Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

 2024             03            18                                          2024/ШЦТ/339     

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч В.***, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар В.***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2408 00000 0216 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** /РД:***/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч В.*** нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дагавар охин Б.*** руу усны төмөр тагийг шидэж, оносны улмаас эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 202 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч В.***

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд шүүгдэгч В.*** нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ж.***тай маргалдан, түүн руу усны төмөр тагаар цохих гэхэд дагавар охин Б.*** тэдний дундуур орж, улмаар шидсэн төмөр таганд толгойн тус газраа цохиулсны улмаас эрүүл мэндэд бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь насанд хүрээгүй хохирогч Б.***ын “Би Сонгинохайрхан дүүргийн *** тоотод төрсөн аав болох талийгаач Батнайрамдалын гэрт ганцаараа амьдардаг юм. Харин ээж *** маань хамтран амьдрагч ***ын хамтаар тусдаа гэрт амьдардаг. Манай аав одоогоос 5 жилийн өмнө авто ослоор нас барсан ба бурхан судар нь гэрт байдаг болохоор би гэрийг нь харж ганцаараа байдаг. Харин хойд аав *** маань манай аавын гэрт амьдрахгүй гээд ээжтэй тусдаа гэрт байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр заал авчхаад 19 цагийн үед гэртээ ороод хувцсаа солиод байж байхад хажуу гэрт ээж, *** ах хоёр хэрэлдээд байхаар нь би гэрт нь орсон. Тэр хоёрыг хэсэг харж байтал ээжийг зодох гээд байгаа юм шиг төмөр усны савны таг аваад ээж рүү далайхаар нь урдуур нь ороод болиулах гэтэл над руу төмөр таг шидэж миний зүүн чихний хойд дэлбэн хэсгийг оносон. Ингээд *** ах шууд гараад явчихаар нь ээжийн төрсөн дүү болох Ерөөлтийн гэрт очтол Ерөөлт ах цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний биед учирсан зүүн чихний дэлбэнд шарх гэмтлийг хойд аав *** над руу усны төмөр савны таг шидэж энэ гэмтлийг учруулсан” гэсэн мэдүүлэг /хх8-9/,

            Гэрч Ж.***гийн “Би ***тай амьдраад 4 жил орчим болж байгаа, дундаасаа хүүхэд байхгүй. Харин миний төрсөн охин болох Б.*** нь 15 настай манайхтай нэг хашаанд тусдаа гэрт ганцаараа амьдардаг юм. Охин маань аавынхаа гал голомтыг эзэнгүй орхихгүй гээд гэртээ байдаг бол харин *** талийгаач нөхрийн минь гэрт амьдрахгүй гээд бид хоёр тусдаа гэрт байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ***тай гэртээ байж байгаад үл ялих зүйлээс болж маргалдаж байтал охин гаднаас орж ирсэн ба ***ын над руу шидсэн төмөр усны савны таганд чих нь оногдчихсон. Тэгээд л *** гараад явчихаар нь бид хоёр манай дүү болох Ерөөлтийн гэрт очтол манай дүү маань ***ын чихийг харчхаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх11/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх2/, насанд хүрээгүй хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.    

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1723 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.***ын биед зүүн чихний дэлбэнд шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх14-15/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн чихэн тус газарт төмөр усны савны таг шидэж оносон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...асрамж, хамгаалалтад байгаа этгээд...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

Хэрэг гарах үед насанд хүрээгүй хохирогч Б.*** нь 15 нас 5 сар 19 хоногтой байсан /хх43/ ба бага насны хүүхэд гэх ойлголтод хамаарахгүй харин түүнийг насанд хүрээгүй болохыг шүүгдэгч мэдсээр байж биед нь хүч хэрэглэн халдсан байна.

6. Насанд хүрээгүй хохирогч болон гэрч нар мэдүүлэгтээ урьд биед нь халдаж байсан удаагүй гэсэн боловч прокуророос шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж хүндрүүлэн зүйлчилснийг хүлээн авах нь зөв байна. Учир нь шүүгдэгч хамтран амьдрагчтайгаа муудалцан бие махбодод нь халдах оролдлого хийсэн, насан хүрээгүй хохирогч эхийгээ өмөөрөн дундуур нь ороход хохирогч руу төмөр таг шидэж байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэв.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч В.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг бичгээр гаргасан /хх45/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч В.*** нь гэм буруугаа анхнаасаа хүлээдэг, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөр эрхэлж байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэжээ.

10. Шүүгдэгч В.***ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд насанд хүрээгүй хохирогчийн биед халдан төмөр таг шидсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.

12. Шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч В.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.  

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.***ыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР