| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/02277/И |
| Дугаар | 155/ШШ2021/00496 |
| Огноо | 2021-05-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2021/00496
Хэргийн индекс 155/2020/02277/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т.. сумын Б.. багийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, регистрийн дугаар РЙ..., О... овогт Э.Г...н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Э... сумын 4 ... багт оршин суух, регистрийн дугаар РФ...., З... овогт Б.Д. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Э.Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Г. нь 2014 оны 3 дугаар сард нөхөр Б.Д. танилцаж, үерхэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсон. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр охин Д.Г... төрүүлсэн. Нөхөр Б.Д.. эцэг, эх нь монгол ёсоор бэр гуйсан боловч бид тусдаа гарч амьдарч байгаагүй 2 талынхаа эцэг, эхийн гэрт ээлжлэн амьдарч байсан. Бид бие биеэ хардаж хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Нөхөр маань намайг зодож гэмтээхгүй ч гэсэн хэл амаар доромжилж байнгын сэтгэл санааны хямралд оруулдаг. Үүнээс болж бид 2019 оны 01 дүгээр сараас хойш тус тусдаа амьдрах болсон. Нөхөр Б.Д. одоо нэг хүүхэнтэй шинэ амьдрал зохиосон. Охин Д.Г. маань миний асрамжинд Тариалан суманд хүмүүжиж байгаа. Бид цаашид бие биеэ ойлгон хамтдаа амьдарч чадахгүй болсон.
Иймд нөхөр Б.Д. бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Д.Г. миний асрамжинд үлдээн, эцэг Б.Д... тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Б.Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Д. миний бие Э.Г. 2014 оны 3 дугаар сард танилцсан. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бид бие биедээ хайртай болж, гэр бүл зохиож амьдрах хүсэлтэй болсон тул миний эцэг, эх эхнэр Э.Г. маань монгол ёсоор гуйж, бид харилцан ярилцаж гэрлэлтээ батлуулсан. Ингээд би эхнэртээ Эрдэнэбулган сумандаа орон гэр бариад амьдрах санал тавьсан боловч хүлээн авахгүй, Тариалан суманд амьдарна гэсэн. Үүнээс болж бидний гол маргаан үүссэн. Би өөрөө улирлын чанартай ажил хийдэг, эхнэр Э.Г. аавынх руугаа Тариалан сум руу явчихдаг байсан болохоор бидний хамтдаа байсан хугацаа их бага байсан. Би архи дарс хэрэглээд гэр бүлийнхээ гишүүдийг дарамтлаад байдаггүй. Архи уудаг, зоддог гэж огт худал хэлсэн байсан. Манай ээжтэй хэрэлдэх үед нь би нэг удаа алгадаж байсан. Өөрөөр гар хүрч үзээгүй. Сүүлийн үед өөр хүний нөхөртэй холбогдсон талаар тэр хүний эхнэр нь надад хэлж хайраа гэж чат, мессеж бичилцсэн тухай нь тэр залуугийн эхнэр нь надад хэлж байсан. Хүмүүстэй архидаж байгаа тухай зургаа над руу явуулж байсан. Энэ байдлаас болоод бид хоёр 2019 оны 01 дүгээр сараас хойш тус тусдаа байгаа. Би өөрийн охин Д.Г. 2019 оны 01 дүгээр сараас хойш уулзаагүй. Намайг уулзуулахгүй байгаа. Гэсэн хэдий ч охин Д.Г. намар цэцэрлэгт орох үеэр хувцас авч өгсөн. Би нэг хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн боловч тэр хүн маань намайг өмнө нь амьдралтай гэдгийг мэддэг учраас өөрөө шийдвэрээ гарга гэж хэлдэг. Би эхнэр Э.Г.. эвлэрэх талаар ярих гэдэг боловч энэ хүн нэгэнт гэрлэлтээ цуцлуулна гэж шийдсэн болохоор би гэрлэлт цуцлуулах, охин Д.Г. эхийнх нь асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид охинтойгоо холбоотой байж байнга харилцаатай байх хүсэлтэй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Г. нь хариуцагч Б.Д... холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6731000020 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Э.Г., хариуцагч Б.Д. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр охин З.. овогт Д.Г төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Э.Г. нь охин Д.Г. өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч Б.Д. хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байх тул хүүхдийг эх Э.Г. асрамжинд үлдээлээ.
Охин Д.Г. эх Э.Г. асрамжинд үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Д., эх Э.Г. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байх тул 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, охин Д.Г.д эцэг Б.Д.с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ..., тэтгэлэг ... нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна., мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Э.Г.н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д.с 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г.т олголоо.
Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д., нэхэмжлэгч Э.Г. нарт шүүхээс эвлэрэх 3 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЙ..., О. овогт Э.Г., регистрийн дугаар РФ., З.Б. Д. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЙ., 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, охин З. овогт Д.Гэгээнээг эх Э.Г. асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЙ..., 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, охин З. овогт Д.Г.. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Д. сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Г. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д.. 104.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г.. олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА