| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0382/И |
| Дугаар | 75 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт байрлах, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймаг Эрдэнэбулган суманд төрсөн, ... настай, Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, ... ажилтай, Т овогт Б.Б,
Хариуцагч: Улаанбаатар хотод төрсөн, Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, А овогт Б.Ц нарт холбогдох
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн нарын 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцууж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 10 сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Б.Ц, Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч С.Э, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр 08-ны өдрийн А-97 дугаартай К банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 111, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 394-р тушаалаар банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээний хугацааг 2021 оны 10 сарын 08-ныг хүртэлх хугацаагаар сунгасан байгаа. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкны эрх хүлээн авагч банкны тухай зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Б.Б, Б.Ц нар нь К банк ХХК-тай 89,100,000 төгрөгийг сарын 0,67 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай, 2047 оны 10 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатайгаар 2017 оны 10 сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан. Банк зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу ... тоот дансанд 2017 оны 10 сарын 09-ний өдөр 89,100,000 төгрөгийг хийснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээл авч ашигласнаас хойш зэлийн үндсэн төлбөрт 1,288,902.88 төгрөг, зээлийн хүүнд 10,467,121.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,000.46 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний зөрчлийн тухайд Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт дараах нөхцөлөөр банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж хохирлыг шаардана. 8.3.1-т энэхүү гэрээг ноцтой зөрчсөн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэж үзсэн. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 653,106.73 төгрөгийг төлөх үүрэгтэй. Үүнээс 2019 оны 06 сарын 02-ны өдөр төлөлт хийж үүнээс хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нар зохих хугацаанд зээлийн төлөлтийг хийгээгүй учир, зээлдэгч нарын гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн зээлийн гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Зээлдэгчийн зээл, хүүний төлбөр 2020 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 87,811,097,12 төгрөг, зээлийн хүү 10,837,648.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,776.14 төгрөг, нийт 98,661,522,06 төгрөг байна. Харилцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 8500 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэлийн шаардлага зээлдэгч Ц, Б нартай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 2006023101 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн өр төлбөрт нийт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг гаргуулж К банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 10 сарын 09-ний өдөр К банктай байр худалдан авах гэрээг байгуулсан. Захиалагчийн гэрээг тэр өдөр мөн байгуулсан. 2016 оны 09 сарын 15-ны өдөр энэ байрыг Улсын комисс хүлээж аваад 2017 оны 09 сарын 04-ний өдөр Улсын комиссын шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгосон. Банк хүчингүй болгосон байр гэдгийг мэдсээр байж биднийг төөрөгдүүлж 1 сарын дараа үл хөдлөхийн гэрчилгээ гарна гэж хэлсэн. Ипотекийн 8 хувийн зээл таатай санагдсан. Би тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй манай нөхөр ганцаараа ажил хийдэг байсан. 89,100,000 төгрөг гэдэг маш их мөнгө. Манайх нэг хүн ажил хийдэг болох уу гэхэд болно гэсэн. Монголд байр худалдаж авахад санхүүгийн бэрхшээлтэй учирдаг, 8 хувийн ипотекийн зээлд танайх хамрагдаж болно гэж хэлэхээр нь баяртайгаар хүлээж аваад зээлээ хөөцөлдөөд, судлуулаад, 2017 оны 10 сарын 09-ний өдөр гэрээг байгуулсан. К банк анхнаасаа энэ байр улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй гэж хэлсэн бол бид нар энэ байранд орохгүй байх байсан. Улсын комисс хүлээж авсан гэж хэлсэн, гэхдээ ямар ч бичиг баримт үзүүлээгүй. 1 сарын үл хөдлөхийн гэрчилгээ гарна гэсэн гэхдээ гараагүй. Байранд ороод 1 сар өнгөрсний ар дээр Замын-Үүд зар болон манай байрныхны дундын чат фейсбүүк хаягаар Сүлд багийн нутаг дэвсгэрт баригдсан 6 давхар 155-р байр Улсын комиссын актыг хүчингүй болгосон байранд иргэдийг оруулсан гэсэн мэдээлэл явж эхэлсэн. Бид нар маш их дарамтад орсон үүнээс болж банкны эрхлэгчтэй яриад үл хөдлөхийн гэрчилгээ гарна гэсэн яасан бэ? гээд удаа дараа хэлэхэд гарна гэж хэлдэг байсан. 2017 оны 10 сарын 09-ний өдрөөс хойш сар бүр 653,000 төгрөгийг зээлийн дансанд хийсэн нэг ч өдөр хойшлуулахгүйгээр хийж байсан. 2018 онд маш эрт бороо орсон, гэтэл манайх яг гадаа байгаа юм шиг бороо ордог. Маш хүйтэн. Улсын комисс хүлээж аваагүй болохоор дулаан холбоогүй байсан. Бид нар бол маш ихээр хохирсон, банк бид нарыг хохироож залилсан гэж үзэж байгаа. 2019 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэл манайх нэг ч өдөр хойшлуулахгүйгээр төлөлтөө хийж байсан. Өвөл болоход нөхөр бид 2 байрны дээврийн цасыг малтдаг байсан, тэгж байранд амьдарна ч гэж юу байхав. Авсан бүх тавилга, гэрийн доторх зүйлс нурж унаж байсан. Ямар ч хандах хүнгүй болсон. Манай хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн учир манайх төлөлтийг хийхээ зогсоосон байгаа. Банк зээл гаргахдаа заавал барьцаа хөрөнгийг шаарддаг. Бид хоёр залуу хос байсан учир ямар ч барьцаа хөрөнгө байгаагүй. Гэтэл банкинд бид хоёрт ямар ч барьцаа хөрөнгө байхгүй яах уу гэхэд болно, энэ байрыг барьцаа болгоод ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэсэн. Тэгсэн энэ байр барьцаа хөрөнгө болоогүй байсан. Мөн 2021 он болж байхад манай үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байгаа, ядаж үл хөдлөхийн гэрчилгээ гарсан байсан бол хамаагүй, бид 2 төлж чадахгүй байлаа гэхэд зарж борлуулаад банкийг хохиролгүй болгох байсан. Ийм үндэслэлээр банкны нэхэмжлэлээс татгалзаж байгаа” гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц, Б.Б нар нь К банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа. Татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотолсон гэж үзэж байгаа. Хариуцагч нарын хүсэл сонирхлын илэрхийлэл нь байр авах байсан. Байр худалдаж авахдаа К банкны буруу ташаа мэдээллийг сонсож Сүлд багт баригдсан 65 айлын орон сууцыг Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлээр олгоно гэж зар тавьсан байхыг хараад банктай очиж уулзсан. Банк уулзаад улсын комисс хүлээж авсан удахгүй гэрчилгээ гарна 8 хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой холбогдох материалуудаа өг гэсэн шаардлагыг тавьсан. Энэ 2 хүн үнэн учраа хэлж бид 2-т урьдчилгаа өгөх мөнгө байхгүй яах вэ? гэхэд банк судлаад үзье гэсэн. Тэгээд араас нь болохоор юм байна гарна гэсэн. Гэтэл К банк Банкны тухай хууль болон банкны үйл ажиллагааны журмаа баримтлаад хатуу шаардлага тавиад зээлээ гаргасан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй. Хуулиа барьсан бол энэ хүмүүст зээл гарахгүй байх байсан. Үүнээс нь болоод энэ хүмүүс хохирчихсон байна. Банк өөрт илт давуу байдал бий болгосон, мөн Б компани охин компаниуд байгаад байгаа юм. Барилга барьсан компани нь Г, Г компани, И компани сүүлд тодорхой хэсгийг гүйцэтгэсэн байдаг. Барихдаа Г компани К банкны санхүүжилтээр зээл авч барьсан. Тэгээд Улсын комисст хүлээлгэж өгсөн боловч энэ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр энэ хүмүүсийн зээл гарахын өмнөхөн акт хүчингүй болсон. Үүнийг банк мэдэж байсан хэрнэ хүмүүст таатай нөхцөл санал болгоод байгаагийн гол учир шалтгаан гэхээр К банкны санхүүжилтээр баригдсан учир мөнгөө гаргаж авахыг тэргүүнд тавьсан. Иргэдийн эрх ашгийг нэгт тавиагүй. Үүнээсээ болоод дүрэм, журам, хууль зөрчсөн харагддаг. Ю ХХК болон хариуцагч нар 2017 оны 09 сарын 07-ны өдөр орон сууц захиалан барих тухай гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг Ю ХХК-тай байгуулж байгаа боловч энэ компани энэ барилгыг бариагүй. Энэ бас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Г, Г, И компаниуд барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Өнөөдрийг хүртэл маргаантай байгаа болох нь хавтаст хэргийн 71-90-р хуудсанд авагдсан Г ХХК-ний Замын-Үүд сумын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгч, хамтрагч техникийн болон чанарын үнэлгээтэй ашиглалтад оруулах комиссын акт, ажил гүйцэтгэх гэрээ, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, улсын байцаагчийн дүгнэлт Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, Дээд шатны шүүхийн шийдвэрүүдээр Ю ХХК бариагүй Г барьсан гэдэг нь нотлогддог. Дээрх барилга нь К банкны санхүүжилтээр баригдсан, уг барилгатай банк шууд бусаар хамааралтай. Мөн зориудаар стандартын шаардлага хангаагүй, Улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй, эрхийн доголдолтой орон сууцыг мэдсээр байж худалдан борлуулж иргэдэд илт хохиролтой зээлийн гэрээ байгуулж, давхар хууль зөрчиж, өөрийн үйл ажиллагааны журмуудаа зөрчсөн. Өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт нь хавтаст хэргийн 112-113-р хуудсанд авагдсан К банк Ю ХХК-ний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ байдаг. Мөн хавтаст хэргийн 115-122 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 11/1747 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн лавлагаа байгаа. Энэ хуулийн этгээдийн лавлагаа Улсын бүртгэлийн тоот дээр Б компани охин компаниуд нь К, Г, Ю ХХК нь мөн юм гэсэн тодорхойлолт байдаг. Хавтаст хэргийн 182-р хуудсанд авагдсан гэрч Б-н мэдүүлэг, тэр нь дээр Ю ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр уг байрыг борлуулах үйл ажиллагааг хийсэн гэсэн гэдэг. Хавтаст хэргийн 152-154-р хуудсанд авагдсан хариуцагч нарын гэрийн гэрэл зургууд байдаг. Үүнийг СИДИ бичлэгээр мөн хэрэгт хавсаргасан байгаа. Ю ХХК бол үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг, Б-н охин компани мөн энэ нь дээр Г, К банк ороод ирж байгаа юм. Тэгэхээр эд нар бүгд хоорондоо холбоотой. Дараагийн үндэслэл бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Ипотекийн зээл гэж хариуцагч нарыг төөрөгдүүлсэн. Ипотекийн зээлийн журам болон К банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамд заасны дагуу банк зээл хүссэн өргөдөл болон холбогдох материалуудаар зээлийн судалгаа хийж зээлийг эргүүлэн төлөх нөхцөл боломжтой эсэх өр авлагын харилцаа хангаж байгаа эсэхт дүн шинжилгээ хийж заавал барьцаа хөрөнгө барьцаалж зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээлийг олгодог. Мөн банкны тухай хууль болон урт нэртэй хууль дээр ч гэсэн тийм байгаа. Гэтэл тухайн үед хариуцагч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн нэг нь ажилтай мөн барьцаа хөрөнгө барьцаалах атал барьцааны гэрээ хийгээгүй. Зээлийн гэрээг хийхдээ банкны эрх бүхий хуулийн этгээд, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль, банкны тухай хууль, зээлийн журам, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, Монгол банкны Ипотекийн зээлийн журам зэргийг зөрчсөн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан журмууд болон гэрч Н-н мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс үзээд байгаа гол нөхцөл нь уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хийсэн байна гэж үзээд байгаа. Ямар хууль журам зөрчөөд байгаа юм бэ гээд аваад үзэхээр Иргэний хуулийн 451.1-т тодорхой заасан байгаа “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ“ гэж байгаа юм. Хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаанд гэж байгаа юм. Гэтэл хууль журмын дагуу зээлийг олгох байж. Гэтэл Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу банк үйл ажиллагаагаа явуулна. Энэ хуулийн 20-р зүйлийн 1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ“ гэж заасан. Өөрөөр хэлбэл зээл олгож байгаа хүнээс заавал барьцаа шаардах нь ээ. Мөн хуулийн 22-р зүйлийн 1-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ“ гэж заасан. Хуульд заавал барьцаа хөрөнгийг шаардах байж. Банк зээлийг гаргахдаа банкны барьж байсан, зээлийн үйл ажиллагааны журам гэх мэт журмууд байгаа. Журмуудыг хэрэгт хийсэн. Зээлийн үйл ажиллагааны 2.1.3-т Зээл гэж гээд “Банк нь өөрийн мөнгөн хөрөнгөө зээл хүсэгч иргэн, аж ахуй нэгжид тодорхой хугацаа, хүү, эргэж төлөгдөх барьцаа баталгаатайгаар олгох санхүүжилтийг хэлнэ“ бас л барьцаа хөрөнгө баталгаатайгаар олгох нь ээ. Энэ заалтуудаар зээлийг олгохдоо заавал барьцаа хөрөнгийг барьцаалж тодорхой хугацаанд зээлийг олгох юм байна. Гэтэл эднийх энэ журам хуулийг огт бариагүй. Энэ журмыг яривал аймар олон зүйл зөрчсөн харагдана. Мөн зээлийн гэрээг зөрчсөн байгаа. Бас л барьцаа хөрөнгө. Зээлийн гэрээний 3.10-т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор байгуулсан барьцаа, батлан даалтын гэрээ, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хувиар энэ гэрээний салшгүй хэсэг болно гээд заасан. Уг зээлийн гэрээ маань өөрөө заавал хуульд зааснаар барьцааны гэрээ хийж түүний дагуу зээлийн гэрээний нэг салшгүй хэсэг байх ёстой байтал барьцааны гэрээг огт хийгээгүй. Энэ үйлдлүүд нь К банк өөрөө ямар нэгэн санаа зорилготойгоор өөрсдөө илтэд давуу байдлаар урт хугацааны зээл гаргаж иргэдийг хохироосон үйлдлүүд харагдаад байгаа юм. Барьцаатай холбоотой заалтуудаа зээлийн гэрээндээ дурдсан байж барьцаа хөрөнгийн гэрээ хийгээгүй. Ипотекийн зээлийн гэрээний журмыг тэр чигт нь зөрчсөн. Монгол Улсын Засгийн газраас иргэдэд урт хугацаатай бага хүүтэй зээлээр орон сууцтай болгохын тулд ипотекийн зээлийн журмыг гаргасан. Урьдчилгаа 30 хувь 8 хувийн хүүтэй, дээд хэмжээ 20 жилийн хугацаатай зээл олгох журам гаргасан. Гэтэл К банк энэ журмаас давуулсан нөхцөлтэй 8 хувийн хүүтэй зээл олгоод байгаа нь хууль дүрмийг ноцтой зөрчөөд байгаагийн нэг хэлбэр. Хууль, журмаа мөрдөхгүй юм бол энэ олон дүрэм журмыг гаргаад яах юм бэ? зээлийн гэрээг өнгөц харахаар энэ хүмүүст ашигтай юм шиг харагдаад байгаа юм. Гэтэл энэ хүмүүсийн өмчлөх эрх, захиран зарцуулах эрх зөрчигдөөд байгаа юм. Барьцаа хөрөнгө барьцаалаад эднийх зээлээ гаргасан байсан бол энэ хүмүүс өнөөдөр барьцаа хөрөнгөөр хангуулъя эсвэл зараад зээлээ төлье гэх мэт асуудлууд яригдана. Явж, явж энэ мөнгө хаашаа орсон бэ? гээд шүүхэд Г гэдэг компанийн данс руу мөнгө орсон байгаа юм. Худалдах худалдан авах гэрээг хийсэн компанийн данс руу л энэ мөнгө орох ёстой шүү дээ. Энэ Г гэж компани ямар компани юм бэ? барилгыг бариагүй барилгатай ямар холбоотой юм мэдэхгүй. Банк мөнгийг энэ компанийн данс руу хийсэн. Тэгэхээр үүний цаана ямар нэгэн байдлаар банканд ашигтай байдал харагдаад байгаа юм. Г гэж ямар компани юм бэ? гээд хайгаад үзтэл Б компанийн охин компани байна лээ. Үндсэндээ Б гэдэг толгой компани охин кампаниудаар дамжуулж өөрийн алдагдлыг нөхөх ч юм уу? зээл иргэдэд гаргаад, тэр зээлийг иргэдээр төлүүлэх гээд байгаа юм болов уу гэсэн зүйл харагдаад байгаа юм. Хариуцагч нарын татгалзаад байгаа үндэслэл хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтад тулгуурлаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу үйл ажиллагааны журмыг зөрчиж хийсэн хэлцлийг хүчингүй болгож зээлд төлсөн мөнгийг буцаан гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.
Хариуцагч Б.Ц, Б.Б нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Б.Ц, Б.Б бид 2017 оны 10-р сарын эхээр К банкны зээлийн барьцаанд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулна гэсэн мэдээллийг сонсож К банктай очиж уулзсан. Тэгтэл К банкны Замын-Үүд салбарын эрхлэгч нь Замын-Үүд сумын 1-р багт баригдсан 6 давхар 65 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан удалгүй үл хөдлөхийн гэрчилгээ нь гарна. Манай банкны 100 хувийн санхүүжилтээр урьдчилгаа төлбөргүй Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авах боломжтой талаар ярьсан. Бидэнд энэ нөхцөл үнэхээр боломжийн санагдаж байрыг сонирхож үзэхэд дээврээс ус гоожсон, байдалтай хананы обой нь хууларч унасан, шавар шохой нь унасан шинэ ашиглалтанд орсон байр гэхэд хэцүү байсан. Гэтэл К банк нь энэ асуудалгүй бид сайхан дахин засвар хийгээд өгнө, таазыг сайхан янзалж өгнө. Асуудалгүй сая улсын комисс хүлээн авсан байр гэж бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Хэдий байр нь эрхийн доголдолгүй байсан боловч залуу хосууд бидэнд байр авах урьдчилгаа төлбөр байхгүй учир улсын комисс хүлээн авсан шинэ байранд Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж орно гэдэг нь таатай санагдаж 2017 оны 10 сарын эхээр банкинд материалаа бүрдүүлэн өгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны 2-р орц, 6 давхар, ... тоотод байрлах 66 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 мкв-г 1,350,000 төгрөгөөр нийт 89,100,000 төгрөгөөр 100 хувь банкны зээлээр худалдан авахаар орон сууц захиалгаар барих тухай гэрээнд гарын үсэг зурсан. 2017 оны 10-р сарын 09-ны өдөр К банктай зээлийн гэрээг байгуулсан. /Дээрх бүх үйл баримтыг К банк дээр нэг өдөр 2 гэрээнд гарын үсэг зурсан/ Эхний үед бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн зээлд хамрагдаж байртай болсон гэж хөөрцөглөн зээлийг графикийн дагуу саадгүй төлж ирсэн гэтэл дээрх байрны талаар Улсын комисс хүлээж аваагүй үл хөдлөхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гарах боломжгүй үүнтэй зэрэгцээд манай дээврээс бороо орсон үед маш ихээр дусаал гоожих болсон зэрэг уг байртай холбоотой олон доголдол ил гарч эхэлсэн учир зээлийн төлөлтийг хийгээгүй.
1.К банкны Замын-Үүд салбар нь тухайн байрыг Улсын комисс хүлээн аваагүй, авсан хэдий боловч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09-р сарын 04-ны өдрийн ... тоот шийдвэрээр Дорноговь аймгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09-р сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан энэ талаар мэдэж байсан атал зориуд биднийг төөрөгдүүлж чанарын шаардлага хангахгүй эрхийн доголдолтой байрыг худалдан зээл гаргаж биднийг хохироосон.
2. Ипотекийн зээлийн журам болон Капитал банкны зээлийн үйл ажиллагааны Ерөнхий журамд заасны дагуу банк нь зээл хүссэн иргэдийн өргөдөл болон холбогдох материалыг хүлээн авч, зээлийн судалгааг хийн зээлээ эргүүлэн төлөх нөхцөл боломжтой эсэх, өр орлогын харьцаа хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, заавал барьцаа хөрөнгө барьцаалж байж зээлийг олгодог. Гэтэл тухайн үед бид эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн тогтмол орлогогүй, мөн дээрх байрыг барьцаа хөрөнгөөр бүртгэх атал бидэнтэй барьцааны гэрээ хийгээгүй. Гэтэл Зээлийн гэрээний 3.10-т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор байгуулсан барьцаа /батлан даалт, баталгаа/-ны гэрээ, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь /гэрээний хавсралт 1/ нь энэ гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан. Мөн гэрээний 4.1.3, 4.1.4, 4.2.11, 4.2.12, 4.2.14, 5.1.5, 5.2.6, 5.2.7, 7.2.3, 7.2.4, 8.3.8 зэрэг заалтуудад барьцаа хөрөнгөтэй холбоотой зориулалт оруулсан атлаа банк нь зориуд өөртөө давуу байдлыг бий болгох үүднээс иргэд биднийг төөрөгдүүлж оруулж Ипотекийн зээлийн журам, Капитал банкны зээлийн үйл ажиллагааны Ерөнхий журам зэргийг зөрчин зээлийн гэрээ байгуулсан.
3.Э.А-н өмчлөлийн газарт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг К банкны санхүүжилтээр захиалагч байгууллагаар Г ХХК, гүйцэтгэгчээр Г ХХК, И ХХК-иуд нь барилга угсралтын ажлыг хийсэн байх ба 2017 оны 09-р сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгаар барих тухай гэрээний нэг тал болох Ю ХХК нь дээрх барилгатай огт хамааралгүй компани байхад уг компанитай гэрээг хийлгэсэн. К банк нь өөрийн компаний санхүүжилтээр барьсан стандартийн шаардлага хангаагүй, улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй эрхийн доголдолтой орон сууцыг бидэнд зориудаар мэдсээр байж өөртөө давуу байдал бий болгон худалдсан байна. Бидэнтэй илтэд хохиролтойгоор Барьцаа хөрөнгө барьцаалахгүй, зээлийн гэрээг байгуулж, зээл олгосон гэх 89,100,00 төгрөгийг буцаан өөрийн банкинд төвлөрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Иймд 2017 оны 10-р сарын 09-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.9-д зааснаар банк нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд тооцож, зээлийн төлбөрт төлсөн 11,756,048 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Түрүүний тайлбарласан тайлбар маань сөрөг нэхэмжлэлтэй давхацсан байгаа. Тэгэхээр товч ярья. Банкны тухай хууль болон банкны үйл ажиллагаандаа мөрдөх журмууд, мөн Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиудыг зөрчсөн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар 2017 оны 10 сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлд төлсөн 11,756,048 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа” гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2017 оны 10 сарын 09-ний өдөр Б.Ц, Б.Б нар нь зээл авах хүсэл зорилгоо илэрхийлснээр зээлийн гэрээ байгуулагдаж 89,100,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар олгосон. Банк гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж Б.Ц-н ... харилцах дансанд 89,100,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцыг 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 26/2016 дугаартай тоотоор улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Барилгын гүйцэтгэгчээр ажилласан Г ХХК нь барилгын баталгаа гаргаагүй байхад Улсын комисс хүлээн авсан гэх шалтгаанаар барилгыг ашиглалтад оруулсан Улсын комиссын актыг хүчингүй болгож өнөөдрийн хурал маргаантай байдаг. Тухайн үед банк зээлдэгч нарын хүсэлтийг хүлээн авч судалгаа хийж шаардлагатай бичиг баримтуудыг цуглуулан зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн зээл олгох хүсэлтийг шийдвэрлэсэн байгаа. Хариуцагч нар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж зээлд төлсөн 11,756,048 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа хэрнээ 2017 оны 10 сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээл зээлийн үндсэн хүүнээс тус тус төлөлт хийж байсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж байна. Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Б.Ц, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98,661,522.06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагч нар нь 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцууж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч К банк нь зээлдэгч Б.Ц, Б.Б нартай 2017 оны 10-р сарын 09-ны өдөр 2006/023190 дугаартай, зээлийн гэрээг байгуулан 89,100,000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 2047 оны 10 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл хугацаагаар төлөх нөхцөлтэйгээр зээл авч, банк хариуцагч нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн 89,100,000 төгрөгийг хариуцагч Б.Ц-н К банкин дахь ... тоот харилцах дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, зээлдэгч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,288,902.88 төгрөг, зээлийн хүү 10,467,121.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,46 төгрөгийг тус тус төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 87,811,097.12 төгрөг, зээлийн үндсэн хүүний төлбөрт 10,835,648.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 14,776.14 төгрөг, нийт 98,661,522.06 төгрөгийг төлөөгүй болох нь нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч тал хууль буюу гэрээнд зааснаар зээлийн үндсэн төлбөр, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй ба хариуцагч тал нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээний 8.3-д “Дараах нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж хохирлыг шаардана”... 8.3.2-т “зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” гэж заасны дагуу Капитал банк гэрээг цуцлах эрхтэй гэж үзнэ.
Зээлдэгч Б.Ц, Б.Б нар нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.5-т “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлж барагдуулах” гэж заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх атал үндсэн зээлд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 56,090.64 төгрөгийг төлж үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгээгүй. Мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 597,015.42 төгрөгийг төлж, мөн өдрөөс хойш төлөлт хийгээгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний 8.3, 8.3.2 дахь заалтуудыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн хуулийн заалтаар нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар болон тэдний өмгөөлөгч нар тухайн үед К банкны зээлийн барьцаанд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулна гэсэн мэдээллийг сонсож К банктай очиж уулзсан. Тэгтэл К банкны Замын-Үүд салбарын эрхлэгч нь Замын-Үүд сумын 1-р багт баригдсан 6 давхар 65 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан удахгүй үл хөдлөхийн гэрчилгээ нь гарна. Манай банкны 100 хувийн санхүүжилтээр урьдчилгаа төлбөргүй Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авах боломжтой талаар ярьсан. Бидэнд энэ нөхцөл үнэхээр боломжийн санагдаж байрыг сонирхож үзэхэд дээврээс борооны ус гоожсон байдалтай хананы обой нь хуйларсан, шавар шохой нь унасан шинэ гэхэд хэцүү байр байсан. Гэтэл К банк нь энэ асуудалгүй, бид дахин засвар хийгээд өгнө таазыг сайхан янзалж өгнө. Асуудалгүй, сая улсын комисс хүлээж авсан байр гэж бидэнд итгэл найдвар төрүүлсэн. К банк анхнаасаа энэ байр улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй гэж хэлсэн бол бид нар энэ байранд орохгүй байх байсан. “Ю ХХК нь К банкны охин компани бөгөөд бидэнд зориудаар стандартийн шаардлага хангаагүй, улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээгүй, гарах боломжгүй, эрхийн доголдолтой орон сууцыг мэдсээр байж худалдан өөртөө давуу байдлыг бий болгосон” Ийм учир зээлийг хариуцах үүрэггүй гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч нарын орон сууц худалдах, худалдан авах гэрээг К банктай байгуулсан гэх мэтгэлцээн нь хавтаст хэргийн 91-93-р хуудсанд авагдсан 2017 оны 09 сарын 07-ны өдрийн Ю ХХК, хариуцагч Б.Ц нарын хооронд байгуулагдсан “орон сууц захиалгаар барих тухай” гэрээгээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл К банк, хариуцагч нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй болох нь нотлогдож байна.
Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 11/10747 тоот албан бичигт Б ХХК-ийн охин компаниар К банк, К банкны охин компаниар Г ХХК тус тус бүртгэлтэй байна гэжээ.
Үүнээс үзэхэд Ю ХХК нь К банкны охин компани биш болох нь нотлогдож байгаа бөгөөд К банк, Ю ХХК хоёрын хооронд 2018 оны 10 сарын 23-ны өдөр “хамтран ажиллах гэрээ” байгуулж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 155 дугаар байр хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулахаар гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нарыг Ю ХХК-тай “орон сууц захиалгаар барих тухай” гэрээ байгуулсаны нэг жилийн дараа дээрх хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.
Дээрх компаниуд нь хоорондоо хараат болон охин компани байлаа ч Компаний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж заажээ.
Мөн К банкны Замын-Үүд салбарын эрхлэгч нь Замын-Үүд сумын 1-р багт баригдсан 6 давхар 65 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан удахгүй үл хөдлөхийн гэрчилгээ нь гарна гэж итгүүлсэн гэх боловч хариуцагч тал нь энэ тайлбар, татгалзалаа нотолж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар К банк нь хариуцагч нарын худалдан авсан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх талаар ямар нэгэн гэрээ, хэлцлээр хийх үүрэг хүлээгээгүй байна.
Иймд хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бүх татгалзалаа нотолж чадаагүй гэж үзсэн болно.
Мөн К банкны охин компани зориудаар стандартын шаардлага хангаагүй, улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй эрхийн доголдолтой, дээврээс дусаал гоождог орон сууцыг мэдсээр байж бидэнд худалдан өөртөө давуу байдлыг бий болгосон гэж маргаж байгаа. Гэтэл хариуцагч нар нь тухайн үед орон сууцыг худалдан авахдаа өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй, байрны дээврээс борооны дусаал гоождог зэрэг эд хөрөнгийн доголдлыг мэдэж байсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас үзэхэд хариуцагч нар нь орон сууц худалдан авах гэрээ байгуулсаны дараа тухайн үед эд хөрөнгийн доголдлоо арилгуулах талаар гомдол гаргах эрхтэй байжээ.
2017 оны 09 сарын 07-ны өдрийн Ю ХХК, хариуцагч Б.Ц нарын хооронд байгуулагдсан “орон сууц захиалгаар барих тухай” гэрээнээс үүссэн “зориудаар стандартийн шаардлага хангаагүй, улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээгүй, гарах боломжгүй, эрхийн доголдолтой орон сууцыг мэдсээр байж худалдан өөртөө давуу байдлыг бий болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх татгалзлал нь хариуцагч нарын Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иймд К банкны Замын-Үүд салбарын Б.Ц, Б.Б нартай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 87,811,097.12 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 10,835,648.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 14,776.14 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 98,661,522.06 төгрөг мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2-т “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн ...гарсан ...нотариатын үйлчилгээний хураамж... бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлнө” гэж заасан байх тул нотариатын зардал 8,500 төгрөг нийт 98,670,022.06 төгрөгийг гаргуулан К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Хариуцагч нар нь 2017 оны 10-р сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11,756.048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарсныг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зээлийн гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тул хүчин төгөлдөр гэрээ гэж маргасан болно.
Хариуцагч нарын өмгөөлөгч зээлийн гэрээг байгуулахдаа Банкны тухай хууль болон банкны үйл ажиллагаандаа мөрдөх журмууд, мөн Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиудыг зөрчсөн. Зээлийн гэрээ өөрөө заавал хуульд зааснаар барьцааны гэрээ хийж түүний дагуу зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг байх ёстой байтал барьцааны гэрээг огт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацааг хэт удаан хугацаагаар хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар 2017 оны 10 сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь К банк нь 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 2006/023190 дугаартай “Зээлийн гэрээ”-г хариуцагч нартай байгуулахдаа хариуцагч нарын хүсэл зоригын илэрхийллийг илэрхийлж харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч нарын зээл авах хүсэл зоригийн илэрхийллийг банк хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Түүнчлэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “...хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч нар болон банкны төлөөлөгч гарын үсэг зурж зээлийн гэрээг баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заажээ.
Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон К банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 606 тоот тушаалаар баталсан “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”-д орон сууц худалдан авахад зориулсан зээлийн гэрээ нь заавал барьцаатай байх талаар зохицуулаагүй байна. Мөн зээлийн гэрээний хугацааны талаар гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байхаар зохицуулсан байна. Иймд К банкнаас хариуцагч нарт олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 2006/023190 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т заасан хуулийн шаардлагыг талууд хангасан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээг байгуулсан, түүнчлэн гэрээний дагуу банк хариуцагч Б.Ц-н К банкин дахь ... тоот харилцах дансанд 89,100,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрт 1,288,902.88 төгрөг, зээлийн хүүнд 10,467,121.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,46 төгрөг тус тус төлж байсан зэрэг үйл баримт хэрэгт цугласан баримтууд болон шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбаруудаар тогтоогддог.
Хариуцагч нарын өмгөөлөгч нь уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай маргасан боловч банк, зээлдэгч нар нь өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллээр зээлийн гэрээ хийсэн байдаг учраас К банкийг үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангалттай нотолж чадаагүй гэж үзэх тул хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамж 651,258 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Ц, Б.Б нараас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдлаар нь улсын тэмдэгтийн хураамж 651,258 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-т зааснаар Улсын тэмдэгтийн хураамжинд 203,047 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар К банк ХХК-ны Замын-Үүд салбарын Б.Ц, Б.Б нартай байгуулсан 2017 оны 10 сарын 09-ны өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Ц, Б.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 87,811,097.12 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 10,835,648.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 14,776.14 төгрөг, нийт 98,661,522.06 төгрөг, нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулан К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хариуцагч Б.Ц, Б.Б нарын гаргасан К банктай 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан 2006/023190 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11,756,048 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж 651,258 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Ц, Б.Б нараас 651,258 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид 203,047 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Хариуцагч Б.Ц, Б.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт нотлох баримтаар ирсэн 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц