Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 39

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2017/0044/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                    Н.Болор-Уянга,

Улсын яллагч                                     Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                             Ц.Баатарсүрэн нарыг  оролцуулан

 

            Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Цэндийн Баатарсүрэнд холбогдох эрүүгийн 201723000043 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 01-1982 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан., хэрэг хариуцах чадвартай гэх Боржгин овогт Цэндийн Баатарсүрэн /РД: СМ86010519/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Яллагдагч Ц.Баатарсүрэн нь ялтай байхдаа 2017 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р баг Үзүүр толгойд оршин суух иргэн Д.Ганболдын гэрийн хаалганы цоожийг эвдэж, бусдын орон байранд нэвтрэн орж авдарнаас нь хурган дотортой дээл 3 ширхэг, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, дээлийн мөнгөн товч 5 ширхэгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

            Хохирогч Д.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөө гэртээ малаа маллаад байж байтал манай эхнэр над руу утсаар яриад гэрт хулгай орсон байна гэсэн. ... би шөнөдөө хөдөөнөөс ирээд алга болсон эд зүйлээ үзэхэд манай манан хөөрөг, 3 ширхэг хурган дотортой дээл, дээлийн мөнгөн товч 5 ширхэг алга болсон байсан. Цоожийг хөшиж онгойлгосон байсан. Ц.Баатарсүрэнг танина ах дүүгийн хүүхэд байгаа юм, бага байхдаа манайхаар орж гардаг байсан ойрын 10-аад жил манайхаар үзэгдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/,

            Гэрч С.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд “Хаан Уул зоогийн газраар 03 цагийн үед ороход Ц.Баатарсүрэн нь тус зоогийн газрын 2 давхарын шатнаас доош бууж ирж байсан. Ц.Баатарсүрэн ер нь хулгайч нөхөр байгаа юм тэгээд сэжиг бүхий харагдаад би биед нь үзлэг хийсэн. Биед нь үзлэг хийхэд куртикны дотор талын халааснаас шаргал өнгийн хөөрөг гарч ирэхээр нь сэжиг бүхий санагдаад Цагдаагийн тасаг дээр авчран шалгахад хулгайн хөөрөг байсан. Тухайн үед Баатарсүрэн нь би Улаанбаатар хотоос зах дээрээс худалдаж авсан юм хулгайн эд зүйл биш гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12    тал/,

Сэжигтэн, яллагдагчаар Ц.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ирсэн. Уг суманд манай бүх хамаатан, ээж болон 7 эгч маань байдаг. Би 2017 оны 02 дугаар сарын 15-нд 17 цагийн үед гэрээс гараад Сарантуяа эгчийнх рүү явж байхад Жаргалтхаан сумын 5 дугаар баг Үзүүр толгойд Ганболдын хашааны урдуур явж байгаад гэр лүү нь харсан чинь монгол 5 ханатай гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би хашаа руу нь ороод Ганболдын гэрийн хаалганы цоожийг гараараа татаж онгойлгоод гэр лүү нь орж хойморт байсан эрээн авдрын цоожийг гараараа татаж онгойлгоод авдар дотроос 3 ширхэг хурган дотортой дээл, мана хөөрөг 1 ширхэг, дээлний мөнгөн товч 4 ширхэгийг авсан. Тэндээс гараад төв зам руу очоод замын машинд 3 ширхэг хурган дээлээ 55.000 төгрөгөөр зарсан. Зарсан хүнээ танихгүй. Тэгээд гэр лүүгээ явж байхдаа сумын цагдаа Отгонбаяртай таараад баригдсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-34  тал/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Үнэлгээний комиссын тэмдэглэл /хх-ийн 18 тал/

Шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөтэй эсэхийг тодруулсан тухай баримтууд /хх-ийн 54-58 тал/,

 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 248 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37, 44 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч Ц.Баатарсүрэн нь ялтай байхдаа 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р баг Үзүүр толгойд оршин суух иргэн Д.Ганболдын гэрээс хурган дотортой дээл 3 ширхэг, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, дээлийн мөнгөн товч 5 ширхэгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Баатарсүрэн нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт орон нутгийн үнэлгээг хэт өндөр байна иймээс шүүгдэгчид ашигтайгаар үнэлгээ зах зээлийн ханшаар үнэлж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх боловч хавтаст хэрэгт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын үнэлгээний комиссоос гаргасан “Сумын үнэлгээний комисс”-ын /хх-ийн 18 тал/ үнэлгээнээс өөр үнэлгээ тогтоосон нотлох баримт авагдаагүй байх тул шүүх өөрийн үзэмжээр эд зүйлийн үнэлгээг бууруулах боломжгүй бөгөөд  хавтас хэрэгт авагдсан үнэлгээ тогтоосон баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байна. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй болно.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ганболдод 6.500.000 төгрөгийн хохирол учирснаас дунд гарын манан хөөрөг, дээлийн мөнгөн товч 5 ширхэг нийт 2.000.000 төгрөгийн хохиролыг хохирогчид буцаан олгосон байх тул үлдэх 4.500.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Баатарсүрэн нь хувьд оногдох эд хөрөнгөтэй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Баатарсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржгин овогт Цэндийн Баатарсүрэнг орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баатарсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр, 05 /тав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баатарсүрэнгийн цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч Ц.Баатарсүрэнгээс 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ганболдод олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Баатарсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА