| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0131/Э/220/2024/0375 |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
2024 02 19 2024/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан,
улсын яллагч Б.Оргилболд,
шинжээч Б.Ариунзул,
хохирогч Д.У,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хт холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********************************************************************************
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр “11а” ангийн сурагчидтай маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч Д.Уын биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн *************** дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс 21, 31, 33, 43, 51, 55, 59-62, 76, 77, 80-81, 85, 89, 91, 93, 93, 118-119, 148-149, 151-152, 163, 164, 171, 172, 207, 212, 219-220, 234 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна ” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн бол,
Хохирогч Д.У “...2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай сургууль дээр хөл бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд орой 7 цаг дөхөж байх үед хөл бөмбөгийн тэмцээн дуусаад анги руу орж ирсэн. Тэгтэл манай ангийн Батбаатар 12г ангийн жижигхэн эмэгтэй хүүхэдтэй орж ирсэн, орж ирэхдээ баруун чихээ барьчихсан орж ирсэн. Тэгээд 12а, 12г ангийхан бөөнөөрөө манай ангийн хаалганы урд хүрээд ирсэн. Тэгсэн чинь манай ангийн Бат-Эрдэнэ гараад та нар манай найзуудыг яаж байгаа юм бэ гэж хэлээд гараад гүйсэн. Тэгэхэд нь би болиулах гээд хойноос нь татсан чинь Бат-Эрдэнийг бөөнөөрөө аваад цаашаа түрээд гарсан. Тэгээд би араас нь гарахад манай ангийнхан миний араас бөөнөөрөө гарсан, би урд нь байсан. Тэсэн Баярсайхан намайг татаж аваад шууд цохиж эхэлсэн тэгээд би хойш нь түлхсэн чинь миний хойноос Х цохиод би ухаан алдсан бөгөөд дээрээс хэдэн хүн дэвсэж байсан гэдгийг мэдэхгүй байна...” гэж,
Шүүгдэгч Б.Х “Тэр өдөр манай сургууль дээр хөл бөмбөгийн тэмцээн болсон. Манай ангийнхан тэмцээн дуусаад анги руугаа орох гэтэл ангийн түлхүүр байхгүй гээд ангийн гадаа хүлээж байсан. Тэгээд манай ангийн цаад талд 12г анги байдаг. Тэнд нэг хэсэг хүүхдүүд бужигналдаад байсан. Тэгтэл нэг нь ирээд тэнд зодоон болох гээд байна гэж хэлсэн. Тэгээд манай ангийн Баярсайхан хамгийн түрүүнд тэнд зодоон болох гээд байна гээд гүйгээд очсон. Үүний араас манай ангийнхан энэ яг болохоо байчихлаа гээд араас нь очсон. Тэгтэл аль хэдийн зодоон нь эхлээд бужигнаад байж байсан. Би тэгэхэд хамгийн урд нь очоогүй. Нэмж хэлэхэд надад шипи байхгүй, бор кеттэй байсан. Тэр үед би дунд хавьцаа нь очсон байсан. Хамгийн урд нь манай ангийн Баярсайхан, Болор-Эрдэнэ, Баяр-Эрдэнэ нар очсон. Эхэндээ би больцгоо гээд чанга орилоод түлхсэн, би тухайн үед нүдний шилтэй байсан нэг хэсэг бужигнаан дунд миний нүүр хэсэг рүү цохисон би тэр үед өөрөө бараг зодуулсан миний шил хугарсан. Тэгээд би юу болоод байгааг мэдэхгүй зүгээр салгах гээд очоод зодуулчихаар миний уур хүрээд жаахан орилох гэсэн. Тэгтэл манай ангийн Болор-Эрдэнэ чи уурлаад зодоон хийчиж магадгүй гээд намайг тэндээс аваад явсан. Тэрний дараа бөөнөөрөө гадаа саравчинд сууж байтал цагдаа авч явсан. Намайг уг нь тэр үед гэрчээр гэж авч явсан. Тухайн үед гэрчийн мэдүүлэг өгөх гээд явж байхдаа би замдаа Уыг хараад “нүүр чинь ямар аймар болсон юм бэ? Хэн тэгсэн юм бэ” гэхэд “У өөрөө мэдэхгүй байна” гэж хэлж байсан ба би тэрийг тод санаж байна. Тэгээд цагдаа дээр очоод гэрчийн мэдүүлэг өгсөн. ...Тэгээд сургуулийн захиргаа бид нарыг хийсэн гэж ойлгосон. 12г ангийн зодоонд орсон хүүхдүүд гарч ирээгүй. Тэр өдөр захирал удирдлагууд намайг зодсон гэж Уын гэр бүлд ойлголт өгсөн болохоор одоо хүртэл энэ асуудалд холбогдоод явж байгаа юм болов уу гэж бодож байна. Энэ асуудлаас болоод сургуулийн удирлагууд маш олон удаа дуудаад шүүлт маягийн зүйл явуулсан. Тэгэхэд манай аав зодоон болох үед зөндөө хүүхдүүд байсан шүү дээ гэж хэлсэн. Тэр үед бүх хүүхдийн эцэг эхийг дуудаад хамт ярилцаад уулзъя гэсэн боловч захирал намайг дуудаж өрөөндөө оруулсан. Тэгэхэд миний танихгүй нэг хүн байсан. Тэгээд биднийг за тухайн үед юу болсон юм бэ хэлцгээ гэсэн. Тухайн үед цуг өрөөнд нь орсон хүмүүсийг би өмнө огт харж байгаагүй хүмүүс байсан. Тэрний маргааш нөгөөдрөөс захирал дахин дуудаад Уын ээж, аав нь цагдаагийн байгууллагын хүмүүс үнэнгээ хэл гэж дарамталсан, тэр ийм л юм болсон. Гэхдээ би би Ут гар хүрээгүй, хүрсэн бол олон жил ингэж явахгүй байсан. Тухайн үед хэргээ хүлээх байсан. У хэлэхдээ бичлэг байгаа шүү гэж хэлж байсан тэр бичлэг нь байвал би үзмээр байна...” гэж тус тус мэдүүлэг, тайлбар гаргасан болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр “11а” ангийн сурагчидтай маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч Д.Уын биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Насанд хүрээгүй хохирогч Д.Уын “...Миний бие Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар сургуульд 11а ангид суралцдаг. 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай сургууль дээр хөл бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд 19 цагийн орчимд би хөл бөмбөгийн талбай дээр тоглолт үзчихээд 214 тоот анги руу орсон. Тэгэхэд удалгүй миний араас Батбаатар нь уйлсан байдалтай орж ирсэн. Гэтэл манай ангийн Бат-Эрдэнэ 12 дугаар ангийнхан ирж байна гээд хашхирсан. Тэр үед 12а болон 12г ангийн хүүхдүүд манай ангийн гадна ирсэн ба Бат-Эрдэнэ гарсан ба би болиулах гээд татахад Бат-Эрдэнийг татаад авсан. Тэгэхээр нь би ангийнхаа хүүхдүүдийг оруулах гээд гарахад зодоон эхэлсэн ба намайг гарахад хэнийг нь мэдэхгүй байна хацар луу цохисон. Тэгээд би Баярсайхан гээд хүүхдийг заамдаж байтал Х миний толгойны ар хэсэг дагз руу цохисон ба би ухаан алдаад уначихсан. Тэгээд нэг сэрэхэд ангидаа хэвтэж байсан.
Б.Х намайг зодож гэмтэл учруулсан. Э нь надаас зайтай байсан бөгөөд зодоон болсны дараа Э өөрөө надад чиний ар нуруу хэсэг рүү нэг удаа жийсэн гэж хэлж байсан. Э намайг цохихыг би хараагүй. Хийн хийсэн үйлдэл. Хөл бөмбөгийн шипигээр бие, толгой, бүх хэсэг рүү минь дэвссэнээс болж би ухаан алдаж гэмтэл авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31, 33 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч М.Хийн: “...Мгийн хамтаар 12Г ангийн гадна явж байхад Батбаатар нь Г алгадсан гээд уйлаад гарч байсан. Ган- Эрдэнэ нь ангидаа Батбаатарын араас би чамайг ална шүү гээд уурлаад бахираад байсан. Тэгээд анги руу явсан. Ангийн гадна 12Г, 12А ангийн хэсэг бүлэг хүүхдүүд маргалдсан, зодолдсон байдалтай байсан. Ангийн хаалганы ард Уыг 12а ангийн сурагч Х гэх хүүхэд газар унагачихсан толгойн дээрээс нь дэвссэн байдалтай байсан. Хийг ангийнх нь банди боль гэж хэлээд салгасан. Х гэх хүүхэд толгойн дээрээс нь 4-5 удаа дэвсэж байсан... Намайг харахад Х л толгойн дээрээс нь дэвсэж байсан. Ангийнх нь Болор-Эрдэнэ гэх хүүхэд салгаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Т.Мгийн: “Би Гхараад байж байтал 12Г болон 12А ангийн хүүхдүүд манай ангийн гадна очоод манай ангийн хүүхдүүдтэй зодолдсон байдалтай байж байсан. Намайг яг хажууд нь очиход 12а ангийн сурагч Х нь Уыг газар унасан байдалтай толгойн дээрээс нь дэвсэлж байсан. Тэгээд зодооныг тэнд байсан хүмүүс салгаад зодоон дууссан. Манай анги 214 тоот ба намайг ирснээс хойш ангийн хаалга онгойчихсон хаалганых нь ард Х нь Уын толгойн дээрээс 4-5 удаа дэвссэн байдалтай байсан. Би яг царайг нь сайн харсан учраас Х гэж мэдэж байна. Намайг харахад Х л зодож байсан. Өөр хэн нэгнийг хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),
-Насанд хүрээгүй гэрч М.Дын: “...Батбаатар нь 12Г анги руу явсан. Хэсэг хугацааны дараа Батбаатар нь анги руу чихээ барьчихсан уйлсан байдалтай орж ирсэн. Гэтэл удалгүй араас нь 12г болон 12а ангийн маш олон хүүхдүүд бархиралдаад ирсэн. Манай ангийн Бат-Эрдэнэ нь эхэлж гарсан. Араас нь У гарсан. Тэгээд араас нь Дөлгөөн нь гарсан. Тэгээд би араас нь гарсан. Намайг гарахад У нь газар хаалганы араар унасан байдалтай дээрээс нь Х нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 3-4 удаа дэвссэн ба би Хийг түлхээд өөрийн ангийн Ерөөлт гэх хүүхэдтэй хамт Уыг чирч оруулсан. У нь ухаан алдчихсан байсан. Намайг гарахад У нь хаалганы араар унасан байдалтай байсан. Х нь нүүр хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Харагдсан. Өөр хэн нэгэн зодсон талаар хараагүй. Би тийм зүйл огт хараагүй. Намайг харахад Х л зодож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч А.Чий “...12г рүү ортол Б Г гэх хүүхэд босож ирээд чих нүүр хэсэг рүү 2-3 удаа хүчтэй алгадсан. Ангиас нь бид хэд гарахад Батбаатар юм сонсохгүй байна. Хэнгэрэг хагарчих шиг боллоо гэж байсан... Бөөнөөрөө зогсчихсон байсан болохоор хэрхэн яаж зодоон болсныг тод дүрсэлж чадахгүй байна. Хамгийн тод нь Х нь Уыг дэвсээд байхад нь хүмүүс болиулах гээд болихгүй ангийн хаалганы бариулаас барьчхаад дэвсээд байсан явдал юм. Х нь Уыг хөл бөмбөгийн шипигээрээ нүүр рүү нь ухаан алдтал нь 2-3 минут дэвссэн. Уыг анги руугаа зодооны дараа босгож оруулах гэтэл босохгүй байсан. Х нь Уыг ангийн хаалга, хана хоёрын завсар оруулж байгаад дэвссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дугаар тал),
-Гэрч Ч.Оын: “Тухайн өдөр хөл бөмбөгийн тэмцээн сургууль дээр болсон бөгөөд миний бие тэмцээний үеэр оноон дээр гадаа сууж байсан тул ангид болон дотор юу болсныг мэдээгүй. Тухайн зодоон болсны дараа манай ангийнхан гарч ирээд Уыг 12 дугаар ангийнхан зодчихлоо гэж хэлэхэд нь сургууль руу орж 12а ангийн гадаа очсон. Тэгээд ангиас нь 12а анги руу орох гэтэл Болор-Эрдэнэ намайг анги руугаа оруулахгүй манай ангийн зүг явсан. Хүмүүсийн ярьж байгаагаар тэдний ангийнхан ангидаа архи уусан юм байна лээ. Камерын бичлэгт анги руугаа авч орсон ууттай зүйл нь харагдаж байсан. Зодоон болох үеийн камерын бичлэг харин бүүдгэр гэрэлгүй, сайн харагдахгүй байсан. Анги руу ороход ангид шал баахан цус болчихсон, У нь цус алдаад хэвтэж байсан. Бид нарыг ангид байж байхад 12а ангийн Х дахин орилж орж ирээд хувцсаа тайлаад манай ангийнхан руу ална гээд дайраад байсан. Тэгээд Эрдэнэбаяр гэх багш гарч ирээд Хийг болиулсан. Уыг зодуулахад тухайн үед нь хажууд байгаагүй. Сургуулийн гадаа байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар тал),
-Гэрч М.Тийн: “...11а ангийн У болон 2 хүүхэд гарч ирсэн. Хэн нэгэн нь Баярсайханыг цохисон ба зодоон эхэлсэн. Тэгээд тухайн зодоон руу очиход хүүхдүүд бүгдээрээ зодолдож байсан. Тэгээд хальт харахад У нь газар хэвтсэн байдалтай байсан. Мөн Э нь хүүхдийн дээр гараад зодож байсан. Ямар хүүхэд гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Уыг хэн хэн зодсоныг бол би хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Б.Хгийн: “2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай сургууль дээр хөл бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд 19 цагийн орчимд 202 тоот ангийн гадна байж байтал 12г ангийн Мөнхсүлд, Э гэх хүүхдүүд манай ангийнхныг дуудсан. Тэгээд яасан талаар асуухад 11а ангийнхан манай ангийн хүүхдийг зодсон гэж хэлсэн. Тэгээд манай ангийн болон 12г ангийн хүүхдүүд 214 тоот 11а ангийн гадна очсон. Гэтэл манай ангийн Баярсайханыг У нь нэг удаа цохисон ба араас нь ангийнх нь хүүхдүүд гарч ирээд зодолдсон. Тэгэхээр нь манай ангийнхан очоод салгах гэтэл У нь газар уначихсан байсан ба Э нь дээр нь гарчихсан гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэр үед нь манай ангийн Баяр Эийг салгасан тэр үед босохдоо Э нь Уынх нь толгой нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн ийн 85 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Э.Бийн: “...У нь газар хэвтсэн байдалтай түүний дээр Э гарчихсан нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Мөн босохдоо хөлөөрөө нүүр лүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дүгээр тал),
-Гэрч А.Баярын: “...Э нь Уын дээр гарчихсан зодож байсан. Яг нийт хэдэн удаа цохисонг мэдэхгүй байна маш их л цохиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дүгээр тал),
-Гэрч Б.Э-ийн: “...У нь газар хэвтсэн байдалтай түүний дээр нь Э суучихсан 2 гараараа ээлжлээд нүүрэн хэсэг рүү нь цохиж байсан. Мөн Баяр салгасны дараа Э нь надад дээгүүр өмсөж байсан хувцсаа өгсөн ба тэр үед гар нь цус болсон байдалтай байсан. /Х хэн нэгнийг зодсон эсэх/ Би зодооны ар хэсэгт байсан ба тэрийг хараагүй” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),
-Гэрч Б-ийн: “...Тэгээд намайг очиход хүүхдүүд шамбааралдсан байдалтай байсан ба У нь газар хэвтчихсэн нүүрээ бариад байж байсан. Тэгээд зодоон дууссаны дараа Э гэх хүүхдийн гар нь цус болчихсон байдалтай явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дугаар тал),
-Гэрч Л.Б “...Уыг хэн цохиж зодсон талаар би мэдэхгүй, хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10- ны өдрийн 6767 дугаартай “...Д.Уын биед зүүн дээд, доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал үүсжээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 118-119 дүгээр тал),
-Гэрч Б.Э-ийн: “... Намайг 2 давхарт гарахад 214 тоот ангийн үүдэнд 11а, 12а, 12г ангийн 20 гаруй хүүхдүүд бужигналдаж байсан. Намайг хараад 12а, 12г ангийн хүүхдүүд тараад ангийнхаа зүг рүү явцгаасан. 214 тоот нь 11а анги бөгөөд ангийнхаа гадаа үлдсэн. Намайг очиход 12а ангийн Х, Өнөболд, Баярсайхан /бусдыг нь санахгүй байна/ байхаар нь юу болцгоогоод байгаа юм больцгоо гэж хэлсэн. 11а ангийн У нүүр нь улайсан байдалтай 12а ангийнхан зодсон гээд байж байсан. Намайг очиход У нүүр нь улайчихсан ангийнхаа хаалганы дотор зогсож байсан. Юу болсон талаар 11 ангийнхнаас асуухад 12а ангийн Х Уыг зодчихлоо гэсэн зүйл ярьсан. Ингээд 202 тоот буюу 12а ангийнхныг зодоон хийлээ гэж ангид нь орж загнасан. Гэрч Оын өгсөн мэдүүлэг шиг үйл явдал өрнөсөн эсэхийг би сайтар санахгүй байна. Ямартай ч тухайн өдөр хүүхдүүд дээр очиход анги руугаа гүйлдээд орчихсон. Зодоон болж буй үйл явдлыг миний бие хараагүй. Намайг тодруулж асуухад Уын ангийнхан буюу 11а ангийнхан хэлэхдээ “Х зодчихлоо” гэсэн зүйл ярьж байсныг санаж байна. /Э Уыг зодсон талаар хүүхдүүд ярьж байсан яриа өгүүлэл байсан эсэх/ Тийм яриа өгүүлэл ерөөсөө сонсоогүй. Тухайн цаг үед Хийг л Уыг зодчихлоо гээд 11а ангийнхан өөрсдөө хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 212-213, 228-229 дүгээр тал),
-Иргэний хариуцагч Н.Ц-ийн: “Манай сургуулийн зүгээс иргэний хариуцагчаар уг хэрэгт татагдахад санал, хүсэлт байхгүй байна. /У/-д хохирлыг барагдуулахад манай сургуулиас нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 219-220 дугаар тал),
-Сэжигтэн Г.Эийн: “...Уыг хэн цохисныг бол хараагүй. Тухайн өдрийн орой 12а ангийнхантай сааданд зодооны талаар ярьсан ба Х “Миний цохиж унагасан хүүхэд сэрсэн үү гэж тэнд байсан хүүхдүүдээс асууж байсан. 12а ангийнхан намайг гүтгээд байсан. Тухайн өдрийн орой Х энэ тэр юу ч яриагүй цагдаагийн байгууллага руу явсан мөртлөө 1-2 хоногийн дараа сургуулийн захирал, эцэг, эх нартай уулзахад 12а ангийнхан яриагаа нийлүүлсэн юм шиг гэнэт намайг гүтгээд эхэлсэн. Тэр ярианаас болж У өөрийг нь намайг цохисон гэж ойлгосон байх. Би өөрөө газар хэвтсэн байсан тул Уыг цохих боломж байгаагүй. У зодооны үед хаана байсныг ч би мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Хийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн асуудал болсны дараа манай ангийнхан сургуультай ойрхон саравчинд бөөнөөрөө юм ярьж байсан. У гэх хүүхдийг Э зодсон байх гар нь цус болчихсон байсан, Манай ангийн хүүхдүүд ч мөн харсан гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр “11а” ангийн сурагчидтай маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч Д.Уын биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор ханын хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчим байгаа. Яг ийм эргэлзээтэй хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт цуглагдсан баримтуудаар бий болоод байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Яллах дүгнэлтэд зааснаар нийтдээ 18 баримтыг яллах үндэслэлээ болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт 19 болгож Хосбаяр гэх гэрчийн мэдүүлгийг нэмж оруулж ирсэн. Эдгээр хүүхдүүдээс 5 хүүхэд Х энэ гэмтлүүдийг учруулсан гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Харин Х, Баяр, Эрдэнэ-Очир, Баялагмаа нарын тухайд Х бишээ Э зодсон гэж мэдүүлж байгаа. Үлдсэн гэрчүүдийн тухайд зодооны талаар огт дурдахгүй хэн Уын биед гэмтэл учруулсан талаар мэдэхгүй, хараагүй гэдэг байдлаар мэдүүлэг өгдөг. Өөр баримтыг улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж оролцоогүй. Эдгээр баримтуудаас харахад 5:5 харьцаатай эргэлзээтэй нөхцөл байдал дурдаж байгаа юм. Аль мэдүүлгийг нь тухайлаад үнэлэх юм бэ гэхээр 11а ангийн 4 хүүхэд хохирогчтойгоо нийлээд 5, мөн 12а ангийн 5 гэрч энэ тохиолдолд аль гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн хэлэлцүүлэгт үндэслэл болгох юм бэ, гэдэг нь эргэлзээ бүхий байдал үүсгэж байгаа учраас нэгдүгээрт ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт зодоонд Х дангаараа, Э дангаараа Уыг зодоод байгаа асуудал, эсхүл Баярсайхан, Бат-Эрдэнэ гэдэг хүмүүс хамт оролцоод байгаа асуудал, эсхүл бүр 12а, 12г ангийн 5-6 хүүхэд оролцсон байдлаар Ут учирсан гэмтэл үүсэх хэмжээний үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаас уншигдаж байгаа. Бас эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна. Хохирогчид учирсан гэмтэл хэн нь мэдэгдэхгүй хэн нэгэн хүн цохисон гэдэг мэдүүлгээр хохирогч мэдүүлсэн. Мөн А.Б алгадсан, Х баруун хүзүү, дагз руу цохисон гэж мэдүүлж байгаа. Үндсэндээ хохирогчийн мэдүүлж байгаагаар ийм 3 нөхцөл байдал байгаа юм. Шинжээчээс тодруулахаар баруун дагз, хүзүү хойд хэсэг рүү цохисон цохилтоос шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл учрахгүй гэдгийг тодорхой хэлсэн. Харин Баярсайхан алгадсан гэж байгаа Баярсайхан, баруун талаас нь алгадсан уу? зүүн талаас алгадсан уу? гэж хэлж мэдэхгүй байна алгадсан тохиолдолд хэрвээ баруун гартаа бол хохирогчийн зүүн шанаа, нүд орчим гэмтэл үүсэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэн нь мэдэхгүй нэг хүн цохисон асуудал байгаа гэхдээ баруун зүүн гэдгийг сайн мэдэхгүй байгаа ч хэрвээ баруун гэж дийлэнхээр авч үзвэл зүүн тал руугаа хүч нь үүсэх боломжтой. Энэ тохиолдолд Х баруун хүзүү рүү цохисноос энэ гэмтэл үүссэн юм уу? үгүй юу? гэдэг эргэлзээтэй. Шинжээч олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж дүгнэлтээ гаргачихаад, шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултын үед нэг удаагийн ч цохилтоор үүсэх боломжтой гэж байна. Энэ тохиолдолд хэн нь мэдэхгүй хүний цохилтоос ч гэмтэл учирч болно. Мөн Баярсайханы алагдаснаас ч үүсэх боломжтой байна. Тэгэхээр хохирогчийн мэдүүлгийг ийм хэмжээнд үнэлэх боломжтой. Хохирогч дагз руу цохиулснаас хойш ухаан алдсан гэж байгаа. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар хэн биед нь гэмтэл учруулсныг мэдэхгүй байгаа. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг хоёр хуваагдсан. Э өшиглөсөн гараараа цохисон асуудлууд, Х дээр нь дэвссэн асуудлууд дээр хохирогч мэдүүлэхдээ өөрөө энэ талаар хэлээгүй. Хохирогч мэдүүлэхдээ манай ангийн хүүхдүүд ингэж хэлсэн тийм учраас би ингэж мэдүүлж байгаа юмаа гэдэг байдлаар мэдүүлсэн. Тэгэхээр эдгээрийг харахаар бас эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байна. Олон удаагийн үйлчлэлээр гэмтэл үүсэн үү нэг удаагийн үйлчлэлээр үүсэн үү гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд Э гэмтэл учруулсан байж болзошгүй гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа гэрч Эрдэнэ-Очир, Баялагмаа нарын мэдүүлэг өөрийнх нь мэдүүлэг гар нь гэмтсэн талаар мэдүүлж байгаа. Э өөрөө зодоонд ороогүй гэж байгаа боловч гар нь гэмтсэн байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт гар ямар шалтгаанаар гэмтсэн асуудлыг баримтаар тогтоож чадаагүй үүн дээр мөн эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байна. Сүүлд нь дүгнээд хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох асуудал тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэгэхээр тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Хэрвээ тогтоож чадаагүй тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх үндсэн зарчим байгаа учраас шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Энэ хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр бодит байдлыг тогтоох ёстой. Интервал ярих хэмжээний нотлох баримтуудыг цуглуулаад 11а ангийн баримтууд 12а ангийн баримтууд гэдэг байдлаар хуваагаад аль нэгийг нь авахдаа нөгөөдхийг нь үгүйсгэх үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлт дээрээ заахгүйгээр зөвхөн 11а ангийн хүүхдүүдийн мэдүүлэг үндэслэлтэй юмаа гэдэг байдлаар явах гэхээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд аль баримтуудыг үнэлэх вэ? гэдэг дээр эргэлзээ үүсээд байгаа учраас ашигтайгаар шийдвэрлэх үндсэн зарчмаа баримталж гэм буруугийн дүгнэлтээ хиймээр байна. Эрхэмбаяр гээд багшийн хувьд мэдүүлэхдээ 12а ангийнхан зодолдсон гэж мэдүүлсэн. Эргэлзээ бүхий нөхцөл байдал Х, Э хэн нэгнээс ч гадна хэдүүлээ вэ гэдэг хэнийг нь ч тогтоогоогүй хэн нэгэн дээр очоод байна. Энэ тохиолдолд бодит байдлыг тогтоож чадаагүй хэрэгт авагдсан баримтаар эргэлзээ байгаа учраас ийм зүйл хэлээд байгаа юм. Өмнөх саналаа дэмжиж байна” гэж,
Улсын яллагчаас “...Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 2022 оны 5 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5-р хороо Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургууль дээр 11а ангийн сурагчтай маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч Д.Уын биед халдаж, Эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, шанаа хацрын цус хуралт, зүүн ухархайн доод болон дотор хананы хугарал, зүүн гайморын урд ханын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны явцад нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. ...Дээрх хэрэг нь Ерөнхий боловсролын 6-р сургуулийн орчинд болсон. Хуулиараа сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг сургууль хариуцахаар хуульчлагдсан байдагтай холбоотойгоор хэрэгт иргэний хариуцагчаар 6-р сургуулийг төлөөлж Цэндсүрэнг тогтоож мэдүүлэг авсан байгаа. ...Хохирогчийн талаас 11а ангийн 7 хүүхэд байгаа. Шүүгдэгчийн талаас 7 хүүхэд байгаа, адилхан 7:7 гэж ярьж байна. Гэхдээ энэ шүүгдэгчийн талаас ярьсан 7 хүүхдээс яг Э зодсон гэж ярьж байгаа нь 5 хүүхэд байгаа, 11а ангийн хүүхдүүд Х зодсон мөн толгой дээр нь дэвсэж байсан нөхцөл байдлыг ярьж байгаа хүүхдүүд 7 байгаа. Эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй. Хэрэгт цаг хугацаанд өгсөн мэдүүлэг анги ангиараа талцсан байж болох нь харагдаж байгаа боловч энэ хэрэгт Эрдэнэбаяр гэх хүн гэрчээр орж ирсэн байгаа. Энэ Эрдэнэбаяр гэдэг хүн хамгийн анх хэрэг болсон үед очсон хүүхдүүдтэй уулзсан тухайн үед ярьсан зүйлүүдийг хэрэгт мэдүүлсэн байгаа. Энэ мэдүүлэг дээр 11а ангийн хүүхдүүд хэлсэн зүйл Эрхэмбаяр багшийн ярьж байгаа зүйлтэй тохирч байгаа учраас 11а ангийн хүүхдүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь үнэн зөв байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 12а ангийн хүүхдүүдэд ашиг сонирхол байна гэж улсын яллагчийн зүгээс харж байгаа. Тийм учраас эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Тийм учраас гэм буруутайд тооцуулах анхны саналаа дэмжиж байна” гэж тус тус мэтгэлцсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ийнхүү мэтгэлцсэн байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Д.Уын мэдүүлэг /хх-ийн 31, 33-р тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн харьцангуй тогтвортой мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч М.Хийн мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/, насанд хүрээгүй гэрч Т.Мгийн мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/, насанд хүрээгүй гэрч М.Дын мэдүүлэг /хх-ийн 98-р тал/, гэрч Ч.Оын мэдүүлэг /хх-ийн 102-р тал/, гэрч Б.Баялагмаагийн мэдүүлэг /хх-ийн 95-р тал/, гэрч Л.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 81-р тал/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 212-213, 228-229-р тал/ зэргээр няцаагдаж байна.
Иймд хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Хийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Уын биед хүндэвтэр хохирол учирсан гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Прокуророос шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж үзэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзсэн бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол, шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, одоогоор оюутан тул нийтэд тустай ажил хийлгэх ял тохиромжгүй. Хичээл сургуулиа таслан эрсдэлтэй. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ө.БХийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН