Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00083

 

 ХААДС-н ажлын албаны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00721 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00024 дүгээр магадлалтай,

ХААДС-н ажлын албаны нэхэмжлэлтэй

С.Цт холбогдох

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ХААДС-н ажлын алба нь С.Цт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00721 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч С.Цаас 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч ХААДСгийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00024 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00721 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын гомдолдоо: ...Миний бие Н.Б би ХААДСгийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, мөн хариуцагч хөөн хэлэлцэх хугацаагаар маргаан гаргаагүй байхад Иргэний хулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн талд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзсэн боловч нэхэмжлэгчийн талд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82,4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн, 317 дугаар зүйлийн 317.1-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэх хуулийн заалт, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр заалт, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе зэрэг олон хүчин зүйлийг харгалзан авч үзэхгүй зөвхөн хариуцагчид илтэд давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байх бөгөөд магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.13-ны өдрийн 001/ШХТ2023/00428 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь хариуцагч С.Ц-с гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа 2012.06.07-ны өдрийн 26/17 дугаар гэрээний дагуу хариуцагч нь бага оврын трактор авахдаа урьдчилгаа 2,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөгөөр төлөх үүргээ биелүүлээгүй тул үлдэгд эл төлбөр 1,750,000 төгрөг, анз 1,250,000 төгрөгийг гаргуулна гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...2012 онд 2,500,000 төгрөг төлөөд трактороо хүлээж авсан. Надтай 2012.06.07-ны өдөр байгуулсан АР/161 дүгээр гэрээндээ тракторын төлбөрт 2,500,000 төгрөг, тээврийн зардалд 300,000 төгрөг тушаах, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төрөөс хөнгөлж байгаа гэсэн байсан. Надад Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2012.06.07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг л өгсөн. Би тракторын үлдэгдэл төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд 500,000 төгрөгөөр төлөхөөр гэрээ байгуулаагүй. Би 2012.06.07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг хуурамчаар үйлдээгүй. Үүний дараа би ХААДСгаас үр тариа зээлээр авах гэсэн боловч 750,000 төгрөг төлвөл өгнө гэхээр 2022.05.02-ны өдөр ХААДСд 750,000 төгрөг төлж үрийн будаа авсан. Үүнээс өмнө намайг 2,500,000 төгрөг төл гэж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй..” гэжээ.

9. Анхан шатны шүүх “...зохигч талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, ...гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үеэс эхэлж, ХААДСгийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно, эрх шилжсэн үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох, тасалдах үндэслэл болохгүй, гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид 2017.12.31-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020.12.31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж үзсэн байх ба давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

10. Хоёр шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлснээс шаардах эрхээ алдсан талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргааны ач холбогдол бүхий асуудлаар зохигч мэтгэлцэж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

11. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч С.Ц  нарын хооронд 2012.06.07-ны өдөр байгуулагдсан АР/161 тоот “санхүүгийн түрээсийн гэрээ” гэх тамга тэмдэггүй, нэхэмжлэгчийн гарын үсэггүй, хариуцагчийн гарын үсэгтэй баримт, мөн 2012.06.07-ны өдөр байгуулагдсан 26/17 тоот “санхүүгийн түрээсийн гэрээ” гэх нэхэмжлэгчийн гарын үсэгтэй, хариуцагчийн гарын үсэггүй 2 өөр баримт хэрэгт авагдсан байх ба шүүх  26/17 тоот “санхүүгийн түрээсийн гэрээг бодит үйлдлээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.3-т заасан санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийх, хэлбэрийн энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхыг заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь бага оврын тракторыг хариуцагчид шилжүүлж өгсөн, хариуцагч нь 3,250,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй, гагцхүү хариуцагч нь нэхэмжлэлээр шаардаж буй 1,750,000 төгрөгийг алдангийн хамт төлөх үндэслэлгүй, төрөөс хөнгөлөлттэй үнээр худалдсан гэж маргасан.

Санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээслүүлэгч гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийн харилцаа байдаг бөгөөд түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх,эсхүл худалдан авах үүрэгтэй байдаг. Талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний эдгээр үндсэн шинж тодорхой бус байх ба зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн эсхүл, түрээсийн, зээлийн, худалдах-худалдан авах аль төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодруулж, 2 гэрээний аль нь нэхэмжлэлийн үндэслэл болсон, гэрээний агуулгыг тодруулж, улмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шүүх дүгнэх байжээ.

Гэрээний 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэх заалт нь гэрээг дуусгавар болсон гэж үзэх хуулийн үндэслэлийг заасан болохоос гэрээний хугацаа эсвэл үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон тохиролцоо биш юм. Хариуцагч С.Ц 2022.05.02-ны өдөр 750,000 төгрөг төлсөн байх ба шүүх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн эсэхийг дүгнэхдээ энэ нөхцөл байдлыг анхаараагүй байна.

12. Монгол Улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн ХААДСгийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн ХААДСд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дугаар тушаалаас үзэхэд Тариалан эрхлэлтийн сангийн үйл ажиллагааг татан буулгаж, зарим өр авлагыг хаасан, заримыг ХААДСд балансаас балансад шилжүүлсэн гэж дурдсан, хариуцагч “...н.Б дарга ирж тракторын үнийн талыг улс төлнө гэж хэлсэн, 2012 оноос хойш 10 жилийн туршид мөнгийг нэхэж байгаагүйгээс өр хаагдсан гэж ойлгосон” гэх агуулгаар хариуцагч мэтгэлцсэн, нэхэмжлэлд дурдсан гэрээний үүрэгтэй холбоотой авлага нь ХААДСд шилжсэн эсэх нь тодорхой бус байхад энэ талаар хоёр шатны шүүх тодруулаагүй байна.

13. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

14. Шүүх дээр дурдсан ажиллагааг хийсний эцэст маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00721 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00024 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА

                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                              Д.ЦОЛМОН

                                                                              Х.ЭРДЭНЭСУВД