Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 2020         07             07                                            2020/ДШМ/894                                                                       №  Т  M № 546                                  МАЛАЛ

Д.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1011 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Э-т холбогдох эрүүгийн 1906046701853 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Д-гийн Э, Улаанбаатар хотод 1972 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Д.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 23а байрны 83 тоотод хамтран амьдрагч Г.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа баруун хөлөнд нь хутгалж эрүүл мэндийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Д.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Г.Н- баруун хөлний шилбээ ямар нэгэн зүйлд гэмтээж, цусаа шалан дээр дусаан гишгэж гэмт хэрэг гарсан гэх ул мөрийг зориудаар бий болгон цагдаагийн байгууллагад дуудлага өгч хэргийн газрын үзлэг хийлгэсэн баримт болох зургууд хэрэгт авагдсан ба үзлэгээр хөлөө боосон гэх цустай боолт олдоогүй, илрээгүй. Хохирогч Г.Н- байнга үндэслэлгүй худал мэдүүлсэн нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдоогүй, ноцтой зөрүү байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийг үндэслэн гэрч Б.Жавхлантөгс, О.Алтангэрэл нартай нүүрэлдүүлэх, шүүх эмнэлгийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй учир дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд хүсэлт, гомдол гаргахад шийдвэрлэлгүй хуулийг ноцтой зөрчсөн.

Тухайлбал: 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Жавхлантөгс “...Ажлаа тараад 18 цагийн үед Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлын хавьд Д.Э-тай таарч ойр зуурын юм яриад зогсож байхад нэг махлаг эмэгтэй дөхөж ирэхэд Энхбаяр “Цаашаа бай, би хүнтэй юм ярьж байна” гэсэн мэдүүлгийг шүүхэд гаргасан нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтэйн тохирч байгаа бөгөөд Г.Н- цагаан маарлаар хөлөө боогоод Энхбаярын араас яваад гүйцээгүй гэсэн мэдүүлгийг нь үгүйсгэж байхад хууль ноцтой зөрчин ял шийтгэл оногдуулсан.

Хохирогч Г.Н-гийн дуудлагаар анхны үзлэг хийсэн эмч 0,5x0,2 см хатгагдсан шарханд 3 оёдол тавьсан гэж онош бичсэн байхад Шүүх эмнэлгийн 9525 дугаартай дүгнэлтэнд 1 см урттай оёдол бүхий шарх гэж 0,5 см нэмж, ахиулж зөрүүтэй дүгнэлт гаргасан, хутганы үзүүр аль хир, ямар байдалтай орсныг шалган тогтоогоогүй, 0,5 см шарханд 3 ширхэг оёдол тавих ямар ч үндэслэлгүй, худал байхад хэргийг прокурорт буцаалгүй хууль ноцтой зөрчсөн. Хүний биеийн арьс, маханд үүссэн гэмтэл шарх, шархнаасаа шалтгаалан агшиж, сунаад байдаг талаар анагаах ухааны шинжлэх ухаанд болон шүүх эмнэлгийн пратикаар нотлогдоогүй үндэслэлээр өөрийгөө хамгаалж 1 см гэж худал мэдүүлэг өгсөн шинжээч эмч М.Золжаргалын тайлбараар шүүгдэгч Д.Э-т хууль ноцтой зөрчин ял шийтгэл оногдуулсан.

Шүүгдэгч Д.Э-, хохирогч Г.Н- нар одоо ч хамт амьдарч байгаа бөгөөд Нарангийн баруун хөлөнд хутгаар хатгагдсан, зүсэгдсэн гэх шарх соривны ямар ч ул мөр байдаггүй. Харин бөөрөнхий хар сорив байдаг гэсэн. Энэ нь хэдийд үүссэн юуны сорив болохыг шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Шүүгдэгч Д.Э- “...Нарангийн хөлийг хутгаар зүссэн, хатгасан гэмт хэрэг үйлдээгүй, намайг гүтгэж байна Г.Н-тай тэр орой намайг утсаар ярихад “Чамаас болж би хүнд хутгалуулчихлаа” гэсэн ярьсан талаар мэдүүлэг өгөөд шөнийн 02 цагийн орчим Наран дээр очиход баруун хөлдөө шархны лент наасан, хөлөө маарлаар боогоогүй байсан, эмч боолт хийсэн гэдэг нь худлаа...” гэж тогтвортой мэдүүлж байхад зөвхөн хохирогч Нарангийн нотлогдоогүй мэдүүлгээр ял шийтгэл оногдуулж хууль ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “Өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг тодорхойлолт гаргуулж авах эрхтэй” гэж заасныг үндэслэн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Алтангэрэл “2019 оны 08 дугаар сарын 05-нд манай гэрт Наран гаднаас орж ирэхдээ хөлөө ямар нэгэн зүйлд /төмөр хайс, замын хашлага/-т гэмтээсэн байдалтай орж ирсэн. Тэр үед хөлнөөс нь цус гарсан шалбархай үүссэн цус доошоо нарийнхан урссан байдалтай байсан. Тухайн үед манайд маарла, ариутгах зүйл байгаагүй, байх ч үгүй байсан. Ойрын үед манайх маарла хэрэглэх нөхцөл байдал гараагүй” гэж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн гараар бичиж өгсөн тодорхойлолтыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболдод гомдол гаргахдаа хавсаргаж, мэдээлэл, лавлагаагаар дамжуулж өгсөн. Гэтэл дээд шатны прокурорт танилцуулагдаагүй нотлох баримт устаж алга болсон.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий прокурор Ц.Батболдод бичсэн гомдол, гэрч О.Алтангэрэлийн бичсэн тодорхойлолт тайлбар хэргээс алга болсон. Үүнийг хэн яаж устгасан талаар албаны шалгалт явуулахаар хэргийг прокурорт буцаан хүргүүлэх хүсэлтийг шүүхийн мэдээлэл лавлагаагаар дамжуулж өгсөн. Гэтэл шүүх 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө танхимд гэрч О.Алтангэрэлийн бичсэн тодорхойлолтыг нотариатын баталгаагүй гэж хэлэлцэлгүй, ямар нэгэн захирамж гаргалгүй буцаан өгч хуулийг ноцтой зөрчсөн. Гэрч О.Алтангэрэлийг иргэний үнэмлэхгүй гэдэг шалтгаанаар шүүх хуралдаанд оролцуулалгүй эрхийг нь хязгаарлаж хууль зөрчсөн.

Иргэний үнэмлэхгүй гэрчийг шүүх хуралдаанд оруулахыг хориглоогүй байхад шүүх дураараа хууль тайлбарласан. Гэрч О.Алтангэрэлийг иргэний үнэмлэхээ авч ирэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэгт 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн учир регистрийн дугаарыг шалгаж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.” гэсэн хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
болон прокурорын хяналт, шүүх хуралдааны үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэсэн үндсэн зарчмыг зөрчин гэм буруугүй хүнд ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 2020/ШЦТ/1011 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг гүтгэж хэрэгт холбогдуулж байгаад гомдолтой байна. Мөрдөгч нь Г.Н-д “Би энэ хүнийг шүүх рүү явуулна” гэж хэлсэн байсан. Давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Г.Н-д хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан, шинжээч шүүх хуралдаанд оролцож, “Шарханд 3 оёдол тавьсан гэснийг үндэслэж хэмжээгээр нь дүгнэлт гаргасан” гэдгээ тайлбарласан. Шинжээч гэмтлийн зэргийг тогтоосон болохоос биш, ямар байдлаар учирсныг тогтоох боломжгүй. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч энэ талаар асуусан. Г.Н- хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээсээ буцсан. Учир нь, шүүгдэгч Д.Э- нөлөөлөн худал тодорхойлолт гаргуулж, үүний дагуу “Би өөрийгөө хутгалсан” гэж мэдүүлэг өгүүлсэн. Гэрч О.Алтангэрэл, Жавхлантөгс нарын мэдүүлэг өөр боловч Г.Н- “Би энэ хүмүүсээс айж байна. Энэ хүмүүс намайг дарамталсан учраас би худал мэдүүлэг өгсөн” гэдгээ хэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч 3 шатанд гомдол гаргасан ба тухай бүрт хариу ирсэн. Хавтас хэргээс ямар нэг тодорхойлолт алга болсон гэх зүйл байхгүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлсэн, шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 23а байрны 83 тоотод архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Г.Н-г “Хүү чинь автомашиныг маань мөргөлдүүлсэн” гэж маргалдан хөл рүү нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн болох нь:

хохирогч Г.Н-гийн “Д.Э- нь “Танай хүү машин унаж яваад эвдсэн” гээд хэрүүл эхлүүлсэн. Энэ асуудлаар олон удаа маргалдаж байна. Тухайн үед гал тогооны өрөөнд сууж байтал Д.Э- уурлаад баруун ханцуйнаасаа хар иштэй хутга гаргаж ирээд миний баруун шилбэнд нэг удаа хутгалчихаад, “Цагдаа дуудлаа” гэхэд гараад зугтаасан” /хх 11-14, 47-49/,

гэрч О.Алтангэрэлийн “19 цагийн орчим сэрэхэд тэр хоёр байхгүй, гал тогтооны өрөөний шалан дээр цус болсон байсан. Тэгтэл гаднаас Наран орж ирээд “Энхбаяр намайг хутгалчихлаа” гэсэн ба түүний зүүн хөлнөөс цус гарсан байсан. Манай гал тогоонд 1 заазуур, 1 талхны хутга, 1 скочоор ишийг нь ороосон хар иштэй хутга байдаг. Гэхдээ хар иштэй хутга алга болсон байсан. Тэд манайд байхдаа дандаа машинаасаа болоод хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг” /хх 17-18/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Г.Н-гийн биед баруун шилбэнд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэн болохыг тогтоосон шинжээчийн 9525 тоот дүгнэлт /хх 23/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-7/,

2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 20 цаг 30 минутад түргэн тусламжийн эмч дуудлагаар ирж хохирогч Г.Н-г үзээд баруун шилбэний доод хэсэгт 0,5х0,2 см орчим хатгагдаж зүсэгдсэн шарх байсныг 3 ширхэг оёдол тавьж, боолт хийсэн талаарх тэмдэглэл /хх 22/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч Д.Э-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв. Тэрээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг “Хүү чинь автомашин эвдсэн” гэж байнга сэтгэл зүйн дарамт үзүүлж, энэ шалтгаанаар хутгалж гэмтээсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэргийн оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.

Хохирогч Г.Н-гийн баруун шилбэнд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр шарх гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт нь түргэн тусламжийн эмчийн тодорхойлолт болон хохирогчийн Г.Н-, гэрч О.Алтангэрэл нарын мэдүүлгээр давхар нотлогдсон. Давж заалдсан гомдлоос үзэхэд шинжээчийн дүгнэлтэд дурьдсан шархны хэмжээ нь түргэн тусламжийн эмчийн тодорхойлолтоос зөрүүтэй гэж маргадаг боловч хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй болно.

Өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан хүсэлт, гомдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тухай бүрт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэн хариу өгч байсан тухай баримт нь хэргийн 146-148, 155-165 хуудаст авагдсан байх бөгөөд харин түүний шүүхэд гаргасан гомдолд хавсаргасан нотлох баримт алга болсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хамтран амьдрагч Д.Э- нь маргалдах явцдаа ханцуйнаасаа хар иштэй хутга гаргаж баруун шилбэнд нь хутгалсан талаар хохирогч Г.Н-гийн өгсөн мэдүүлэг нь “Унтаад сэрэхдээ гал тогооны өрөөний шал цус болсон байсныг харсан, Г.Н- гаднаас орж ирээд Д.Э-т хутгалуулсан гэж хэлснийг сонссон, гэрээс нь ахуйн хэрэглээний хар иштэй хутга алга болсныг мэдсэн” гэрч О.Алтангэрэлийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, түргэн тусламжийн эмчийн тодорхойлолт, зочны өрөө болон гал тогооны өрөөний шал цус болсон байсныг бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр бүрэн нотлогдсон байх тул давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дагуу шүүхийн шатанд гаргаж өгсөн гэрчийн тодорхойлолт нь шүүхэд яллах, эсхүл өмгөөлөх талын нотлох баримтаар үнэлэгдэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдав.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1011 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН