Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 126/ШШ2022/0013

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Хотгойд Д.А /РУ87041115/-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргалыг оролцуулан хийгээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Д.Аг эцэг нь мэтээр бүртгэсэн регистрийн РЮ08261108 дугаартай Мгийн 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн төрсний бүртгэлийн 0435 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”

2.Хэргийн нөхцөл байдал:

Д.А нь өөрийнх нь нэрээр овоглосон М гэдэг хүүхдийн бүртгэл байгааг 2020 онд олж мэдсэн.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/306 тоот албан бичгээр А овогтой Мгийн төрсний бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгчээ.

 4.Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нэхэмжлэлийн шаардлага: Д.А миний нэр дээр 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн М гэдэг хүүхдийг 0435 дугаар бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох.

Миний бие Д.А нь 2008 онд анх удаа гэрлэлтээ батлуулах гэсэн боловч С.Э гэдэг хүнтэй 2007 онд гэрлэлт батлуулсан гэж гарч ирсэн. Би энэ хүнийг огт танихгүй, мэдэхгүй. Тэр үед би Дархан-Уул аймагт сурдаг байсан. Ингээд гэрлэлтээ батлуулж чадалгүй буцсан. Миний төрсөн эгч энэ асуудлыг сураглан хөөцөлдөж 2014 онд гэрлэлтийг захиргааны журмаар хүчингүй болгосон гэсэн. Ингээд би өөрийн эхнэртэй гэрлэлтээ батлуулсан. Энэ асуудал дууссан гэж бодож байтал 2020 онд хүүхдийн лавлагаагаар миний нэр дээр овоглосон М гэх хүүхэд бүртгэлтэй байна гэж мэдсэн. Энэ асуудлыг асууж тодруулсан чинь С.Э гэгчийн хүүхэд болж таарсан. Улсын бүртгэлээр асууж тодруулсан боловч шүүхээр шийдүүлэх шаардлагатай гэсэн учир ийнхүү хүсэлт гаргаж байгаа болно.

Иймд Д.А миний нэр дээр бүртгэлтэй М гэдэг хүүхдийг 0435 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийг хууль бусаар бүртгэсэн хүүхдийг өөрийн бүртгэлээс хасуулж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа “Данаа овогтой А /РУ87041115/ С овогтой Э /ЖЮ83030622/ нар нь 2007 оны 03 дугаар сарын 20-нд гэрлээд 2007 оны 04 дүгээр сарын 16-нд гэрлэлтээ бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийн 150 дугаарт бүртгэлтэй байх бөгөөд эхнэр, нөхрийн гарын үсэг зурсан байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл.

7.1.1-д заасан тус тусдаа гаргасан өргөдөл,

7.1.2-д гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэхний хуулбар,

7.1.3-д Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэлт бүртгэлгүй лавлагаа байна. Гэрлэсний бүртгэлд шаардагдах бүх нотлох баримт бичгүүдийг хуулбарлан хавсаргасан болно.

А овогтой М /РЮ08261108/-ийн төрсний бүртгэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байна. Тус хэлтсийн иргэний баримтын архивт төрсний бүртгэлийн эх нотлох баримт бичиг байхгүй болно. Төрсний бүртгэлийг хөтлөхдөө иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.1-д эцэг эхийн иргэний үнэмлэх,

6.1.2.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа

6.1.3.эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ зэрэг дээрх нотлох баримт бичгийг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас тус хэлтсийн иргэний баримтын архивт хүлээлгэж өгөөгүй болно” гэжээ.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Э шүүхэд гаргасан тайлбартаа “Тангууд овогт Сгийн Э нь миний охин А.М нь Д.А гэдэг хүний хүүхэд биш. Би өөрөө тухайн үед хийсвэр хагалгаагаар төрсөн байсан. Тэгээд эгчийг явуулсан чинь энэ хүний нэр дээр гэрчилгээ авсан байсан. Д.А гэх хүний хүүхэд биш ээ. Тийм болохоор охин болох Мг ээжийн нэр дээр авмаар байна. Иймд Д.Ан нэр дээр бүртгэгдсэн 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөрийн улсын бүртгэлийн 0435 дугаар улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

7.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Д.Аг эцэг нь мэтээр бүртгэсэн регистрийн РЮ08261108 дугаартай Мгийн 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн төрсний бүртгэлийн 0435 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгч Д.А, гуравдагч этгээд С.Э нар бие биенээ танихгүй болох нь хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

9.Түүнчлэн 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн А овогтой М нь Д.Ан хүүхэд биш болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

            10.Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.2-т “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ:

12.2.1.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт;

12.2.2.эцэг, эхийн иргэний үнэмлэх;

12.2.3.эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ” гэж заасныг зөрчиж А.Мгийн төрсний бүртгэлийн эх баримт болох эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа, эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд улсын бүртгэлд авагдаагүй болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

11.Иймд 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эх Сгийн Эээс төрсөн охин Мгийн төрсний бүртгэлийг бүртгэхдээ нэхэмжлэгч Д.Аг эцгээр нь бүртгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: ... 9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасанчлан илт хууль бус байна.

12.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: ...4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасны дагуу 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эх Сгийн Эээс төрсөн охин Мгийн төрсний бүртгэлийг нотлох баримтад үндэслэн хуульд заасны дагуу үнэн зөв бүртгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

13.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг дурдъя.

14.Хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан Хотгойд Д.Ан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Д.Аг эцэг нь мэтээр бүртгэсэн регистрийн РЮ08261108 дугаартай Мгийн 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн төрсний бүртгэлийн 0435 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эх Сгийн Эээс төрсөн охин Мгийн төрсний бүртгэлийг бүртгэхдээ нэхэмжлэгч Д.Аг эцгээр нь бүртгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлийн 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0435 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эх Сгийн Эээс төрсөн охин М /регистрийн дугаар РЮ08261108/-гийн төрсний бүртгэлийг нотлох баримтад үндэслэн хуульд заасан журмын дагуу үнэн зөв бүртгэхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ