дугаарын жилийн зохицуулалтын хөлсний хэмжээг 500.000 төгрөг байхаар тогтоосон байх ба Хорооны 2011 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар бүртгэлийн гэрчилгээний хураамж 80.000 төгрөг байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байна.
Гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь 1900-1943 тусгай дугаарыг 2 жил ашиглах үйлчилгээг худалдсан байх бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу үйлчилгээ худалдан авсны төлбөрт 1.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Дээрх гэрээ, хавсралтыг үндэслэн дээр хариуцагч Баруун Оргил ХХК нь 2015 онд 580.000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 08-наас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох 500.000 төгрөгийг төлөөгүй байна.
Нэхэмжлэгч талаас санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлан тооцоо гаргахдаа 189.369 төгрөг 86 мөнгийг төлсөн гэсэн бүртгэл хийсэнтэй холбогдуулан тайланг засварлах боломжгүй тул зөрүү мөнгө 310.630 төгрөг 14 мөнгийг гаргуулахаар шаардаж байх ба хариуцагч нь гэрээний дагуу авсан тусгай дугаарыг ашиглаагүй, гэрээг цуцлах хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сард өгсөн тул хариуцахгүй гэж маргаж байна.
Харилцаа холбооны зохицуулах хороонд хаягласан дугаар хаалгах тухай 2016 оны 2016 оны 4 дүгээр 25-ны өдрийн А/15 тоот албан бичгийг нотлох баримтаар өгсөн ба тус албан бичигт 2016 онд илүү төлсөн 189.369 төгрөг 86 мөнгийг буцаан олгож өгөхийг хүссэн байна.
Шүүхээс уг албан бичгийг хожим үйлдэж шүүхэд гаргасан гэж дүгнэж, татгалзлыг нотлох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. Учир нь 2016 онд төлбөр төлсөн болон дугаар хаалгах албан бичгийг нэхэмжлэгчид өгсөн талаар ямар нэгэн баримт байхгүй, нэхэмжлэгч тал 2017 онд авлагын тооцоо үүсгэхдээ 189.369 төгрөг 86 мөнгө хасагдсантай холбоотойгоор 310.630 төгрөг 14 мөнгөний авлагатай гарсан, нэхэмжлэгч байгууллагын санхүүгээс 2016 онд хариуцагч төлбөр огт төлөөгүй талаар тодорхойлолт ирүүлсэн зэргээс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар мэдэгдэх боломжгүй хасагдсан төлбөрийг төлсөн гэж тодорхойлсон нь уг албан бичгийг сүүлд үйлдсэн, нэхэмжлэгчид мэдэгдээгүй баримт гэж дүгнэх үндэслэл боллоо.
Иймд хариуцагч нь худалдан авсан үйлчилгээний төлбөрийг ашигласан, ажиллуулсан эсэхээс үл хамаарч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 310.630 төгрөг 14 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Баруун Оргил ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 310.630 төгрөг 14 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9.369 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ