Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/310

 

 

 

 

 

 

 

 

 

   2024           3             11                                           2024/ШЦТ/310  

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Ц.Амар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Янжинсүрэн,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Д.***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Д.***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02547 2135 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *** тоотод оршин суух, урьд:

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж,

- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 274 дугаартай магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон өөрчилсөн, Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 2 жил 13 хоногийг хорих ялаас чөлөөлсөн.

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийнй тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар хорих ял шийтгэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 9 сар 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Зүүн хараагийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 413 дугаартай захирамжаар үлдсэн 6 сар 10 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

  *** /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*** нь согтуурах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжны орчим хохирогч М.***ыг “архиа харамлалаа” гэх шалтгаанаар цээж болон гэдэс тус газар нь хутгалж, биед нь цээжний баруун хөндийд хий хуралдалт, аюулхай, цээжинд шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 140 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх04/, гэрч Л.***, О.*** нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.***.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...гэмт хэрэг үйлдээгүй, 1 жил гаран хугацаанд гүтгүүлж явж байна, хүн хутгалсан бол бариад хорьчих байсан, тухайн үед 2 өдөр дараалж архи уусан, хохирогч намайг таньдаг, тийм зүйл болоогүй...” гэсэн бол түүний өмгөөлөгч гэрч, хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгахаар шүүх хуралдааныг хойшлуулах, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэсэн байсан суурьтай оролцсон болно. 

2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Д.***ыг гэм буруутай талаар дүгнэлт гаргасан.  

3. Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар, мэдүүлгийг дүгнэн үзээд улсын яллагч, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно.

4. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Хохирогч М.*** нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс согтууруулах ундааны зүйл авч явахдаа зүс таних Д.***тай таарч, гудамжинд хамт архи уусан, улмаар шүүгдэгч Д.*** нь “архиа харамлалаа” гэх шалтгаанаар хохирогчийн цээж болон гэдэс тус газар нь 2 удаа хутгалаад *** тоотод байх гэр лүүгээ орсон, хохирогч уг тоотын үүдэнд хэвтэж байхдаа тусламж дуудан эмнэлгийн тусламж авсан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруу нотлогдон тогтоогдсон, тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, нотлох баримтын хангалттай байдал бүрдсэн гэж дүгнэлээ. 

5. Хохирогч М.*** мэдүүлэхдээ “...би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд амьдардаг. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг орчим гэрийнхээ ойролцоох “Арвай” дэлгүүр ороод 1 шил архи аваад гэртээ ганцаараа уух зорилготой явж байсан. Өмнө нь бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм. Гэтэл Тахилтын эцэст байнгын архи уудаг өөрийгөө *** гэж танилцуулсан ахтай таарсан юм. Би ***ыг хэд хэдэн удаа харж байсан бөгөөд мэндлээд л зөрдөг байсан, сайн танихгүй. Тэгээд *** миний авсан архийг хараад уух гээд байсан болохоор нь бид хоёр Тахилтын 8 дугаар гудамжинд ороод авсан архинаасаа би хоёр удаа хийж өгсөн. Одоо болно гээд би явлаа гэртээ орж ууна гээд алхаад явж байтал араас гүйж ирэхээр нь эргээд хартал цээж рүү хутгалчих шиг болсон. Тэгээд *** намайг хутгалчхаад гэр рүүгээ гүйчихсэн. Би ***ыг араас нь хөөгөөд гэрийнх нь үүдэнд барьж автал дахиад миний гэдсэнд нэг удаа хутгалсан. Тэгээд би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд ***ын хашааны үүдэнд сэрсэн ба цагдаа эмнэлгийн машин ирчихсэн байсан бөгөөд хэнд хутгалуулсан талаар асуухад энэ айлын эзэн ***т хутгалуулчихлаа гэж хэлээд дахиад ухаан алдчихсан байсан. ***ыг сайн танихгүй, хэд  хэдэн удаа гудамжинд л таарч мэнд мэдээд явдаг юм, бид хоёр маргалдаж зодолдоогүй байхад ийм юм болсон...” гэсэн боо /хх134/,  тэрээр дахин мэдүүлэхдээ "...зүс таних эрэгтэй миний өөдөөс ганцаараа ирж яваад надтай таарахад тухайн үл таних эрэгтэй согтуу архи үнэртүүлсэн байдалтай байсан ба миний дэлгүүрээс аваад гялгар торонд хийгээд барьчихсан явж байсан архийг хараад “ганц хийгээд өгчихөө” гэхээр нь би 100-гийн аягаар дүүрэн 2 удаа хийж өгөхөд уучихсан ба дахиад уух гээд байхаар нь би “одоо болно, гэртээ харьж өөрөө ууя” гэж хэлээд цаашаа алхаад явж байтал миний араас намайг “хогийн гар вэ, хөгийн лалар вэ” гээд хараалын үг хэлээд байхаар нь “би чамд харин 2 аяга архи хийж өгч байхад чи чинь яасан давруу юм бэ” гэсэн чинь ханцуйнаасаа гэнэт хутга гаргаж ирээд миний цээжний баруун дээд хэсэгт эгмийн доод талд дүрэх шиг болоход миний бие жирс хийгээд цус годгодоод гараад ирсэн. Тэгтэл нөгөө зүс таних эрэгтэй ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйхээр нь би араас нь дагаж гүйгээд ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан ногоон өнгийн төмөр хаалгатай хашаа руу яваад орчихоор нь араас нь ортол нөгөө зүс таних эрэгтэй хашааныхаа дотор талд зогсож байгаад миний гэдэс хэсэгт дахиад нэг удаа хутгаараа бүлчихсэн. Би шууд хашааных нь үүдэнд өнхрөөд ухаан алдаж унасан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг, цагдаагийн машин ирчихсэн би хамгийн сүүлд хутгалуулсан газраа хэвтэж байсан бөгөөд цагдаа нар надаас хэнд хутгалуулсан талаар асуухад нь би энэ айлын хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд дахин ухаан алдаад эмнэлэг дээр ухаан ороход надад дусал залгачихсан байсан. Би уг эрэгтэйн нэрийг өмнө нь мэддэггүй байсан бөгөөд дараа нь 2022 оны 7 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр гэж санаж байна эмнэлгээс гараад тухайн хэрэг болдог өдөр намайг хашааны хаалган дээр хутгалдаг айлын ойролцоох 2, 3 айлуудаас нэрийг нь хэн гэдэг талаар асууж тодруулахад надад *** гэдэг юм, саяхан шоронгоос гарч ирсэн юм гээд байхаар нь намайг хутгалсан хүнийг *** гэдэг юм байна гэж бодсон юм. Үүнээс хойш би дахиж тэр хавиар очоогүй юм. Тухайн үед царайг нь сайн тогтоож авсан болохоор одоо зургийг нь харвал шууд танина. ...гэрийг нь зааж өгч чадна. Тухайн үед намайг хутгалсан хүний нэрийг хэн гэдгийг баталгаатай мэдэхгүй байсан. Тухайн үед *** гэж буруу сонссон байж магадгүй...” гэжээ /хх134-137/.

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 727 дугаартай дүгнэлтэд "М.***ын биед цээжний баруун хөндийд хий хуралдалт, аюулхай, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Аюулхайн цээжний хөндийд нэвтэрч цээжний баруун хөндийн хий хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэж тодорхойлжээ. /хх164-166/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч өөрийг хутгалсан хүнийг танихаа илэрхийлж, улмаар зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтэд “шүүгдэгч Д.***ыг таньсныг” тусгажээ. /хх119-125/,

Мөн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудаст “...эрэгтэй хүн намайг хүн хутгалчихлаа гээд цус гоожоод байна, одоо энэ гудамжинд байна, тахилтын 8-17 энэ тоотын хашаанаас гарч ирсэн гээд байна...” гэж бичигдсэн /хх04/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд Сонгинохайрхан *** тоотод байрлах хаягт үзлэг хийсэн ба тухайн хаяг нь шүүгдэгч Д.***ын оршин суудаг хаяг болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээс хохирогчийн мэдүүлэг нь эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн буюу хэзээ, хаана, хэдэн цагийн үед хэнд хутгалуулсан, уг хутгалсан хүн хаашаа орсон тухай тодорхой мэдүүлж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцон архи авсан, хутгалуулсан газраа заажээ. /хх127-130/ Улмаар хохирогч өөрийг нь хутгалсан гэх хүний нэрийг *** гэж буруу тогтоосон байх боломжтой, зүс таних төдий хүн болох тухай, уг хутгалсан хүнийг харвал шууд таних болохоо мэдүүлэгтээ хэлж, таньж олуулах ажиллагаагаар өөрийг нь хутгалсан хүн болох Д.***ын зургийг таньсан байна. Тиймээс хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заасан, энэ нь бусад баримтуудаар тогтоогдсон, өөрийг нь хутгалсан хүнийг андуурсан, бусдыг гүтгэсэн гэх эргэлзээ тогтоогдоогүй болно. 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч болон гэрч Л.***ийн мэдүүлэг зөрсөн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг сайтар шалган тогтоох шаардлагатай, хохирогч, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Шүүхээс хохирогч, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар холбогдох ажиллагааг хийсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэсэн. Учир нь шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын мэтгэлцээнийг үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой, тус хэрэгт нотлох баримтын хүрэлцээтэй байдал болох нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон байна гэж үзсэн. Тодруулбал, хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь мэдүүлэг гаргасан бөгөөд тэдний мэдүүлэг яв цав таарах албагүй, тухайн хүний ойлголт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэргээс хамааран тодорхой хэмжээний зөрүү гарахыг үгүйсгэх боломжгүй юм. Харин тус хэргийн тохиолдолд хохирогч, гэрч нарын мэдүүлэгт ноцтой зөрөө гараагүйг дурдах нь зүйтэй.   

Тухайлбал, гэрч Л.*** мэдүүлэхдээ “...2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цаг өнгөрч байхад манай гэрийн ойролцоо байх танил *** над руу утсаар залгаад манай гэрт хүрээд ирээч гэж ярихаар нь би эхнэр болох ***ын хамт ***ын гэрт 12:00 цаг болж байхад очсон. Гэрт нь очиход *** ганцаараа байсан. Тэгээд *** эхнэр бид гурав нэг шил 0,5 литрийн архи хувааж уугаад манай эхнэр хоол хийгээд, би орон дээр хэвтэж байтал хаалга дугараад нэг танихгүй залуу орж ирсэн. Тэгээд орж ирээд шууд ***тай маргалдаад эхэлсэн. Тэгээд *** тэр залуу хоёр гэрээс гараад гадаа хэрэлдээд байсан. Удалгүй 5 минут орчмын дараа *** ах нөгөө залууг явуулчихлаа гээд орж ирсэн. Тэгээд бид 30 гаран минутын дараа бие засах гээд гэрээс гартал нөгөө танихгүй залуу ***ын хашааны эсрэг талд хашааны буланд хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэр рүү ороод *** ахаа нөгөө хүн чинь хашааны буланд хэвтэж байна шүү дээ, зүгээр үү гэтэл *** зүгээрээ зүгээр, миний дүү амар гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн...” гэсэн бол /хх139/, гэрч О.*** мэдүүлэхдээ “...би 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс би хамтран амьдрагч ***ын хамт хуурай ах болох ***ын Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 8-17 тоотод байх гэрт нь 3 хоносон юм. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ***ь, *** нарын хамт гурвуулаа өдөржин 0,75 литрийн Хараа архийг хувааж ууж байгаад согтоод унтаад өгсөн юм. Тэгээд сэрээд хартал цагдаа нар ирчихсэн, бид нарыг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан юм...” гэжээ. /хх141-142/

Дээрх гэрч Л.***ын мэдүүлгээс хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч Д.***ын гэрт О.***, Л.*** нар хамт архи уусан, Д.*** бусадтай маргалдаад байх шиг байсан, нөгөө хүн нь хашааны буланд хэвтэж байхаар нь зүгээр юм уу гэж асуухад Д.*** нь зүгээр гээд байсан тухай, харин О.*** нь хэдэн өдөр дараалж архи уусан, Д.***ын гэрт байхад нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан тухай мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлгээр шүүгдэгч Д.*** нь тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, гэрч Л.*** мэдүүлэгтээ хэрэг болох цаг хугацаанд Д.*** нь нэг танихгүй залуутай маргалдаад байх шиг байсан, тэр залуу нь хашааны буланд хэвтэж байсан гэж тодорхой дурджээ. Өөрөөр хэлбэл, тухайн хэвтэж байсан хүн нь хохирогч М.*** хутгалуулаад хэвтэж байсан болох нь тогтоогдсон, уг мэдүүлэг нь хохирогчийн  мэдүүлгийг давхар баталж байна.

7. Тиймээс шүүгдэгч Д.***ыг хохирогч М.***ыг хутгалсан нь нотлогдон тогтоогдсон гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг 2 удаа хутгалсан үйлдлийн улмаас хохирогчид амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байна.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

9. Иймд шүүгдэгч Д.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            10. Хохирогч М.*** нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримт гаргаж хэрэгт хавсаргуулаагүй байх ба хохирлоо нэхэмжилнэ гэжээ.   

11. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

Иймд хохирлыг нотлох баримтгүйгээр шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь өөрт учирсан хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

 

   Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

12. Улсын яллагчаас шүүгдэгч Д.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

13. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүнд хуульд заасан  доод хэмжээ болох 5 жилийн хугацаагаар ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх дүгнэлт гаргасан. 

14. Шүүгдэгч Д.*** нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, улмаар түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

15. Шүүгдэгчийн хувьд хэрэг болох цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогчийг хутгалснаа санахгүй байж болох ч түүний согтуурсан байдал нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. 

16. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар архи харамлалаа гэх шалтгаанаар хүнийг 2 удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, учирсан хор уршгийн шинж чанар их, хохирол хор уршгийг арилгаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд санаатай гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

17. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн ял шийтгэлийн хувьд 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэг болно. 

18. Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч   ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.***т 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьсугай.  

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР

 

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.АМАР

 

 

  Ц.УРАНГУА