Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/00680

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/00680

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, С.Шаравын гудамж, 43 дугаар байр, 31 тоот хаягт оршин суух, Шуунхтайхан овогт Чулуунбатын Пүрвээ /РД:ЧИ85080877/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, С.Шаравын гудамж, 43 дугаар байр, 31 тоот хаягт оршин суух, Галай овогт Батжаргалын Баярцэцэг /РД:ЛЮ84052608/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран, 9 дүгээр гудамж, 48 тоот хаягт байрлах, Арвин Алтай ХХК /РД:2634597/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, 361.100 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2020 оны 10 сарын 15-ны өдөр Арвин алтай ХХК-ийн тавилгыг сонирхож залгасан. 1 цагийн дотор хэмжээ авна гээд хүрээд ирсэн. Урьдчилгаа 350.000 төгрөгийг Ч.Пүрвээгийн Голомт банкны данснаас хариуцагч компанийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тавилга 7-10 хоногийн хугацаанд гарна гэж хэлсэн. 10 сарын 21-ний өдөр тавилга ямар шатандаа байгааг мэдэх гэж залгасан. Тэгэхэд би өөр газар байна, үйлдвэр рүү залгаад буцаагаад залгана гэсэн боловч холбоо бариагүй. Маргааш нь залгахад тавилга одоохондоо хийж эхлээгүй байгаа. 10 сарын 24-ний өдөртөө багтаагаад өгнө гэж хэлсэн. 10 сарын 24-ний өдөр хүлээсэн боловч ирээгүй. 10 сарын 31-ний өдөр хариуцагч компани руу урьдчилгаанд өгсөн мөнгөө авья, танайх найдваргүй, хариуцлагагүй газар байна гэж мессеж бичсэн. Ганц удаа хариу бичихдээ Уучлаарай, маргааш хүргээд өгнө гэж мессеж бичсэн байсан. Маргааш нь ямар ч хариу байхгүй алга болсон. 11 сарын 04-ний өдөр мөнгөө авья гээд байхад тавилгыг хийчихсэн гэж залгасан байсан. Манай нөхөр хөдөө ажилтай байна, эхнэртэйгээ ярьчихаад хэлье гэсэн. Арвин алтай ХХК-аас нэг ч удаа залгаад, тайлбарлаж байгаагүй. Сүүлдээ 12 сар өнгөрсөн учир шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Одоо урьдчилгаанд өгсөн 350.000 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, хэвлэлийн үнэ 1.600 төгрөг, оршин суугаа газрын лавлагаа 1.000 төгрөг, 1.800 төгрөгийн нэгж авсан. Нийт 361.100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Арвин алтай ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 15-нд Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 43-31 тоот хаягтай, 88160895 дугаартай захиалагч 550.000 төгрөгийн үнэ бүхий өлгүүр захиалж, урьдчилгаа 350.000 төгрөг өгсөн. Тавилгыг хүргэхээр нөхөр болох 88781964 дугаар луу залгасан боловч хөдөө явж байна ирээд авъя гэсэн. 11 сарын 14-нд нөхөр нь өөрөө залгаад хорио тавигдахаар тавилгаа авъя гэж ярьсан. Бид хорио сулрангуут тавилгыг хүргэж, угсрая гэж ярьтал эхнэр нь авахгүй, нэг бол үлдэгдэл 200.000 төгрөгийг өгөхгүй гэсэн. Бид тавилгыг хийгээд бэлэн болгосон учир мөнгийг буцааж өгөх боломжгүй, тавилгыг айлдаа хүргэж угсрах саналтай байна гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

          

  ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ч.Пүрвээ, Б.Баярцэцэг нь хариуцагч Арвин Алтай ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 361.100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн тул хүлээлгэж өгөх тайлбар гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нарын орон сууцны үүдний хэсэгт өлгүүртэй шкафыг 550.000 төгрөгөөр хийхээр тохиролцож, хэмжилт хийж, урьдчилгаанд энэ өдөр 350.000 төгрөгийг хүлээн авсан байна.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь өөрийн материалаар шкаф хийж, нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс маргаан үүсчээ.

Хэдийгээр ажлын үр дүнг хэзээ хүлээлгэж өгөхийг тодорхойлсон бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч нэхэмжлэгчийн 7-10 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон гэсэн тайлбарыг үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн утасны зурваст хийсэн үзлэгээр хариуцагч талд нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч тус хугацаанд ч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлт хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж тогтоож өгсөн боловч тавилгыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй, нэхэмжлэгч талаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцааж авахаар мэдэгдсэн байна.

Хэдийгээр хариуцагч тавилгыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэх боловч нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу татгалзсан байх тул ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөр болох 350.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нар нь 11.100 төгрөгийг шаардсан боловч нотариатаар итгэмжлэл гэрчлүүлсэн, лавлагаа, бичиг хэрэг, утасны төлбөр гэх зардал нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан зардал байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 350.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.100 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Арвин Алтай  ХХК-иас 350.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Пүрвээ, Б.Баярцэцэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.100 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Арвин Алтай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 



 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ