Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00082

 

ХААДС-н ажлын албаны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00671 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00025 дугаар магадлалтай,

ХААДС-н ажлын албаны нэхэмжлэлтэй

А.Х-т холбогдох

3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ХААДС-н ажлын алба нь А.Хт холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00671 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хариуцагч А.Хаас 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСгийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00025 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00671 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын гомдолдоо: ...Миний бие Н.Б би ХААДСгийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, мөн хариуцагч хөөн хэлэлцэх хугацаагаар маргаан гаргаагүй байхад Иргэний хулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн талд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзсэн боловч нэхэмжлэгчийн талд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82,4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн, 317 дугаар зүйлийн 317.1-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэх хуулийн заалт, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр заалт, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе зэрэг олон хүчин зүйлийг харгалзан авч үзэхгүй зөвхөн хариуцагчид илтэд давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байх бөгөөд магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.13-ны өдрийн 001/ШХТ2023/00427 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...зээлийн гэрээний 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг шүүх харгалзан үзээгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан, хариуцагч хариу тайлбартаа хөөн хэлэлцэх хугацааг дурдаагүй бөгөөд энэ талаар маргаагүй байхад шүүх дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй буюу хэтэрхий нэг талыг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргасан...” гэж дурдсан байх ба гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

8. Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь хариуцагч А.Хт холбогдуулан 3,750,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа 2012.07.17-ны өдрийн 083 дугаар гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын тракторыг урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2013-2017 оны хооронд жил бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцож авсан боловч үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл 2,500,000 төгрөг, гэрээний 3.3-т зааснаар алданги 1,250,000 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй гэж үзжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Тухайн үеийн ХАА-н сайдаар ажиллаж байсан Б сайд Засгийн газраас малчдад бага оврын тракторыг 50 хувийн хөнгөлөлттэйгээр тараагдана гэж Архангай аймгийн малчдад 2,800,000 төгрөгийн үнээр өгсөн. Хөнгөлөлттэй үнээр авсан гэж ойлгосон...төлбөр нэхэж байгаагүй...” гэж маргажээ. /хх-21,30/

9. Анхан шатны шүүх “...зохигч талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, ...гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үеэс эхэлж, ХААДСгийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно, эрх шилжсэн үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох, тасалдах үндэслэл болохгүй, гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид 2017.12.31-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020.12.31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж үзсэн байх ба давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

10. Хоёр шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлснээс шаардах эрхээ алдсан талаар адил дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргааны ач холбогдол бүхий асуудлаар зохигч мэтгэлцэж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

11. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч А.Х нарын хооронд 2012.07.17-ны өдөр “санхүүгийн түрээсийн гэрээ” гэх нэр бүхий гэрээ байгуулагдаж, талууд гарын үсгээ зурсан, гэрээ 5 жилийн хугацаатай, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, түрээслэгч нь эд хөрөнгийг хүлээн авахдаа 2,500,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013-2017 он хүртэл жил бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авах нөхцөлүүд гэрээнд тусгагджээ. Нэхэмжлэгч нь 2012.07.17-ны өдөр бага оврын тракторыг хариуцагчид шилжүүлж өгсөн, хариуцагч үнийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй, гагцхүү хариуцагч нь нэхэмжлэлээр шаардаж буй 2,500,000 төгрөгийг алдангийн хамт төлөх үндэслэлгүй, төрөөс хөнгөлөлттэй үнээр худалдсан гэж маргасан.

Хоёр шатны шүүх талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх бус эд хөрөнгө худалдан авах зорилго илүү давамгайлсан эсэх, эд хөрөнгийн үнийг төлөх тохиролцоо байгаа эсэхийг шүүх тодруулаагүй, гэрээний агуулга, төрлийг үндэслэлтэй тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна. Зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн эсхүл, түрээсийн, зээлийн, худалдах-худалдан авах аль төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодруулж, улмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шүүх дүгнэх байжээ.

Санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээслүүлэгч гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийн харилцаа байдаг бөгөөд түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй байдаг. Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн эдгээр шинж талуудын хооронд байсан эсэх нь тодорхой бус байна.

Гэрээний 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэх заалт нь гэрээг дуусгавар болсон гэж үзэх хуулийн үндэслэлийг заасан болохоос гэрээний хугацаа эсвэл үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон тохиролцоо биш байна. Нэхэмжлэгч нь энэ заалтыг хөөн хэлэлцэх хугацаанд нөлөөлнө гэж маргаж байгаа нь үндэслэл муутай бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан эсхүл зогссон гэж үзэх үндэслэл байгаа эсэх, эсхүл сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг нотлох үүрэгтэй болно.

12. Монгол Улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн ХААДСгийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн ХААДСд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дугаар тушаалаас үзэхэд Тариалан эрхлэлтийн сангийн үйл ажиллагааг татан буулгаж, зарим өр авлагыг хаасан, заримыг ХААДСд балансаас балансад шилжүүлсэн гэж дурдсан, хариуцагч “...н.Б дарга ирж тракторын үнийн талыг улс төлнө гэж хэлсэн, 2012 оноос хойш 10 жилийн туршид мөнгийг нэхэж байгаагүйгээс өр хаагдсан гэж ойлгосон” гэх агуулгаар хариуцагч мэтгэлцсэн, нэхэмжлэлд дурдсан гэрээний үүрэгтэй холбоотой авлага нь ХААДСд шилжсэн эсэх нь тодорхой бус байхад энэ талаар хоёр шатны шүүх тодруулаагүй байна.

13. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

14. Шүүх дээр дурдсан ажиллагааг хийсний эцэст маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00671 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00025 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                             Д.ЦОЛМОН

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД