Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч  С.Цэрэндалай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр,

Шүүгдэгч Ө.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрэнцэн овгийн Өлзийхутагийн Батмөнхөд холбогдох эрүүгийн 201610010174 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймаг Онгон суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар баг Замын 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Эрэнцэн овгийн Өлзийхутагийн Батмөнх /РД: ЛЖ75010617/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Батмөнх нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Замын 2-2 тоотод архи ууж, согтуурсан үедээ иргэн Н.Мөнхнарангийн бие махбодид нь хүнд зэргийн гэмтлийг болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ө.Батмөнх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Мөнхнаран, Наранхүү бид нар өглөө 8-н цагийн үед 3-н шил архи 5 лааз пиво уусан тэгээд өдөр 1 цагийн үед л унтсан байх. Үдээс хойш 4-өөс 5-н цагийн үед Мөнхнаран намайг бос гээд нудрах үед би сэрээд, босч таамбарт орж ус уучихаад ширээн дээр байсан зүйлүүдээ хурааж янзалсан ба энэ үед ширээн дээр байсан хутгыг хураах гээд автал Мөнхнаран намайг юу хийгээд байгаа юм бэ гээд мөрнөөс таттал би эргэж харахдаа гартаа барьсан байсан хутгаар хутгалсан. Тэгээд сандраад найз Цогоог түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед нойрмог байсан санаандгүй л тийм юм болсон. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан. Бид 3 таамбар дотор архи уусан, би тасраад унтсан. Тухайн үед хаана унтсанаа мэдээгүй сэрэхдээ таамбарын үүдэнд байсан, архи уусандаа тасраад гадаа унтаж байсан. Хутгыг гартаа барьсан байсан. Хохирол төлбөрт хагалгаанд ороход нь 300,000 төгрөг, дараа нь 3,000,000 төгрөг, 600,000 төгрөг гээд нийт 3,900,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна... ” гэсэн мэдүүлэг /хx 162/,

- Хохирогч Э.Мөнхнаран мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  “... 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Наранхүү, Батмөнх бид нар Батмөнхийн гэрт архи ууж эхэлсэн. Тэндээ согтоод тасарч унасан. Тухайн үед 3-н шил архи 5,6-н жижиг пиво уусан. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед сэрээд дэлгүүрээс 3-н шил 0,75 л Соёрхол нэртэй архи, 2 том боргио пиво худалдан авч Батмөнхийн гэрийн үүдний таамбарт ууж эхэлсэн. Тэгээд 3-н архиа ууж дуусган тэрнээс цааш тасарсан учир юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг сэрэхэд би Батмөнхийн гэрийн үүдний таамбарт унтаж байсан. Батмөнх, Наранхүү 2 гадаа үүдний довжоон дээр унтаж байсан, Тэгээд би Батмөнхийг сэрээх санаатай 2, 3-н удаа нударсан, Батмөнх тухайн үед уурлаад гэрлүүгээ орсон тэгээд нэг хэсэг удаад байхаар нь би араас нь орсон. Тухайн үед Батмөнх үүдний амбаарт цааш харан зогсож байсан, тэгээд би яагаад гарч ирэхгүй удаад байна гэж хэлээд зүүн гараас нь өөрлүүгээ харуулах санаатай угзарсан. Тухайн үед Батмөнх баруун гартаа хутгатай байсныг мэдээгүй, цээжинд хорсохоор нь мэдсэн. Тэгээд хартал баруун хөхний доод талаас цус шүүрч байсан, тэгээд би шархаа дараад гадагшаа гүйж гарсан, тэгээд юу болсныг санахгүй байна. Тухайн үед согтуу, бас цус алдаад сандарсан байсан учир тодорхой санахгүй байна. Тэгээд эмнэлэгт очсоноо муухан санаж байна. Тэгээд хагалгаанд орсон. Мөрдөн байцаалтанд хэргийн тухай мэдүүлэх үед биеийн байдал тааруу олон дахин наркозонд орсон учир болсон явдлыг сайн санахгүй байсан. Сүүлд нь бие гайгүй болсны дараа бодоод байхад би араас нь таамбар дотор орж гараас нь татах үед хутгалагдсан. Миний хувьд шүүх хуралдааны үе болон одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв” гэсэн мэдүүлэг /хx-ийн 166-167/,

- Гэрч О.Баяржавхлан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед Э.Мөнхнарангийн биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 5-р хаирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн зах ирмэг нь тэгш зүсэгдсэн шархтай байсан. Шарх нь 2 см-ийн урттай, баруунаасаа зүүн рүү чиглэлтэй нэвтэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 14/,

- Гэрч С.Цогоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Батмөнх 91520106 гэсэн дугаараасаа миний 91236424 дугаар луу залгаж “Түргэн тусламж дуудаад өг” гэхээр нь би түргэн тусламж дуудчихаад Замын-Үүд сум 3-р баг Замын 2-2 тоот буюу Ө.Батмөнхийн гэрт очиход Батмөнхийн байшингийн үүдэн хэсэгт довжоон дээр Мөнхнаран дээгүүрээ хувцасгүй цээжин хэсгийн баруун талын дээд хэсэгт хөндлөн зүсэгдсэн шархтай бага зэрэг цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хэрэг болох үед Батмөнх, Мөнхнаран, Наранхүү нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...”гэсэн мэдүүлэг /хx-ийн 15/,

- Гэрч Ч.Наранхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Замын 2-2 тоот буюу Батмөнхийн гэрт Мөнхнаран, Батмөнх бид гурав нийлж 0.75 литрийн Соёрхол архи 3 шилийг 2,5 литрийн Нийслэл пиво 3-ыг хувааж ууж байгаад би байшингийн гадаа довжоон дээр унтсан байсан. Тухайн үед Батмөнх, Мөнхнаран хоёрын хооронд хэрүүл маргаан болон зодоон болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг сэрэхэд Батмөнх, Мөнхнарангийн цээжин тус газар хутгалсан, цус их хэмжээгээр гарсан байсан ба Мөнхнаран “Батмөнх намайг хутгалчихлаа” гэж байсан Тэгээд Батмөнх найз Цогоо руугаа залгаж түргэн тусламж дуудуулсан...”гэсэн мэдүүлэг /хx-ийн 18/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 347 дугаартай дүгнэлтэнд “...Э.Мөнхнарангийн биед цээжний хөндийн баруун талыг нэвтэрч судас гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх хурц цус алдалт гэсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хx-ийн 32/,

- Мэдүүлгийг газар дээр нь галгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 170-173/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53, 57/, хохирол төлсөн баримт /хх-ийн 83-84/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй хутга болон бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх тогтоолдоо үндэслэв.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ө.Батмөнх нь болгоомжгүй үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Замын 2-2 тоотод архи ууж согтуурсан үедээ иргэн Н.Мөнхнарангийн бие махбодид нь хүнд зэргийн гэмтлийг  учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэлийг болгоомжгүй учруулсан гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний шинжийг хангасан, үйлдэл холбогдол нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагч ялын шүүмж явуулахдаа: “...хэрэг гарах үед шүүгдэгч Ө.Батмөнх, хохирогч Э.Мөнхнаран нараас өөр хүн байгаагүй учраас тухайн гэмт хэрэг ямар нөхцөл байдалтай үйлдэгдсэн, гэмт хэргийн сэдэлт, үйлдсэн арга хэлбэрийн талаар хэрэгт нотлох баримт байхгүй байдаг. Иймд шүүгдэгч Ө.Батмөнхийг үл ялих зүйлээр шалтаглан Э.Мөнхнаранг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулан танхайрсан гэж дүгнэхэд эргэлзээтэй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу урьд сонсгосон Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т заасан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар зүйлчилж яллаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн...” гэснийг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Батмөнх нь бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Мөнхнарангийн “...Тухайн үед Батмөнх үүдний амбаарт цааш харан зогсож байсан, тэгээд би яагаад гарч ирэхгүй удаад байна гэж хэлээд зүүн гараас нь өөрлүүгээ харуулах санаатай угзарсан. Тухайн үед Батмөнх баруун гартаа хутгатай байсныг мэдээгүй, цээжинд хорсохоор нь мэдсэн…тэгээд юу болсныг санахгүй байна...” гэсэн, гэрч Ч.Наранхүүгийн “...Тухайн үед Батмөнх, Мөнхнаран хоёрын хооронд хэрүүл маргаан болон зодоон болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг сэрэхэд Батмөнх, Мөнхнарангийн цээжин тус газар хутгалсан, цус их хэмжээгээр гарсан байсан ба Мөнхнаран “Батмөнх намайг хутгалчихлаа” гэж байсан Тэгээд Батмөнх найз Цогоо руугаа залгаж түргэн тусламж дуудуулсан” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Батмөнх нь хохирогч Э.Мөнхнарангийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Шүүх Ө.Батмөнхөд гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдснийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэргийг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөрийг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ө.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй хутгыг устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Батмөнх нь хохирогч Э.Мөнхнаранд хохирол төлбөрт 3,900,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 83-84 хуудсанд авагдсан бичгийн баримт, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Э.Мөнхнарангийн “...эмнэлэгт хэвтэж байхад хагалгааны зардал гэж 300,000 төгрөг, хот руу эмчилгээнд явахад 3,000,000 төгрөг авсан, ирээд 600,000 төгрөг авсан” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 130/ нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Батмөнх нь хохирогч Э.Мөнхнаранд 3,900,000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрэнцэн овгийн Өлзийхутагийн Батмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар шүүгдэгч Эрэнцэн овгийн Өлзийхутагийн Батмөнхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Өлзийхутагийн Батмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Батмөнх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт утсгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ө.Батмөнх нь хохирогч Э.Мөнхнаранд хохирол төлбөрт 3,900,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ө.Батмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Батмөнхөд урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ