Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00047

 

"Ш” ХХК, Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2022/00475 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 204/МА2023/00001 дүгээр магадлалтай,

“Ш” ХХК, Б нарын нэхэмжлэлтэй

Эд холбогдох

6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагч Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК Б нараас хариуцагч Эд холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2022/00475 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Эгээс 6,500,000 төгрөгийг гаргуулан “Ш” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 118,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 204/МА2023/00001 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2022/00475 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Ш” ХХК, Б нарын нэхэмжлэлтэй Эгээс “6,500,000 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 169.1-т “Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэх хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны нэгэн адил баримтална” гэж зохицуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул энэ хуулийн 117.1 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Ш” ХХК Б нарын нэхэмжлэлтэй Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Н, Б нар нь маргааны үндэслэл шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. 2016 оны 08 сараас түрээсээ өг гэхээр нь өөрийн нөхөр Бд түрээсийн 6,500,000 төгрөг Эд өгөөрэй гэж хэлсний дагуу нөхөр Б маань компанийн нярав П түрээсийн мөнгийг Эд өгөөрэй гэж даалгасан байсан тухайн үед П нь Эд түрээсийн мөнгийг бэлнээр өгөх гэхэд Э хөдөө нэмэргүй миний данс руу хийчих гэж хэлсний дагуу нярав хот руу ажлын шугамаар явах үедээ буюу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын Хаан банкны салбарт очиж Эгийн эзэмшлийн Хаан банкны ... гэсэн тоот данс руу манай нөхөр Бы нэрээр 6,500,000 төгрөгийг бэлнээр хийсэн байдаг. Э нь би энэ мөнгийг хүлээж аваагүй гэж худал хэлж манай компаниас 8,400,000 төгрөг гаргуулахаар 2017 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2020 оны 12 сард Улсын шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Манай компанийн хувьд Эгийн Хаан банкны данс руу 6,500,000 төгрөг хийсэн дансны хуулгын баримтыг тухайн үед анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас Эгийн нэхэмжилж байсан үнийн дүнгээс 6,500,000 төгрөгийг хасуулж чадалгүй хэргийг шийдвэрлүүлсэн. Ингээд шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар 8,400,000 төгрөгийг төлж барагдуулж тооцоо дууссан. 2016.08.15-ны өдөр Эгийн Хаан банкны ... тоот дансанд “Б-с түрээс ...” гэх гүйлгээний утгатайгаар 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Э уг мөнгийг 7 сарын түрээс гэж маргасан боловч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэх шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх гэж заасны дагуу Э нь энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотолж чадаагүй тул Эгээс Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-т зааснаар 6,500,000 төгрөгийг гаргуулан “Ш” ХХК-д олгосон байдаг.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. Нэхэмжлэгч нь 3 жилийн хугацаанд шүүхээр шийдвэрлүүлж байна. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг ба Эгийн дансанд нэхэмжилж буй 6,500,000 төгрөг шилжин орсон. Энэ талаар маргадаг ч нотолж чадаагүй. Мөн хуулийн 75-р зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх ба 2018.09.13-наас тоологдож эхэлсэн тул нэхэмжлэгч хариуцагчаас буцаан шаардахад хуульд заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.03.09-ний өдрийн 001/ШХТ2023/00266 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч “Ш” ХХК, Б нар хариуцагч Эд холбогдуулан 6,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...хариуцагч Эгийн Норд бенз маркийн өөрөө буулгагч самосвалыг түрээслэн ажиллуулах явцад 2016 оны 08 дугаар сард түрээсийн төлбөрөө шаардахад нөхөр Б компанийн нярав П даалгаж, П нь 2016.08.15-ны өдөр Эгийн Хаан банкны данс руу Бы нэрээр гүйлгээг бэлэн мөнгөөр хийсэн байдаг. Гэвч Э энэ мөнгийг аваагүй гэж худал хэлэн компаниас 8,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба энэ үед  дансны хуулгын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас нэхэмжилж байсан үнийн дүнгээс 6,500,000 төгрөгийг хасуулж чадаагүй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, ...иймд 6,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч Э хариу тайлбартаа: “...“Ш” ХХК 2016 оны 8, 9, 10 сарын түрээсийн төлбөрт нийт 17,300,000 төгрөгийг төлөх ёстойгоор 9,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул шүүхэд хандсанаар шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмнө өгсөн 9,000,000 төгрөгт түүний нэхэмжлэлд дурдсан 6,500,000 төгрөг орж тоологдсон байсан ба шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл бүрэн биелэгдээгүй, 4,176,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, энэ маргаан шийдвэрлэгдсэн...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Б нь 2014.02.13-2018.05.17-ны өдөр хүртэл “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2016.08.15-ны өдөр Эд 6,500,000 төгрөгийг “түрээс” гэх утгатайгаар шилжүүлсэн байна, хариуцагч Э 7 сарын хөлс 6,500,000 төгрөгийг 2016.08.15-нд “Ш” ХХК-аас авсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотолж чадаагүй, ...иймд хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

10. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийг энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө дараах үйл баримт тогтоогджээ.

Үүнд, “Ш” ХХК нь 2016.04.28-ны өдрөөс 2016.10.18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 сар 20 хоног иргэн Эгийн эзэмшлийн өөрөө буулгагч самосвал машиныг сарын 6,500,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслэн ажиллуулсан.  Түрээсийн төлбөрт 28,000,000 төгрөг төлсөнтэй талууд маргаагүй бөгөөд үлдэгдэл 8,800,000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр Э нь “Ш” ХХК, Н нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.24-ний өдрийн 145/ШШ2017/00602 дугаартай шийдвэрээр “Ш” ХХК-иас 8,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, хариуцагч Нд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж шийдвэрлэсэн, Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.20-ны өдрийн 204/МА2017/00005 дугаартай магадлалаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу Нд холбогдох заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн 2018.09.13-ны өдрийн 001/ХТ2018/01150 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхдээ: “...хариуцагч “Ш” ХХК нэхэмжлэгч Эд П-оор дамжуулан 6,500,000 төгрөгийг төлсөн нь тооцоонд ороогүй гэх үндэслэлээ нотлохоор гэрч асуулгасан боловч тухайн гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзээгүй шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, ...харин “Ш” ХХК уг мөнгөө жич нэхэмжлэх эрхтэй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсныг залруулж дүгнэх шаардлагатай...” гэсэн байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр ...байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн ...65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зохицуулжээ.

12. Энэ нэхэмжлэлийн шаардлага болох 6,500,000 төгрөгтэй холбоотой  үйл баримтын талаар зохигч 2017 онд шийдвэрлэгдсэн шүүх хуралдаанаар мэтгэлцсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэгэнт тогтоогдсон үйл баримт гэх үндэслэлээр дахин нотлохгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, 2017.11.24-ний өдрийн 145/ШШ2017/00602 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт гаргаагүй нотлох баримт нь тухайн хэргийг хэлэлцэж, шүүхээр тогтоосон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

13. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн алдааг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, “Ш” ХХК, Б нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

14. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 204/МА2023/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оээс 2023.02.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Г.АЛТАНЧИМЭГ

                                         ШҮҮГЧИД                                            Н.БАЯРМАА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД