Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2021/00307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хэргийн индекс: 135/2020/01159/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 2******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, хороолол, байр, оршин суух овогт /РД:/-д холбогдох,

"Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Г. /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие Г.тэй дотно харилцаатай байсан. Улмаар 2009.06.17-нд төрсөн, намайг эцэг нь гэсэн. Тухайн үед мөн гэж итгэж байсан. 2010 оны 10-р сард гэрлэлт цуцалсан. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн царай төрх, хэлбэр надаас өөр мөн ийн найз нөхөд хэлж буйгаар чамтай төсгүй гэдэг. Мөн хоног хугацааг эргэж бодохоор жирэмсэн болсон үетэй нь миний хамт байсан хугацаа зөрүүтэй байгаа юм. Иймд би эцэг нь биш байх магадлал байгаа тул эцэг мөн эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан" гэв.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.*******тай 2008 онд гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүл болоод бие давхар болсон. Харин ч намайг жирэмсэн байхад өөрөө гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсан. Тиймээс хүүхдээ 6 сартай байхад нь гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах үед энэ талаар дурдаагүй байж яагаад 11 жилийн дараа ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Би шалгуулна гэсэн, тэгээд шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гарсан байхад яг ямар үндэслэлээр эргэлзээтэй байгаа гэж хэлж байгааг ойлгохгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.д холбогдуулан хүү Н.ын төрсөн эцэг мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Зохигчид 2008 онд танилцан, гэр бүл болж, хамтран амьдарч 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Н.ыг төрүүлсэн, улмаар 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчдын тайлбар, Г-624, №0275354 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1395 дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

Хүү Н.ын төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэр ******* овогт ******* ******* /РД:*******/ гэж бичигдсэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Н.ын эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаартай дүгнэлтээр М.******* нь Н.ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9 хувийн магадлалтай байна гэжээ.

Хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байгаа хэдий ч М.******* нь энэ талаар маргаж, эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.ын төрсөн эцэг М.******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.ын төрсөн эцэг нь М.******* мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС