Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0039/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
            Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
            Улсын яллагч: Ч.Батбаяр,
           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Гангантөгс,
           Шүүгдэгч: Г.Баттулга нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Баттулгад холбогдох 201723000035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Хэнтий аймгийн Биндэр суманд 1963 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 5-18 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэхь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэг нь хэрэгсэхгүй болж ялаас чөлөөлөгдөж байсан Боржигон овогт Гомбын Баттулга /РД:СЭ63111016/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Шүүгдэгч Г.Баттулга нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” хүнсний дэлгүүрийн гадна байрлах автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн М.Болор-Эрдэнийн жолоодож явсан 07-70 ХЭА улсын дугаартай “Субару-Простер” маркын автомашины буруу талын толь, хойд талын шилний арчигчийг гараараа цохин хугалж нийт 290.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Г.Баттулга нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” хүнсний дэлгүүрийн гадаа иргэн М.Болор-Эрдэнийн жолоодож явсан 07-70 ХЭА улсын дугаартай “Субару-Простер” маркын автомашины буруу талын толь, хойд талын шил арчигчийг гэмтээж 290.000 төгрөгийн хохирол учруулан болох нь:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/
Хохирогч М.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх 19-20/
“...2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой хөдөө явах гээд Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг хороололд байдаг дэлгүүрт ээж Байгалмаагийн хамт өөрийн 07-70 ХЭА улсын дугаартай машинтайгаа 20:30 минутын үед очсон. Тэр дэлгүүрт Баянхутаг сумын Баттулга гэдэг хүн байсан бөгөөд орж гараад байсан. Тэгээд ээжид “нэг пиво аваад өгчих” гээд байсан. Ээж “би чамд яахаараа пиво авч өгдөг юм” гээд авч өгөөгүй. Дэлгүүрээс гараад харахад миний машины буруу талын толийг сууриар нь хугалаад мөн арын салхины шилний шил арчигчийг хугалсан байсан. Маргааш нь би цагдаад мэдэгдэж тэр дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд Баттулга эхлээд миний машины арын шил арчигчийг хугалаад дараа нь буруу талын толийг арагш нь шууд дараад хугалж байгаа харагдсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл манай нөхөр Т.Тогтохжаргалын нэр дээр байдаг. Учирсан хохирлоо нэхэмжлэнэ...гэх мэдүүлэг

Гэрч Ч.Байгалмаагийн мэдүүлэг /хх-22-23/
“ ...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ байж 20 цагийн үед манай охин Болор-Эрдэнэ машинтайгаа манайд ирээд бид хоёр дэлгүүрээс ойр зуур юм авахаар очсон. Дэлгүүрт ороход тэнд манай Баянхутаг сумын харъяат Г.Баттулга байсан. Намайг хараад “пиво авч өг” гэсэн. Би түүнийг согтуу байсан болохоор загнаад халгаагаагүй. Бид хоёрыг гарахад Баттулга дэлгүүрийн гадаа манай охины машины хажууд зогсож байсан. Тэгээд охин бид хоёр машиндаа суугаад хөдлөх гэж байтал охин гэнэт “толь хугалчихсан байна” гэж хэлсэн. Харахад машины буруу талын толийг арагш нь хуга дарчихсан, мөн арынх нь шил арчигчийг голоор нь хугалсан байсан. Тэр үед Баттулга хар дээлтэй, булган малгайтай, шар өнгийн бүстэй байсан.... гэх мэдүүлэг

Г.Баттулгыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-33-37/
“...2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед Мөнхбатын дэлгүүр рүү ороход манай нутгийн Байгаль гэдэг авгай охинтойгоо явж байсан. Таньдаг болохоор ганц пиво аваад өгчих болов уу гэж бодоод хэлсэн чинь загнаад авч өгөөгүй. Дэлгүүрээс гарсан чинь дэлгүүрийн гадна зогсоол дээр охиных нь машин байж байсан. Тэгээд машины хажуугаар гарахдаа буруу талын урд талынх нь толийг тохойгоороо урагш нь мулт дараад буцаагаад эвэнд оруулаад орхисон, мөн арынх нь шил арчигчийг гараараа дарж хугалсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Баттулгын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн М.Болор-Эрдэнийн жолоодож явсан автомашины толь, хойд талын шил арчигчийг гэмтээж 290.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас М.Болор-Эрдэнийн автомашины толь, шил арчигч гэмтэж 290.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч хохиролоо бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан оногдвол зохих хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Гомбын Баттулгыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг 01 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Баттулгад оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
 
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баттулгад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ГАНЗОРИГ