| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0022/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/25 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд
Шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 2224000500069 дугаартай 3 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........................ өдөр ..............аймгийн ................... суманд төрсөн, халх, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ..............аймгийн ...............сумын ...............багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .................. овогт ...................................../РД: ОЕ85082416/
Шүүгдэгч ......................нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тэс сумын үндэсний баяр наадмын шүдлэн насны морины уралдаанд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS: 6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойсон хүрэн зүсмийн морийг төрсөн хүүхэд Х.М.г хурдан морь унуулж уралдуулсны улмаас унаж явсан хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь ясны шугаман хугарал, аман хүзүүний мултрал, нугас дарагдал гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Х. нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр .........аймгийн .......сумын үндэсний баяр наадмын шүдлэн насны морины уралдаанд өөрийн уяж сойсон хүрэн зүсмийн хурдан морийг төрсөн хүүхэд Х.М.р унуулж уралдуулахдаа хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй уралдуулж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS: 6264-2018 стандарт”-ыг хангаагүйн улмаас Х.М нь мориноосоо унаж, чирэгдэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь ясны шугаман хугарал, аман хүзүүний мултрал, нугас дарагдал, уг гэмтлийн улмаас нас барсан болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 16-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-21-р хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаас намайг уг хэрэгт амь хохирогч Х.М.н хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох албан тоот ирүүлсэн байсан. Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...............аймгийн .............сумын .............багийн ............... гэх газарт ............аймгийн ................сумын ...............багаас ирж хурдан морь унаж оролцож байсан Х овогтой М /7настай, эрэгтэй/ шүдлэн насны гараанаас гарч яваад мориноос чирэгдэж нас барсан гэж мэдсэн. Надад уг хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 79-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч З.Л.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр Х нь ............аймгийн ............суманд байрлах хөдөө гэрээсээ 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр талийгаач том хүү болох Х.М.н хамт 11 цагийн үед гарч явсан. Тухайн өдөр манай нөхөр болон талийгаач хүү Х.М нь 6 насны морины хамтаар ...........аймгийн ...........сум руу хөдөлсөн. Тэгээд хоёр хоногийн дараагаар буюу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09-10 цагийн хооронд манай нөхөр Х нь .................дугаар руу өөр хүний дугаараас залгаад том хүү болох Х.М.г мориноос унасан талаар утсаар ярьсан. Тэгээд би утсаар ярьж дууссаныхаа дараагаар замын унаанд суугаад ......... аймгийн .............суманд ирсэн. .............аймгийн .............суманд ирэхэд манай нөхөр Х нь М.н нас барсан талаар надад өөрөө хэлсэн...Талийгаач хүүхдийнхээ оршуулгын зардлыг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76-р хуудас/,
-Гэрч Д.Э.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүдлэн насны морийг гараанаас гаргачхаад эмнэлгийн машинтай дагаад явж байтал урьд явсан хоёр морь эргэлдэж байгааг хартал нэг мориноос нь хүүхэд нь чирэгдчихсэн байсан, намайг очих үед мориноос хүүхдийг салгасан хүүхэд хэн гэдэг нь танигдахгүй, нүүр нь шороо болчихсон, хамар амнаас нь цус гарсан, ухаангүй байдалтай байсан. Тухайн хүүхдийн өмсөж явсан хамгаалалтын хувцсыг нь тайлаад 09 цаг 50 минутад үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал маш их хүнд, глазго үнэлгээ 3, ам хамраас цус урсаж гарсан, нүүр нэлэнхийдээ зулгарсан шархтай, шороогоор бохирлогдсон, зүс танигдахгүй, нүүр уруул хавагнасан, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, уруул амны дотор тал зулгарч хөхөрч хавдсан, доод эрүүний 2 хажуугийн үүдэн шүд унасан гэхдээ шинэ хуучин нь мэдэгдэхгүй, буйл урагдсан, эрүүний доод хэсэгт ойролцоогоор 0,7х0,8 см урттай, 1см гүнтэй хатгагдсан шарх үүсэж, шархнаас цус гарсан, зүүн ташаанд арьс зулгарч хөхөрсөн, үе мөч болон бусад хэсэгт шарх шалбархайгүй, яс хугарсан шинжгүй байсан. Хүүхэд ноосон өмд, цамц өрөөсөн хөлдөө урт түрийтэй бакалан гуталтай, хамгаалалтын хувцастай, түүний унаж чирэгдсэн газрын орчимд хамгаалалтын малгай харагдахгүй байсан. Түүний духны хэсгийн шарх нь памбалзаж зөөлөрсөн, амьсгал тасалдсан, хоржигнож дуугарсан, амьсгал сонсогдохгүй, зүрхний авиа сонсогдохгүй, захын судсанд пульс ганц нэг сул тэмтрэгдэнэ, хэвлийн зөөлөн өмд норсон, өтгөн шингэн гарсан байсан. Түүнд яаралтай өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж эмнэлэгт тээвэрлэн авчирч зүрх судас, дэмжих, амилуулах суурь тусламж үзүүлсэн боловч үр дүн өгөлгүй 10 цаг 10 минутад амьсгал, зүрх судас зогссон. Шүдлэн насны морьд гараанаас гарах үед ямар ч хүүхэд мориноос уналгүй гарсан, газар хуурайшилт ихтэй, маш их тоос босож байсан учраас хойноос нь хүүхэд мориноос унах, чирэгдэх зүйл ажиглагдаагүй. Харин морьд цувраад тоос багасах үед урд явж байсан хоёр машин зогсчихсон байхыг харахад л хүүхэд мориноос чирэгдсэн байдалтай байсан... Хүүхдүүдийг хамгаалалтын хувцсаа бүрэн өмссөн эсэхийг шалгаагүй, морьдыг бүртгэж шүдлэн үед морины комиссынхон хувцас хэрэгслийг нь давхар шалгадаг болохоор эмнэлгийн байгууллага хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн гүйцэт өмссөн эсэхийг шалгах үүрэг хүлээдэггүй, харин унаач хүүхэд мориноос унаж гэмтсэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Морьд гараанаас гарах үед хамгаалалтын малгайгүй хүүхдүүд харагдаад л байсан. Хамгаалалтын хувцсаа өмссөн эсэхийг тухайн үед анзаарч хараагүй... Манай сум ойрд хүүхдийн ханиад ихтэй, ачаалал ихтэй байсан учраас Ө.Ц эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болон амбулаториор ирж үзүүлж буй хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ажилтай байсан учраас баярын хоёр өдөр би эмнэлгийн машинтай морь дагасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч Л.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 05-ны орой ...............аймгийн ..............сумаас .............аймгийн ..............сумын баярт уралдааны морь унаж уралдуулахаар Н ах, Х ах нарын хамт хоёр машинтай ирсэн. Ирээд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр М бид хоёр даага унаж хамт уралдсан, маргааш өглөө нь бид хоёр шүдлэн насны морьд унаж гараанаас хамт гарсан, гараанаас гараад М миний урд морьтойгоо явж байтал буруу талынх нь дөрөө нь мултраад морь нь бүдрэнгүүт урагшаа даваад унасан, гэтэл зүүн талынх нь дөрөөнөөс хөл нь мултрахгүй чирэгдчихсэн. Хойноос нь харахад М мориноосоо салахгүй, мориндоо гишгэгдээд, газарт чирэгдээд байсан тэгэхээр нь би хойноос нь хөөж очоод мориных нь жолооноос барьж аваад зогсоох гэсэн боловч чадаагүй, тэгсэн хойноос чиглүүлэгч машин ирж зогсоод хүмүүс гүйж ирээд Мн унаж явсан морийг барьж аваад Мг мориноос салгаж авах гэсэн боловч дөрөөнөөс хөл нь мултрахгүй лав орчихсон татаж байгаад гутлаас нь хөлийг нь сугалж авсан. Тэгэхээр нь би цааш уралдаанаа үргэлжлүүлээд морьдын хойноос нь давхисан... Х.М хүрэн зүсмийн, дэлтэй шүдлэн насны морь унаж байсан юм. Би тамгыг нь сайн мэдэхгүй байна. М хамгаалах малгай өмсөөгүй байсан бөгөөд бусад хамгаалах хэрэгсэл болох цээживч, өвдгөвч, тохойвч зэргийг өмссөн байсан... Зарим нэг хүүхдүүд хамгаалалтын хувцсыг өмсөөгүй, зарим хүүхдүүд дутуу өмссөн байсан. М 6 гэсэн дугаартай оролцож байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 102-104 дүгээр хуудас/,
-Гэрч З.Ч.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 08 цагт шүдлэн насны морьдыг шүдлэгээний хашаан дээр шүдлээд 09 цаг өнгөрч байхад шүдлэн насны морьдыг гараанаас гаргасан, гараанаас гарахдаа морьд маш эмх цэгцтэй гарсан, гараанаас морь гарахад хүүхэд унаагүй. Морьд гараанаас гараад хойноос нь ойролцоогоор 2 км орчим явж байтал хойно сууж байсан Ц хүүхэд уначихсан чирэгдэж байх шиг байна гээд хэлэхээр нь жолоочийг эргээдэх гээд машиныг эргүүлэхэд нэг хүүхэд мориноосоо уначихсан чирэгдэж байсан. Тэгэхээр нь бид машинаа зогсоогоод бүгд машинаас буухад моринд чирэгдэж явсан хүүхдийн морийг нэг хээр морьтой хүүхэд жолооноос нь бариад авсан. Тэгэхээр нь би очоод хүүхдийг дөрөөнөөс нь салгах гэсэн гутал нь салахгүйгээр гацчихсан байсан. Тэгэхээр нь гутлыг нь сугалж салгаад өргөсөн чинь амнаас нь цусархаг хөөс гараад амьсгалж байсан. Тэгээд байж байтал эмнэлгийн машин ирээд тухайн хүүхдэд Э эмч тариа хийгээд эмнэлгийн машинд суулгаад бид нар хүүхдийг эмнэлэг дээр авчирсан. Бид нар эмнэлэг дээр авчирчхаад буцаад явж байх л хүүхэд нас барчихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р хуудас/,
-Гэрч Ц.Ц.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 8 цагт шүдлэн насны морьдыг шүдлэгээний хашаан дээр шүдлээд 09 цаг өнгөрч байхад гараа руу тууж хөдөлсөн юм. Шүдлэн насны морийг гараанаас гарахад ойролцоогоор 2 км орчим явсны дараагаар нарийн үзүүрийн орчимд явж байхад мориноос хүүхэд чирэгдсэн явж байгаа харагдсан. Тэгэхээр нь жолоочоо урдуур нь ороорой гээд эргүүлтэл моринд чирэгдэж явсан хүүхдийн морийг нэг хээр морьтой хүүхэд жолооноос нь барьчихсан ирсэн.Тэгээд Ч. бид хоёр машинаас буугаад нөгөө хүүхэд чирэгдэж явсан морийг барьж авсан. Тухайн хүүхэд хайлшин дөрөөтэй, хурдан морины эмээлтэй байсан. Тэр хүүхэд зүүн талын хөлөөрөө дөрөөндөө чирэгдчихсэн байсныг бид салгаж авахад хүүхэд амьсгаатай байсан. Тэгээд байж байтал хойноос эмнэлгийн машин ирээд тухайн хүүхдэд Э эмч тариа хийгээд эмнэлгийн машинд суугаад хүүхдийг эмнэлэг дээр авчирсан. Тэгээд хүүхэд моринд чирэгдсэн талаар Д руу залгаж хэлсэн... Би морь шүдэлгээн дээр ажиллаж, морьдыг гараанаас гаргадаг юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 115-116 дугаар хуудас/,
-Гэрч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..............аймгийн ..............суманд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд баяр наадмын үйл ажиллагаа явагдсан. Тухайн үед би баяр наадмын нийгмийн хэв журам хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 20222 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10-11 цагийн хооронд шүдлэн насны морины уралдаан явагдаж байх үед гараанаас морьд гараад явж байх үедээ мориноосоо нэг хүүхэд унасан, сумын эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэсэн. Тэр үед би сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэсний дагуу эмнэлэгт ирэх үед тухайн хүүхэд нас барсан байсан. Тэгээд би 80251102 дугаар руу дуудлага мэдээлэл өгсөн... Баяр наадмын үеэр шүдлэн насны морины уралдааны бүртгэлийг хэн бүртгэсэн талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би морины уралдааны хэв сахиулах, хөдөлгөөн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан. тухайн үед морины салбар хорооны дараг Д, Ц, би, Ч нар хоорондоо ярилцсан. Тэр үед би нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ гэж хэлсэн. Тэгээд би Дн өрөөнөөс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-121 дүгээр хуудас/,
-Гэрч Б.М.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ...............аймгийн ............суманд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн үед шүдлэн насны морь гараа руугаа баярын талбайгаас явж байсан. Тэр үед би комиссын дарга Д гэх хүнтэй цуг морь уралдуулах талбай руу машинтай нь очсон. Тэгээд тухайн шүдлэн насны морины гарааны хэсэгт олс татаж шүдлэн насны морины уралдааны моринуудыг гараанаас гаргасан. Тухайн үед шүдлэн насны морьд гараанаас гарах үед ямар нэгэн асуудал гараагүй. Тэгээд бид буцаж эргээд овооны хажууд морь дагаж байгаа мотоциклтой хүмүүс явж байхаар нь тухайн хүмүүсийг морины талбай руу оруулахгүй байх арга хэмжээ авч буцааж явуулсан. Тэгээд морь барианы газар руу хамт Д гэх хүнтэй цуг баярын талбай руу ирсэн. Баярын талбай дээр ирээд удаа ч үгүй байж байтал Д гэх хүний утсаар Ц гэх хүн залгаад шүдлэн насны морины уралдааны явцад хүүхэд мориноос унаж, тухайн хүүхдийг эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийн дагуу ................аймгийн ....................сумын уяачдын гал дээр очсон юм. Тэр үед Б гэх нэртэй хүүхэд нь тухайн үед би мориноос унасан хүүхдийн морийг барьсан гэж хэлсэн. Тэгээд би барианд орсон 10 морины жагсаалтын бүртгэлийг Д.О болон би хамт бүртгэсэн юм... Морин уралдааны явц эхлэх үед шүдлэгээний үед морь унах хүүхдийн нэр, уяачийн нэр, номер, дугаар, хүүхдийн нас, хамгаалалтын хувцас, даатгалын талаар асууж бүртгэл хийж байсан. Тухайн шүдлэн насны морины уралдааны үед бүртгэлийг хэн бүртгэсэн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 137-р хуудас/,
-Гэрч Д.Н.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09-10 цагийн үед ............аймгийн ............сумын ...............багт баяр наадмын шүдлэн насны хурдан морьд гараанаас гарсан. Гараанаас гарахаас өмнө нь эмч Эн хамт шүдлэн насны морьдын уралдааны хүүхдийг үзлэгт хамруулсан. Тэгээд шүдлэн насны морьдын араас нь эмнэлгийн машинтай дагасан. Дагаж явж байх үед тус сумын Зүр багийн нутаг Голын хөндлөн гэх газарт мориноос хүүхэд унасан байсан. Тэгээд тухай газарт эмчийн хамт очсон. Тухайн мориноос унасан хүүхэд дээр очих үед нүүр амнаас цус гарсан байдалтай, нүүр нь битүү хавдартай байсан, эмч Э тариа хийгээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд тус сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Тэр үед би эмч Э.н зааварчилгааны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн... Мориноос унасан гэх хүүхдэд 20-30 минутад анхан шатны эмчилгээ хийгдэж байгаад нас барсан... Намайг мориноос унасан хүүхдийн хажууд очих үед Ч, Ц, талийгаач хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Энэ хэд дээр би болон эмч Э нар нэмэгдэж очсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-141-р хуудас/,
-Гэрч Ө.Ц.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Баяр наадмын өмнөх өдөр нь буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эмч нарын сонсгол болох үеэр намайг сумын баяр наадмын үеэр морины салбар комиссын гишүүнд орсон байна гэж Э дарга хэлсэн. Маргааш өглөө нь баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа эхлэх үеэр нээлтэд нь оролцоод сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажилласан. Тухайн сумын баяр наадмын 2 хоногийн хугацаанд би ............аймгийн ...........сумын эрүүл мэндийн төвд бага насны 2 хүнд хүүхэд байсан учраас хүүхдүүдийн хяналтын эмчээр ажилласан. Ийм ажилтай байсан учраас баяр наадмын үеэр морины салбар хороон ажлаа хийгээгүй. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09-10 цагийн хооронд Э эмч болон багийн эмч Н.н хамт мориноос унасан хүүхдийг сумын төвийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машинаар хүргэж ирсэн. Тухайн мориноос унасан гэх хүүхэд сумын эмнэлэгт ирээд сэхээн амьдруулах эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнгүй байсан учраас хүүхэд эмнэлэгт нас барсан юм..” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 176-177-р хуудас/,
-Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 000000041 дугаартай “...Х.М нь гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь ясны шугаман хугарал, аман хүзүүний мултрал, нугас дарагдал гэмтлийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт..." /1-р хх-ийн 188-193-р хуудас/,
-Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05-078/09 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 246-250-р хуудас/,
-Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 29-30-р хуудас/,
-Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 33-р хуудас/,
-Шүүгдэгч П.Х.н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг
нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч П.Х нь “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS: 6264-2018 стандарт”-ыг хангаагүйгээс хүний амь нас хохироосон үйлдлээрээ хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна. Мөн тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хүний амь нас хохирох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээрээ хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.
Түүнчлэн шүүгдэгч П.Хн “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2018 стандарт”-д заасан шаардлагын дагуу хурдан морийг нь унаж уралдуулсан насанд хүрээгүй Х.М.г хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаагүй эс үйлдэхүй нь насанд хүрээгүй Х.М нь мориноос унахдаа биедээ гэмтэл авч амь нас нь хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.
Иймээс П.Х.н дээрх үйлдлийг .................................... Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна. Мөн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ба хохирогч тал хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, уг хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч П.Х..............г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Х.д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй юм.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан.
Шүүх дээрх байдлуудаас гадна шүүгдэгч П.Х.н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тэнссэн хугацаанд “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2018 стандарт”-ыг судалж мэдэх үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар дээрх хугацаанд хурдан морь уралдуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Х.н үйлдсэн гэмт хэрэг нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй ч шалтгаан нь шүүгдэгч хурдан морины уралдааны дүрэм болон унаач хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах үүрэг, энэ талаар тогтоосон стандарт дүрэм журмыг мэддэггүйгээс үүдэлтэй байна.
Прокурор нь шүүгдэгчтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцсон байх боловч энэ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалтай хамааралгүй байх ба шүүгдэгч нь “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2018 стандарт”-ыг судалж мэдэхгүйгээр хурдан морь уралдуулснаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх шүүгдэгчийг мэдэхгүй зүйлээ мэдэх үүргийг хүлээлгэж, бүрэн мэдэж таних хүртлээ хурдан морь уралдуулах хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Учир нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх явдал юм.
Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд хуульчилсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөл ба тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох албадлагын арга хэмжээ нь ч мөн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд хуульчилсан албадлагын арга хэмжээний төрөл юм.
Иймээс шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс нэг албадлагын арга хэмжээг, нөгөө албадлагын арга хэмжээгээр солих нь прокурор, шүүгдэгчийн тохиролцсон албадлагын арга хэмжээний хүрээнд байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч П.Х.н үйлдсэн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.М.н амь нас хохирсон бөгөөд амь хохирогч нь шүүгдэгчийн төрсөн хүү ба хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээдүүдээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.
Харин шинжээч Ш.Х.с шинжээчийн ажлын хөлс, зардалд 1,260,000 төгрөг гарсан талаарх баримт, нэхэмжлэх ирүүлснийг шүүгдэгч төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчээс гаргуулан шинжээчид олгох нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгө буюу улаан зүсмийн, тамгагүй, хоёр чих ухам цуулбар имтэй, 1 тооны шүдлэн үхрийг битүүмжилсэн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, ногоон өнгийн гадартай хар өнгийн дотортой цээживч 1 ширхэг, ногоон өнгийг гадартай хар өнгийн дотортой өвдгөвч 2 ширхэг, ногоон өнгийн гадартай хар өнгийн дотортой тохойвч 2 ширхэг, ..................хурд 2022 он гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хантааз 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт П.Х.г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х.д хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х.г тэнссэн хугацаанд “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2018 стандарт”-ыг судалж мэдэх үүрэг хүлээлгэж, дээрх хугацаанд хурдан морь уралдуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүгдэгч П.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч П.Х нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй болохыг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х.с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1,260,000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан шинжээч Ш.Хд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн ....................... Прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, ногоон өнгийн гадартай хар өнгийн дотортой цээживч 1 ширхэг, ногоон өнгийг гадартай хар өнгийн дотортой өвдгөвч 2 ширхэг, ногоон өнгийн гадартай хар өнгийн дотортой тохойвч 2 ширхэг, ...............хурд 2022 он гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хантааз 1 ширхгийг тус тус устгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Х............д анхааруулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ...........................давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН