| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/ШШ2020/01503 |
| Дугаар | 151/ШШ2021/00179 |
| Огноо | 2021-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2021/00179
2021 02 26 151/ШШ2021/00179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Ч
Хариуцагч: Д.О
23 653 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 4 520 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“О.Ч миний бие иргэн Д.Оыг 2018 оноос эхлэн таних болсон бөгөөд бид 2019 оны 05 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод Хөн-хөхий нэртэй зочид буудал хамтран түрээсэлж ажиллуулж байсан юм. Гэтэл иргэн Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “...би банкинд байгаа зээлээ хаах хэрэгтэй байна, би найдвартай өгнө тус болооч...” гээд байхаар нь би сайхан сэтгэл гаргаж өөрийн үнэт эдлэлийг ломбарданд тавьж, заримыг нь банкнаас авч бүгд 6 530 000 төгрөгийг бэлнээр барьж очоод хариуцагч Д.Оын Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Би тухайн үед энэ хүнд их итгэсэн ба хөдөө олон тооны мал ахуйтай, гайгүй амьдралтай болохоор нь хариуцагчтай бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй, зөвхөн аман хэлцэл хийсэн юм. Шүүхэд хандахын өмнө би Төрийн банкинд очиж уулзан 6 530 000 төгрөгийг бэлнээр барьж очоод хариуцагчийн данс руу шилжүүлсэн баримтаа авъя гэхэд банк “иргэн Д.Оын нууцыг бид хадгадах үүрэгтэй. Та хуулийн байгууллагаас албан бичигтэй бол таньд баримтыг гаргаж өгнө” гэсэн хариу өгсөн. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оын өөрийнх нь нэр дээр байдаг Төрийн банкны дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулан нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах хүсэлтийг гаргаж, энэхүү асуудлыг өөр нэг баримтаар давхар нотлох болно. Үүний өмнө би 2020 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган залилангийн шинжтэй эсэхийг шалгуулахад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №1565 тоот тогтоолоор хариу өгсөн. Уг тогтоолд дурдахдаа “...иргэн О.Чын 6 530 000 төгрөгийг иргэн Д.О авсан тухайгаа хүлээн мэдүүллээ. Дээрх мөнгийг авсан болох нь тогтоогдож байна. Гэвч энэ үйлдэлд эрүүгийг хэрэг үүсгэх залилангийн гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан байх тул хэргийг хаах нь үндэслэлтэй байна...” гэсэн хариу өгсөн юм. Би хариуцагчаас зээлсэн мөнгөө авахаар удаа дараа холбогдоход элдэв арга саам хийн худлаа хэлж, сүүлдээ утсаа авахгүй байсаар өдий хүрсэн юм. Иймд иргэний хариуцагч Д.От 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлүүлсэн бүгд 6 530 000 төгрөгийг гаргуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа:
“Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж буй иргэн О.Чын нэхэмжлэлтэй, Д.От холбогдох 6 530 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг “..нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах... эрхтэй” үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар багасгаж байна. Тодруулбал: Хариуцагч Д.Оын нэр дээр байдаг Төрийн банкны 311900129743 тоот данс руу нэхэмжлэгч О.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 6 530 000 төгрөгийг бус 6 212 000 төгрөгийг бэлнээр барьж очин шилжүүлсэн болохыг нотлох баримтаар хэрэгт хавсарган өгсөн билээ. Нэхэмжлэгч О.Ч нь дээрх гүйлгээг мөнгөө бэлнээр барьж очин хийхдээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Алтанговийн 1 дүгээр давхарт байрлах Төрийн банкны Цайз тооцооны төв-1038 дээр очсон байдаг юм. Хариуцагч талд энэ талаар маргаан байвал бид шүүхэд хүсэлт гарган банкны камерын бичлэгийг архиваас нь шүүлгэн нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах болно. Нэхэмжлэгч тал банкнаас гарч ирсэн хуулга болон бэлэн мөнгөний баримтыг аваад үндэслэл бүхий нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа 318 000 төгрөгөөр багасгаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж буй иргэн О.Чын Д.От холбогдох 6 530 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг “нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, нэхэмжлэгч шүүхэд гаргасан эрхтэй..” үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Тодруулбал: Бидний анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол зөвхөн хариуцагч Д.Оын нэр дээр байдаг Төрийн банкны 311900129743 тоот данс руу нэхэмжлэгч О.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 6 530 000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн хариуцагчийн зээлийг хааж, түр зээлсэн мөнгөө буцаан авахаар нэхэмжлэл гарган шүүхэд хандсан билээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Ч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Алтанговийн 1-р давхарт байрлах Төрийн банкны Цайз тооцооны төв-1038 дээр очин баримтаа шүүлгэн авахад 6 530 000 төгрөгийн бус 6 212 000 төгрөгийг банкин дээр бэлнээр барьж очин шилжүүлсэн нь нотлох баримтуудаар гарч ирсэн тул бидний зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа 318 000 төгрөгөөр багасгасан билээ. Харин одоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С болон хариуцагч Д.О нарын зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар, бусад баримттай нь холбогдуулан нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Тодруулбал: Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь нэр дээр байдаг Хаан банкны 5745079002 тоот данс руу, нэхэмжлэгч О.Ч нь өөрийнхөө нэр дээр байдаг 6745129589 тоот данснаасаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд зарлагын гүйлгээгээр түүнд бүгд 17 441 000 төгрөгийг өгчихсөн байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал хариуцагч талтай яг адилхан Хаан банкны хуулгыг авахдаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цаг хугацаагаар авсан болно.
Хариуцагч талын хариу тайлбарт дурдсанаар хариуцагч Д.Оттонбаатар нь нэхэмжлэгч О.Чд дээрх хугацаанд 9 531 880 төгрөгийг өгсөн гэдгээ бүрэн хүлээн зевшөөрсөн байх ба өөрийнхөө Төрийн банкны дансаар 6 211 000 төгрөгийг авч зээлээ хаалгуулсан талаараа няцаагаагүй байна. Тэгвэл нэхэмжлэгч нь хариуцагч Д.От 17 441 000 төгрөгийг өгсөн нь тогтоогдож байх ба үүний зөрүү нь 7 909 120 төгрөг болж байна. Энэ мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид илүү өгсөн байна. Нэхэмжлэгч тал нь зөвхөн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй зүйлийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа хариуцагчаас нэхэмжлэн гаргуулах гэж буйг аль аль талдаа зөвөөр ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч О.Чын хувьд 4 хүүхэдтэй, өрх толгойлсон, амьдралын төлөө шударга хөдөлмөрлөж яваа эмэгтэй хүн юм. Гэтэл хариуцагч Д.О нь өөрийн дур сонирхлоороо эхнэр, хүүхдээ хаяад түр хугацаанд толгой хорогдон амьдрах явцдаа хүний итгэлийг олж авах замаар нэхэмжлэгчийг бие сэтгэлийн болон санхүүгийн хувьд ихэд хохироон ашигласан байна. Мөн түүнчлэн хариуцагч Д.Оын иргэний болон эрүүгийн хэрэгт нь аль алинд нь өмгөөлөгч нарынх нь төлбөрийг нэхэмжлэгч О.Ч өгч байсан нь дансны хуулгаас нотлогдоно. Иймд нэхэмжлэгч О.Чын зүгээс хариуцагч Д.Оын Хаан банкны 5745079002 тоот данс руу шилжүүлэн зээлдүүлсэн бүгд 17 441 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тодруулбал үндсэн нэхэмжлэлийн шаардлага 6 212 000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 17 441 000 төгрөг, бүгд 23 653. 000 төгрөгийг хариуцагч Д.Оаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч О.Ч 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлага бол 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.От зээлдүүлсэн 6 530 000 төгрөгийг гаргуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Нэхэмжлэлийн утга нь Дамбадаржаагийн Отгонбаатарыг 2018 оноос эхлэн таних болсон ба бид 2019 оны 05 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод “Хан-Хөхий" нэртэй зочид буудал хамтран түрээсэлж ажиллуулж байсан юм. Гэтэл иргэн Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “би банкинд байгаа зээлээ хаах хэрэгтэй байна, удахгүй мөнгийг чинь өгнө, би найдвартай, надад тус болооч...” гээд гуйгаад байхаар нь би сайхан сэтгэл гаргаад өөрийн үнэт эдлэлийг ломбардад тавьж, заримыг нь банкнаас авч, бүгд 6 530 000 төгрөгийг бэлнээр барьж очоод хариуцагч Д.Оын Төрийн банкны данс руу нь тушааж шилжүүлсэн билээ. Үүний өмнө би 2020 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган залилангийн шинжтэй эсэхийг шалгуулахад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1565 тоот тогтоолоор хариу өгсөн. Уг тогтоолд дурдахдаа “иргэн О.Чын 6 530 000 төгрөгийг иргэн Д.О авсан тухайгаа хүлээн мэдүүллээ. Дээрх мөнгийг авсан болох нь тогтоогдож байна. Гэвч энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэх залилангийн гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан байх тул хэргийг хаах нь үндэслэлтэй байна” гэсэн хариу ирсэн. Үүний дараа би дүүргийн Прокурорын даргад гомдол гаргахад 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/615 тоот албан бичгээрээ “хяналтын прокурорын шийдвэр үндэслэлтэй байна” гэх хариуг мөн өгсөн юм. Би хариуцагчаас зээлсэн мөнгөө авахаар удаа дараа холбогдоход элдэв арга саам хэлэн худлаа ярьж, сүүлдээ утсаа авахгүй байсаар өдийг хүрсэн юм. Иймд иргэний хариуцагч Д.От 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлүүлсэн бүгд 6 530 000 төгрөгийг гаргуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 6 530 000 төгрөгийг байсныг 6 212 000 төгрөг болгож үндсэндээ 318 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үүний дараа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа 17 441 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Үндсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 6 212 000 төгрөг, нэмэгдүүлсэн 17 441 000 төгрөг бүгд 23 653 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Чын зүгээс хариуцагч Д.Оаас нэхэмжилж байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хавтас хэрэгт гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа 100 хувь дэмжиж оролцож байгаа.
Хариуцагч талын зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг бол хүлээж авсан. Хариуцагч Д.Оын хувьд насанд хүрсэн иргэний эрх зүйн чадвар чадамжтай хүн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт өгсөн тайлбараас нь үзэхээр ямар нэгэн хөндлөнгийн дарамт шахалт, сүрдүүлэг дор ажилласан юм шиг гайхмаар зүйл ярьдаг. Би одоо мөнгөгүй ажиллаж байсан ч гэж байх шиг өөрийнхөө хүсэлтээр дурандаа хамт амьдарч байсан байлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа 1 000 000 төгрөгийн хувцас ээмэг бөгжийг бэлэглэсэн. Бэлэглэгчийн гомдоосон учир 1 000 000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн кузов засварын газар, граш гээд ялгаагүй зүйл яриад байна. 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл би үнэгүй зарагдан ажилласан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу тухайн үеийн ханшаар үржүүлэхээр 1 600 000 төгрөг, зочид буудал галласан хөлс гээд 1 920 000 төгрөг ингээд бүгд 4 520 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үүнийг нэхэмжлэгч талын зүгээс огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байна уу байхгүй. 359 дүгээр зүйл заасан Хөлсөөр ажиллах гэрээ байна уу байхгүй. Мөн хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байна уу байхгүй. Хавтаст хэрэгт энэ талаар ямар ч гэрээ хэлцэл байдаггүй. Ажилласан талаар зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар л байдаг. Тиймээс энэ ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Баримтаар няцаагдаж байна үүнийг нотлоогүй байна. Мөн дээр нь нэхэмжлэгчид бэлэглэсэн бэлэг гээд байгаа зүйл нэхэмжлэгчид хэзээ хаана бэлэглэснийг хавтас хэрэгт нотлоод хавсаргахгүй яасан юм бэ. Баримтгүй зүйл ярьж байна гэж үзэж байна. Дээрээс нь хавтаст хэрэгт зохигчдын хэн алины дансны хуулгууд, тайлбарууд, прокурорын тогтоол зэрэг баримтууд байдаг. Хариуцагчийн зүгээс бол зөвхөн дансны хуулга л гаргаж өгсөн байгаа. Мөн зохигчдын хэн аль нь хамтран амьдарсан талаараа маргадаггүй. Хэн аль нь мөнгө өгсөн авснаа хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотолж чадахгүй байна. Эсрэгээрээ бол нэхэмжлэгч тал өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж хавтас хэрэгт гаргаж өгсөн. Ийм учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“О.Ч нь анх надтай танилцан амьдарсан. Зочид буудал ажиллуулсан он сараа худлаа бичсэн ба мөн кузов засварын газрыг хамт ажиллуулж түрээсэлж байснаа мөн бичээгүй байна. О.Ч бид хоёр Улаанбаатар хотод 2018 оны 12 дугаар сараас эхлэн бие биетэйгээ холбогдож хоёулаа хотод 07 тоот байрыг түрээслэн суудаг байсан. Энэ нь О.Чын Хаан банкны 5745129589 тоот данснаас байр 07 тоот номер руу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн мөнгө 160 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 7-н тоот 150 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 7 тоот 150 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 7-н тоот 150 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7-н тоот 130 000 төгрөг шилжүүлж байснаар нотлогдоно. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа 2019 оны 03 дугаар сараас эхлэн 1 000 000 төгрөгөөр түрээслэн кузов засварын газар ажиллуулсан. Үүнийг грашийн түрээс гэж бичсэн байна. Энэ бол граш биш кузов засвар ажиллуулсны түрээсийн мөнгө юм. Тодруулбал О.Чын Хаан банкны 5745079002 тоот данснаас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр грашийн түрээс гэж 1 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр түрээс гэж 800 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр граш гэж 800 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг шилжүүлснээр нотлогдоно. Мөн бид хамтран ажиллаж байхдаа 2019 оны 8 дугаар сараас Хан-Хөхий нэртэй зочид буудал 1 500 000 төгрөгөөр түрээслэн ажиллуулж тус буудлыг би нүүрсээр галлаж халаадаг байсан. Энэ ажлыг би гардан гүйцэтгэдэг байсан. Энэ үеэс эхлэн бид зочид буудалдаа байрладаг болсон. Энэ нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр О.Чын 5745079002 данснаас 1 500 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг зарлага гарснаар нотлогдоно. Мөн Д.О би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр О.Чын төрсөн өдрөөр 1 000 000 төгрөгний ээмэг бөгж хувцас зэргийг авч өгч бэлэглэсэн. Иймд бэлэглэгчийг гомдоосон учир бэлэглэсэн зүйлийн үнэ болох 1 000 000 төгрөгөө буцаан нэхэмжилж байна. Иймд 1. О.Чанцлаас кузов засварыг хамтран ажиллуулж орлого олж тэр мөнгөө О.Чанцлын дансанд ордог байсан би ямар ч мөнгө аваагүй учир 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл нийт 5-н сарын хугацааны цалин болох тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 320x5=1 600 000 төгрөг,
2. Хан Хөхий зочид буудлыг 2019 оны 09, 10, 11, 12 сарууд 2020 оны 01, 02 дугаар сар хүртэл галлаж галч хийж байсан үеийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 09,10,11,12 дугаар саруудын тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 000 төгрөгөөр бодож 1 280 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарыг 420 000 төгрөгөөр, 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 220 000 төгрөгөөр бодож 1 920 000 төгрөг
3. О.Чын төрсөн өдрөөр ээмэг бөгж хувцас авч өгсөн 1 000 000 төгрөг нийт 4 520 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Би өөрөө ямар нэгэн машингүй тухайн үед О.Чын машиныг бид дундаа унаж ажил төрлөө амжуулдаг байсан. Гэтэл О.Ч нь энэ машинд хийсэн түлш шатахууныхаа үнийг надаас буцаан нэхэмжилж байгаад гайхаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Анхны нэхэмжлэл болох 6 530 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хэрвээ Д.Отай 2018 оны эхээр энэ хоёр танилцсан байдаг. 2019 оны 05 дугаар сараас эхлээд хотод амьдарсан байдаг. Миний үйлчлүүлэгч олон малтай бөгөөд маш их хэмжээний мөнгөө дансаараа оруулж гаргадаг байсан. Нэхэмжлэлтэй холбоотой ярихад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу зээл өгсөн өдөр О.Чын данс руу миний үйлчлүүлэгч 600 000 төгрөг хийсэн байдаг. Хэрвээ зээл гээд 6 000 000 төгрөг нэхээд байгаа энэ мөнгийг яагаад хасахгүй байгаа юм. 2019 оны 12 дугаар сард 800 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 25 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 600 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 450 000 төгрөгийг миний үйлчлүүлэгч нэхэмжлээд байгаа зээл авсан гэсэн хүний данс руу хийсэн байдаг. Зөвхөн энэ мөнгө нь 2 150 000 төгрөг болж байгаа. Д.О О.Чын данс руу зээл авахаасаа өмнө маш их хэмжээний мөнгө хийсэн байгаа. 2018 оны 12 дугаар сарын 20-оос эхлээд 150 000 төгрөг, 30 000 төгрөг, 2 700 000 төгрөг, 400 000 төгрөг, 500 000 төгрөг, 700, 000 төгрөг, 800 000 төгрөг, 500 000 төгрөг, 600 000 төгрөг, 25 000 төгрөг, 300 000 төгрөг, 450 000 төгрөг нийт 8 280 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хүний энэ их мөнгийг авсан хүн чинь эргээд нөгөө хүнийхээ зээлийг төлнө. Тэгэхээр хүнээс ийм их мөнгө авчхаад эргээд 6 000 000 төгрөг нэхэмжилж байна гэдэг утгагүй. Зээл гэж хийсэн нь хавтаст хэргээс баримтаар харахад 2018 оны 5 дугаар сард 2 600 000 төгрөг зээл гэж хийсэн байдаг. Миний үйлчлүүлэгч мөнгө олдог ийм орлоготой хүн байсан байна гээд би хариу тайлбар бичихдээ дэлгэрэнгүй бичсэн байгаа. 2018 оны 11 сараас хойш ямар хэмжээний мал зараад, олсон мөнгөнүүдээ дундаа хэрэглэж байсан. 2020 оны 01 дүгээр сараас муудаад хоёулаа салж явсан. Тэгэхээр нэхэмжилж байгаа хүн маань би ерөөсөө зээл гээд бичсэн юм чинь энэ мөнгөө энэ хүнээс нэхэмжилж авъя гээд нэхэмжлэл бичсэн болохоос энэ хоёрын хооронд өгөө аваа байхгүй. Хэрвээ өглөг авлага байгаа гэж байгаа бол миний үйлчлүүлэгчийг энэ хүн үнэгүй хөлсөлж зарж байсан. Бид нар дундаа кузов засвар, зочид буудал ажиллуулж байсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэсэн сая ярилаа. Тэр зочид буудал нь өөрөө нүүрс түлж халаадаг. Орой болгон түүнийг халаадаг ажлыг миний үйлчлүүлэгч хийдэг байсан. Тийм учраас би олон дансны хуулгуудыг гаргасан. Ингээд үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа О.Чын данснаас миний үйлчлүүлэгчийн данс руу мөнгө орсон байдаг. Энэ нь нийлээд бараг 8 000 000 төгрөг болж байгаа. Ингээд бодохоор энэ хоёр хоорондоо өглөг авлаг байхгүй. Энэ нэхэмжлэл үндэслэлгүй хэрвээ зээлсэн мөнгөө нэхэх гэж байгаа бол миний үйлчлүүлэгчийг үнэгүй зарж ашиглах ёсгүй. Тийм учраас би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллаж байсан хөлсийг нь сөрөг нэхэмжлэлээр гаргасан байгаа.
Зээлийн гэрээ гэж ярьж байна. Иргэний хуулийн 281-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж байгаа. Энэ хоёрын хооронд иргэний эрх зүйн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Харин энэ хоёрын хооронд бие биедээ мөнгө шилжүүлсэн үйл ажиллагааг явуулж тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан нь харагдаж байна. Тийм учраас тэр мөнгийг ярих юм бол миний үйлчлүүлэгч 8 280 000 төгрөгийг О.Чын дансанд шилжүүлсэн. О.Ч нь 6 700 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Үүний зөрүүг хүртэл гаргаж өгөх ёстой. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч зээл авсан гэсэн хугацаанаас хойш 2 000 000 гаруй төгрөг шилжүүлсэн нь зээл авсан гэдэг нь худлаа болох нь нотлогдож байгаа. Зээлтэй хүндээ мөнгө өгч байхад тэр хүн мөнгийг нь зээлээсээ хасах ёстой. Хэрвээ зээл гэж үзээд шилжүүлсэн бол тэр мөнгөө хасуулах ёстой. Шүүх зээл байна хаасан байна гэж үзвэл 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Д.Оын шилжүүлсэн мөнгийг хасаж тооцох ёстой гэж үзэж байгаа. Ер нь бол аль аль нь бие биетэйгээ гэрээ хийгээгүй нэхэмжлэл угаасаа үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байгаа. 17 441 000 төгрөг бол бүр үндэслэлгүй эднийх нэг бүрчлэн гаргаж ирэх ёстой гэжээ.
Шүүх, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч Д.От холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 6 530 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайлбал 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус нэхэмжлэлийн шаардлагаа 318 000 төгрөгөөр багасгаж, 6 212 000 төгрөг болгон нэхэмжилсэн.
Улмаар дахин 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 17 441 000 төгрөгөөр ихэсгэж нийт 23 653 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 4 520 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 6 212 000 төгрөгийг хангаж, үлдэх 17 441 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 4 520 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “....О.Ч миний бие Д.Отай 2018 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байсан хугацаанд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Оын Төрийн банкнаас авсан малчны зээлийн үлдэгдэл төлбөр 6 212 000 төгрөг, мөн хамтран амьдарч байх хугацаандаа 17 441 000 төгрөгийг цувуулж авсан, нийт 23 653 000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж шаардсан,
Хариуцагчийн хариу татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “....Д.О миний бие О.Чтай 2018 онд танилцан эхнэр гурван хүүхдээ орхин О.Чын ятгалгаар хотод 2020 оны 02 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд бид нийлж Зочид буудал болон бусад объектыг түрээслэн ажиллуулсан. Тэдгээрийн бүх орлого О.Чын данс руу орж байсан. Хэрэв надаас мөнгө нэхэж байгаа бол миний ажлын хөлсийг хуулийн дагуу бодож олгох ёстой бидний хувьд өглөг авлага байхгүй харин ажлын хөлс болон ээмэг, бөгж хувцасны үнэнд нийлээд 4 520 000 төгрөгийг нэхэмжилнэ....” гэж тус тус нэхэмжлэлийн татгалзал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ шаардсан байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл О.Ч, Д.О нар нь гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 02 сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан байна.
Нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч Д.Оын Төрийн банкны 311900129743 дугаартай данс руу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 6 212 000 төгрөгийг тушааж тухайн зээлийг хаасан болох нь тогтоогдож байна. /хх-н 41-43-р хуудас/
Зохигч талууд энэхүү 6 212 000 төгрөгийг төлсөн үйлдэлд маргаагүй бөгөөд О.Ч нь Д.Отай хамтран амьдрах хугацаанд түүний өрийг нь дарах зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасны дагуу О.Ч нь өөрөөс гаргасан мөнгө /зардлаа/ Д.Оаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч Д.От хамтран амьдарч байсан хугацаанд түүний данс руу шилжүүлсэн 17 441 000 төгрөгөө нэхэмжилж, хариуцагч Д.О нь мөн адил О.Чын данс руу шилжүүлсэн 4 520 000 төгрөгөө харилцан шаардсан боловч энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан шаардах эрхүүд үүсээгүй байна гэж дүгнэлээ.
Энэ тухай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байна.
Учир нь зээлийн гэрээ нь 2 талын харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагдах бөгөөд зээлийн гэрээний зүйл болох мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийн үнэ, хэмжээ, хугацааг талууд тодорхойлсон байх шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Ч нь 17 441 000 төгрөгийг Д.От зээлсэн болохоо нотлоогүй, хариуцагч нэхэмжлэгчээс 4 520 000 төгрөгийг буцааж төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдоогүй байна.
Хариуцагч Д.О нь бэлгэнд авч өгсөн ээмэг, бөгж, хувцасны үнэ 1 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар нэхэмжилсэн бөгөөд энэ нь нэг тал нөгөө талын зөвшөөрснөөр хариу төлбөргүйгээр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх юм.
Зохигчдын тайлбараас үзвэл Д.Оаас О.Чд ээмэг, бөгж, хувцас өгсөн эсэх нь тодорхойгүй мөн талуудын хүсэл зорилго нь хамт амьдрах цаашдаа гэр бүл болох зорилгоор эдгээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Иймд үүнийг бэлэглэлийн гэрээний шинжийг бүрэн агуулсан гэж үзэхгүй тул талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Д.О нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй. Гэвч энэхүү эрхийг хэрэгжүүлэх этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотлох шаардлагатай юм. Дээрхи эд хөрөнгийг Д.О нь сайн дураар өөрийн хүсэл зоригт үндэслэн О.Чд шилжүүлэн өгсөн үйлдэлд уг эд хөрөнгийн эзэмшигч шууд утгаараа Д.О биш тул шаардах эрхгүй байна.
О.Ч болон Д.О нарын хооронд хамтран ажилласан, эсвэл хөлсөөр ажиллах гэрээний аль аль нь хийгдээгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг зохигч талууд нь хамтран амьдарч байсан хугацаанд хоорондоо шилжүүлсэн дансны орлого, зарлагын хөдөлгөөний /нэхэмжлэгч-7 хуудас/ /хариуцагч-40 хуудас/ хуулбарыг өгсөн бөгөөд эдгээр нотлох баримтуудаас үзвэл тухайн шилжүүлэгдсэн мөнгөн гүйлгээнүүдийн утганд /зээл/ утгатай гүйлгээ байгаагүй ахуйн шинжтэй гүйлгээний утгууд байна.
Дээрхи бичмэл баримтууд нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй баримтууд бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй нотлож чадаагүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр бүрдүүлсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон нь эрүүгийн хэрэгт эрх бүхий албан тушаалтан бүрдүүлдэг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилго өөр тул гэм бурууг тогтоосноос бусад баримтыг иргэний эрх зүйн маргааны нотолгооны үндэслэл гэж үзэхэд учир дутагдалтай байдаг бөгөөд зохигчид шаардлага, татгалзлаа өөрсдөө нотлохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон. /хх-н 5-6-р хуудас/
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Чын урьдчилан төлсөн 364 655 төгрөг, хариуцагч Д.Оаас урьдчилан төлсөн 87 110 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Д.Оаас 114 342 төгрөгийг гаргуулж О.Чд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Оаас 6 212 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 441 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, О.Чд холбогдох 4 520 000 төгрөг гаргуулах Д.Оын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Чын урьдчилан төлсөн 364 655 төгрөг, хариуцагч Д.Оаас урьдчилан төлсөн 87 110 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 114 342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Чд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ