| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/382 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Я.Болортуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/382
2024 4 10 2024/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Болортуяа,
Хохирогч Д.М,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2306007462003 дугаартай 2 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х аймгийн Х. Б суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Х аймгийн ................................ тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн .................................... тоотод түр оршин суудаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/2083 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, ............................ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.У-Ээс фейсбүүкт байршуулсан “Чингэлэг зарна” гэх зарын дагуу өөрийн 9193................дугаарын утсаар хохирогч Б.У-Этэй холбогдож, 20 тонн чингэлгийг 5 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Одоо машинаа явуулчихъя, мөнгийг нь 10 минутын дараа АТМ-ээс шилжүүлнэ, чи чингэлгээ гаргачих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 6 900 000 төгрөгийн үнэлгээ бүхий чингэлгийг шилжүүлэн авсан,
мөн цаг хугацаанд М.Б-Ээс фейсбүүкт байршуулсан “Чингэлэг авна” гэх зарын дагуу өөрийн 9193................дугаарын утсаар хохирогч М.Б-Этэй холбогдож, “Надад чиний сонирхож байгаа контейнер байна, олон ширхэг байна. Баянзүрхийн товчоон дээр очоод үзэж болно” гэж хуурч, Б.У-Эийн чингэлгийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Б-Эд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дамжуулан зарж, хохирогч М.Б-Ээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Каргоны хашаанд байхдаа Х банкны 5021...... тоот данснаас шилжүүлсэн 4 900 000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Х банкны 5959.............. тоот дансаар шилжүүлэн авсан,
2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Т с” гэх фейсбүүк хаягнаас байршуулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. 9961......” гэх хуурамч зарын дагуу 9961...... дугаарын утсанд холбогдсон хохирогч Г.Бг “Манайх зөөврийн орон сууцыг 20 сая төгрөгөөр хийж байгаа. Энэ сууц нь 3х7 метрийн хэмжээтэй, 15 хоногт хийгээд хүргэж өгнө. Та урьдчилгаа 10 000 000 төгрөгөө шилжүүлээд, 70 хувьтай болохоор нь Ухотод ирж үзээрэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Г.Бгаас Өмнөговь аймгийн ........................... хаягтай гэртээ байхдаа Х банкны 5005......... тоот данснаас шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Х банкны 5959.............. тоот дансаар шилжүүлэн авсан,
2023 оны 6 дугаар сард “Т С” гэх фейсбүүк хаягнаас байршуулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. 9961............” гэх хуурамч зарын дагуу 9961............ дугаарын утсанд холбогдсон хохирогч Д.Мтэй 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа уулзаж, “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн зуслангийн газарт зөөврийн орон сууц барьж өгнө” гэж тохиролцон, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөн гэрээ байгуулсан газарт байхдаа Хас банкны 5001............... тоот данснаас шилжүүлсэн 16 317 000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Х банкны 5959.............. тоот дансаар шилжүүлэн авч, бусдад нийт 38 117 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2306007462003 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч М.Б-Эийн өгсөн “...Би өөрийн фейсбүүк хаягандаа өөрийнхөө 889............дугаарын утсаа тавиад боломжийн үнэтэй 20 тонны контейнер худалдаж авна гэж зар тавьсан. Зарын дагуу өөрийгөө Б гэх эмэгтэй утсаар 9193................гэсэн дугаараас утсаар холбогдоод “Надад чиний сонирхож байгаа контейнер байна, олон ширхэг байна. Баянзүрхийн товчоон дээр очоод үзэж болно” гэж хэлсэн. Би товчоон дээр карго буудаг хашаан дээр очиж үзсэн. Б надтай утсаар Видео калл хийгээд харуулж байсан. Тэгээд би нэг контейнер сонгож авахаар болсон, тухайн үед хашааны манаач У-Эгэдэг хүн наад контейнеруудыг нь мэддэг юм гэж хэлж байсан. Тэгээд би Б гэх эмэгтэйгээс контейнер худалдаж авахаар болоод өөрөө крантай машин олоод өөрөө контейнерээ ачаад аваад явсан. Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Х банкны 5021...... гэсэн данснаас Б гэх хүний Х банкны 5959.............. гэсэн дансанд 4 900 000 төгрөгийг 20 tn container 8890.... гэсэн утгатай гүйлгээг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах карго буудаг хашаан дотроос шилжүүлсэн. Тэгээд би контейнерээ БЗД-ын 11 дүгээр хороо Товчооны сансар худалдааны төвийн урд талын хашаанд буулгасан. 2023 оны 01 дүгээр сарын үед алга болсон байсан. Би Б гэх хүнтэй уулзаж царайг нь харж байгаагүй. Б надад хүний контейнер зарж байгаа гэж хэлээгүй. Өөрийнхөө контейнерийг зарж байгаа юм шиг надтай ярьж байсан. Би Б гэдэг хүний контейнерийг худалдаж авч байгаа юм байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/,
Хохирогч Б.У-Эийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүрэгт байх хашаанаасаа 20 тонны контейнер зараад мөнгөө авч чадаагүй байж байгаад контейнерээ буцаагаад авчихсан. Надад одоо хохирол байхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107/,
Хохирогч Б.У-Эийн гэрчээр өгсөн: “...Би өөрийн Бм гэсэн пейж хаягнаас ногоон өнгийн 20 тонн чингэлгийг зарахаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зар тавьсан. Тухайн өдөр Б гэх эмэгтэй 9193................дугаараас залгаад ярилцаж 20 тонн чингэлгийг 5 200 000 төгрөгөөр худалдаж авахаар болж “Одоо машинаа явуулчихъя, чи чингэлгээ ачаад явуулчих” гэж хэлэхээр нь би Э худалдааны төвийн хашааны манаачид “Төлбөрөө хийсэн чингэлэг гаргана шүү, надаас асууж байж гаргаарай” гэж захиж хэлсэн болохоор Бгийн явуулсан гэх машин миний эзэмшлийн чингэлгийг ачаад гарах гэхэд нь гаргаагүй байсан. ...Б миний 9991..... дугаар руу залгаад мөнгийг нь 10 минутын дараа АТМ-ээс шилжүүлнэ, чи чингэлгээ гаргачих гэж хэлэхээр нь манаачид хэлээд чингэлэг ачсан машиныг нь гаргуулсан. Тэгээд Б удаа дараа худлаа хэлж мөнгө өгөхгүй болохооор нь хяналтын камерын бичлэг шүүж үзэж байгаад анх чингэлэг ачсан машины эзэмшигчийн 954............. дугаараар холбогдож, чингэлэг Ха буулгасан талаар асууж мэдээд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б руу залгаад утсаа авахгүй болохоор нь ...-..... ДГН улсын дугаартай өөрийнхөө эзэмшлийн FAW J6 маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Замын-Үүд рүү ачиж авч явсан. Би Бг надаас авсан чингэлгийг өөр хүнд зарсан талаар мэдээгүй. Тухайн чингэлэг байсан хашааг Бгийн эзэмшлийнх юм байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44/,
Гэрч Ж.Л-Оын өгсөн: “...Баянзүрх дүүргийн ...... хороо Товчооны ......... тоотын эсрэг талд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цагаан өнгийн нуман дээрээ номертай ард талдаа нэг чингэлэг аччихсан, ард талд нэг жижиг дөрвөлжин тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би уг кран болон зогсож байсан тээврийн хэрэгслийн номерыг анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34/,
Гэрч М.Мын өгсөн: “...Би өөрийн ...-..... УНЭ улсын дугаартай ачааны кран машинаар хувиараа У хот дотор тээвэр хийдэг. Надаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б-Э гэх залуу 2.3 тонн контейнерийг Баянзүрх дүүргийн ............. хороо Товчооны Э худалдааны төвөөс С худалдааны төвийн урд талын хашаанд 150 000 төгрөгийн тээврийн зардал өгч буулгуулсан. Өнөөдөр намайг М д дээр зогсож байхад Б-Эгэх залуу ирж уулзаад таниар ачуулсан контейнер хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь контейнер ачуулснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг өнгөрч байхад 7200............ дугаарын утаснаас над руу залгаад контейнер ачсан краны жолооч мөн үү гэж асуусан, мөн удалгүй 9991..... гэсэн утаснаас залгаад та 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ачиж явсан контейнерээ Ха буулгасан бэ гэж асуугаад, контейнерийг буулгасан хашааг надаар удаа дараа заалгаж байршлыг нь авсан гэдгийг би Б-Эд хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36/,
“ Д” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаартай 20 тонны чингэлгийг 6 900 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 178/,
Яллагдагч Б.Бгийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр У-Эгэх хүнтэй утсаар холбогдож 20 тонны контейнер худалдаж авахаар болоод тэрийгээ Б-Э гэх хүнд бас утсаар холбогдож зарсан. Б-Э контейнер авна гэж зар тавьсан байсан болохоор би зарын дагуу холбогдож зарсан. Би У-Эээс 5 100 000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод Б-Эд 4 900 000 зарсан. Би Б-Ээс өөрийн Х банкны 5959.............. дугаарын дансанд мөнгөө авсан. Тэр мөнгөө би У-Ээд буцааж өгөөгүй зүс таних хүмүүст зээлсэн боловч надад буцааж өгөхгүй байна. Би У-Э гэх хүнтэй уулзаж байгаагүй утсаар ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92/,
Хохирогч Д.Мийн өгсөн: “2023 оны 6 дугаар сарын сүүлээр миний бие зуслангийн З С бариулах зорилгоор фейсбүүк дээр зар хайж байтал “З С” гэх фейсбүүк хаягтай 9961............ дугаарыг тавьчихсан байсан. Тэгэхээр нь би өөрийн фейсбүүк хаяг болох D.M........ хаягнаас тухайн хаяг руу найзын хүсэлт явуулаад өөрийнхөө 8810...... дугаараас тухайн хүний 9961............ дугаар руу залгахад эмэгтэй хүн утсаа аваад зөөврийн орон сууц хийх үү гэж асуухад манайх хийж байгаа ажлын хаяг Т-д байдаг гэж хэлсэн ба бид нар газар дээр нь очиж үзээд үнэ хөлсөө тохироод барьж байгаа гэж хэлсэн. Ингээд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тухайн эмэгтэйтэй цаг тохирч уулзахаар болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн .......... хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-н эцэс дээр уулзсан. Би 4х7 мкв хийлгэхээр тохирсон тэр надад үнэ ханш нь 24 000 000 төгрөг болно танай газар налуу учраас шувуун хөлтэй хийгдэх юм байна, урьдчилгаа 70 хувийг нь өгчих 5-7 хоногийн дотор байшин бэлэн болно 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр түлхүүр гардуулж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш тухайн эмэгтэй гар утсаа авахгүй байсан ба 2023 оны 7 дугаар сарын сүүлээр ажил гараад замдаа тухайн эмэгтэйгийн бүртгэлтэй хаяг болох Х аймгийн гэрийн хаягаар очиж үзэхэд ээж, аав нь байсан бөгөөд Б гэрээсээ гараад 2 жил болж байна, Ха байгаа талаар нь мэдэхгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188/,
Д.М, Б.Б нар нь Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны Б газарт 4х7 харьцаатай зөөврийн орон сууцыг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 23 310 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хувь /1-р хх-ийн 195/,
Д.Мийн эзэмшдэг Х банкны 5001............... тоот данснаас 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хийсэн гүйлгээний баримт /1-р хх-ийн 199/,
Х банкны 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 29/8931 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Бгийн эзэмшдэг Х банкны 5959.............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 206-216/,
Яллагдагч Б.Бгийн өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын эхээр манай Т С ХХК-тай Б-д байшин бариулахаар тохиролцож надтай гэрээ байгуулж, 16 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би уг мөнгийг ажилчдын цалин болон өмнө барьж байсан сууцны материалын өрөнд өгөөд дууссан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179/,
Хохирогч Г.Бгийн өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн орчим манай хүү над руу залгаад “Ээж би фейсбүүк дээрээс З С хийж зарна гэж байна. Хурдан хугацаанд хийгээд хүргэж өгнө, 20 000 000 төгрөгөөр хийнэ гэнээ” гэж ярьсан. Тэгэхээр би сайн судалж байгаад аваарай гэж хэлсэн. Манай хүү надад “Т С” хаягнаас оруулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. 9961............” гэсэн зар харуулсан. Би тэр зарын дагуу 9961............ дугаарын утас руу холбогдоход “Манайх З Сыг 20 сая төгрөгөөр хийж байгаа. Энэ сууц нь 3х7 метрийн хэмжээтэй, 15 хоногт хийгээд хүргэж өгнө. Та урьдчилгаа 10 000 000 төгрөгөө шилжүүлээд 70%-тай болохоор нь У хотод ирж үзээрэй.” гэхээр нь би өөрийн хүү М.С-ын нэр дээр Х банканд бүртгэлтэй 5005......... тоот данснаас Б-ын Б гэдэг хүний нэр дээр Х банканд бүртгэлтэй 5959.............. тоот данс руу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр S........... гэсэн утгатай 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Би 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ухотод очоод 9961............ дугаарын утас руу залгахад холбогдохгүй байж байгаад нэг холбогдохдоо “Би Х-д явж байна. Хот руу ороод залгахаар ирээд сууцаа үзээрэй” гэж хэлээд дахиж утсаа авахгүй алга болсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20/,
Б.Бгийн эзэмшдэг Х банкны 5959.............. тоот дансны 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.У-Ээс фейсбүүкт байршуулсан “Чингэлэг зарна” гэх зараар өөрийн 9193................дугаарын утсаар Б.У-Этэй холбогдож, 20 тонн чингэлгийг 5 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон улмаар М.Б-Эийн фейсбүүкт байршуулсан “Чингэлэг авна” гэх зарын дагуу өөрийн 9193................дугаарын утсаар хохирогч М.Б-Этэй холбогдож “Надад чиний сонирхож байгаа контейнер байна, олон ширхэг байна. Баянзүрхийн товчоон дээр очоод үзэж болно” гэж хуурч, Б.У-Эийн чингэлгийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэж итгүүлэн хохирогч М.Б-Эд 4 900 000 төгрөгөөр зарсан,
2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Т С” гэх фейсбүүк хаягнаас байршуулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. 9961............” гэх хуурамч зарын дагуу 9961............ дугаарын утсанд холбогдсон Г.Бг “Манайх зөөврийн орон сууцыг 20 сая төгрөгөөр хийж байгаа. Энэ сууц нь 3×7 метрийн хэмжээтэй, 15 хоногт хийгээд хүргэж өгнө. Та урьдчилгаа 10 000 000 төгрөгөө шилжүүлээд, 70 хувьтай болохоор нь У хотод ирж үзээрэй” гэж хуурч 10 000 000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан,
2023 оны 6 дугаар сард “Т С” гэх фейсбүүк хаягнаас байршуулсан “Та өөрийн хүссэн өнгө загвараар захиалаад 7-20 хоногт хүлээн аваарай. 9961............” гэх хуурамч зарын дагуу 9961............ дугаарын утсанд холбогдсон хохирогч Д.Мтэй 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа уулзаж, “Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-н зуслангийн газарт зөөврийн орон сууц барьж өгнө” гэж тохиролцон, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 16 317 000 төгрөгийг өөрийн эзэмшдэг данс руу шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Эдийн засгийн гэмт хэрэг нь эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах аж ахуй бизнесийн ажиллагаа эрхлэх, хөтлөн явуулах иргэдийн эрхэд халдсан, нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан, гэм буруутай үйлдэл, эс үлдэхүйн цогц бүрдэл.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд "Хүн бүр эд хөрөнгийг хувьдаа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, хэний ч эд хөрөнгийг дураар хураан авч болохгүй." гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарна.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн болон бусдын эрхшээлд авах замаар өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд дээрх залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: "10 гаруй орон сууц бариад холбогдох хүмүүст хүлээлгэж өгсөн, нотлох баримтууд байгаа." гэх, түүний өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эхний 2 үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа, ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй зэрэг нөхцөл байдлаас болсон. Залилах санаа сэдэл анхнаасаа байхгүй байсан." гэх агуулгаар мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгч орон сууц барьдаг байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Д.Мийн өгсөн: “...үүнээс хойш тухайн эмэгтэй гар утсаа авахгүй байсан ба 2023 оны 7 дугаар сарын сүүлээр ажил гараад замдаа тухайн эмэгтэйгийн бүртгэлтэй хаяг болох Х аймгийн гэрийн хаягаар очиж үзэхэд эцэг, эх нь байсан бөгөөд Б гэрээсээ гараад 2 жил болж байна, Ха байгаа талаар нь мэдэхгүй, түүний эцэг нь намайг залилаад явсан хүн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг болон бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгчийн үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.
Улсын яллагчийн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.У-Эд 6 900 000 төгрөг, хохирогч М.Б-Эд 4 900 000 төгрөг, хохирогч Г.Бд 10 000 000 төгрөг, хохирогч Д.Мт 16 317 000 төгрөг, шатахууны зардал 336 840 төгрөгийн хохирол тус тус учирснаас хохирогч Б.У-Эд чингэлгийг биет байдлаар шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас нийт 31 553 840 төгрөг гаргуулж, хохирогч М.Б-Эд 4 900 000 төгрөг, хохирогч Г.Бд 10 000 000 төгрөг, хохирогч Д.Мт 16 653 840 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэм буруудаа маргадаггүй. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд бага насны хоёр хүүхэдтэй, нөхөргүй, ганц бие өрх толгойлсон эх. Улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналтай санал нэг байна. Гэм буруутайд тооцсон зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн бага хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
19...... оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х аймгийн Х Бсуманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Т аймгийн ..... сумын ......., Х аймгийн Д Х сумын 1 дүгээр багт тус тус засаг захиргааны бүртгэлтэй талаарх лавлагаа /1 хх 163/, одоо Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .............................. тоотод ам бүл 3, хоёр хүүхдийн хамт түр оршин суудаг гэх СХДүүргийн ..... дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 138-142/, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/2083 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /1 хх 95, 96-100/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Улсын яллагч, өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөр нөхөн төлөгдөөгүй зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хэдий ч шүүгдэгч өөрт ногдох эд хөрөнгөгүй, орлого олдог талаар баримт хэрэгт авагдаагүй, бусдад учруулсан 31 553 840 төгрөгийн хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь бага насны хүүхэд болох 2018 оны 5 дугаар сарын 03-нд төрсөн 6 настай Бгийн Т /РД:........................./ /хх 141/, 2021 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн 3 настай Бгийн И /РД:........................../ /хх 142/ нарын хамт амьдардаг талаар мэдүүлсэн тул түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2306007462003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас нийт 31 553 840 /гучин нэгэн сая таван зуун тавин гурван мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн .....................................тоотод оршин суух хохирогч М.Б-Э /РД:........................../-д 4 900 000 /дөрвөн сая есөн зуу/ төгрөг, хохирогч Ө аймгийн .................................. газарт оршин суух хохирогч Г.Б /РД:................./-д 10 000 000 /арван сая/ төгрөг, Чингэлтэй дүүргийн ............................. тоотод оршин суух хохирогч Д.М /РД:........................./-д 16 653 840 /арван зургаан сая зургаан зуун тавин гурван мянга найман зуун дөч/ төгрөг тус тус олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн бага насны хүүхэд болох 2018 оны 5 дугаар сарын 03-нд төрсөн 6 настай Бгийн Т /РД:........../, 2021 оны 10 дугаар сраын 22-нд төрсөн 3 настай Бгийн И /РД:................/ нарт асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ