Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 115/ШШ2022/0024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж гүйцэтгэх захирал: Бийн Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Вийн Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дийн Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бын С

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Еийн У

Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга,

Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд ашигт малтмал ашиглахтай холбоотой үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: “Т” ХХК-ийн ...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар олгохгүй, газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа,  мөн кемп болон замын зориулалтаар газар хүссэн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар олгож, газар ашиглах гэрээ байгуулахыг болон кемп, замын зориулалтаар газар хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг тус Засаг даргад даалгах, кемп, замын зориулалтаар эзэмшихийг хүсэж буй газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, эдгээр газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхийг тухайн Хуралд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Л.Б, Б.С, Е.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, О.Д,  хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга Б.Угтахбаяр /цахимаар/, хариуцагч Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ш /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь:

1.1. Тус компанийн ...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар олгохгүй байгаа Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга (цаашид “сумын Засаг дарга” гэх )-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар олгохыг тухайн албан тушаалтанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж,

 1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн сумын Засаг даргад холбогдуулж, ...дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах,

1.3. Дорноговь аймгийн Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (цаашид “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэх)-д холбогдуулан тус компанийн ...дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах талбайг Засаг даргын өргөн мэдүүлснээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба (1 дэх хавтаст хэргийн 34-36, 53-54-р хуудас),

1.4. Шүүх хуралдааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг:

1.4.1. Тус компанийн ...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар олгохгүй, газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь газар олгож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах,

1.4.2. Тус компанийн ажилчдын хотхон (цаашид “кемп” гэх) болон зам (кемпээс уурхайн талбай хүртэл зорчих зориулалттай)-ын зориулалтаар  газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах,

1.4.3. Дээрх буюу 1.4.2-т дурдсан газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг  тухайн Хуралд даалгахаар маргасан.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг, Довцог худаг нэртэй 2617.58 га талбайд ашигт малтмал ашиглалтын ...дугаартай тусгай зөвшөөрлийг  авч,

3. Тухайн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан 2.7 га талбайг кемпийн, 5.2 га талбайг замын зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/37 тоот албан бичгээр, тусгай зөвшөөрлөөр олгогдсон 2617.58 га талбайд газар ашиглах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20/38 тоот албан бичгээр тус тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт,

 4. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад:

- 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21/14 тоот албан бичгээр, кемп байгуулах зориулалтаар 12.5 га, зам ашиглалтад зориулж 5.2 га газар,

- 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21/29 тоот албан бичгээр, кемп байгуулах зориулалтаар 12.5 га,  уурхайгаас кемп хүртэлх зам ашиглалтад зориулж 4.9 га газар, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь уурхайн зориулалтаар эзэмших,

- 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21/57 тоот албан бичгээр, уурхайн төслийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор уурхайн талбай дотроо түр кемп байгуулах газар,

- 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21/66 тоот албан бичгээр, кемп байгуулах 12.5 га, зам ашиглалтад зориулж 4.9 га газар, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь уурхайн зориулалтаар эзэмших,

- 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22/16 тоот албан бичгээр, ...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд газар олгож, газар, ус ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргаж (1 дэх хавтаст хэргийн 11, 12, 14-18-р хуудас) ,

5. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан” гэх үндэслэлээр хариуцагч сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан.

 

6. Нэхэмжлэгч “Т” ХХК нь:

 

6.1. Хариуцагч, сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “тус компанийн ...дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар олгохгүй, газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тухайн газрыг олгож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

 "Т” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Довцог худаг хэмээх газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар МҮ-021530 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авч тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хэрэгжүүлсэн.

Энэхүү ажлын хүрээнд манай компаниас Дорноговь аймгийн Мандах сумын газрын даамал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, 2021 онд Мандах сумын Засаг даргад тасралтгүй 5 удаа газар эзэмших тухай хүсэлт гаргасан, нэг ч удаа хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан.

Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж өгвөл газар олгоход надад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл Газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбоотой асуудал нь Газрын тухай хуулиар огт зохицуулагдахгүй. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүйгээс гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон тухайн газарт газар эзэмших эрх нь шууд үүсэхээр хуульд нарийвчлан заасан.

Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэр гаргуулахгүйгээр өөрөө газар ашиглах шийдвэр гаргах эрх хэмжээ нь Ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуулиар тодорхойлсон тул заавал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гарч хэрэгжүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Засаг даргын тусгай зөвшөөрлийн талбайд  газар ашиглах эрх олгохоос татгалзаж байгаа  нь ийнхүү хуульд байхгүй үндэслэл тул түүний эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байна гэж,

 

6.2. Хариуцагч, сумын Засаг даргад холбогдуулан гаргасанТус компанийн кемп болон замын зориулалтаар газар эзэмших хүсэлтэд хариу өгөөгүй сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасны дагуу “...ялган авах, олборлох” үндсэн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд энэ зорилгоор зарим шаардлагатай дэд бүтэц, ажилчдын байр болон зам барих зэрэг туслах шинж чанартай үйл ажиллагаанд зориулан газар эзэмших шаардлага  үүсдэг.

Уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан уурхайн талбайн гадна ажилчдын хотхон барихад зориулж 12.5 га, кемпээс уурхай хүртэлх замын зориулалтаар 5,2 га, нийт 17,7 га газрыг эзэмших тухай хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу сумын Засаг даргад мөн удаа дараа гаргаж байсан ч  хариу  өгөөгүй эс үйлдэхүй гаргасан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Засаг дарга кемпийн зориулалттай 12,5 га газар, кемпээс ашиглалтын талбай хүртэл зам тавих 5,2 га газарт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж өгвөл олгох боломжтой гэсэн тайлбар гаргаж байна. Эндээс харахад  кемп, замын зориулалттай 17,7 га газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж ойлголоо.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах” эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж байгаа тул кемп, замын зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна гэж,

 

6.3. Хариуцагч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Тус компанийн, кемп болон зам зориулалтаар эзэмшихийг хүсэж буй газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхийг тухайн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ирүүлсэн хариу тайлбар болон холбогдох нотлох баримтаас үзэхэд сумын Засаг даргаас манай газар эзэмших хүсэлттэй холбогдуулан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлуулахаар оруулсан саналыг тус Хурал хэлэлцэн батлаагүй, аливаа шийдвэр  гаргаагүй болох нь илэрхийлэгдэж байсан тул Хурлын эс үйлдэхүй хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “...тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ... сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасан үүргээ биелүүлэхгүйгээр манай компанийн кемпийн болон замын зориулалтаар эзэмшихийг хүссэн газрыг, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 2617.58 га газарт хамааруулж .... тусгай хамгаалалттай газарт ойрхон, худаг ус, булаг шандын ус татарна, иргэдийн өвөлжөө, хаваржаа байрлагдаг, отрын бэлчээр нутаг гэсэн үндэслэл гаргаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй гэж байгаа нь хуульд нийцээгүй үндэслэл байна.

Газрын тухай хуулийн 21.2.3-т сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар заасан. Хариуцагч сумын Засаг даргын зарим бүрэн эрх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус эс үйлдэхүйн улмаас хязгаарлагдаж улмаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлж байна.

Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга болон ИТХ-ын эс үйлдэхүйгээс шалтгаалан манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж нүүлгэн шилжүүлэлтэд 1,5 тэрбум орчим төгрөг, өнөөдрийн байдлаар түрээсийн техник тоног төхөөрөмж, ажилчдын цалин бусад аж ахуйн зардалд өдөр бүр 100 гаруй сая төгрөгийг зарцуулж ихээхэн хэмжээний хохирол учирч, цаашид ийм байдлаар үйл ажиллагаа зогсонги байдалтай үргэлжилбэл дээрх зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэхээр байна.

 Хариуцагч Мандах сумын Засаг дарга нь зохих хүсэлт саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж байсан ч хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхгүй байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус эс үйлдэхүй нь“Т” ХХК-ийн ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд шаардлагатай газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж улмаар Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулах боломжоор хааж байна гэжээ.

 

            7. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн шүүхэд анх болон нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ: "Т” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Довцог худаг хэмээх газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар МҮ-021530 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авсан бөгөөд тус компани тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хэрэгжүүлсэн.

Бэлтгэл ажлын хүрээнд манай компаниас Дорноговь аймгийн Мандах сумын газрын даамал үүрэгт ажлаа чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20/38 дугаар албан бичгээр Дорноговь аймгийн газрын харилцаа барилга төлөвлөлтийн газарт, мөн өдрөө Дорноговь аймгийн Мандах сумын засаг дарга Б.Угтахбаярт МV-021530 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбилцолоор уурхайн талбай болон түүний хамаарах уурхайн ажилчдын хотхон уурхайн зам ашиглалтад зориулж газар эзэмших хүсэлтийг гаргасан.

Засаг дарга Б Угтахбаяраас манай компанид албан ёсоор хариу өгөөгүйтэй холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21/14 дугаартай албан бичгээр уурхайн ажилчдын хотхон /кемп/ байгуулах 12,5 га, уурхайн зам ашиглалтад зориулж 5,2 га газар эзэмших эрхийг холбогдох хуульд зааснаар олгохыг хүссэн. Эдгээр хүсэлтүүдэд албан ёсоор хариу өгөөгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21/29 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21/57 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21/66 албан бичиг, 2022 оны 0З дугаар сарын 04-ний өдрийн 22/16 дугаар албан бичгүүдээр удаа дараа, тасралтгүй газар эзэмших хүсэлтээ гаргасан. Эдгээр хүсэлтүүдэд нэг ч удаа хариу өгөөгүй.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Ашигт малтмалын  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу ялган авах, олборлох” үндсэн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд энэ зорилгоор зарим нэг шаардлагатай дэд бүтэц ажилчдын байр болон зам барих зэрэг туслах шинж чанартай үйл ажиллагаанд зориулан газар ашиглах шаардлага үүсдэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж өгсөн бөгөөд ийнхүү тодорхойлохдоо мөн хуулийн “12.1.2 дахь хэсэгт “...харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах...” гэж заасан, энэхүү хуулийн зохицуулалтаас  үзвэл нутгийн захиргааны байгууллагыг тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигчид газрыг ашиглуулахыг үүрэг болгосон гэж үзэж байна.

Сумын Засаг даргын үүргээ хэрэгжүүлэхгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа талаар аймгийн Засаг даргад удаа дараа бичгээр болон амаар гомдол гаргаж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гарган өөрийн зөрчигдөж буй эрхээ хамгаалуулж, сэргээлгэх хүсэлтэй байна.

 “Т” ХХК-д Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга болон ИТХ-ын үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж нүүлгэн шилжүүлэлтэд 1,5 тэрбум орчим төгрөг, өнөөдрийн байдлаар түрээсийн техник тоног төхөөрөмж, ажилчдын цалин бусад аж ахуйн зардалд өдөр бүр 100 гаруй сая төгрөгийг зарцуулж ихээхэн хэмжээний хохирол учирч, цаашид ийм байдлаар үйл ажиллагаа зогсонги байдалтай үргэлжилбэл дээрх зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэхээр байна

Иймд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг АМГТГ-аас олгосон уурхайн ...тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах”; “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах” эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д заасан газар ашиглах тухай гэрээг байгуулахыг тус сумын Засаг даргад даалгаж өгнө үү.

Мөн түүнчлэн, хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “ ... уг асуудлыг хүлээн аваад тухай бүр Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж хэлэлцүүлж байсан боловч дэмжигдээгүй” гэх тайлбарыг өгсөн байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар заажээ. Хариуцагч сумын Засаг даргын зарим бүрэн эрх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус эс үйлдэхүйн улмаас хязгаарлагдаж улмаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлж байна. Хариуцагч Мандах сумын Засаг дарга нь зохих хүсэлт саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж байсан ч хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөөгүй байгаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль тус бус эс үйлдэхүй юм.

Манай компаниас МҮ021560 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа  ашигт малтмалын хайгуулын ХҮ-017628, ХҮ-01632 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан юм.

 Хайгуулын ХҮ-017628, ХҮ017632 тусгай зөвшөөрөлд хамаарах талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь  талбайн солбилцлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана ...”, 17.2 дахь хэсэгт “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно...”, 17.3 дахь хэсэгт “... Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална...” гэж зааснаар Засгийн газраас солбицлыг нь баталсан талбай юм.

 Гэтэл Дорноговь аймгийн Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “...тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах ...” гэж заасан үүргээ биелүүлэхгүйгээр “Т” ХХК-ийн МҮ-021530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд газар ашиглах эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх эрхийн хүрээнд “Манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож төлөвлөгөөнд тусгахыг Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, газар ашиглах тухай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож гэрээ байгуулахыг тус сумын Засаг даргад тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.

Сумын Засаг даргын үүргээ хэрэгжүүлэхгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа талаар аймгийн Засаг даргад удаа дараа бичгээр болон амаар гомдол гаргаж байсан ч үр дүнд хүрээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд шууд нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

 

7.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Төр бүх үйл ажиллагааг дүгнэж, сонгон шалгаруулалтаар тендерийн талбай  зарлахад манай компани ашигт малтмал хайхаар дэнчин тавьж, хөрөнгө босгож 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа өнөөдрийг хүртэл 20,000,000,000 гаруй төгрөг зарсан. Бид төрд итгэж энэ төслийг эхлүүлж, хуулийн дагуу бүх зөвшөөрлөө авсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн бичиг баримт дутуу бүрдүүлсэн, ямар нэгэн буруутай ажил хийгээгүй, зөвхөн тухайн орон нутгийн засаг захиргааны буруутай үйл ажиллагаанаас болж манай компани хохирч байна.

Манай компани туслан гүйцэтгэгч байгууллага авсан, туслан гүйцэтгэгч байгууллагын ойролцоогоор 300 гаруй  ажилтныг  хүлээлгэж, өдөрт тогтмол 50 гаруй ажилтан ажиллаж, түрээсийн техник, бензиний хөрөнгө, сул зогсож байгаа ажилчдын цалин гэх мэт зардал гарч, 7 хоногт 200,000,000 төгрөгийн бодитой хохирол учирч байна.

Манай компани орон нутагтай хамтран ажиллах, хариуцлагатай уул уурхайг хамтран хөгжүүлэх уриатай. Бид орон нутагтай хамтарч ажиллах талаар олон удаа ярьсан, гэрээ байгуулахыг хүссэн. Орон нутагтайгаа хамтран ажиллаж уурхайгаас олсон ашгийнхаа тодорхой хэмжээг уул уурхайн хуулийн дагуу орон нутагт төвлөрүүлж, орон нутгийг бүхэлд нь буюу хөгжлийн хөтөлбөрт нь тусламж үзүүлье, цаашид жижиг дунд үйлдвэрлэл, ногоон хөгжил, цахилгаан, түлш боловсруулах үйлдвэр, баяжуулах үйлдвэр гэх мэтчилэн улс орондоо хэрэгтэй олон ажил байна. Малын бэлчээр, худаг, ус, нөлөөллийн талбайд худаг ус гаргаж өгье, цаашид хамтарч ажиллая. Манай байгууллагын үйл ажиллагаанаас болж хохирч байгаа хэн боловч бүх асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Бодит байдалд манай компанид орон нутгийн 40 гаруй 50-иад иргэн ажиллах хүсэлтээ гаргаж өгсөн. Энэ асуудлаа нэг талдаа шийдвэр гаргаж өгнө үү гэдэг. Уурхайн ажлаа эхэлбэл бид нар сүү, мах, цагаан идээгээ нийлүүлж, хүүхдүүдээ ажилд оруулмаар байна. Манай хүүхэд Өмнөговьд ажилладаг гэж хэлж байна. Энэ байдлаас харахад иргэд уурхайн үйл ажиллагааг бүгд хүсэж байна, аж амьдралаа дээшлүүлэхийг хүсэж байна.  

Бид нар буруу зүйлийн төлөө биш хөгжлийн төлөө явж байна. Миний өнөөдөр гомдож байгаа ганц шалтгаан нь Улсын их хурал, Загийн газар, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн 3 хурлаар хэлэлцэж үйл ажиллагаагаа шийдвэрлэдэг. Улсын их хурлаас гарсан хууль, дүрэм, журмыг Засгийн газар засаж янзалдаггүй шиг Засгийн газрын хуралдсан шийдвэрийг орон нутагт өөрчлөх эрх байхгүй гэж харж байна. Засгийн газрын шийдвэрийг яагаад дагахгүй байгаа юм.  Манай компани цаасанд итгэсэн. Засгийн газрын мэргэжлийн яамны явуулсан бичиг баримтад ямар ч нөлөөлөл үзүүлдэггүй, 2,500 га газар гэж ярьж байна, энэ газрын 500 га газарт 10 жил үйл ажиллагаа явуулна, 500 га нь отрын бүс гэж ярьж байна. 500 га талбайд хэдэн тоо толгой мал багтах юм, 2000 мал нэг удаа ороод гарна, 2 багийн хэдэн сая мал багтах боломж байхгүй.  Энэ бүгдийг мэргэжлийн байгууллага нь дүгнэж, улс оронд хэрэгтэй гэдгийг хэлсэн.

Та манай талбайд өөрийн биеэр очиж үзлэг хийсэн, талбайд байгаа техникүүд бүгд валют үйлдвэрлэхийн тулд оруулж ирсэн гэж боддог. Гэтэл хэдэн малчдын бууц, хашааны шийдвэрээс болж зогсоно гэдэг нь үнэхээр харамсалтай байна, Энэ хугацаа хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Энэ асуудлыг шийдэж, хэн нь хуульд заасан алдаа гаргаж байгааг тогтоож, албан ёсоор тайлбарлаж нэг тийш нь гаргаж өгнө үү. Бид нар худлаа амлаагүй, бүх үйл ажиллагаагаа хийнэ, хамтарч орон нутгийг хөгжүүлнэ, түм шуугьж, бум бужигнасан хот болгох хүсэлтэй, аж үйлдвэртэй болгохыг хүсэж байна. Бид нар хууль зөрчөөгүй, бүх ажиллагаа хуулийн дагуу хийсэн. Би хаана нь алдсанаа ойлгоогүй, үүний цаана маш олон хүн хохирч байна, улс орны эрх ашиг, манай байгууллагын эрх ашгийг бодож хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

            7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: (эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах, өөрчлөх зэрэг эрх олгогдсон, 1 дэх хавтаст хэргийн 96-р хуудас)

Нэхэмжлэгч компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарын эс үйлдэхүй гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоож, эрхийг хангаж өгнө үү гэсэн шаардлага байгаа. Эс үйлдэхүй маань шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой болсон. Яагаад гэвэл хариуцагч Засаг дарга Угтахбаяр 11 удаагийн хүсэлтэд тухай бүр хариу өгөөгүй гэж хэлж байна. Нөгөө талаас хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга энэ асуудлыг хэлэлцсэн боловч төлөөлөгчдийн хамтын шийдвэрээр асуудал шийдвэрлэгдээгүй гэдэг.

Бид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд уурхайн талбайд буюу 2,617 га газарт газар ашиглах эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.1, 12.1.2-т зааснаар  тус талбайн гадна буюу кемп барих зориулалтаар 12.5 га, замын зориулалтаар 5.2 га, нийтдээ 17.7 га газрыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар тус тус сумын Засаг даргаас хүссэн.

Манай компаниас нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон хууль, эрх зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Газрын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт “ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд нутгийн захиргааны байгууллага буюу орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхойлж өгсөн бөгөөд  12.1.1-т ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох үүргийг хэрэгжүүлнэ. Энэ үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг Газрын тухай хуулийн 55 дугаар зүйл болон Газрын хэвлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааж өгсөн.

 Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж өгвөл газар олгоход надад татгалзах зүйлгүй гэсэн. Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэр гаргуулахгүйгээр өөрөө газар ашиглах шийдвэр гаргах эрх хэмжээ нь Ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуулиар тодорхойлсон байхад заавал иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарч хэрэгжүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй тайлбар.

Сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд газар ашиглах эрх олгох үүрэгтэй, энэ үүрэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйл, 27.1.8, 27.1.11 дэх хэсэгт тусгагдсан бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн  батлуулах шаардлагагүй, үүнийг тусгайлан хуулиар зааж өгсөн. Засаг даргын тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглах эрх олгохгүй байгаа татгалзал нь хуульд байхгүй үндэслэл байна. Өөрөөр хэлбэл Засаг дарга тусгай зөвшөөрөл бүхий талбайг хуульд заагаагүй үндэслэлээр олгохгүй байгаа нь хууль бус.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Засаг дарга 2,617 га газарт газар ашиглах эрх өгч болохоор, тусгай зөвшөөрлийн талбайн гадна буюу кемпийн зориулалттай 12,5 га газар, кемпээс ашиглалтын талбай хүртэл зам тавих 5,2 га газарт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж өгвөл өгөх боломжтой гэсэн тайлбар гаргаж байна гэж үзэж байна. Эндээс харахад  кемп, замын зориулалттай 17,7 га газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж ойлголоо.

Мөн хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ш нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэж хэлэхгүй байна. Бичгээр гаргасан тайлбартаа огт газар олгохгүй гэж бичээгүй. Бид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд ямар агуулгаар явж байна гэдгийг уншиж судалсан. Хуралд кемпийн зориулалттай 12,5 га газар, автозамын зориулалтаар 5,2 га газар нийт 17.7 га газрыг л төлөвлөгөөндөө тусгаж өгнө үү гэсэн агуулгаар хүсэлт гаргаж байгаа, гэтэл Хурлаас нэхэмжлэгчийн 2,617 га газрыг ашиглах эрх өгөх гэж байгаа мэт ойлголт явж байна. Энэ газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэнгүй, олон нийтийн хэлэлцүүлэг хийгээгүй, отрын бүс нутаг, Арц Богд хайрхантай ойрхон болохоор ашиглах зөвшөөрөл өгөх боломжгүй гэж маргаан болсон байна.

Гэтэл нарийвчилсан үнэлгээний асуудал нь тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж дээрээ хийгдсэн, шалгадаг, хянадаг байгууллага буюу төрийн захиргааны төв байгууллага яам, Ашигт малтмалын газар хянаж баталгаажуулсан, цаашилбал энэ асуудлыг хэрэгжүүл гэж Байгаль орчны яамнаас Уул уурхайн яам руу албан бичиг явуулсан, ашигт малтмалын газраас орон нутгийн байгууллага буюу Угтахбаяр дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурал руу албан бичиг явуулсан байна.

Мөн отрын бүс гэж ярьж байгаа боловч нарийвчилсан үнэлгээ дээр шат шатны байгууллагуудын үнэлгээд отрын бүс байна гэж тодорхойлсон зүйл байхгүй, улсын тусгай хамгаалалттай бүс нутгаас 8 километрийн зайтай оршдог гэдгийг ч шат шатны байгууллага тогтоосон.

Энэ дүгнэлтүүдийг нэхэмжлэгч хийгээгүй, тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгжүүд болон төрийн захиргааны байгууллага, агентлаг хийдэг. Тусгай зөвшөөрөлтэй 2,617 га газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж эхэлбэл тухайн газарт баяжуулах үйлдвэр, барилга байгууламж баригдана. Уг барилга байгууламжид сумын олон иргэд хамрагдаж, ажиллах боломжтой. Кемп ямар зориулалттай вэ гэхээр уурхайд ажиллаж байгаа нийт ажилчдын эрх ашигт нийцсэн хотхон буюу амрах зориулалттай байр баригдана.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь кемпийн зориулалттай 12,5 га,  автозамын зориулалттай 5,2 га, нийт 17.7 га газрыг ашиглалтын тусгай зөвшөөрөлд байгаа 2,617 га газарт оруулж олгохгүй гэсэн үндэслэл гаргаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй гэж байгаа нь хуульд нийцээгүй, хуульд байхгүй үндэслэл  бөгөөд энэ эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна.

Хамгийн сүүлд аймгийн мэргэжлийн хяналтаас талуудын дунд маргаан үүссэнтэй холбогдуулан дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтэд Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарын хэлж байгаагаар Арц Богдын уултай ойрхон, отрын бүс, ховор эмийн ургамал ургадаг, шаварт болон хошуу хондны ундны ус, булагтай ойрхон, ховор зүйл буюу чулуужсан мод олдсон гэх дүгнэлт гаргаагүй. Хариуцагч нарын хэлж байгаа үндэслэлүүд шиг мэргэжлийн байгууллага дүгнэлт хийсэн зүйл байхгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэв.

 

7.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 онд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлийн гэрчилгээгээ бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2014 онд Засгийн газрын нээлттэй сонгон шалгаруулалтаар Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Довцог худаг нэртэй хайгуулын талбайг худалдаж авсан. 2016 оноос 2019 онуудад хайгуулын судалгааны нарийвчилсан ажлууд хийгдэж нийт 190,000,000 тонны нөөцтэй гэж тогтоолгон 2020 оны 01 дүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулж авсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага болох ашигт малтмал, газрын тосны кадастрын газрын даргын тушаалаар олгосон.

Манай төсөл техник эдийн засгийн үндэслэлээр 190,000,000 тонны нөөцтэй, жилийн олборлолтын хэмжээ 5,000,000 тонн хүртэл байж, уурхайн талбайгаас 230 километр зайд орших Ханги мандал хилийн боомтоор экспортод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах зорилготой техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсан. Төслийн нийт ашиглах хугацаа 37 жил. Энэ төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа шинэ эргэлтийн бодлогод нийцсэн, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий орон нутагт үр өгөөжөө өгч болохуйц төсөл хөтөлбөр гэж харж байна.

Төсөл хэрэгжсэнээр орон нутагт ажлын байр бий болж, мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих гэх мэт говийн бүсэд шаардлагатай ажлуудыг хийнэ гэж сумын орон нутаг, засаг захиргаанд саналаа удаа дараа хүргүүлсэн. Мөн төслийн танилцуулгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 2020 оны 09 дүгээр сараас хойш үр өгөөжийг нь  иргэдэд нээлттэй танилцуулах, төсөл хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой байх талаар удаа дараа танилцуулж, мэдээлэл түгээж, түгээхийг оролдсон, оролдлого хийсэн гэж үзэж байна. Мандах сум нь цөөн хүн амтай, буурай хөгжилтэй, байгалийн өвөрмөц тогтолцоотой учраас төсөл хэрэгжсэнээр тухайн сум хөгжинө. Төсөл хэрэгжүүлэх газар нь Мандах сумаас 30 километрийн зайд оршдог гэв.

 

7.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уурхайн талбайн гадна буюу кемпээс уурхайн эдэлбэр бүс хүртэлх зам, шулуун шугамаар 4,7 километр, одоо хүсэж байгаа кемпийн газар нь уурхайгаас 4 километрийн зайтай гэв.

 

7.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Мандах сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэгдүгээр шаардлага нь “Т” ХХК-ийн  ашиглалтын дугаар бүхий талбайд газар олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар олгохыг даалгах, хоёрдугаарт “Т” ХХК-ийн дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах, гуравдугаарт буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Т” ХХК-ийн дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын захиргааны үйл ажиллагаа өөр хоорондоо хамааралтай, шат дараалсан үйл ажиллагаа байна гэж үзэж бүхэлд нь захиргааны үйл ажиллагааг хууль ёсны эсэх асуудлыг дүгнүүлэх шаардлагатай болсон учраас 2 хариуцагчид холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тодорхой үйл ажиллагаа явуулах буюу гэрээ байгуулж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа.

“Т” ХХК нь 2020 оноос хойш ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулъя, ашигт малтмалын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлье гэсэн байдлаар ажлаа эхлүүлэх гэсэн боловч захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс бидний үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг олгоогүйгээс тусгай зөвшөөрөл бүхий талбайд малтмал ашиглах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Мандах сумын Засаг дарга тухайн газарт газар олгох, газар ашиглах гэрээ байгуулах үүрэгтэй. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах үүрэгтэй байсан. 2020 оноос өнөөдрийг хүртэл орон нутгийн захиргаанд 11 удаа хүсэлт, албан бичиг явуулсан, сумын Засаг даргаас энэ асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 4 удаа асуудал хэлэлцсэн боловч дэмжигдсэнгүй, тийм учраас би шийдвэр гаргаж чадахгүй байна гэсэн тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл Мандах сумын Засаг дарга газар олгохгүй гэж хэлээгүй, олгох боломжгүй байна, энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шалтгаалж байна гэсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд 4 удаа хуралдсан. Ингэхдээ хуульд зааснаас өөр үндэслэлээр буюу ямар нэгэн тодорхой үндэслэл дурдахгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж, хуралдаанд төлөөлөгч нар санал өгсөн.

Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимд нийцэх ёстой. Үндсэн хуульд хууль дээдлэх зарчмыг Захиргааны ерөнхий хуульд тусгайлан заасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд заасан зарчмаас гадна 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг харгалзаж шүүх шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын тухайд өнөөдөр компанийн захирал 20,000,000,000 төгрөгийг бодит хөрөнгө оруулалт, зардал гарсан гэж тайлбарласан.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тухайлан дурдмаар байна. 12 дугаар зүйлийн 12.1-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална. 12 дугаар зүйлийн 12.1.1-т төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах. Төрийн захиргааны байгууллага лицензийг олгосон байхад үүнийг нутаг дэвсгэр нь хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж болохгүй, төр өөрөө нэгдмэл бодлого чиглэлтэй, нэгдмэл нэг шийдвэртэй байх ёстой. 12 дугаар зүйлийн 12.1.2-т улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулах. Орон нутагт тухайн аль нэг ба иргэний асуудлыг ярихаас гадна улсын ашиг сонирхол, Дорноговь аймгийн ашиг сонирхол, Мандах сумын ашиг сонирхлыг харж байж зөв зүйтэй шийдвэр гаргах ёстой. 12 дугаар зүйлийн 12.1.3-т нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн чиг үүргийг зааглах.  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга бол өөр өөрийн чиг үүргийг заагтайгаар хуульд олгогдсон хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Засаг даргад эрх нь олгогдсон байхад иргэдийн Төлөөлөгчдийн хуралд асуудлаа халдааж, өөрт холбогдох нэхэмжлэлд тайлбар өгч байгааг шүүх анхаарч үзнэ үү.

12 дугаар зүйлийн 12.1.4-т нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээнэ. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх нь төрийн үүрэг мөн. Төр энэ үүргээ хэрэгжүүлэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дараах эрхийн баталгааг хангана гэж заасан. Үүнд байгалийн баялгийн үр өгөөж захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх нь төрийн үүрэг мөн. Төр энэ үүргэцөл байдалд уялдуулан ойлгох ёстой.

Иргэдийн Төлөөлөгчдийн 4 удаагийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Тэмдэглэлийн олон хэсэгт Угтахбаяр дарга орон нутгийн төсвийг бүрдүүлэх асуудал хүнд байна, үүнийг хэрхэн, яаж бүрдүүлэх вэ гэдэг ганц гаргалгаа нь “Т” ХХК-ийн газар ашиглах гэрээг байгуулж, газрын төлбөрийг хамгийн ойр сумын газрыг 2 дахин ихэсгэсэн хэмжээгээр авч, хариуцлагын гэрээг маш сайн хийе. Өөрөөр хэлбэл орон нутаг хариуцлагын гэрээгээр орон нутаг, хүн амын ашиг сонирхлын талаарх асуудлыг шийдвэрлэх боломж байгааг орон нутаг ойлгож байна. Хуульд энэ боломжийг түшиглэн хөгжих гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн.

Аймгийн мэргэжлийн хяналтын газраас сүүлд шалгалт хийж, зөрчилтэй холбоотойгоор гэрээгээ байгуул гэсэн актыг тодорхойлсон. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан акт нь манай компаниас шалтгаалаагүй зөрчил байсан. Үүнээс өөр зөрчлийг мэргэжлийн хяналтын газраас олж тогтоогоогүй гэдгийг хэлмээр байна.

Сумын Засаг дарга газар ашиглах гэрээ хийж, газрыг ашиглуулах талаар удаа дараа хэлж байгаа, хариу тайлбартаа ч гэсэн энэ байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга кемпийн 12,5 га газрын байршлыг сольж олгох талаар боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Үндсэндээ манай компанийн эрхийг хязгаарлах байр суурийг илэрхийлээгүй, газар ашиглах, эзэмших эрхийг олгохгүй гэсэн хуульд заасан тодорхой заалтыг үндэслээгүй гэдгийг анхаарч үзнэ үү гэв.

 

7.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан. Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбоотой асуудал нь Газрын тухай хуулиар огт зохицуулахгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг заасан бөгөөд 12 дугаар зүйлийн 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, 27 дугаар зүйлийн 1.1-т тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах гэж заасны дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ зөвшөөрлөөр олгогдсон талбайг олборлох эзэмших эрхтэйг заасан.

Тухайлбал нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага буюу 2,617 га талбайг манай компани эзэмших эрхтэй, энэ эрхийг хууль тогтоогчид Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд тусгайлан зааж өгсөн байна. 27 дугаар зүйлийн 27.1.8-д ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах, 27 дугаар зүйлийн 27.1.11-т холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах гэж тус тус зааснаас үзэхэд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч маань тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу эрх авсан байхыг шаардахгүй, тусгай зөвшөөрөл олгогдсон газарт газар ашиглах эрх нь шууд үүсэхээр хуульд нарийвчлан заасан байна.

 Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүйгээс гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон тухайн газарт газар эзэмших эрх нь шууд үүсэхээр байна.

Харин сум, орон нутгийн Засаг даргын эрхийг яаж оруулж ирсэн вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т зааснаар Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх эдэлбэр газар газар олгох, олгосон талбайг зориулалтын дагуу ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох үүрэгтэй гэж заасан ба татгалзах болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх авах шаардлагагүй,  иргэдийн Төлөөлөгчид ч энэ эрхийг эдлэхгүй бөгөөд тусгай зөвшөөрөл олгосон газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах ойлголт хуульд огт байхгүй.

Хариуцагч Засаг дарга тусгай зөвшөөрөлтэй 2,617 га газарт зөвхөн ус ашиглах, газар ашиглах гэрээ байгуулах байгуулах үүрэгтэй болохоос биш Засаг даргын дурдаж байгаа дэмжигдээгүй гэсэн асуудал нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлага болох кемпийн газар, замын асуудлын талаарх хүсэлтийг Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж өгнө үү, тусгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож өгнө үү гэж.

 Хариуцагч нарын зүгээс удаа дараа иргэд эсэргүүцсэн гэсэн тайлбар гаргаж байна. Нэг зүйлийг тодруулъя, Захиргааны ерөнхий хууль болон Иргэний хуульд маш тодорхой заасан. Бид хохирол төлбөртэй холбоотой асуудлыг захиргааны журмаар шаардахгүй, магадгүй дараа нь иргэний журмаар шаардана. Хоног, өдөр өнгөрөх тусам өдөр бүр 200,000,000 гаруй төгрөгийн хохирол учирч байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т төрийн албан хаагч хүлээсэн үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хорын хохирол учруулсан бол төр хариуцан арилгана. Энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т Энэ хуулийн 498.2-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Үүнд иргэд хамаагүй, иргэд эсэргүүцэж байгаа учраас бид нар газрыг өгөхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа ч энэ хохирлыг иргэд хариуцахгүй, төр хариуцаж буцаад албан тушаалтнаас гаргуулна.

Өнөөдрийн байдлаар бодитоор 2,500,000,000 төгрөгийн хохирол учирсан байна, цаашид өдөрт 200,000,000 төгрөгийн хохирол учирч байна. Иргэний хуульд орох ёстой байсан хохирлыг гэм хорын хохиролд оруулан тооцно гэж заасан. Энэ хохирол нь бид нарт бодитой учирсан хохирол болохоос биш орох ёстой байсан хохирол биш гэдгийг дахин хэлмээр байна.

Хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч нар хуульд байхгүй үндэслэлээр татгалзаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын нэгдсэн нийт төсвийн 25,4% буюу 21,900,000,0000,000 / их наяд/ төгрөгийг зөвхөн уул уурхайн салбараас бүрдүүлж байгаа. Улсын төсвийг бүрдүүлэх гэж явж байгаа дотоодын аж ахуйн нэгжээ хясан боогдуулж байна. Нэхэмжлэгч компани 2020 онд тусгай зөвшөөрөл авч 2 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг төлж байгаа боловч ямар ч үйл ажиллагаа эхлүүлээгүй байгаа гэдгийг анхаарч үзнэ үү гэв.

 

8. Хариуцагч, сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Т” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын Алхантээг, Баянхошуу багийн нутагт МҮ0215530 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд ...дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд газар эзэмших хүсэлтүүдийг 2021 онд удаа дараа ирүүлж байсан.

Сумын Засаг даргаас уг асуудлыг хүлээн аваад 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд газар эзэмшүүлэх тухай саналыг тухай бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлж байсан боловч дэмжигдээгүй.

“Т" ХХК нь ...дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа ашигт малтмалын хайгуулын Х\/-017628, Х\/-017632 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж тухайн хайгуулын үр дүнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэж зааснаас үзэхэд “Т" ХХК-ийн ...дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд ашигт малтмал ашиглах эрх нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан тохиолдолд Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.4.3 дахь хэсэгт заасны дагуу “Т" ХХК-ийн МҮ-021530 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд газар эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэж үзэж байна гэжээ.

 

8.1. Хариуцагч сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2020 оны 12 дугаар сараас эхлэн сумын Засаг даргаар томилогдсоноос хойш  “Т” ХХК нь газар олгох, баталгаажуулж өгөх талаар удаа дараа хүсэлтүүдээ ирүүлж байсан нь үнэн. Сумын Хурал тэр болгон хуралдаад байдаггүй жилдээ 1-2 удаад хуралддаг тул хүсэлт болгоныг оруулах боломжгүй, хуралдах үед нь оруулж хэлэлцүүлсэн боловч төлөөлөгчид уг газар сумын тусгай хамгаалалттай 18-ын Богд ууланд ойрхон, 2 багийн отрын бэлчээр учраас дэмжих боломжгүй гэж шийдвэрлэж байсан.

Нийт 11 удаа хүсэлт өгч байсан нь үнэн  боловч хүсэлт болгонд хариу өгөх боломжгүй. Учир нь иргэдийн Төлөөлөгчид маань хуралдахгүй байсан учраас хариу өгөөгүй, ямар ямар хүсэлтэд нь хариу өгөөгүй гэж хэлж мэдэхгүй байна. Ер нь шаардлагатай, холбогдох материалыг авъя, хурлын тэмдэглэлийг хуулбарлаж авъя, яагаад манай газрын асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэхгүй байгаа юм гэж утсаар ярьж, манай зүгээс тухай бүр нь тайлбарлаж өгч байсан. Тамгын газраас албан бичиг явуулсан эсэх талаар хэлж мэдэхгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс “Т” ХХК руу хариуг явуул гэж хэлж байсан. “Т” ХХК-ийн ажилтан Сараа, Хурлын нарийн бичигтэй холбогдож  албан бичгүүдийг авч байсан байх.

Миний хувьд Засгийн газрын бодлого шийдвэртэй холбоотой асуудлыг ойлгож байгаа. Манай орон нутгийн захиргааны байгууллага нэлээдгүй эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарч байгаа учраас шийдвэр гаргахад хүнд байна. Иргэдийн дунд энэ компанийг гэнэт ашиглалтын тусгай зөвшөөрөл авч гарч  ирээд газрыг ухах гэж байгаа юм шиг ойлголттой байгаа. Хоёрдугаарт Таван толгой ХХК, Айл баян уурхай ХХК шиг ч юм уу ойр орчимдоо сөрөг нөлөө үзүүлэх, ундны усны асуудал, тоосжилтын асуудал зэрэг хүндэрнэ гэсэн ойлголттой байдаг. Иргэдтэй учир зүйгээ олох, эвлэрлийн ширээнд суух нь чухал байна. Нутгийн иргэд нэлээдгүй тэмцэж байгаа. Шүүхийн шийдвэр яаж гарахаас шалтгаалж иргэдэд мэдээ, мэдээлэл өгч, цаашид байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа яаж явуулах талаар иргэдэд мэдээлэх нь зөв гэж хэлмээр байна гэв.

9. Хариуцагч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт:  “Т” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий газраа баталгаажуулах хүсэлтийг сумын Засаг даргаар дамжуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02, 2021 оны 06 дугаар сарын 25 -ны өдрийн 04, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар хуралдаанд нийт 4 удаа хэлэлцүүлсэн.

2020 оны 02 дугаар хуралдаан оролцсон 14 төлөөлөгчдийн 100 хувийн санал, 2021 оны 04 дүгээр хуралдаанд оролцсон 13 төлөөлөгчийн 100 хувийн санал, 2021 оны 06 дугаар хуралдаанд оролцсон 10 төлөөлөгчийн 7 буюу 70 хувийн санал, 2021 оны 12 дугаар сарын 07 дугаар хуралдаанд оролцсон 14 төлөөлөгчийн 100 хувийн саналаар “Т" ХХК-ийн уурхайн зориулалттай газрыг баталгаажуулахыг дэмжээгүй.

“Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газар нь Улсын Их Хурлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан нутгийн тахилгат шүтээн уул Арван наймын Богд уултай ойрхон (8 км орчим), сумын төвтэй ойрхон (30 км), Алхантээг, Баянхошуу багуудын отрын бэлчээр нутаг, байгалийн ховор тогтоц бүхий чулуужсан мод, улаан номд орсон хулан, бор зээрийн өлгий нутаг зэргээс хамаарч баталгаажуулахаас татгалзах шалтгаан болж байна гэжээ.

 

9.1. Хариуцагч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн уг газар нь улсын тусгай хамгаалалттай газраас 10 километр, хоёр багийн 200,000 малын бэлчээр, малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газар, отрын бүс нутаг болохоор өгөхгүй гэж хадгалж, хамгаалж ирсэн. Уг газар нь олон төрлийн эмийн ургамалтай, 5 хошуу мал бэлчээрлэхэд тохиромжтой, зүүн хойд талдаа бага мал, адууны бэлчээр, өмнөд талдаа бударгана, харгана ургадаг тэмээний бэлчээртэй. Талбайн хажуу талд гарсан цагаасаа эхэлж шавхагдаж байгаагүй, их хэмжээний ундаргатай “Хошуун хондны” ундны устай, хойд талдаа 2-3 километрт Шавартайн булаг гэх мэт олон булаг, Шавартын ус гэж гүний устай дүйцэхүйц хэмжээний элбэг устай, бэлчээртэй газар.

 Одоогоор Мандах сумын Баянхошуу, Алхантээг багийн 20 гаруй айл зунжиж, намарждаг. Энэ талаар малчид, иргэдийн төлөөлөгч нар саналдаа тусгаж байсан учраас энэ газрыг баталгаажуулах боломжгүй.

 Археологи, палентлогийн ховор буюу чулуужсан мод ихтэй, ашиглалтын зөвшөөрөл олгогдохоос өмнө археологи, палентлогийн судалгааг хийсэн гэж ярьж байгаа боловч яагаад түүхийн ховор олдворыг үзээгүй юм. Түүхийн дурсгалт ховор олдворыг харахгүйгээр орхиж судалгаа хийсэн талаар санал, хүсэлт байна.

Иймд иргэдийн зүгээс уг газрыг баталгаажуулахгүй, цаашид ашиглалтын лицензийг цуцлуулах талаар удаа дараа санал гаргаж, жагсаал цуглаан хийж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал маань иргэдээсээ сонгогдож гарсан төлөөллийн байгууллага учраас дээрх шийдвэрийг гаргасан.

Нэхэмжлэгч ашиглалтын талбайг ярьж байна, ашиглалтын талбайгаас гадна байгаа нөлөөлөлд байгаа 5, 10 километрийн бэлчээрийн талбай орно. Нөлөөллийн талбайд 20 гаруй мянган айлын 26,000 орчим мал идээшдэг газар байдаг. Ганцхан талбайдаа биш, талбайгаасаа хаашаа, хаашаа 10 гаруй километрт олон айл нутагладаг, 18-ын Богд уулын жалга болгон нь булагтай, хэрвээ “Т” ХХК үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл говь усгүй болж байна, усны асуудал хэцүү, малчдын амьжиргааны асуудал хэцүү болно. Олон жил идээшсэн малыг яах билээ, мал маллаж,  амьжиргаагаа залгуулдаг байсан олон айл малаасаа салж нэн ядуу түвшинд хүрнэ.

Монгол Улсын шийдвэр гарсан л юм байгаа биз тэрийг үгүйсгэхгүй. Олон малчдын бэлчээр, усныхаа асуудлыг яаж шийдвэрлэх юм, говь усгүй болж байна. Оюутолгой, Таван толгой, одоо Өмнөговь аймгийн малчид усгүй боллоо гэж ярьж байна. Зарим сумдын малчид өөр сумдад шилжиж хүний газар нүд үзүүрлэгдэж байна. Энэ дүр зураг удахгүй Мандах суманд тулгарна. Монгол Улс, Засгийн газар малчин ард иргэдээ яах вэ мал нь бэлчээрлэх газаргүй, уух усгүй болно, үүнийг яах вэ.  Ийм үндсэн шалтгаан байна. Та бүхэн байгаа байдлыг нь газар дээр нь очиж үзсэн, нөхцөл байдал хүнд байгаа учраас бодож үзнэ үү.

Кемп болон замын газрыг тусгай зөвшөөрөлтэй талбайгаас наана буюу одоогийн байгаа байршилд өгөх боломжгүй. Хурлын төлөөлөгчдийн санал гардаг учир дахин өөр газар хүсэлт өгвөл хурлаар хэлэлцүүлнэ. Би ганцаараа бие даан зөвшөөрөөд батлуулна гээгүй, газар өгч болно, өгөхгүй байж ч болно гэж хэлье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх,  нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд:

- Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар ... захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болох”-оор,

-Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж ...хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх ... (-ээр) гаргасан өргөдөл, гомдлыг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд ... шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор,

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв заагаагүй бол ... хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар,

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс хамгийн сүүлийн байдлаар буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22/16 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг, хариуцагч албан тушаалтнаас шийдвэрлэх хуульд заасан 30 хоногийн хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дууссанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж, тус нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.

 

2. Шүүх энэхүү захиргааны хэргийг, нэхэмжлэгч “Т” ХХК-иас, хариуцагч сумын Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан, шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1.4.1-1.4.3-т заасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан, шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах  үйл баримтуудын тухайд:

3.1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг, Довцог худаг нэртэй 2617.58 га талбайд ашигт малтмал ашиглалтын ...дугаартай тусгай зөвшөөрлийг авсан, (1 дэх хавтаст хэргийн 9-10-р хуудас)

3.2. Уг тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл бүхий талбайд болон тус талбайн гадна кемп, замын зориулалтаар зохих хэмжээний газар эзэмшиж, ашиглах тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт 2020 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, 2021 онд Мандах сумын Засаг даргад удаа дараа гаргасан (1 дэх хавтаст хэргийн 11-12, 14-18, 110-126-р хуудас, мөн Засаг даргад газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлт гаргасан),

3.3. Хариуцагч Мандах сумын Засаг дарга, нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан дээрх хүсэлтүүдэд тухай бүр албан ёсоор хариу өгөөгүй ч уг хүсэлтүүдтэй холбогдуулан 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, 2022 газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулахаар холбогдох саналаа, нэхэмжлэгчээс ирүүлсэн газар эзэмших хүсэлтийн хамт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж байсан (1 дэх хавтаст хэргийн 30-32-р хуудас),

3.4. Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн газар эзэмших тухай хүсэлт, сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн санал, төлөвлөгөө зэргийг нийт 4 удаагийн буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 04, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар хуралдаануудаар тус тус хэлэлцээд:

-багийн иргэдийн нийтийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан,

-Техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулаагүй,  

-Алхантээг, Баянхошуу нэртэй хоёр багийн зун, намрын отрын бэлчээр нутаг, малчдын өвөлжөө, хаваржаа,  ундарга ихтэй гүний худаг ус, олон булаг шанд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй газарт байдаг,

-Улсын тусгай хамгаалалтад авсан, нутгийн шүтээн Арван наймын Богд уултай ойрхон,

- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.2, 9.3-т заасан шаардлагыг хангаагүй гэх зэрэг үндэслэлүүдээр төлөөлөгчдийн олонхын буюу 70-100%-ийн саналаар газар олгох боломжгүй гэж үзэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлаагүй нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 57-95, 128-163-р хуудас) болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож  байна.

4. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь, хариуцагчаар тодорхойлсон албан тушаалтан болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг тус тус хууль бус эс үйлдэхүй гаргаснаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын зориулалтаар газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэх агуулгаар маргадаг.

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” хэмээн зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж, зохих хариуг өгөөгүй хариуцагч нарын үйл ажиллагааг эс үйлдэхүй гэж үзэх ба харин эдгээр нь хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь  дараах нөхцөл байдлуудаар тогтоогдож байна.

 5. Хариуцагч, сумын Засаг даргын “Тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар олгохгүй, газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, улмаар уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

5.1. Хариуцагч сумын Засаг дарга, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй, газар ашиглах гэрээ байгуулахгүй  байгаа эс үйлдэхүйн үндэслэлээ “...хүсэлтийг хүлээн аваад ... хүргүүлсэн, ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд дэмжээгүй тул Засаг даргын зүгээс газар олгох боломжгүй, хэрэв газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталгаажуулсан тохиолдолд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасны дагуу газар олгож, гэрээ байгуулах боломжтой” хэмээн нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газруудыг бүхэлд нь Газрын тухай хуульд заасан, нөхцөл журмын дагуу буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталгаажуулснаар олгож болно хэмээн маргана.

 

5.2. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.2-т “газрын хэвлий, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”,

Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”,

 

Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т газрын хэвлийг ашигт малтмал ашиглах зориулалтаар ашиглуулахаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт газрын хэвлийд ... ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна хэмээн тус тус зааснаас үзэхэд Газрын тухай хууль нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ерөнхий зохицуулалттай хууль,

 

Харин Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн газрын гадарга, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбогдох харилцааг тусгайлан зохицуулсан, илүү нарийвчилсан зохицуулалттай хууль байх ба,

 

Энэ тохиолдолд хууль хэрэглээний талаарх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан “...хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэх” зарчмын дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд эдэлбэр газар ашиглахтай холбоотой харилцаа нь Газрын тухай хуулиар биш, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдахаар байна.

 

            5.3. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.7-д “Ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, ... (-гээс) ашигт малтмал ялган авах, олборлох, ... түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, 4.1.16-д "ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг; ойлгохоор тус тус тодорхойлсноос үзэхэд эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу олгосон ашигт малтмал ашиглах энэхүү эрх нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газар, түүний хэвлийг ашиглах эрхийг өөртөө агуулж байх буюу тодруулбал, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тухайн зөвшөөрлөөр олгогдсон нийт талбайг буюу газрыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглах эрхийг шууд олгож байгаа гэж үзнэ.  

 

Өөрөөр хэлбэл, энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахын тулд тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа Газрын тухай хуульд зааснаар хариуцагч нараас “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар өргөн мэдүүлэх болон тус төлөвлөгөөнд тусгаж батлах зэргээр” зохих шийдвэр гаргуулсан байхыг шаардахгүй бөгөөд,

 

Харин Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д “нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээний дотор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 2/-т “нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох” (энэ заалтыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хулиар өөрчилсөн бөгөөд “Төрийн мэдээлэл эмхэтгэл”-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №21-д хэвлэгдсэнээр мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон)-оор заасны дагуу зөвхөн хариуцагч сумын Засаг даргын зүгээс эрх бүхий этгээдээс нэгэнт олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээг байгуулах үүрэгтэй байна.

 

5.4. Гэтэл хариуцагч сумын Засаг дарга, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа эдэлбэр газар ашиглах, газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлүүлэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, улмаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар олгохгүй, гэрээ байгуулахгүй байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11-д заасан  холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрхийг зөрчиж байгаагаас гадна мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар газар ашиглах тухай гэрээг уурхай дээрээ байлгах үүргээ нэхэмжлэгчийн зүгээс биелүүлэх боломжгүй үр дагаварт хүргэж байна.

 

            5.5.Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд эдэлбэр газар олгож,  гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус хуулийн этгээдтэй хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг нь үндэслэн газар ашиглах гэрээ байгуулахыг хариуцагч сумын Засаг даргад даалгах үндэслэлтэй байна.

 

6. Тус компанийн кемп болон замын зориулалтаар эзэмшихийг хүссэн газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус эсэх, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, улмаар тухайн газруудыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгах хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

6.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх шаардлагын үндэслэлээ “...тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалтын үйл ажиллагаа явуулахын тулд уурхайн ажилчдын амьдрах байр барих, ажилчдын хотхоноос уурхайн хооронд зорчих замын зориулалтаар  газар ашиглах шаардлага зайлшгүй үүсдэг, манай компанийн кемп болон замын зориулалтаар хүсэж буй газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй буюу татгалзал нь хууль бус бөгөөд энэ нь Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг хязгаарлаад зогсохгүй, манай компанийн эрхийг давхар зөрчиж байна гэж маргаж байна.

6.2. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь газрыг ...аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 20 дугаар зүйлийн 20.1.2-т “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар тус тус заажээ.

 

6.3. Мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах”-ыг ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол Улсын ... аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж, мөн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг:

 31.1-д Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна,

31.2.Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна,

31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна,

31.4.Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна хэмээн тус тус тусгайлан зохицуулсан байна.

6.4. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын харилцааны талаарх “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” эрхтэй ч, энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ захиргааны үйл ажиллагаанд заавал баримталбал зохих “хуульд үндэслэх” зарчмын хүрээнд холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай.

Тухайлбал энэхүү маргааны хувьд, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлахдаа тус төлөвлөгөөнд тусгахаар мэдүүлсэн газар нь хуульд тусгайлан заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх, түүнд нийцэж буй эсэхийг харгалзаж тухайн асуудлыг шийдвэрлэх нь хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлж буй нэг хэлбэр болно.

6.5.Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж буй газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаас татгалзаж буй үндэслэл болох нөхцөл байдлууд буюу “Алхантээг, Баянхошуу нэртэй хоёр багийн зун, намрын отрын бэлчээр нутаг, малчдын өвөлжөө, хаваржаа, ундарга ихтэй гүний худаг ус, олон булаг шандтай, Улсын тусгай хамгаалалтад авсан, нутгийн шүтээн Арван наймын Богд уултай ойрхон гэх зэрэг нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдлууд болон хариуцагчийн татгалзаж буй бусад үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн кемп болон замын зориулалтаар эзэмшихийг хүсэж буй газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байх хуульд заасан үндэслэл болохгүй.

Учир нь тухайн нөхцөл байдлууд нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах нөхцөл шаардлагуудад хамааралтай бус харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх олгохтой холбоотойгоор хэрэгжүүлбэл зохих болон газар эзэмшүүлэхэд хуулиар тусгайлан хориглоогүй асуудлууд байх тул энэхүү маргаанд хамааралгүй.

6.6.Нөгөөтэйгүүр хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох  Шинжлэх ухааны академи, палентологийн хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Т/05 тоот албан бичиг, тус хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 тоот Палеонтологийн хайгуул, судалгааны ажлын дүгнэлт, хуулийн этгээдийн гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд газар эзэмшүүлэхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6.7.Нэхэмжлэгчийн кемпийн болон замын зориулалтаар эзэмшихээр хүсэж буй газар нь хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй энэ тохиолдолд хариуцагч байгууллагын зүгээс хуульд заагаагүй үндэслэлээр буюу тухайн асуудалд хамааралгүй өөр үндэслэл дурдаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн кемп болон замын зориулалтаар хүсэж буй газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхийг хариуцагч Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах үндэслэлтэй байна.

7. Хариуцагч, сумын Засаг даргын “Тус компанийн кемп болон замын зориулалтаар газар эзэмших хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус эсэх, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, улмаар уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

7.1. Хариуцагч  сумын Засаг дарга нь, нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан кемп болон замын зориулалтаар эзэмшихийг хүсэж буй 17.7 га газрыг  “...сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталгаажуулснаар олгох боломжтой хэмээн маргаж байгаа нь үндэслэлтэй байх боловч  нэхэмжлэгчийн хүсэлтүүдэд тухай бүр зохих журмын дагуу үндэслэлээ дурдаж албан ёсоор хариу өгөөгүй нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзнэ.

7.2. Сумын Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.4.2-т “...нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, 21.4.3-т “... газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд ...аж ахуйн нэгж, байгууллагад  эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар тус тус заажээ.

 

7.3. Хариуцагч сумын Засаг дарга нэхэмжлэгчийн кемп болон замын зориулалтаар газар эзэмших хүсэлтэд тухай бүр зохих хариу өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байх боловч нэхэмжлэгчийн кемп болон замын зориулалтаар газар эзэмших хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй, хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйгээс шалтгаалж  тухайн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх нь хязгаарлагдсан нь дээрх нөхцөл  байдлуудаар тогтоогдож байна.

 

7.4. Гэвч “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа эс үйлдэхүй” нь хууль бус болох нь тогтоогдож, улмаар тухайн газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болохыг шүүхээс даалгаж шийдвэрлэж байгаа тохиолдолд, хариуцагч сумын Засаг даргын энэхүү татгалзлын үндэслэл арилгах бөгөөд улмаар тухайн этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан тохиолдолд газар олгоход татгалзах зүйлгүй” гэх байр сууриа илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй байна.

 

7.5. Иймд нэхэмжлэгчийн кемп болон замын зориулалтаар газар эзэмших хүсэлтэд зохих журмын дагуу хариу өгөөгүй Мандах сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөрчигдсөн эрхийг нэг мөр сэргээн тогтоох улмаар нэхэмжлэгчийн, эрх бүхий этгээдээс олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасан ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах, 27.1.9-д заасан уурхайн талбайн гадна орших газар нутгаар дамжин өнгөрөх эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэв.

Иймээс нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, 2/ дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар олгож, газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар олгож, газар ашиглах гэрээ байгуулахыг тус Засаг даргад даалгасугай.

2. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, 31 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн кемп болон замын зориулалтаар эзэмшихийг хүсэж буй газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байгаа Дорноговь аймгийн Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, кемп, замын зориулалтаар олгох боломжтой газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхийг хариуцагч Мандах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.9-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн кемп болон замын зориулалтаар газар хүссэн хүсэлтэд хариуг өгөөгүй Мандах сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорноговь Мандах сумын Засаг даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 (гучин таван мянга нэг зуу) буюу нийт 70200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч 5874963 регистрийн дугаартай “Т” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА