Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0570

 

 

  

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х*********” ТББ

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б*********, түүний өмгөөлөгч Г.Д*********,

Хариуцагч: Б********* яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.И*********,

Маргааны төрөл: Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл өгөөгүй нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч “Х*********” ТББ-аас Б********* сайдад холбогдуулан гаргасан “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт газар олгох үйл явцтай холбоотой мэдээлэл өгөхөөс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй компани, жуулчны бааз, гэр буудлуудын жагсаалт буюу /компанийн нэр,  эзэн, жуулчны баазын нэр, эзэн, ашиглах газрын хэмжээ, зөвшөөрөл өгсөн он, гэрчилгээний дугаар, газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр, огноо, дугаар, зөвшөөрөл авсан газрын нэр, байршил, солбицол, кадастрын зураг, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан хяналт, шалгалтын дүн, дүгнэлтүүд/ зэрэг мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгохыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах үйл явцтай холбоотой мэдээллийг өгөхөөс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй компани, жуулчны бааз, гэр буудлуудын жагсаалт буюу /компанийн нэр,  эзэн, жуулчны баазын нэр, эзэн, ашиглах газрын хэмжээ, зөвшөөрөл өгсөн он, гэрчилгээний дугаар, газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр, огноо, дугаар, зөвшөөрөл авсан газрын нэр, байршил, солбицол, кадастрын зураг, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан хяналт, шалгалтын дүн, дүгнэлтүүд/ зэрэг мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгохыг хариуцагчид даалгуулах” тухай гэж тодруулжээ.

2.  Нэхэмжлэгч “Х*********” ТББ-аас 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдээлэл хүсэх тухай” 19/40 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад “... Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан компани, жуулчны бааз, гэр буудлуудын жагсаалт, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан хяналт шалгалтын дүн, дүгнэлтүүд /2016-2019/”-ийг гаргуулахаар хандсан.

3. Улмаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдлын хариу шаардах тухай” 20/02 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.

4.  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10/2262 дугаар албан бичгээр “...Танай  байгууллагын хүссэн газар ашиглах зөвшөөрөлтэй компанийн нэр, эзэн, жуулчны баазын нэр, эзэн, ашиглаж байгаа газрын хэмжээ, гэрчилгээний дугаар, /одоогийн нэрээр/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, шийдвэрийн дугаар огноо, зөвшөөрөл авсан газрын нэр, байршил, солбицол, кадастрын зураг зэрэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг гаргаж өгөх боломжгүй ...” гэх хариуг нэхэмжлэгч “Х*********” ТББ-д өгчээ.

5. Нэхэмжлэгч “Х*********” ТББ шүүхэд бичгээр гаргасан  нэхэмжлэлийн үндэслэлээ:

“Х*********” ТББ нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэдийн оролцоотойгоор Хөвсгөл нуурын ай сав газрын унаган төрхийг хэвээр хадгалж, нутггийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд  амьдрах эрхийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Сүүлийн 30-аад жилийн дотор Хөвсгөл нуурын эргийн дагуу төлөвлөлтгүй даацыг нь харгалзалгүйгээр газрын зөвшөөрлийг хууль тогтоомж, стандарт шаардлага зөрчин хавтгайруулан олгосноор жуулчны бааз, гэр буудлууд нэг дор хэт олноор төвлөрч байгуулагдсантай холбогдон, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар унаган төрхөө алдах аюулд учраад байна. Эдгээр жуулчны баазууд Усны тухай хуулийг зөрчиж энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаагаас үүссэн хатуу хог хаягдал, бохир ус нь Хөвсгөл нуурын усны чанарт муугаар нөлөөлж, жуулчны улиралд ачаалал ихтэй зарим газарт усны бохирдол стандарт шаардлагаас давж эхэллээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хог хаягдлын зохион байгуулалттай менежментийн тогтолцоо байхгүй. Ариун цэврийн байгууламжууд нь гол төлөв доторлоогүй нүхэн бие засах газрууд бөгөөд бохир ус хөрс болон нууранд нэвчин орсоор байна.

Хөвсгөл нуурын баруун болон зүүн эрэг дагуу эртнээс малчин иргэд малаа маллан амьдарч, нуурын усаар хүн мал ундаалж ирсэн уламжлалтай. Гэтэл нутгийн малчин иргэдийн ундны усны, малын бэлчээр оршин суугаа газрын эрхэд эрх мэдэлтнүүд, эд хөрөнгөтэй компаниуд хууль бусаар халдаж, тэд амьжиргааны уламжлалт эх үүсвэр, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх хамгийн үнэ цэнэ бүхий өвөлжөө, хаваржаа, зуслангийн газраа алдсаар байна.

Үүний үр дагаварт тусгай хамгаалалттай газар нутгийн 20-хон хувь буюу 189 мянган га газар хамгаалалтын бүсэд малаа маллах боломжтой малчид бэлчээргүй болж, ундны усаа нуураас авах, малаа нууранд оруулан усалж чадахгүйд хүрч, нүүж суух газаргүй хавчигдан шахагдаж эхэллээ. Тухайлбал, гэр буудал, жуулчны бааз нь малчдын өвөлжөө, хаваржаанаас 500 метрээс гадагш зайд байрлах стандартын шаардлага зөрчигдөж 40 гаруй жуулчны бааз, гэр буудал малчдын өвөлжөө, хаваржааны дэргэд байрлаж, малчдыг малтай нь шахаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яам нь 2017 оны байдлаар Хөвсгөл нуурын хязгаарлалтын бүс буюу Хатгал, Жанхай, Ханх хавийн газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр нийт 117 компани болон хувь хүнд тусгай зөвшөөрөл олгожээ. Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас гаргасан жагсаалтаас харахад 2002 оны үед газар олголт жилд 6-7-оос хэтэрдэггүй байсан бол 2014 оноос эрс нэмэгджээ. Засаг солигдох бүрт сайд нар нь шинэчлэгдэн 8 сараас 4 жил хүртэл хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын яамыг удирдахдаа замбараагүй газар олгож, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын даацыг хэтрүүлжээ. Одоогоос 4-5 жилийн өмнө Геоэкологийн хүрээлэнгээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны захиалгаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт судалгаа хийж, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой 70462 га талбайд 50 орчим жуулчны бааз  байрших даацтайг тогтоож байжээ. Гэтэл өнөөдөр зөвхөн Жанхай орчимд 34 жуулчны бааз, 40 гэр буудал аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллага нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хатгал тосгоны захиргаа, Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хуралтай хамтран Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт газар олгох үйл явцыг иргэдийн оролцоотой, ил, тод, нээлттэй болгох зорилгоор 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хөвсгөлийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг бичгээр гаргуулж авах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С*********-т гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсаар байна. Түүний энэхүү хууль бус үйлдлийг эс зөвшөөрч Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Ц*********-д удаа дараа хандсан боловч Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С*********-ын гарын үсэгтэй татгалзсан хариу ирсэн учраас шүүхэд хандаж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-ийн 12-т “...тусгай хамгаалалттай газар нутаг...”-ийн мэдээлэл улсын мэдээллийн санд байхаар зохицуулсан байдаг. Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “...хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн сан олон нийтэд нээлттэй байна...” гэж хуульчилсан байдаг.

Гэтэл Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С********* 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу тайлбар хүргүүлэх тухай” гэсэн тоотоор “...Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан үндэслэлээр ...танай байгууллагын хүссэн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй...” гэсэн хариу өгснийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д иргэн, байгууллага нь “...төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй...” гэж заасан байдаг. Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан /11.1, 14.1, 14.4, 14.7, 14.8 дахь заалтууд/ иргэн, байгууллагын эрхийг зөрчиж байна.

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй компани, жуулчны бааз, гэр буудлуудын жагсаалт буюу /компанийн нэр,  эзэн, жуулчны баазын нэр, эзэн, ашиглах газрын хэмжээ, зөвшөөрөл өгсөн он, гэрчилгээний дугаар, газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр, огноо, дугаар, зөвшөөрөл авсан газрын нэр, байршил, солбицол, кадастрын зураг, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан хяналт, шалгалтын дүн, дүгнэлтүүд/ зэрэг мэдээллийг хуулиар нууцлаагүй тул иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой.

Манай байгууллагын зүгээс хариуцагчаас дээр дурдсан мэдээллийг ил болгохыг хүссэн нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт амьдарч байгаа иргэдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой юм.

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт амьдарч байгаа иргэд өөрсдийн өвөлжөө, хаваржааныхаа эзэмшил газарт ажиллаж, амьдрах боломжгүйд хүрч /тухайлбал эзэмшил газраа огт мэдэхгүйгээр бусдын эзэмшил, ашиглалтад алдах, өөрийн эзэмшилд байгаа хэдий ч уг газрыг тойруулан  хашаа, хайс, хийснээс өөрийн эзэмшлийн газартаа очих, амьдрах эрхгүй байх зэрэг/ иргэдийн хууль ёсны эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа учраас хариуцагчаас шаардаж байгаа мэдээллийг олон нийтэд ил тод болгох шаардлага байсаар байна. Мөн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тухайн бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон тухай мэдээлэл нутгийн уугуул иргэдийн хувьд хаалттай байсаар байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.4-д “...холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах...” эрхтэй байхаар, 5 дугаар зүйлийн 5.2.4-д “...байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх...”-аар хуульчилсан.

Эдгээр зохицуулалтын үндсэн дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “...байгаль орчны тухай мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах биологийн болон генетикийн нөөцийг тогтвортой ашиглахад чиглэгдсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагыг хэрэглэснээр гарах үр ашгийг тэгш, шударгаар ашиглах явдлыг дэмжих...” үүргийг Байгаль орчны яаманд хариуцуулсан байдаг. Гэтэл холбогдох хууль тогтоомжоор олон нийтэд ил байх ёстой мэдээллийг нийтэд мэдээлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна.

Иймд “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах  үйл явцтай холбоотой мэдээллийг өгөхөөс татгалзсан Байгаль орчин, аялал  жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй компани, жуулчны бааз, гэр буудлуудын жагсаалт буюу /компанийн нэр,  эзэн, жуулчны баазын нэр, эзэн, ашиглах газрын хэмжээ, зөвшөөрөл өгсөн он, гэрчилгээний дугаар, газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр, огноо, дугаар, зөвшөөрөл авсан газрын нэр, байршил, солбицол, кадастрын зураг, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан хяналт, шалгалтын дүн, дүгнэлтүүд/ зэрэг мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгохыг хариуцагчид даалгуулж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тухайн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа нөлөөллийг нууцалж болохгүй гэж заасан байдаг. Бидний хүсэж буй мэдээлэл Байгууллагын нууцын тухай хуульд зааснаар нууцалж болохгүй мэдээлэл байсан гэж үзэж байна. Хуулийн энэ заалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар зөрчсөн гэж үздэг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл улсын мэдээллийн санд байхаар зохицуулсан. Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн санд мэдээлэл нээлттэй байна гэж мөн заасан байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулна гэж үүрэг болгосон. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчны мэдээллийн төв байх бөгөөд уг төв нь улсын мэдээллийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн үйлчилгээний байгууллага байна гэж хуульчилсан. Тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д энэ хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдөр улсын мэдээллийн санд мэдээллийг төвлөрүүлнэ гэж нарийн зааж өгсөн.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 85 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газарт олгосон газар нутгийн ашиглалтын талаарх тайлан, мэдээ, ашиглаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хуулийн этгээдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл, гэрээний дугаар хугацаа зэрэг мэдээллийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэргэдэх байгаль орчны мэдээллийн санд байршуулахыг тодорхой заасан байдаг. Уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар Байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам”-ын 2.6-д энэ үүргийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан мэдээллийг интернетийн орчинд ашиглах боломжтой вэб хэлбэрээр сангийн бүрдүүлэлтийг тогтмол хөгжүүлнэ гэж заасан. Байгаль орчны мэдээллийн сангийн их дэлгэрэнгүй жагсаалтын 12.3-д тусгай хамгаалалттай газар нутгийн нутаг ашиглалтын талаарх тайлан мэдээ, 12.5-д аялал жуулчлал эрхлэгчдийн тоо, ажлын үзүүлэлт, 12.9-д тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах газар ашиглан үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл, гэрээний дугаар хугацаа, 12.10-д тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийн тоо мэдээ зэргийг Байгаль орчин аялал жуулчлалын яам улсын мэдээллийн санд жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төвлөрүүлэх үүргийг хуулиар хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нарыг оролцуулан хийсэн шүүхийн үзлэгээр дээрх мэдээллүүдийг Байгаль орчин аялал жуулчлалын яам хууль журамд заасны дагуу мэдээллийн санд байршуулаагүй болох нь нотлогдсон.

Захиргааны хэрэг үүсгэсэн нь нэхэмжлэгч эрхтэй гэдгээр хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн байна гэж ойлгодог. Хэний, ямар нийтийн эрх ашиг сонирхол байна вэ гэдэг асуудал байдаг. Хөвсгөл нуурын эргэн тойронд олон жил амьдарсан малчин иргэдийн эрх ашиг сонирхол байдаг. Манай төрийн бус байгууллага энэ иргэдийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тэдгээр иргэдийн санаачилгаар байгуулагдсан гишүүнчлэлтэй Хөвсгөл нуурын байгаль орчин болоод эргэн тойронд амьдардаг нутгийн иргэдийн эрхийг хамгаалдаг, гишүүдийн эрх зөрчигдсөн учраас нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Манай төрийн бус байгууллага нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Хамгийн багадаа гэхэд манай төрийн бус байгууллагын гишүүд, гишүүн биш ч гэсэн Хөвсгөл нуурын газар нутагт үе үеийн амьдарч ирсэн малчдын, Монголчуудын цэвэр усны эрхийн асуудал хөндөгдөж байна.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“1/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, эрх бүхий этгээд” гэж хуулиар олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-д заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” ойлгоно гэж, 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалтад “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх  эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна.” гээд 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх,”, 18.3.2-т “Дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заасан байна. Гэтэл “Х*********” ТББ нь дараах үндэслэлээр мөн хуулийн 18.3-д заасан шаардлагыг тус тус хангаагүй байна.

    1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь “нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд хандах эрхтэй” болохоо нотлох үүрэгтэй. Үүний нэг шалгуур нь дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг. Гэтэл тус төрийн бус байгууллага нь шүүхэд “2017 он болон 2019 оны үйл ажиллагааны тайлан” гэсэн гарчиг бүхий тамга, тэмдэг, гарын үсэггүй баримтыг ирүүлсэн байх бөгөөд 2018 оны тайланг өгөөгүй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор Татварын албанд өгнө.”, 23.2-т “Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаандаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараах асуудлыг тусгана: 1/ төрийн бус байгууллагын хаяг: 2/ үйл ажиллагааны тухай товч мэдээлэл, 3/ жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар: а/хандивын: б/дүрмийн зорилгоор хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны: в/өвлүүлсэн эд хөрөнгө: 4/ 700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт: 5/ удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг” гэж тус тус заасан байдаг.

Гэтэл “Х*********” ТББ-ын ирүүлсэн үйл ажиллагааны тайлан гэх баримтад 2018 оны тайлан байхгүй, 2017 оны тайлан Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23.2-т заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд эдгээр тайлангуудыг хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагад болон татварын байгууллагад хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь тус байгууллагыг сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн шүүхээс ямар үндэслэлээр тус байгууллагыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн талаар буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийгээгүй байна.

2/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлийг тодорхойлсон бөгөөд 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.5 дахь хэсэгт “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй”, гэдгийг тодорхойлсон байх шаардлагатай байна. Гэтэл “Х*********” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн үндэслэлд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй талаар тодорхой дурдаагүйн дээр энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хэний ямар зөрчигдсөн ашиг сонирхол нь хэрхэн сэргээгдэх, хангагдах нь тодорхойгүй байна.

Түүнчлэн тус төрийн бус байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа нийтийн зөрчигдсөн ашиг сонирхлыг сэргээлгэхтэй холбоогүй байх бөгөөд хувийн ашиг сонирхлын үүднээс зөвхөн тухайн байгууллага хүссэн мэдээллээ гаргуулан авах субьектив эрхийн хүрээнд гаргасан байна.  

Иймд “Х*********” ТББ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дахь хэсэгт заасанчлан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргахад зайлшгүй хангасан байх  шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага нь нийтийн ашиг сонирхлыг  сэргээлгэхтэй холбоогүй бөгөөд мөн хуулийн 52.2.4, 52.2.5 дахь хэсэгт заасанчлан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... “Х*********” ТББ-д өгсөн хариуг татгалзал гэж үзэхгүй байна. Тухайн цогцолборт газарт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөлтэйгээр тухайн мэдээллийг гаргаж өгч болно гэх хариуг өгсөн. Энэ нь татгалзал биш байсан бөгөөд шууд гаргаж өгөхгүй гэсэн үйлдэл байгаагүй. Хөвсгөл далайн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг мэдээллийг нууцалсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар нууцалж болохгүй мэдээлэл хамаарч байна гэх тайлбарыг өгч байна. Ерөнхийдөө нууцалж болохгүй мэдээлэлд тухайн байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаа, тухайн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд үүсэх хор хөнөөлийн талаарх мэдээллийг нууцалж болохгүй гэж заасан байдаг. Энэ нь үүнд хамаарахгүй.

Тухайн төрийн бус байгууллагаас анх гаргаж байсан хүсэлт нь манай байгууллага нээлттэй нийгэм, хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хуралтай хамтран холбогдох хууль тогтоомжийг хэрэгжилтэд хяналт тавьж, сайжруулах замаар Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт газар олгох үйл явцыг иргэдийн оролцоотой ил тод нээлттэй байлгахад хувь нэмрээ оруулах зорилготой төсөл хэрэгжүүлж байна гэсэн байдаг. Төслийн хүрээнд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт газар олгох үйл явцтай холбоотой дараах мэдээллийг бидэнд бичгээр гаргаж өгнө үү гэсэн байдаг. Үүнд дээр дурдсан шиг компанийн нэр, газрын хэмжээ, газрын зөвшөөрөл, гэрчилгээ, сайдын шийдвэрийн дугаар, газрын байршил солбицол зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгөхийг хүссэн байдаг. Анх гаргасан хүсэлт нь мэдээллийг ил тод байлгах тухай байгаагүй. Дүрмийнхээ зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа буюу хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэ мэдээллийг авмаар байна гэж хүсэлтийг гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ил тод байлгаарай гэж гарсан.

Еgazar.gov.mn сайтад байгаа тусгай хамгаалалттай газрын хэсэг гэх мэдээллийг яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн тогтмол оруулдаг. Ил тод байлгах үүргээ байнга хэрэгжүүлж байна. Мөн өнөөдрийн байдлаар мэдээлэл ил тод байна гэж үзэж байна. Еgazar.gov.mn сайт нь Монгол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа албан ёсны газрын нэгдсэн мэдээллийн цахим сан. Үүнийг албан ёсны биш, eic.mn сайтад оруулсан мэдээллийг албан ёсны гэж үзэх үндэслэл байхгүй.

Еic.mn сайтад Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 85 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын дагуу байгаль орчны мэдээллийн сангийн эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалт гэж байдаг. Энэ жагсаалтын дагуу Монгол улсын зөвхөн тусгай хамгаалалттай газар биш, газрын нэгдмэл сангийн ангилалд багтдаг бүх газар, ой, ус, амьтан, ургамал, байгаль орчны нөлөөлөл, мониторинг, байгаль орчны салбарт ажиллаж байгаа зээл болон буцалтгүй тусламж үзүүлж буй олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр зэрэг маш их мэдээлэл байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага энэ мэдээллийг ил тод болго гэсэн шаардлага байна. Еic.mn эсвэл egazar.gov.mn сайтад оруулна гэсэн зохицуулалт байхгүй. Мэдээлэл ил тод байна гэж байгаа. Мэдээллийн цахим нэгдмэл сан буюу egazar.gov.mn сайтад оруулах үүргээ хэрэгжүүлээд явж байна. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар тэр мэдээллийг эрхэлж оруулдаггүй. Чиг үүргээрээ хариуцсан байгууллагууд нь өөрсдөө мэдээллээ оруулаад нийтэд ил тод байлгах чиг үүргээ хэрэгжүүлж байна.

Мэдээллийг ил тод болгох, мэдээллийг гаргуулах гэх хоёр өөр зүйлийг нэхэмжлэгч ялгаж салгахгүй байх шиг байна. Аж ахуйн нэгжийн нууц учраас бид ил тод болгохгүй гэсэн хариуг өгөөгүй. Egazar.gov.mn 2018 оноос ашиглалтад ороод явж байсан. Гол нь гаргаж өгөхдөө тухайн аж ахуйн нэгжийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу өгнө гэж байгаа юм. Үүнийг ялгаж салгах ёстой байх. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулиар ч гэсэн нээлттэй мэдээллийг бусдад гаргаж өгөхдөө мэдээллийн эзнээс заавал зөвшөөрөл авдаг болсон. Мэдээлэл гаргаж өгөх, ил тод болгох гэж хоёр өөр асуудал байгааг хэлмээр байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгч нь иргэдийн оролцоотойгоор Хөвсгөл нуурын ай сав газрын унаган төрхийг хэвээр хадгалж, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй очинд амьдрах эрхийг хамгаалах зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байх бөгөөд дээрх зорилгынхоо хүрээнд Байгаль орчин аялал жуучлалын яамнаас Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах үйл явцтай холбоотой мэдээлэл гаргуулахыг хүсэж бичгээр хандсан байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан гэх боловч хариуцагчийн мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзсан нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай (2011 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.”Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна:”, 3.1.5.”төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага;” 11 дүгээр зүйлийн 11.1.”Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй:”, 11.1.1.”тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээлэл;”, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.”Нээлттэй мэдээлэл авах бол хүсэлтийг амаар болон бичгээр, хязгаарлалттай мэдээлэл авах бол хүсэлтийг бичгээр гаргана.” гэж заасан нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн эсэхтэй холбоотой буюу субьектив эрхтэй холбоотой нэхэмжлэлийн төрөл гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэв.

  1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай (2011 оны) хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.”Мэдээллийн ил тод байдал дараах төрөлтэй байна:”, 6.1.1.”үйл ажиллагааны ил тод байдал;”, 7 дугаар зүйлийн 7.1.”Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:”, 7.1.8.”тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;”, 14 дүгээр зүйлийн 14.1.”Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй.”, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.”Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана.”, 8.6.”Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5-д зааснаас гадна өөрийн эрхлэх асуудлын хүрээний дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:”, 8.6.12.”тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал;”, 8.7.”Энэ хуулийн … 8.6.9, 8.6.12-т заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, … хариуцан нээлттэй, ил тод байлгана.” гэж заажээ.

Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10/2262 дугаар албан бичгээр Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай (2011 оны)  хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.5, Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.2, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзсан нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн гаргуулахыг хүссэн мэдээллийг ямар үндэслэлээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой үндэслэл байгаа гэж үзсэн болон аль байгууллага хэзээ ямар шийдвэрээр нууцалсан мэдээлэл болохыг хариу албан бичигтээ дурдаагүй байна.

Мөн дээр дурдсан хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх улмаар нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг өгөх үүрэгтэй бөгөөд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хүчингүй болж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдлын мэдээллийг ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй болжээ. 

Дээрхээс үзвэл хариуцагч нь хуулиар хориглоогүй мэдээллийг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй байхад хууль бус үндэслэлээр мэдээлэл өгөхөөс татгалзсан байх тул Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт газар олгох үйл явцтай холбоотой мэдээлэл өгөхөөс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

3. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бүх мэдээллийг буюу Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй компани, жуулчны бааз, гэр буудлуудын жагсаалт буюу /компанийн нэр,  эзэн, жуулчны баазын нэр, эзэн, ашиглах газрын хэмжээ, зөвшөөрөл өгсөн он, гэрчилгээний дугаар, газар ашиглах зөвшөөрөл олгосон шийдвэр, огноо, дугаар, зөвшөөрөл авсан газрын нэр, байршил, солбилцол, кадастрын зураг, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан хяналт, шалгалтын дүн, дүгнэлтүүд/ зэрэг мэдээллийг ил тод болгохыг даалгах боломжгүй байна.

Учир нь дээр дурдснаар хүчин төгөлдөр үйлчилж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдлын мэдээллийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ил тод байлгахаар заасан байх тул хуульд заасан мэдээллийг ил тод болгохыг даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

4. Ийнхүү ил тод болгохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.”Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулна.”, 35 дугаар зүйлийн 1.”Улсын мэдээллийн сан дараахь зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ: ...12/тусгай хамгаалалттай газар нутаг;”, 37 дугаар зүйлийн 7.”Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12-т заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 85 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны мэдээлийн сангийн эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалт”-ын 12.”Тусгай хамгаалалттай газар нутгийн эх мэдээ:”, 12.9.”тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл, гэрээний дугаар, хугацаа” гэж зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай эх мэдээлэлд тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл, гэрээний дугаар, хугацаа зэрэг нь мэдээллийн санд орохоор байх тул  хуулийг зөвшөөрсөн мэдээллийг мэдээллийн санд оруулахаар байгааг анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай (2011 оны)  хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.6 дахь хэсгийн 8.6.12, 8.7.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*********” ТББ-аас Байгаль орчин аялал жуучлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах үйл явцтай холбоотой мэдээлэл өгөхөөс татгалзсан Байгаль орчин аялал жуучлалын яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Хөвсгөлийн байгалийн цогцолборт нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдлын мэдээллийг нийтэд ил тод нээлттэй болгохыг даалгасугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.


 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ДАМДИНСҮРЭН