Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/307

 


 

 

 

 

 

  2024           3             11                                      2024/ШЦТ/307   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, Н.Жавхлан

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Ч.*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 01559 1214 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 6, ах, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд:

- Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2006 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялыг өршөөсөн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 439 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүгчийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 352 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 20 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

     *** /РД:***/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.*** нь 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нийтийн караокед нэг ширээнд суусан Б.***ыг түр босох хооронд ширээн дээр үлдээсэн Самсунг А73 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 959 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Ч.***:

1. Шүүгдэгч Ч.*** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтээс шүүгдэгч Ч.*** нь 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нийтийн караокед Б.***тай нэг ширээнд хамт сууж, түүнийг түр босож явсан үед нь ширээн дээр байсан Самсунг А73 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 900.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.***ын “...2023 оны 5 дугаар сарын 06-ны орой гэртээ ганцаараа уйдаад байхаар нь 23 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч гэрийнхээ ойролцоо Орбит захын хажуу талд байх нийтийн караокед ганцаараа орсон. Би караокед ороход бүх суудал нь хүнтэй байсан ба нэг залуу ганцаараа нэг ширээн дээр сууж байсан. Зөөгч залуу нь намайг тэр ганцаараа сууж байгаа залуутай хамт суучих гээд би тэр залуугийн хажууд суугаад танилцахад өөрийгөө Золоо гэж байсан. ...би Самсунг А73 маркийн гар утсаа ширээний булан дээр тавиад дуу захиалах гээд тэк дээр очиж, 3 дуу захиалаад буцаад ширээн дээр ирэхэд миний гар утас алга болчихсон Золоо гэх залуу гараад явсан байсан. Тэгээд би тухайн үедээ тэр хоёр эмэгтэйгээс гар утсаа асуухад тэр хоёр мэдэхгүй гэж байсан. Тухайн үед тэр хоёр эмэгтэй нэлээн согтсон байсан болохоор гар утас авах чадалгүй байсан. ...тэгээд би маргааш нь нөгөө караокед очиж хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Золоо гэх залуу миний гар утсыг ширээн дээрээс аваад халаасандаа хийгээд гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

мөрдөн байцаалтад Ч.*** яллагдагчаар мэдүүлэхдээ “...би нэлээн муудсан ба нэг сэрхэд *** ах байгаагүй ба ширээн дээр байсан *** ахын хар өнгийн гар утсыг нь аваад гарсан. Гарахад ойр орчимд хүн байгаагүй бөгөөд би шууд гэртээ хариад унтсан. Маргааш өглөө нь гэрээсээ гараад явж байгаа үл таних залуутай таарсан ба шартсан учир архи хуваан уусан. Тэгтэл тэр залуу надаа гар утсаа зарчих гэхээр нь би *** ахын гар утсыг бэлэн мөнгөөр 90.000 төгрөгт зарсан....” гэсэн мэдүүлэг /хх41/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд “...хохирогч Б.*** нь Ч.***ыг таньсан тухай...” /хх24/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3380 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх31-33/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 900.000 төгрөгийн хохирол учирсан байна.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

5. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.***т 900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ч.*** нь хохирол төлөөгүй байна.  

6. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***аас 900.000 төгрөг гаргуулж хохирогч Б.***т олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Ч.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

8. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй, мөн шүүгдэгч нь урьд нь мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан байна. Улмаар шүүгдэгч Ч.***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирлоо төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд өмчлөх эрхийн эсрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан, хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд шүүхээс оргон зайлсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

10. Тиймээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 23 хоногийг /2024.02.17-2024.03.11/ түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.***ыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***аас 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.***т олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР